Нийгэм
2014.05.10 04:05

Солонгост баривчилгаа эхэллээ

БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг баривчлах, нутаг буцаах ажлыг Засгийн газраас нь үе үе зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд тав, зургадугаар сард баривчилгаа хийхээр аян эхлүүлжээ. Хотуудын цагдаагийн газар болон Цагаачлалын алба хамтран үйлдвэрийн цогцолбор газрууд, орон нутгийн аж ахуйн нэгжүүд болон барилгын ажил явуулж байгаа газруудад шалгалт хийж байгаа аж. Мөн айл нүүлгэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаж эхэлжээ. 

Солонгост хууль бусаар ажиллаж, амьдардаг иргэдийн тоогоор хятад, вьетнамчууд тэргүүлдэг аж. Мөн манай улсаас цөөнгүй иргэд Солонгост харласан байдаг. Тэнд ажиллаж байгаа монголчуудын яриагаар цагаачлалын албанаас эхний шатанд хагас сар орчим ажиглалт хийдэг аж. Дараа нь хууль бусаар ажиллаж байгаа иргэдэд өөрийн хүсэлтээр нутаг буцах боломж олгодог. Энэ нь мөн л хагас сар орчим байдаг аж. Дараа нь эрчимтэй баривчилгаагаа эхэлдэг байна. Хэрвээ харласан иргэд өөрийн хүсэлтээр гарах хүсэлт гаргавал торгуулиас чөлөөлж, дахин Солонгост ирэх нөхцлийг нь хөнгөвчилдөг байна. 

Үүнээс гадна хууль бусаар амьдарч байгаа иргэдийг ажиллуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжийг 20 гаруй сая воноор торгодог аж. Тиймээс ажиглалтын хугацаанд үйлдвэрүүд ажилчдаа халах нь их байдаг талаар монголчууд ярьсан. Хууль бусаар амьдарч байгаа гэдэг шалтгаар цалин бага өгдөг учраас ажил олгогчид “харласан” хүмүүсийг ажилд авах сонирхолтой. Гэхдээ баривчилгааны үеэр асуудалд орж, торгууль төлдөг учраас “харласан” ажилчдаа түр халах, чөлөө өгөх тохиолдол их байдаг гэнэ. Ажлаасаа халагдсан иргэд баривчилгаа дуустал түрээсийн байрандаа бүгэх шаардлага гардаг аж. 

Цагаачлалын алба болон цагдаагийнхан үйлдвэрүүдэд шалгалт хийхдээ байрных нь бүх хаалгыг битүүмжилж, цонхон доор нь ажилчдаа зогсоодог аж. Харласан ажилчид цонхоор үсэрч хөл, гараа гэмтээх, зугтах тохиолдол их гардаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд монгол залуу хоёр давхрын цонхоор үсэрч хөлөө гэмтээж байжээ. 

Баривчилгааны үеэр цагаачлалын албаныхан хууль бус иргэдийн талаарх мэдээлэл авах утасны дугаараа зарлалын самбаруудад наадаг. Уг утсанд ирсэн мэдээллийн дагуу гэнэтийн шалгалт хийж, олон хүнийг баривчилдаг байна. Утсаар мэдээлэл өгөх боломжтой учраас Солонгост хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа монголчууд харласан нутаг нэгтнүүдээ барьж өгнө гэж айлгах тохиолдол ч гардаг байна. Ингэж дарамталж архи, тамхи авахуулж, байрныхаа түрээсийг даалгадаг хүмүүс ч байдгийг тэнд байгаа монголчууд ярьсан. Цөөн тохиолдолд “харласан” иргэн өөрийнхөө талаарх мэдээллийг утсаар өгчихдөг гэнэ. Цалингаа цуглуулаад нутаг руугаа явуулчихсан, дахиж Солонгост ирэх шаардлагагүй гэсэн цөөн хүн ийм сонголт хийдэг талаар нутаг нэгтнүүд нь ярьсан юм. 

Цагаачлалын албаныхан гудамжинд сэжигтэй хүн харагдвал “Хүүе” гэх зэргээр эх хэлээр нь дууддаг. Ингэж дуудахад монгол хүн эргэж хардаг аж. Ингээд бичиг баримтыг нь шалгаж, зөрчилтэй байвал шууд баривчилдаг байна. 

Солонгос дахь монголчуудын сайт болох www.mglradio.com сайтад баривчилгааны талаарх мэдээлэл, зөвлөгөө их ордог. Энэ сайтаас мэдээлэл, зөвлөгөө авах боломжтойг Солонгост амьдарч байгаа монголчууд ярилаа.

Ц.ӨРНӨХ 

Онцлох нийтлэлүүд