ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.08 08:05

Солонгосчууд наашаа кимчи, сөжүгээ зөөж байхад монголчууд тэнд “Мах импэкс”, “Сүү”-гийн бүтээгдэхүүнээ хэрэглэж чаддаггүй

-СОЛОНГОС РУУ БОРЦ, ЛААЗАЛСАН МАХ, ААРУУЛ АВЧ ЯВБАЛ ЕСӨН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА-

Эх орноосоо хол ажил­лаж амьдарч байгаа хүн нутгийнхаа идээ ундаа, хоол хүнсийг санагалзах нь хүний ёс. Тийм ч учраас харь улсад ажиллаж, амьдарч байгаа ах дүү, хамаатан садандаа ганц уут борц, хэдэн ширхэг ааруул явуулахыг хичээдэг. Орчин үед гэртээ хатаасан борцоо нүдээд явуулна гэж юу байх вэ. Үндэснийхээ томоохон үйлдвэрүүдэд сав­ла­сан борц, хатаасан мах, хиам зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийн дагуу үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнээ явуулдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүний тухайд ч “Сүү” хувьцаат компани, “Мон фрэш” зэрэг технологи, стандарт нь олон улсын шаардлагад нийцсэн үйлдвэрлэгчдийн бү­тээгдэхүүнийг гадаад руу явуулдаг. Гэтэл малыг бэлчээрт нь нядлаад махыг нь шууд хилээр гаргах гэж байгаа, сүүг нь малчны хотноос онгоцоор зөөвөрлөсөн мэтээр хориглож, ад шоо үздэг.

 Инчоны нисэх онгоцны буудал дээр гэхэд “Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдын анхааралд. БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон малын гаралтай бүх төлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн (даршилсан, лаазалсан, вакумдсан, нухшилсан), сүү, сүүн бүтээгдэхүүнийг гар тээшиндээ тээвэрлэсэн зорчигчийг Инчон нисэх буудлын Мал эмнэлэг, хорио цээрийн албанаас таван сая хүртэлх воноор торгож байгааг анхаарна уу” гэсэн зар тавиад доор нь манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний зургийг тавьжээ. Өөрөөр хэлбэл, дээрх эд зүйлийг авч явбал монгол мөнгөөр есөн сая шахам төгрөгийн торгууль төлөх нь. Ийм өндөр торгуультай ч монголчууд яаж ийгээд ганц уут хатаасан мах, хэдэн ширхэг ааруул аваад явчихыг боддог. Гаалийнхан ч монголчуудын энэ “дутагдал”-ыг анддаггүй аж. Инчоны нисэх онгоцны буудал дээрх “гаалийн ажилтан” жижиг нохойг Солонгос руу олон удаа зорчдог иргэд андахгүй. Тэр нохой хүмүүсийн ачаа тээшийг үнэрлээд л ааруул, махан бүтээгдэхүүн, борц байгааг төвөггүй мэдчихнэ. Ингээд байцаагчид зорчигчдын цүнх, савыг онгичиж хиам, ааруул, хатаасан мах, борц, сүү зэргийг авч төмөр сав руу шидэлнэ. Дараа нь торгуулийн асуудал босч ирж бөөн гуйлга, хэл ам болдог.

 ОРОСЫН БАЙРНЫ ПОДВАЛЬД ҮЙЛДВЭРЛЭСЭН ШПРОТНООС МОНГОЛ ХИАМ ЮУГААРАА ДУТУУ ГЭЖ

Монголоос Солонгост мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ яагаад экспортолж болдоггүй талаар үйлдвэрлэгчдээс асуухад “Гадаадад Монголыг хуучны үзлээр ойлгодог. Мах, сүүгээр нь дамжиж олон төрлийн нян орж ирж өвчний голомт болно гэж харддаг. Мах, махан бүтээгдэхүүн нь олон улсын стандартад нийцтэл боловсруулагддаггүй гэж ойлгодог хүндрэлтэй. Үүнд Монголын талын сурталчилгаа маш их хэрэгтэй. Монголд дэлхийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгийг олон улсад ойлгуулах шаардлага байна” гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, манай улсын талаарх иймэрхүү буруу ойлголтоос болж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бараагаа экспортолж чаддаггүй аж. Тэгсэн атлаа Солонгосын захын дэлгүүрт Орост савласан загасны мах, Австралиас авчирсан мах, Америкаас зөөсөн тахиа байдаг. Оросын нэг байрны подвальд үйлдвэрлэсэн шпрот Солонгост зарж болоод байхад Монголын “Мах импэкс”, “Сүү”, “Мон фрэш” зэрэг топ компаниудын бүтээгдэхүүнийг яагаад тэнд борлуулж болохгүй гэж.

Солонгосын гаалийн байцаагчид нисэх буудал дээр монголчуудын цүнх савыг нэгжээд Оросын шпрот гараад ирвэл “Энэ болно” гээд явуулчихдаг. Тэгсэн атлаа “Мах импэкс”-ийн хиам авч явбал “Болохгүй, торгууль төл” гэдэг.

“Мах импэкс” компани 68 жилийн түүхтэй Монголын ууган үйлдвэрлэгч.

Тус компанид Германы автомат ажиллагаатай иж бүрэн тоног төхөөрөмж бүхий итгэмжлэгдсэн сорилын лаборатори ажилладаг. Хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлох нитритийн спектрофотометр, спекол, ариутгалын ламинар бокс, өндөр нарийвчлалтай микроскоп, электрон жингүүд зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон манай улсын махны салбарын лабораториуд дотор хамгийн том багажтай анализын лаборатори ажилладаг. Өөрөөр хэлбэл, хиам, махан бүтээгдэхүүний бүх стандартыг хангасан аж. Тус компани америк стандартаар адуу, үхрийн хатаасан мах үйлдвэрлэдэг. Мөн “Нүүдэл” брэнд нь үндэсний шилдэг бүтээгдэхүүн болсон. “Сүү” хувьцаат компани гэхэд сүү боловсруулах, аарц цөцгийн тос, зайрмагны үндсэн гурван цех, олон улсын шаардлагад нийцэхүйц лабораторитой. Бүтээгдэхүүн нь өндөр хяналтанд орсон аюулгүй бүтээгдэхүүн. Ийм орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, аюулгүй, эрүүл хүнс үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнийг гадаадад экспортлоход бизнес эрхлэгчид, салбарын яам анхаарах цаг болсныг эдийн засагчид хэлж байна. Хэрвээ Солонгосын дэлгүүрт “Мах импэкс”-ийн хатаасан мах, хиам, “Сүү” хувьцаат компанийн аарц байвал монголчуудаас гадна солонгосууд олноороо худалдаж авна гэдгийг иргэд ярьсан. Гурван жилийн өмнөөс монгол залуус Солонгост хувиараа “Баялаг хиам” нэртэй хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Хагас кг бүтээгдэхүүнээ 10 мянган воноор зардаг аж. Уг бүтээгдэхүүний борлуулалт маш сайн байгааг Солонгост амьдарч байгаа монголчууд ярьдаг. Учир нь уг хиамны амт Монголд үйлдвэрлэсэн хиамныхтай төстэй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, тэнд монгол махан бүтээгдэхүүний зах зээл байна. Нөгөө талаар албан ёсоор худалдаад эхэлбэл монголчууд хулгайгаар борц, ааруулаа зөөж өндөр торгууль төлөх шаардлагагүй болно.

 “КОМПАНИЙН НЭРЭЭР КИМЧИ, ЗАГАС, СӨЖҮГЭЭ СААДГҮЙ ОРУУЛДАГ”

Монголд бол гадаадаас хүнсний бүтээгдэхүүн саадгүй орж ирдэг. Монгол Улсын хилээр мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл, мансууруулах ургамлыг хилээр гаргаж, оруулахыг хориглодог. Мөн зайлшгүй хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус, бичил биетний өсгөвөр зэргийг Эрүүл мэндийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хяналт дор оруулдаг. Үүнээс гадна онцгой хортой химийн бодис, буу, зэвсэг, байлдааны хэрэгсэл, тэдгээрийн эд анги, тэсрэх бодисыг хязгаарлалттайгаар нэвтрүүлдэг юм байна. Хүнсний бүтээгдэхүүний тухайд гаалийн бүрдүүлэлт хийгээд холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн байхад асуудалгүй аж. Тиймээс солонгосчууд иддэг кимчи, цагаан будааны гурил, уудаг сөжү гээд бүх хүнсний бүтээгдэхүүнээ Монголд оруулж ирдэг. Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд л хилийн чинадаас хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирэхийг зөвшөөрсөн байдаг. Мөн Хүнсний бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэхдээ тухайн улсаас бараагаа экспортолсон аж ахуйн нэгжтэй гэрээгээ хийсэн байх ёстой. Мөн хилээр оруулах хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх ёстой гэсэн шалгуур тавьдаг аж. Энэ шалгуур ёсоор иргэд компанийн нэрээр бүтээгдэхүүнээ оруулж ирдэг гэдгийг ярьж байсан. Яг үүнтэй адил шалгуураар Монголд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох боломжийг бүрдүүлэх шаардлагатайг бизнес эрхлэгчид хэлж байлаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй бизнес эрхлэгч “Монголд монголчуудтай ижил төрлийн бизнес эрхлээд хөлжиж байгаа олон солонгос хүн байдаг. Энэ олон солонгос барааны дэлгүүрийн ард ихэвчлэн солонгос хүн байгаа. Тэднийг хорь, цагд гэж байгаа юм биш. Адилхан нөхцөлтэйгөөр харилцан бараагаа нэвтрүүлдэг баймаар байна. Тэгэхгүй бол манай улс ч гэсэн далд хориг саад тавьж, арга хэмжээ авах шаардлагатай. Ингэвэл тэд манайд тавьж буй нөхцөлөө зөөллөж таарна” гэсэн юм.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд