ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2016.05.20 09:05

Солонгос, Япон, Америкийн эрх ашгийг том ордууддаа оруулж, иргэдээ визгүй зорчуулъя

Турк-Европын орнуудын хооронд цагаачлалын гэрээ шинэ түвшинд яригдлаа. Турк улсын иргэдийг Европт визгүй зорчуулах, оронд нь Европ руу чиглэсэн дүрвэгсдийн аварга урсгалыг Турк буцаан авах хэлэлцээр юм. Өнгөрсөн онд Эгийн тэнгисээр зорчсон 850 мянган дүрвэгч буцаж Туркийг зорино гэсэн үг. Турк улс гурван сая дүрвэгч дээрээ нэмж ийм олныг хүлээн авах нь ямар ашигтай юм бэ гэсэн гайхширал олон улсын анхаарлыг татав. Тэр нь ердөө өөрийн орны иргэдээ ирэх зургадугаар сараас эхлэн Европын орнуудад визгүй зорчуулах гэсэн хэлэлцээр юм. Гэвч одоохондоо Европын холбооны удирдлага Туркийн энэ саналыг биелүүлж чадахгүй гэдгээ түр мэдэгдээд байна. Түр мэдэгдээд байна гэсэн юм шүү. Туркчууд энэхүү олон улсын хэмжээний “наймаа”-гаа хэрхэн тайлбарлаж байна гэхээр “Манайхаас бол жилд сайндаа 70 мянган иргэн л визгүй зорчино. Хариуд нь бид нэг сая орчим дүрвэгч хүлээж авна шүү дээ” гэсэн явдал юм.

Эндээс юу харагдаж байна гэхээр дэлхийн улс орнууд иргэдээ визгүй зорчуулахын тулд юугаа ч зориулахад бэлэн байгааг харуулж байгаа юм. Турк бол хөгжилтэй орон. Гэсэн ч бусад хөгжилтэй орнууд руу иргэдээ нэвтрүүлэхийн тулд бүх эрсдэлийг үүрээд визний төлөө үхэлдэж байна. Тэр олон дүрвэгчийн нийгмийн асуудлаас эхлээд өөрийн орны аюулгүй байдлыг хүртэл хоёрдугаарт тавьжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, улс төрийн шийдвэрүүд шинэ түвшинд гарсныг баталлаа. Туркийн ард түмэнд энэ нь хэрэгтэй, өнөөдрийнхөөс илүү хэрэгтэй бүхнийг Европоос авна, тийм үүд хаалга нээгдэнэ гэж Туркийн удирдагчид үзэж байгаа бололтой.

Тэгвэл Монгол Улс яг үүн шиг гадны өндөр хөгжилтэй орнууд руу иргэдээ хэрхэн визгүй зорчуулах вэ гэдэг дээр анхаарч ажилламаар байна. Бүр давын өмнө монголчууд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжтой болсон Солонгос, Япон руу визгүй зорчмоор байна. Цаашлаад Америк руу хүртэл. Ингэхийн тулд эдгээр улс орнуудад ямар эрх ашиг төрүүлэх вэ. Монголчууд хоосон ард түмэн биш. Дэлхийг дэлдийлгэсэн эрдэс баялгийн аварга ордууд байна. Үүн дээрээ л Турк шиг гэрээ хэлэлцээр хийе. Оюу толгой, Таван толгой бол үнэндээ мөсөн уулын орой. Энэ хоёрын цаана хэмжээлшгүй их орд, газрын ховор элементүүд гадныхны арааны шүлсийг гоожуулаад, ашиглагдахгүй байж байна. Эдгээр орд дээрээ өндөр хөгжилтэй улс орнуудын эрх ашгийг дүүрэн оруулъя. Хар үгээр бол тэдэнтэй нэг түрийвчтэй болмоор байна. Хөрөнгө оруулсан айлынхаа хувь заяа, хөгжил цэцэглэлтэд тэд анхаардаг нь дэлхийн жишиг юм. Тэр хөрөнгө оруулалт дотор нь л визнийхээ асуудлыг онцгой үүрэг рольтой оруулъя. Мэдээж бидэнд ашиггүй улстай виз яриад яахав. Харин Япон, Солонгос, Америкийн эрх ашгийг том ордууд руугаа хангалттай оруулаад, оронд нь иргэдээ эдгээр улсуудад визгүй зорчуулдаг болгочихвол мөн ч том асуудлыг шийдлээ гэсэн үг дээ. Энэ цаг үе дэх хамгийн боломжит хувилбар, ашигтай наймаа энэ болно. Гурван сая монгол бүгдээрээ эдгээр улсуудад очлоо гэхэд томхон хотын, нэг дүүргийнх нь хүн амын тоонд ч хүрэхгүй. Бид террористууд биш. Бид бол буддын шашинтай зөөлөн дөлгөөн ард түмэн. Биднээс болгоомжлох зүйл аль ч улсад байдаггүй юм. Үүнийгээ ч улс орнууд мэддэг. Тийм болохоор гарын арван хуруунд багтах ийм цөөхөн монголчуудыг визтэй, визгүй зорчуулах нь хөгжилтэй орнуудад асуудал биш. Харин харилцан ашигтай байх том эрх ашгийг л хоёр орны хооронд бий болгож, ажил хэрэг болгочих улстөрч Монголд дутаж байна. Тийм эрх ашгийг бий болгож чадах хөшүүрэг нь манай улсын газрын хэвлийд буй том ордууд байж чадна.

Визгүй болчихвол монголчууд бүгдээрээ гадагшаа нүүж алга болоод, улс орон эзгүйрнэ, баялаг маань гадных болно гэж ярьдаг хүмүүс бий. Бүх ард түмэн нь нүүж алга болоод, улс орон нь эзгүйрээд, нутаг дэвсгэрээ, хамаг байдгаа бусдад найр тавиад өгчихсөн улс орон гэж дэлхий ертөнцөд сонссон уу. Гадагшаа явсан ямар ч монгол хүн хоолтой, хэдэн төгрөгтэй болонгуутаа буцаад л ирдэг юм. Цаашаа алга болсон монгол хүн байдаггүй юм. Америк, Англи, Япон, Солонгос... аль ч улсад очсон найз нөхөд, хамаатан садангууд маань байна. Тэдний амнаас “Монгол муухай, хэзээ ч очихгүй” гэхийг сонссон уу. Би л лав сонсоогүй. Үргэлж л эх орноо, элгэн саднаа, уул усаа, улсын наадмаа ярьсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд ч өнөөдөр Монгол Улсад төрийн албаныхан, төсвийн цалинтай хүмүүс л ажилтай орлоготой байна. Бусад нь ажилгүй, орлогогүй болчихоод байна. Тэгэхээр визгүй улс орнууд руу яваг л дээ.

Ингэж бичлээ гээд эх орноо худалдах гэсэн хүмүүсийн тоонд оруулах байх, нөгөө “эх орончид”. Тэдний үгээр явсаар монголчууд өнөөдөр ямар байдалтай сууж байна вэ. Тартагтаа тулах нь. Дэлхийгээс таслагдаж, хэдэн малынхаа бөгсийг харсаар үлдэх нь. Монголын улстөрчид Черчиллийн үгийг жишээ авч ярих их дуртай юм билээ. Түүний хэлсэн нэг үг байдаг юм, “Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй, харин мөнхөд эх орны эрх ашиг бий” гэж. Төгс орчуулгаараа бол яг ингэж бууна. Үүнийг манай шинэ монголчууд орчуулахдаа “Мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л бий” гэж хувь хүн дээр нааж орчуулсан. Эх орны эрх ашиг гэдгийг хувийн эрх ашиг мэтээр ойлгуулсан. Өнөөдрийн улс орны удирдагчид яг л ийм хувийн эрх ашгийг илүүд үзсэн хандлагаар явж ирлээ. Марксийн хэлсэн “Шашин бол оюун санааны сэргээш мөн” гэж хэлснийг “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж гуйвуулаад, өмнөх нийгэмд үзэл сурталжуулсан шиг.

Энэ бүхэн өнөөдөр түүх болох ёстой. Монголчууд алхам тутамдаа дэлхийтэй харьцаж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд хөгжлийн шинэ хандлага, шинэ үзэл санаатай болсныг Туркээс бид харж байна. Өнөөдөр эх орны эрх ашгийг соц нийгмийн хэв загварт барихаа больё. Монгол Улсыг хөгжүүлье хэмээн оюун санаа, мэдлэг боловсролоо шавхаж байгаа хүн байгаа бол том ордуудаа цоо шинэ хандлагаар хөгжүүлье. Монголчуудын баялаг бол дэлхийн баялаг мөн гэсэн философиор хандъя. Ингэж дэлхийн эдийн засгийн эргэлтэд том ордуудаа оруулж, хамтарч, харилцан ашигтай ажиллаж гэмээнэ Монгол Улс хөгжинө, монголчууд жаргана. Гадныхнаас болгоомжилно гэдэг бол монголчууд хүн төрөлхтнөөс айж байгаатай адил. Гэтэл Монголын үе үеийн бүх эх орончдын тэмцэл, мөнхийн ганц хүсэл зорилго бол хоёр хөршөөсөө давж, гуравдагч орнуудтай харьцах, өнөөдрийн бидэн шиг америк, солонгос, япончуудтай нөхөрлөж, ирж очиж, идэж ууж, хамтарч хийж бүтээх хүсэл мөрөөдөл байсан юм шүү дээ.

Онцлох нийтлэлүүд