ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.06 10:05

Сонгодог хөгжимд сэтгэл огт хөдөлсөнгүй, морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их татагдаж, тоглож сурсан

Морин хуурын олон улсын IV наадам өнгөрсөн пүрэв гаригт өндөрлөсөн. Уг наадмын хүрээнд болсон морин хуур сонирхогчдын уралдаанд ХБНГУ-аас ирж оролцсон Андрео Горецкитэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр IT инженер, морин хуур, шанз тоглодог хүн юм байна.

 -Морин хуурыг та анх хаана сонссон бэ. Яаж тоглож сурав?

-Би морин хуурын аялгууг 2006 онд анх сонссон. Хархоринд аялж явахдаа Балдандорж гэдэг өндөр настай хөгжимчин жинхэнэ монгол аялгуу тоглохыг сонсоод сэтгэл их татагдсан. Хожим нь Баярсайхан гэдэг морин хуур урлаач найзтай болж, тэр найз маань надад морин хуур бэлэглэсэн юм.

-Та хөгжимчин хүн үү. Герман улсын аль хотоос ирсэн бэ?

-Германд би IT инженер мэргэжлээрээ ажилладаг. Төрсөн хот маань Ханбург. Гэхдээ би Боннд ажилладаг юм. Намайг бага байхаас аав маань аккордион, мандолин. ээж гитар, цахилгаан төгөлдөр хуур тоглодог байв. Би багаасаа хөгжим сонирхсон ч жаахан байхдаа тоглож сураагүй. Сүүлд, эвэр бүрээ, төгөлдөр хуур зэрэг гурав дөрвөн хөгжим тоглож сурсан боловч эдгээр сонгодог хөгжимд миний сэтгэл огт хөдөлсөнгүй. Харин монгол хөгжим сонсоод, ялангуяа морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их хөдөлж, тоглож сурахаар шийдсэн. 

-Ямар хүнээр заалгаж сурав?

-Анх Монголд ирснээсээ хойш гурван жил болоод дахин ирсэн л дээ. Ажил ихтэй байсан учраас ойр ойрхон ирж чадаагүй. 2009 онд би монгол найз охинтой болсон. Түүний ах нь миний найз морин хуур урлаач Баярсайханы найз байсан юм. Германд морин хуур заах багш байхгүй учраас би 2012 онд Улаанбаатарт ирж Соёл урлагийн их сургуульд орж, энд нэг жил амьдарсан. Соёлын сургуульд сурснаар миний морин хуур тоглох техник сайжирсан. Энд би бизнес аялал хийхийн хажуугаар багшаар хуур заалгаж байлаа. Мөн бичлэг сонсч, ноотыг нь ч сурсан.

-Хэдэн жил морин хуур тоглож байна вэ?

-Таван жил.

-Морин хуурт зориулсан зохиолуудтай та хэр зэрэг танилцав. Ямар аялгуу, ямар зохиолоос тоглож байгаа вэ?

-Миний хамгийн дуртай аялгуу бол татлага. Монголын уламжлалт зургаа долоон татлага сурсан. Жонон хар, Уйлган шарын явдал, икэлийн эгшгүүд гэхчлэн. Морин хуураар тоглоход хэцүү икэлийн татлага, икэлд зориулсан эгшгүүдийг икэлээр нь тоглож сурсан. Би нэг икэл авсан. Түүгээрээ икэлд зориулсан баруун монгол аялгуу тоглож сурлаа. Гурван сарын турш Улаангом хотод байж баруун монгол татлага, биелгээг судалж, тоглож сурлаа.

-Европын зохиолоос морин хуураар тоглож үзэв үү?

-Р.Шуман, С.Бахын зарим нэг зохиолоос тоглодог.  

-Танай орон сонгодог хөгжмийн их эртний гүн гүнзгий уламжлалтай. Гэтэл та монгол хөгжмийн тоглолтын язгуур техникийг нь, хөгжмийн соёлын эртний уламжлалыг нь сонирхдог юм байна. Улаангомд хэсэг хугацаанд амьдрахад монгол ахуй танд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?

-Улаангомд байхдаа олон янзын хийцтэй нүүдэлчдийн гэр үзсэн. Хамгийн сонирхолтой нь тэнд зургаа долоон настай хүүхдүүд бүгд биелгээ мэдэж байна. Бий биелгээний аялгуу надад маш их таалагдсан ч сурахад амаргүй байсан. Гэхдээ сурсан. Одоо миний хүсч байгаа зүйл бол монгол хөгжмийн хамтлагтай тоглох. Германд амьдардаг монголчууд жил бүрийн зун наадам хийдэг юм. Тэр үеэр би ганц хоёр удаа тоглож байсан. Цаашид бас наадмаар тоглох хүсэлтэй байгаа.

-Манай үндэсний хөгжмийн орчин үеийн хамтлагуудыг мэдэх үү?

-Манай улсад монгол хамтлагууд байдаг. Миний мэдэж байгаагаар, “Транс Монголиа”, “Хөх Монгол” гэдэг хамтлагууд байна.

-Энэ удаагийн олон улсын наадмын гала тоглолтод та Гал Шарын домог гэдэг магтаал тоглож үзэгч сонсогчдоос хамгийн их алга ташилт хүлээж авлаа. Өмнөх өдрүүдэд нь ямар зохиол тоглов?

-Чөлөөт тоглолт, трио тоглосон. Бас нэг магтаал тоглосон. Дагийранз гуайн бүтээсэн Галшарын магтаалыг би бичлэгээс нь сонсч сурсан юм. Галшар сум Хэнтий аймагт байдаг. Би тэнд маш их хөл хөөртэйгөөр хүргэн орсон. Тийм учраас тэндэхийн магтаалыг нь сонирхож цээжилсэн юм. Маш сонирхолтой магтаал. Морин хуур тоглоод магтаал хэлэх хэцүү. Гэвч би авьяасаараа сурсан. Морин хуурын сонгодог концерт цээжилж чадахгүй ч уламжлалт соёлын монгол хэлний 200 үг цээжилж чадсан шүү.

-Морин хуурыг чухам ямар онцлогоор нь та сэтгэлдээ илүү ойр хүлээж авав?

-Аялгуу эгшиг нь яг хайр шиг. Миний морин хуурт хайртай болсон шалтгаан энэ л дээ. Өөр үгээр илэрхийлж чадахгүй нь ээ.

-Энэ наадмын өдрүүдэд Морин хуурын чуулгатай хамт тоглож үзэв үү. Танд ямар санагдав?

-Гаднаас ирсэн бүх сонирхогчид Морин хуурын чуулгатай хамт нэг тайзан дээр тоглосон. Оркестрт суудаг хөгжимчид дотор ид шидтэй морин хуурчид байна. Маш гоё юм. Үүнээс илүү гоё сайхан зүйл байхгүй.

-Ойр дотныхоо хүмүүст та морин хуур зааж өгье гэж бодож байгаа юу?

-Германд ганц хоёр хүнд зааж өгч магадгүй. Миний ажил, бизнес аялал зэргээс шалтгаалаад бусдад заахад хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр хүнд морин хуур бага зэрэг зааж өгсөн. Тэд үргэлжлүүлж заалгахыг хүссэн ч би дандаа завгүй байлаа.

-Хаана ч явсан та морин хуураа авч явдаг уу?

-Үргэлж авч явдаг. 

-Аав ээж тань таны морин хуур тоглохыг сонсч байв уу?

-Зул сарын баяраар аав ээждээ Зул сарын аялгуу тоглож үзүүлсэн. Маш их таалагдсан. Одоо тэд маань далан настай. Миний концертыг үзмээр байна гээд л байгаа. Өндөр настай болсон учраас Монгол руу аялж чадахгүй шүү дээ.

-Та морин хуурыг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан гэлээ. Бас таван жил тоглож, монгол хөгжмийн соёлоос судалж байгаа гэсэн. Энэ хугацаанд манай хөгжмийн соёлын талаар ямар бодолтой болсон бэ?

-Монгол туульс үнэхээр гайхамшигтай. Үүнээс гадна миний дуртай олон аялгуу байгаа. Жишээ нь, уртын дуу, татлага, биелгээ, ардын богино дуунууд, бас орчин үеэс Н.Жанцанноровын бүтээл байна. Манайхан бол зөвхөн поп рок, сонгодог ари мэднэ. Манай германчууд монголчууд шиг хөгжимтэй их ойр холбоотой хүмүүс биш. Хөгжимд жаахан дуртай, энэ нь монголчуудынх шиг гүн гүнзгий биш.

-Та бусад үндэстнүүдийн хөгжмөөс сонирхдог уу?

-Киргизээс комуз хөгжим авсан. Энэ хөгжим бас хоёр утастай. Хятад улсаас пийпаа авсан. Бас шанз тоглодог. Шанзаар би зөвхөн монгол аялгуу тоглож байна.

-Энд хөгжмийн сонирхлоороо аялахдаа Герман дахь ажил албаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Германд би өндөр цалинтай, бас чөлөөт цаг байгаа учраас хөгжимд хүссэн цагаа зарцуулж байна. IT инженерийн ажил маань хөгжим сонирхоход саад болдоггүй. Ажлын газар гэрт ойрхон. Долоо хоногийн таван өдөр нь өдөрт найман цаг ажилладаг болохоор чөлөөт цаг ихтэй.

-Манай улсад та хэдэн удаа ирэв?

-Арван удаа Монголд ирсэн.

 Н.ПАГМА       

Онцлох нийтлэлүүд