ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.05.22 01:05

Сонгуульд ялах өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэрсийг татуулах уу?


Иргэний нийгмийн байгууллагууд болон Эрдэмтдийн зөвлөлөөс УИХ-ын сонгуульд Шүүхийн шатанд хэрэг нь шийдвэрлэгдээгүй байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлнэ гэсэн зарлал ч юм уу, шоу гэмээр үйл явдал болж байх шиг байна. Үүнийг МАН-ынхан сонгуульд ялалт байгуулж чадахгүй тойргуудаа тооцоолж, арга ядахдаа иргэний нийгмийн байгууллага гэдэг халхавч дор Сонгуулийн ерөнхий хороог өөрсдийн дураар ажиллуулахаар үүрэгдэж буй хэмээн хардаж болохоор байна.

Шүүхээр гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэмт хэрэгтэн хэмээн тооцдоггүй. Гэмт хэрэг хийгээгүй хүний эрхийг хааж боох эрх хаана ч байхгүй. Гэтэл ийм шаардлагыг Иргэний ниймгийн байгууллагын нэрээр хийлгэж байгаа нь харамсалтай юм. Шүүхийн шатанд хэрэг нь шийдвэрлэгдээгүй хүмүүс гэдэгт АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд гэх мэтийн олны дунд нэртэй, сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай хүмүүс байна. Мөн би даан нэр дэвшигчдээс ч МАН нэлээн жийрхэж байгаа бололтой. Тэднийг ямар нэгэн хэрэгт холбож нэрийг нь татуулахаар ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл эхнээсээ гарч эхэлжээ. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр дөнгөж хоёр хоногийн өмнө УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвших бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн. Гэтэл хуулийн дагуу бичиг баримт хүлээн авах хугацаа дөнгөж өчигдөр дуусгавар болмогц түүний баримтаас ямар нэгэн байдлаар зөрчил олж нэрийг нь татуул гэдэг үүрэг өгсөн талаар эх сурвалжууд хэлж байна.

Н.Номтойбаярын хувьд Хан-Уул дүүрэгт хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдэг нь олон нийтийн дэмжлэгээс илэрхий харагдаж байгаа. Тиймдээ ч өдөр тутмын хэд хэдэн сониноор өнөөдөр Н.Номтойбаярын эсрэг ярилцлагууд хөвөрч эхэлжээ.

Д.САЙХАН

Онцлох нийтлэлүүд