ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2019.03.17 01:03

“Сорхун” эмнэлгийн захирал Дашдэндэвийн Оюунцэцэг: С.Зоригийн ээж Доржпалам гуай, манай ээж хоёр Сайд нарын II дугаар эмнэлэгт хамт ажиллаж байсан

ТОД ББ” ХХК-ийн ерөнхий захирал, “Сорхун” эмэгтэйчүүдийн эмнэлэг, эх нярайн сувиллыг үүсгэн байгуулагч Дашдэндэвийн Оюунцэцэгийг “Орчлонгийн сайхан ээж” буландаа урилаа. Тэрээр арван хүүхэдтэй айлын тавь дахь нь буюу одонгийн хүүхэд. Өөрөө таван хүү төрүүлсэн одонтой ээж. Ажил амьдралын гараагаа гагнуурчнаас эхэлсэн эл эрхэмд үсчин, малчин, цэвэрлэгч, худалдагч, гахайчин, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, компанийн захирал гээд хийж үзээгүй ажил ховор. Чин сэтгэлээ зориулж чадах юм бол ямар ч ажлаас хүн үр өгөөжийг нь хүртэж болдгийг амьдралаараа харуулж яваа Оюунцэцэг захирлын яриа уншигч олонд, ялангуяа охид бүсгүйчүүдэд нэгийг бодогдуулах болов уу.


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын дугаартаа тантай ярилцаж байна. Арван хүүхэд төрүүлж өсгөсөн ачит ээжээс тань яриагаа эхэлбэл ямар вэ?

-Энэ өдөр хайрт ээжийгээ дурсан санана гэдэг сайхан юм. Надад их ерөөлтэй санагдлаа. Миний ээжийг Самбуугийн Чулуунпүрэв гэдэг. Таван настай өнчин хоцроод Самбуу гэж том ахаараа овоглосон байдаг. Архангай аймгийн Цэнхэр сумын хүн. Ээж минь арван настай хүүхэд Улаанбаатарт ирж Нэгдүгээр сургуулийн босгыг алхжээ. Гэхдээ сургуулиа төгсөж чадаагүй юм билээ. Тогоочийн курсэд сурч мэргэжил эзэмшсэнээр ээжийн минь амьдралын зам мөр эхэлсэн түүхтэй. Учир нь тогооч мэргэжил эзэмшиж нисэхэд ажилласнаар ханьтайгаа учирчээ. Ээж, аав хоёр минь нисэхэд танилцсан юм. Арван есөн настайдаа гэрлэсний дараахан аав Орос руу сургуульд явжээ. Манай аав чинь ОХУ-ын Ульяновск хотын нисэхийн сургуульд радио техникчийн мэргэжил эзэмшиж одоогийн МИАТ-д радистаар ажиллаж байсан. Сүүлд ээж Сайд нарын Хоёрдугаар эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажилласан юм. Тэнд С.Зориг агсны ээж Доржпалам гуай эмч байсан.

Яг л “Сэрэлт” кинонд гардаг орос эмч шигээ харагддаг тийм гоё хүн байсан. Манай том хүүг эмч болоод ирэхэд ээж минь Доржпалам гуайг дурсаад эмч хүний сайхан чанарын тухай хэлж байж билээ. Мэргэжлийн том том сургуулийг нь төгсөөгүй хэрнээ сэтгэлээрээ эмчилдэг хүн гэж бий. Өвчтэй хүний сайхан үгээр анагаах шидтэй хүн байдаг л юм шүү гэж хэлж байсан. Энэ нь мэдлэг боловсролоос гадна эмч хүнд сэтгэл гэж чухал зүйл байдгийг хэлсэн үг байв. “Сэтгэл байсан газар бүх юм амьд байдаг. Сэтгэл байхгүй бол мянган бурхан байгаад ч нэмэргүй” гэж ээж минь хэлдэг сэн. Сургууль соёл төгсөөгүй хэрнээ хэлж ярьж байгаа нь цэгцтэй, утга учиртай мундаг хүн байлаа. “Хүнд чинь хэлэх хэлэхгүй үг, хэлэх хэлэхгүй өдөр цаг гэж байдаг юм” гэнэ. Одоо бодох нь ээ, яасан ч үнэн үг вэ. Хоёр идэхгүй хоосон хонохгүй, хоёр нарны хооронд ажиллаад л, арван хүүхэд өсгөж хүний дайтай хүн болгосон. Гэвч ядарлаа, зүдэрлээ гэж нэг ч хэлэхийг нь сонсоогүй л юм. “Миний хүү олонтойгоо л яваарай” гэж надад захисан. Түүнээс баян хүн болоорой, хөрөнгө хураа гэж хэлээгүй. “Энэ хэдэн хүүхдээ хүн болгоорой” гэж хэлдэг байв. “Таван хүү минь хүн болчихоод байхад хүн болгоорой гэдэг нь юу гэж ч байгаа юм” гэж тухайн үедээ боддог л байж, залуу ч байж, тэнэг ч байж дээ. Ээжийнхээ үгийн ухааныг ойлгож мэдрэх тэнхээгүй байж дээ. Хүүхдийг хүн болгоно гэдэг маш өөр ойлголт гэдгийг сүүлд л мэдэрсэн. Хичнээн гадаад дотоодын сургууль төгсөөд, олон мундаг дипломтай байгаад хүний хувьд өөдгүй бол хэрэг байхгүй гэдгийг одоо ойлгож байна шүү дээ.

-Таны хувьд анхны цалингаа ээждээ зориулсан гэдэг. “Миний амьдралын хамгийн жаргалтай мөч” гэж ярьж байхыг тань сонссон?

-Тийм ээ, би анхны цалингаа аваад ээждээ өгсөн. Гагнуурчин болоод сар ажиллаад 950 төгрөг авсан юм. Тэр үеийн 950 төгрөг гэдэг мөн ч их мөнгө. Ааваасаа илүү цалин авч байгаа нь тэр. Гагнуур хийнэ гэдэг үнэлгээ өндөртэй, дээрээс нь би илүү цагаар ч ажиллаж байсан. Анхны цалингаа ээждээ зориулна гэдэг миний өөрийн чинадын ч хүсэл байсан. Хүсэл минь ч биелж байгаа юм. Ээж бид хоёр хажуу айлынхаа усны тэргийг түрээд тавилгын дэлгүүр рүү явлаа.

Монголын үйлдвэрийн тавилгын тэрхүү дэлгүүрээс ээждээ модон авдар ширээ авлаа. Түүнийгээ тэргэн дээрээ тавиад гэрээдээ явж байхад хичнээн жаргалтай байсан гэж санана. Ээж бүр нэг чин сэтгэлээсээ баярлаж, намайгаа магтаад “Миний буржгар охин хөөрхөн ш дээ” хэмээн үсийг минь илбээд. Одоо ингээд ээжтэй алхалж явсан тэр сайхан мөчийг эргэн санаад эгч нь уйлж байна л даа. Нулимс унагахгүй байхын аргагүй тийм нандин он цаг юм. Хүн эжийнхээ ачийг хариулж чаддаггүй юм гэдэг. Гэхдээ би тэгж нэг баярлуулсан юм. Ээжийнхээ жаргалтай царайг харах шиг баяр баясгалан үгүй.

-Ээжтэйгээ алхалж яваа дүр зураг чинь нүднээ тодорч байна. Ингэхэд та аавынхаа тухай ярихгүй юу. Ээжтэй тань нисэхэд танилцсан гэдгийг түрүүнд цухасхан дурдлаа?

-Миний аавыг Дэжидийн Дашдэндэв гэдэг байв. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хүн. Ээж маань Архангайнх, тунгалаг Тамирын голын хөвөөнд өссөн хүүхэд. Хөвсгөлийн хөвч тайга их уулс, Арын хангайн гоёхон байгальд төрж өссөн хоёр эрхэм хүний дундаас хүн болсондоо өөрийгөө азтайд боддог. Би болохоор жаран дөрвөн оны алдарт луу жилд Улаанбаатар хотноо Найрамдлын районд төрсөн хүн.

Аав минь сайхан дуулна, бас сайхан барилдана. Өнөө найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай хүн гэдэг чинь яалт ч үгүй миний аав байлаа. Аавын барилдахыг би санадаг юм. Тэр жил Хөвсгөл Их-Уул суманд бид очлоо. Наадам таардаг юм байна. Тэгтэл биднийг голын тэнд орхичихоод бүтэн хоёр өдөр өөрөө барилдана гээд яваад өгөв. Наадам тарахын алдад аав минь халуун сав, дээлийн өнгө барьчихсан, өнөө л сайхан дуулдгаараа дуулаад, жаахан улаа бутарчихсан ирж байж билээ. Их-Уулын наадамд түрүүлчихээд ирж байгаа нь тэр. Тийм л хийморь лундаатай эр байсан. Их л эрэмгий эрдүү, бадрангуй хүн байж билээ. Миний эжий намайг аварсан шүү гэж аав минь хэлдэг. Жаран хоёр онд Отгонтэнгэрийн осол гэж айхтар юм болсон. Ховд руу нислэгтэй явсан онгоц Отгонтэнгэр хайрхныг мөргөсөн. Тухайн онгоцонд аав албан ажлын дагуу явах байсан. Гэвч ээж нь бие нь гэнэт муудаад аавыг явуулаагүй байдаг. “Би Ховд явмаар байна. Очиж очиж та энэ өдөр өвддөг чинь ямар учиртай юм” гэж аав цухалдсан байдаг. Мэдээж ээжийнх нь бие тааруу байхад орхиод явж чадаагүй. Гэтэл тэрхүү нислэг сүйдэж айхтар юм болсон. “Миний ижий Хөвсгөлөөс бага хүү намайгаа дагаад хотод ирсэн хүн. Гэтэл хүүгийнхээ амийг хүртэл аварлаа” гээд аав минь уяралтайхнаар өгүүлдэг байв. Манай эмээ тэр цагаас хойш аавыг амьд дээр минь газар буудаг ажил хий гэж хэлээд жолооч болгосон. Ингэж аав минь нисэхийн холбоочны ажлаасаа гарч баазын жолооч болсон. Ээж мөн аавыг даган нисэхийн тогоочийн ажлаас гарсан юм билээ. Ингэхэд аавыг минь таньдаг мэддэг бүхэн “мөнгөн цагаан” гэж нэрлэдэг байв. Лувсангийн Дагвадорж гуайн шүлэг, Насанбуян гуайн хөгжим “Нисэгчийн дуу” буюу “мөнгөн цагаан хүлэг минь дүүлж явнаа” гэдэг дууг аав минь амьдралынхаа туршид дуулсан. Тэгээд “мөнгөн цагаан” гэж нэрлэгдсэн.

-Таны ажил амьдралын гараа Эрдэнэтээс эхэлсэн байдаг. Тэр тухайгаа сонирхуулаач?

-Наян хоёр онд аравдугаар анги төгсөөд Анагаахын сургуульд орж чадаагүй юм. Тэр жил ядахад “улаан шугам” гэдэг юм гарч ирээд урдуураа таслуулчихсан. Сурлагадаа гайгүй, ангийн дарга ч сүрхий товарищ байлаа. Манай том ах Дарханы ерөнхий архитекторч Ганболд гэж байсан. Өөрөө их, дээд сургуульд орж чадалгүй гурван жил ажиллаж байгаад архитекторын ангид орж байсан хүн. Тийм болохоор надад “Чи гурван жил ажиллаж байгаад сургуульд ор” гэдэг юм. Би болохоорх Чех рүү ТМС-д явмаар санагдаад, манайхны хэлдгээр алтан Прага нүдэнд харагдаад, ер нь хаашаа ч хамаагүй явчихмаар л байсан. Дээрээс нь нэмээд хэлэхэд Анагаахын сургууль авч чадаагүй болохоос ТМС-ыг бол хүссэнээрээ сонгох эрхтэй байдаг. Ингээд Ганболд ахын хэлснээр Эрдэнэтийн байшин үйлдвэрлэх компанитад ажилтан боллоо. Токарьчин, кранист гээд бүхий л мэргэжил гоё юм шиг санагдаж, сонирхлыг минь татаж байв. Тэр дундаас гагнуур хийх бүр гоё санагдсан. Хоёр төмрийг хооронд нь гагнаад гагнаас нь онож таарахар дуу нь хүртэл гоё байдгийг бодохгүй юу. Гагнуурын хайлш тос хольж байгаа юм шиг гоё. Миний анхны мэргэжил гагнуурчин. Хажуугаар нь бас өрөмдөгч хийгээд хос мэргэжилтэн боллоо. 1982-1990 он хүртэл Эрдэнэт хотод гагнуурчин хийсэн. Тухайн цагтаа арван найман настай бүсгүй Байшин үйлдвэрлэх нэг, хоёрдугаар комбинатынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга боллоо. Нийгэмд байр суурь эзлэх, хүмүүстэй харилцах харилцаа, олны итгэл хүндэтгэлийг хүлээх, мөнхүү хариуцлага үүрэх цаг мөч минь тэгж эхэлсэн. Гагнуур хийгээд ажиллаж байхдаа би чинь гурван хүүхэд төрүүлсэн. Ингээд ерэн онтой золгосон. Монгол Улсын 252 дугаар тогтоол гарлаа. Хүн амын суурьшлыг сааруулах тогтоол гэж хэлж болох байх. Миний хань А.Даваасүрэн ГОК-д ажиллаж байсан. Тэгтэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багт малчин болдог юм байна. Ханийг минь алс хөдөө сумын нэгдлийн малчин болгохоор явууллаа. Тэнд манайх зургаан жил болсон. Би гэдэг чинь хотод төрсөн хүүхэд. Мал гэж сайн мэдэхгүй. Нэгдлийн мянган цагаан хурга маллахаар хөдөө гарсан. Уулын энгэрт хонь цайрч харагдахаар хүүхдүүддээ “аав чинь тэнд явна” гэж хэлдэг. Гэтэл уул уулын энгэр бүрт энд тэндгүй хонь мал харагдахаар хаана ч хань минь яваа юм бол гэж эхэн үедээ учрыг нь олдоггүй байлаа. Хий дэмий л аргал түүнэ. Хадам аав маань Адьяажав гэж сайхан хүн байсан. Хорин настай хонгор зүстэйдээ бэр болоод тэр айлд очлоо. “Миний дээлтэй төрсөн охин хүүхэд минь” аав минь халуун дотноор хүлээж авсан. Аавынхаа удмыг олон болгож хүү төрүүлсэнд баярлалаа гэж хэлж байсныг нь мартдаггүй. Түдэвтэй сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хий гэж сумын дарга Ванган гэж хүн хэлсэн. Тэгээд буудлын эрхлэгч бол гэдэг юм байна. Хөдөө суманд ёстой нөгөө соёлын үрийг тарина гээч юм болсон доо. Сурагч, залуучуудад бүжиг заагаад, Залуучуудын холбоо гэдгийг байгуулаад бужигнуулж өгсөн. Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Ц.Жамьян гээд мундгууд чинь очно. Мөн яруу найрагч П.Батсайхан, дуучин С.Батсүх нар очно. Өнөөдөр бүгд энгэртээ гавьяатын тэмдэг гялалзуулсан аваргууд болжээ. Завхан аймгийн Түдэвтэй сум бол олон хутагт хувилгаадын нутаг. Ерөнхий сайд Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав гээд агуу хүмүүс төрсөн. Тэр сайхан нутгийн уул ус таван хүүг минь харж яваа гэдэгт би итгэдэг. Дээрээс нь Монголыг даасан Отгонтэнгэр хайрхан харж байгаа. Түдэвтэй суманд байхад ерэн нэгэн онд дөрөв дэх хүү минь мэндэлсэн юм.

-Завханаас буцаад Эрдэнэтдээ ирсэн гэдэг билүү?

-Ерэн зургаан оны өвөл идэр есийн хүйтэнд Завханаас нүүж ирсэн. Нөхөр бид хоёр эхлээд хувийн дэлгүүр ажиллууллаа. Хоёр жил ажиллаад байж байтал манай хүн Солонгос улс руу явж таарав. Ганцаараа дэлгүүр ажиллуулна гэдэг хэцүү. Ингээд үсчин боллоо. Эрдэнэтийн хоёр мастер үсчний шавь болсон гэж болно. Үсчний ажил надад үр өгөөжөө өгсөн. 2001 онд том хүү минь оюутан боллоо, дараа жил нь хоёр дахь хүү бас оюутан болсон. Хань маань Солонгосоос ирлээ. Манайх гэдэг айл хот руу нүүхээс аргагүй болсон. Улаанбаатарт ирээд 805 дугаар ангийн тэнд хашаанд буулаа. Хорооны даргадаа 350 мянган төгрөгийн хандив өгч суурьшилтай болсон. Мэдээж ажил хийх хэрэг гарна. Ажил хайлаа. “Модун” компани үйлчлэгч авна гэх зарын дагуу очив. Захирал нь Должидын Батбаяр гэж мундаг бизнесмэн байдгийг хүмүүс мэднэ дээ. Бөхийн өргөөний хажуу тал одоогийн “Хөх нуруут”-ын дэргэдэх бааранд нь яваад очлоо. Тэгтэл намайг үйлчлэгчээр авдаггүй, та чадахгүй гээд байдаг. Би тарган махлаг байсан л даа. “Үйлчлэгч хийж чадалгүй яах юм бэ. Би чинь насаараа гэрийнхээ цэвэрлэгч хийж байгаа хүн” хэмээн учирлаж байж үйлчлэгчээр ажилд орж билээ. Бас хажуугаар нь үсчин хийнэ гэж зүтгэснийг яана. Хүн ямар нэгэн ажилд мэргэших гэж байдаг юм билээ. Би гэртээ насаараа л цэвэрлэгч хийж байгаа. Гэвч тэрхүү компанид цэвэрлэгчээр ороод үнэхээр ядарсан. 83 кг байсан хүн чинь 67 кг болтлоо турсан гээд бодохгүй юу. Намайг хүмүүс энэ олон ажил хийж, он жилийг туулж ирснийг сонсоод зарим нэг нь гайхаж, зарим нэг нь бахархдаг л юм. Гэхдээ би хүний хийдэг ажлыг л хийж ирсэн хүн. Өөрийнхөө амьдралыг босгохын төлөө, үр хүүхдүүдээ гэдэс цатгалан явуулахын төлөө л хөдөлмөрлөж ирсэн. Янз бүрийн ажил хийж дээ. Гахай хүртэл хариулж үзсэн хүн шүү дээ. 2009 оноос 2013 онд гахай хариулсан юм. 67 гахайг 220 гаруй болгож үржүүлсэн. Гахай бол хөөрхөн амьтан. Яаж маллах, яаж харьцахаас шалтгаална. Гахайд эвгүй хандвал стрестэнэ. Хажууд нь дуу дуулаад л, лоолой, лоолой гэж өхөөрдөн дуулаад байх юм бол сүүл хөдлөгөөд хөөрөөд унана. Харин загнаад, ороолгож зодоод байвал чарлаад унадаг тийм амьтан.

-Та бид хоёр мөн ч олон мэргэжлийн тухай ярилаа. Таны амьдралын замнал ёстой нэг хөгжилтэй гэдэг шиг сонин сайхан санагдлаа. Одоо танаас “Сорхун” эмнэлгийн тухай асуумаар байна. “ТОД ББ” компаниа хэрхэн байгуулж байв даа?

-2013 “ТОД Каннам” гоо сайхны мэс заслын эмнэлгээ байгуулсан. Том хүү Тодномбат маань Сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан. Солонгос руу явж хоёр жил болохдоо Солонгосын өнөө алдарт Каннам дүүрэгт гоо сайхны мэс заслаар сураад ирсэн. Миний бие 2015 онд Солонгост эмнэлгийн судалгаа хийж явахдаа “Сорхун”-тай ижил сувиллаа олж харсан юм. Эмэгтэй хүмүүсийг, охид бүсгүйчүүд, ээжүүдийг тэнд чинь гар дээрээ бөмбөрүүлж байна. Монголын сайхан бүсгүйчүүд, ээжүүд маань ийм нэг сайхан эмнэлэг, орчин үеийн бүрэн тоноглогдсон сувилалтай байж яагаад болохгүй гэж бодогдлоо. Солонгосын тэрхүү эмнэлгийг хараад бүр атаархал төрлөө. Миний зүрх сэтгэл ерөөсөө л ийм нэг сувилал, эмэгтэйчүүдийн, эх нярайн эмнэлэг байгуулъя гэдэг зүйл рүү өөрийн эрхгүй татагдлаа. “Сорхун” эмэгтэйчүүдийн эмнэлэг, эх нярайн сувиллыг байгуулах төслийг гэр бүлийнхээ хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Сорхун” эмнэлгийнхээ нээлтийг хийчихээд ямар их жаргалтай, сэтгэл дүүрэн байсан гэж бодно. Тэр жил анхны цалингаараа ачит ээждээ модон авдар, ширээ авч өгчихөөд их л баярлаж жаргал гээчийг амсаж байсан шигээ баярласан. Нарийн мэргэжлийн эмч нар, олон жилийн туршлагатай бариа засалчид бүсгүйчүүд, ээжүүдийн бие галбирын онцлогт тохируулан бүх төрлийн бариа заслыг хийхийг хараад, ээжүүдийнхээ сэтгэлийн баясгаланг мэдрэх сайхан. Монголын охид хүүхнүүд Солонгос шиг, Япон шиг өндөр хөгжилтэй орнуудын үйлчилгээ аваад хүний дайтай байг л дээ гэж бодоход өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг л юм. Эхчүүдийн төрсний дараахь нэг том асуудал бол таргалалт байдаг. Сав агшаах бариаг хийхэд тухайн ээж төрөөгүй юм шиг, яг л урьд байсан шигээ гоё бие галбиртай байх нөхцөлийг манай эмнэлэг бүрдүүлдэг. Хүн төрөхөд эрүүний яснаас бусад яс салдаг гэдэг. Үнэн юм билээ. Бүх үений хоорондын холбоос сунадаг юм байна. Сунасан бүх үеийг галбиржуулж, буцаад хэвэнд нь оруулна гэдэг маш том зүйл. Мөн эхчүүдийн хөхний бариа гэж бий. Өвдсөн, хавдсан, зангирсан хөхний сүү нь гараад цээж хөнгөрөөд явчих ямар сайхан байх нь мэдээж. Ийм боломжийг Монголын бүсгүйчүүддээ олгосонд баярлаж байна.

-Нээрээ тийм дээ?

-Ер нь амьд байх, амьдарч явах хоёр өөр юм. Хүн амьд гэлдрэх биш амьдарч явах хэрэгтэй юм. Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зааг ялгагдахаа байсан. Эр хүн эр хүн шиг баймаар байна. Далайцтай баймаар байна. Эхнэр нь эхнэр шиг байх хэрэгтэй. Охид хүүхнүүд маань тэвчээртэй, сэтгэлийн хаттай байгаасай. Дээрээс нь охид хүүхнүүд маань хурдан мөнгөтэй болох хялбар амьдралыг чухалчилдаг болжээ. Ажилд авна гэхэд хамгийн түрүүнд “цалин хэд вэ” гэж асуудаг. Мөн ажлын цаг хэд вэ гэдэг. Мундаг чадвартай сайн ажилчин байхад би бага цалин өгчихвөл яах юм. Тэр хүн чадваргүй байхад би өндөр цалин өгчихвөл бас яах юм. Монголын охид бүсгүйчүүдэд сэтгэлийн хат гэж байхгүй болсон. Ажлын чадвар байхгүй. Сэтгэлээрээ уначихвал яаж ажил хийх юм бэ. Болно бүтнэ гэж бодож, зүтгэвэл бүх юм бүтдэг. Саяхан одонтой ээжүүдийн “Бүсгүй улирал” цэнгүүнд очоод би их бахархлаа. Ямар сайхан болсон юм бэ, Монголын бүсгүйчүүд. Дөрвөн хүүхэд төрүүлсэн, зургаан хүүхэд төрүүлсэн ээжүүд бүгд миссүүд байна. Монголын бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.


Онцлох нийтлэлүүд