ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.10.30 11:10

Сошиалд таван мянгаас дээш дагагчтай бол хэвлэл мэдээллийн байгууллага гэж тооцох нь зөв

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс саяхан зохион байгуулсан “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ын үеэр УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Сошиалд таван мянгаас дээш найз, дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох ёстой” гэж мэдэгдсэн. Энэ бол өнөөгийн Монголын нийгмийг айхавтар мэдэрсэн, дүн шинжилгээ хийсэн, цаашид ямар аюултай нөхцөл байдал үүсч, улс орны ирээдүйд, тусгаар тогтнолынх нь дархлаанд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж болохыг тооцсон улстөрчийн мэдэгдэл юм. Тэрбээр “Арван мянган дагагчтай хүн ямар ч цензургүйгээр сошиалд бичиж байна. Дахин дахин жиргээ их авч байна. Муухан сайтаас хүчтэй байна. Энэ нь хэн нэгнийг гүтгэж доромжилсон үед бүр асуудалтай болно. Тиймээс үүнийг хуулинд тусгах нь зүйтэй” гэж хэлсэн.

Н.Учрал гишүүний уг саналыг Монгол Улсын өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин” дэмжиж байна. Нийгмийн цахим сүлжээнд таван мянгаас дээш найзтай фэйсбүүк хэрэглэгч, таван мянгаас дээш дагагчтай твиттер хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн байгууллага гэж тооцох нь зөв. Мөн таван мянгаас дээш хандалттай пэйж хуудсууд орно.

Харилцаа холбооны зохицуулах газраас энэ бүгдийн бүртгэл судалгааг хийж нарийн тооцоог гаргах хэрэгтэй байна. Тухайлбал, таван мянгаас дээш найзтай хичнээн фэйсбүүк хэрэглэгч байна, мөн таван мянгаас дээш дагагчтай хичнээн твиттер хэрэглэгч байна гэдгийг нэртэй, устай хаяг шошготой нь бүртгэж, тэдгээрийг хэвлэл мэдээллийн байгууллага гэж үзэн татвар авдаг болох нь зөв. Дээр нь зах замбараагаа алдсан, олон мянган лайк-аараа уралдсан пэйж хуудсууд байна. Ер нь манай улс чинь интернэт хэрэглэгчийнхээ тоогоор Азидаа толгой цохиж байгаа. Дэлхий дахинд эхний аравт жагсаж байгаа. Гурван сая гурван зуу орчим мянган хүн амтай Монгол Улсын хоёр сая 900 мянга нь интернэт хэрэглэгч. Ингэж хөгшин залуугүй цахим сүлжээнд нэвтэрч, өнгөтэй өөдтэй бүхнээ зүхэж, улс орныг удирдаж байгаа дарга, сайд болгоныг толгой дараалан доромжилж, шавар шавхайтайгаа хутган гутаах болсон. Бурхнаа ч нулимах сэтгэцийн өвчинд нийгмээрээ нэрвэгдэж Монголд үнэ цэнэ, үнэт капитал гэдэг байхаа больжээ.

Ямар ч сайхан зүйлийг яаж ийж байгаад шүүмжлэн гутааж, ажил хийхээсээ илүүтэй цахимаар цэцэрхэж, бусдыг элдэв дээдээр хэлэн бах таваа хангаж, тухайн агшинд тодрох гэсэн тэнэглэл, гоё харагдаж лайк, ритвет авах гэсэн солиорол газар авсан нь харамсалтай. Нүүрээ нуусан хорсогчид Монголоор дүүрэн болжээ. Тэд дур дурынхаа хаягаас мэдээллээ цацаж байгаа. Таван халтар цаас халаасалж л байвал цахим сүлжээний нүүрээ нуусан нөхөд хэний ч нэр төрийг эрхэмлэнэ гэж үгүй. Аливаа албан байгууллага болоод хувь хүнийг юу ч гэж гүтгэн доромжилж, зохиомжилсон бичлэг хийж, дуу хоолойг нь ашиглана тэдний дурын асуудал. Муу муухайгаар олонд хүргэх зураг хөрөг, бичлэгээ технологийн өндөр түвшинд хийнэ. Нэгнээ гүтгэн доромжилж, нийгмийн шавар шавхай болгож, ёстой нэг хүн харахын эцэсгүй болгон амьдаар нь булшилж байж сайн сайхан амьдарна гэдэг философи манайд үйлчлэх болсон байна.

Цахим ертөнцийн золиос болсон хүмүүсийн жишээнүүдийг бид даанч сайн мэднэ дээ. Одоо ч тэдгээр хүмүүсийн тухай бодоход сэтгэл өвдөж байна. Төрийн алба хаших нь байтугай цаашид энэ улс оронд амьдрахын эцэсгүй, нийгмийн шаар болгож хаясан. Наад захын жишээ гэхэд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Насанбаяр байна. Энэ бүсгүйг мүүний гэх тодотголтой гаж урсгалын хамгийн том төлөөлөгч, хүүхэд багачууд ирээдүй хойчийнхны ном сурах бичигт мүүний нөлөөгөө оруулсан гэж цахим ертөнцөөр нэг нь зарлангуут нийгэм тэр чигээрээ шуугьчихсан. Гал, усны аюул барьж болдоггүй хамгийн хэцүүг бид мэднэ. Гэвч нийгмийн их давалгаа, дарга нарыг, мөнгөтэй хүнийг үзэж чадахаа байсан хорсогчдын давалгаа ямар аймшигтайг Насанбаяр гэж тэр эх хүнийг, залуухан бүсгүйг, хүний сайхан ханийг үзэхийн муухайгаар гутаан доромжлохыг бид харсан. “Миний амьдралд суусан энэ хар толбо насан туршид маань арилахгүй байх” гэж тэр уйлан хайлан хэлж байсан.

Монголчууд юм л болбол төр рүүгээ улангасан дайрдаг. Төрийн тэргүүн байсан, дэлхий дахинд Монгол Улсын нэрийн хуудас болж явсан, олон улсад монголоор хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ ёстой нэг үзэхгүй дээ. “Буудаж алъя”, “Шууд устгая”, “Эх орондоо хайртай бүх монголчуудыг босохыг уриалъя” гээд л эхэлнэ. Өнгөрөгч зун төрт ёсны наадмаас илүүтэй Багабанди гэж хүнийг элдэв хоёроор хэлж шавар шавхай, нус цэрээ цацсан. Наадмын үеэр Багабанди гуайн алтан бүстэй зургийг нэг нь хаанаас ч юм олоод фэйсбүүк, твиттертээ оруулчихжээ. Хүн муулахын дон шүглэсэн, хорсол нь буцалж байгаа нийгэмд, цахим ертөнцийнхөнд энэ нь тун таатай өгөөш болж байгаа юм. Тэр зураг Багабанди гуайн Ерөнхийлөгч байх үеийн зураг. Гэтэл Оюу толгойгоос 40 мянган долларын цалин авдаг гэж ирээд л Монголын бүх баялгийг цөлмөөд дуусчихсан адгийн амьтан шиг л нийтээрээ дайрсан.

Монголын парламентыг удирдаж байсан, төрийн тэргүүнээр найман жил тасралтгүй ажилласан түүнийг цахим ертөнцийн цэцэрхэгчид хэн ч биш болгож, адгийн гуйлгачнаас дор хандсанд гутрал төрж байлаа. Энэ байдлаараа явбал улс орны үндэсний аюулгүй байдал алдагдаж, тусгаар тогтнолын дархлаа үгүй болно. Нийтээрээ төр засгаа үзэн ядсан, төрийн түшээдээ нохойноос дорд үзсэн нийгмийн энэ их хорсол занал нэг л өдөр задарч иргэний дайнд хүрэхийг ч үгүйсгэх аргагүй. Муу юм зөгнөж байгаа юм биш л дээ. Гэхдээ цуст мөргөлдөөн гарч төрийн эргэлт болохыг байг гэх газаргүй. Монголчуудыг монголчуудаар нь үзэн ядуулах, төр засгийг нь үнэгүйдүүлэх, төрөө удирдаж явсан эрхмүүдийг нь гутаан доромжлуулах санаархал гадныханд байж л байгаа. Тэгэхээр нүүрээ нуусан хорсогчид, бусдыгаа төр засаг руугаа дайрахыг уриалаад буй энэ байдал хамгийн аюултай. Нийгмийн энэ их шуугиан бужигнаан, нэгэн рүүгээ уулгалан дайрсан байдал эцэстээ Монгол төрийг ч хүчгүйдүүлэхэд хүргэнэ.

Хүссэн хүсээгүй хаос буюу мэдээллийн хоосон орон зай төр болоод иргэдийн хооронд үүсч, эцэс сүүлдээ иргэд нь төр засгаараа удирдуулах дургүй болох аюул нүүрлэнэ. Тиймийн учир сошиалд таван мянгаас дээш найзтай фэйсбүүк хэрэглэгч, таван мянгаас дээш дагагчтай твиттер хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн байгууллага гэж тооцон хууль гаргах нь зөв гэж үзэж байгаа юм. Дураараа авирладаг, хүссэнээ гутааж байдаг цахим ертөнцийг хариуцлагажуулах, тэдэнд хуулийн хүрээнд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Бизнесийн байгууллагууд олон гишүүнтэй пэйж хуудсуудаар рекламаа явуулдаг гэдэг. Тэгвэл тэдгээр пэйж хуудсуудыг хэвлэл мэдлээллийн байгууллагатай адил зохих ёсны татвар тооцоог хуулийн хүрээнд авах нь чухал.

“Сошиал хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох нь сошиал медиаг хэт дэвэргэсэн хэрэг болно” гэх санал зарим сэтгүүлчдээс гарч байна. Хувь хүний нэр төрөөс аваад улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх хор хөнөөлийн хажууд сэтгүүлчдийн дээрх болгоомжлол дэндүү өнгөц, өнөөдрөө харсан зүйл юм. Улс орноо сүйрүүлэхийг л хүсээгүй юм бол бид хууль гаргахыг дэмжих нь зөв.


Онцлох нийтлэлүүд