ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.22 12:06

Соёлын довтолгооны үеийн нэгдүгээр ангийнхан тавин жилийн дараа цуглав

1а ангийнхан

Ангийн дарга Г.Чулуун “1а”-гийнхны дараа “1б”-гийнхэн жагсаад зогсч байгаарай. Дараагийн анги томоотой байна шүү” гэж захиргаадна. Жараад настай “хүүхдүүд” ангийн даргынхаа үгээр нэг эгнээгээр зогсох зуураа нэгийгээ нудран нуг нуг инээх нь өхөөрдмөөр ч юм шиг. Гурав, дөрвөөрөө бөөгнөрч зогсоод, хөгтэй явдлаа ярьж байгаа бололтой тасхийтэл инээлдэнэ, хэсэг дүрсгүй нөхдүүд гэрэл зургийг албаны байдал­тай даруулах ажил үймүүлэх янзтай. “Хүүе, энэ багын л тосны өт шиг нөхөр байсан юм. Яг хэвээрээ”, “Захиа өг­дөг байсан охиныхоо дэргэд зогсоноо, яадаг юм” “Алив тэр ангиас төрсөн хосууд зэргэцээд зогсоодох” гэх мэтээр инээд цалгисан шуугиан эцэс, төгсгөлгүй мэт үргэлжилнэ. 

Увс аймгийн Малчин сумын сургуульд 1946 онд нэгдүгээр ангид орсон ангийнхан 50 жилийн дараа уулзаж байгаа нь энэ. Тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн өглөө эртлэн цуглаж, Төрийн ордонд зочилжээ. Тэнд охидууд инээлдэж, үймүүлээд ёс ал­дсаныг хөвгүүд нь ховлох янзтай. Хариуд нь охидууд “Та нар тэгж л бай. Амралтад очоод яаж хөглөхийг чинь харна аа” гэж даажигнана.  Төрийн хүндэтгэлийн есөн хөлт цагаан тугны өм­нө нутгийнхаа гишүүн Ц.Нямдор­жийг дундаа зогсоож бай­гаад дурсгалын зургаа татуул­чихаад, Чингэсийн талбайд очиж мөн л бөөнөөрөө инээж байгаад гэрэл зургаа авахуулжээ. Тэндээсээ зоо­гийн газарт зочлоод байхад нь “Нэг ангийнхан” буландаа урихаар очлоо. Биднийг очи­ход танхим дүүрэн инээд цалгиж байлаа. Тавин жилийн тэртээх ангид ийм л дуу шуу байсан байх гэмээр. Аргагүй, нэг ангийнхан цуглахаараа хүүхэд насандаа очдог юм байна гэж төсөөлөхөөр юм. Тэд маань ч “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэндээ аялж байгаа мэт санагдаж байна. Ангийнхныгаа үнэхээр их санажээ. Өглөө уул­за­хад заримд нь нэр өгч ча­дахгүй будилж байсан. Одоо бол жинхэнэ дундаа ороод байна шүү дээ. Багш нар маань чимээнд жаахан ядарч байгаа байх. Гэхдээ бидний шуугиан залуу насыг нь дуурсгаж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэцгээлээ. Бид ч тэдний хүүхэд насны галт тэргэнд сууснаа хүргэж байна.

Соёлын довтолгоогоор цугласан ангийнхан жилийн дараа хүргэнтэй болчихов

1960-аад онд соёлын довтолгоон улс орон даяар өрнөсөн үе. Үүнээс 20 жилийн өмнө кирилл үсэгт суурилсан шинэ үсэгт шилжиж, үүний дараа хүн бүрийг бичиг үсэгтэй болгох аян эхэлсэн юм. 1970 он хүртэл 8-12 насны бүх хүүхдийг анхан шатны боловсролтой бол­гох, хот аймгийн төвийн хүүх­дүүдийг долоон жилээс илүү хугацаагаар сургах зорилт дэвшүүлээд байсан үе. Яг тэр үед буюу 1964 оны намар Малчин сумын бага сургуулийн нэгдүгээр ангийг дөрвөн бүлэг болгож, найман настангуудаас гадна сургууль завсардсан 15 хүртэлх нас­ны хүүхдүүдийг сургуульд хамруулахаар болжээ.

Захир­гаа, эмнэлэг, сургуулийн ажилт­нууд хөдөөгийн айл бүрээр орж сургууль зав­сардсан нөхдүүдийг бүртгэж цуглуулахад 160 сурагч нэг­дүгээр ангид орсон нь өдгөө “Нэг ангийнхан” булангийн маань баатрууд. Тухайн үед багшийн сургууль дөнгөж төгссөн Ч.Батцэнгэл багш  30 сурагчтай “1а” ангийг авч байж. Шинэхэн багш сурагчдаа жагсааж ангидаа ороод “За, хүүхдүүд ээ ширээн дээрээ сууцгаа” гэхэд олонхи нь ширээн дээрээ үсэрч гараад суучихсан гэдэг. Сургууль завсардсан нөхдүүд гэхэд хурдан уншиж сурсан, дөрөвдүгээр анги төгстөлөө тэргүүний ангиар шалгарсан гэдгийг Ч.Батцэнгэл багш дурсана билээ. Түүнээс гадна Д.Бадамгарав, Г.Буянтогтох багш сурагчдынхаа тавин жилийн дараахь уулзалтад иржээ. Тэд хүүхдүүдээсээ сайхан энерги авч байгаагаа хэлж, бүгдэд нь “Хайртай шүү” гэж дамжуулсан юм. 

1б ангийнхан

Малчдын голдуу хүүхдүүдэд анх сургуулийн сурагч болоод ирэхэд сумын төв сүрдмээр том хот мэт санагдаж байсан гэнэ. Дурсамжийг нь сонсоход хичээлийн эхний долоо хоногт сургуулиа өөрөө олж очсон нь цөөн бололтой. Сургуулиа оллоо гэхэд ангиасаа төөрч уйлаад зогсч байсан нь олон гэсэн. Эхний хэдэн өдөр хамаатныхаараа байж байгаад бүгд шахам дотуур байранд оржээ, нэгийнхэн. Нэгдүгээр анги төгстөлөө нэгэнтэйгээ сайн танилцаж амжаагүй гэдэг. Бичиг үсэг сурах их ажлын хажуугаар хөдөө байгаа гэр, ээжийн боорцог, мал хуй нь нүдэнд харагдаад найзалж, нөхөрлөх завгүй явсан юмдаг уу даа. Ингээд хоёрдугаар ангидаа ирэхэд нэг охин нь айлын бэр болоод явчихсан байсан гэдэг. “Хоёрдугаар ангидаа айлын бэр болчихсон гэхээр сонин юм, “яриач” гэхээр “Хүүхдийн нэр хэлж ичээгээд яахав дээ. 15 настай охин байсан юм. Тэгээд л хадамд гарчихгүй юу. Айлын бэр болсон ч соёлын довтолгооны үед сургууль завсардаж болохгүй учраас ангидаа ирсэн хэрэг” гэцгээлээ. 

Дотуур байрны хөгтэй явдал буюу Зооёо ирсэн өдөр

Тэдний ангийнхан ангиараа шахам дотуур байранд өсчээ. Тиймээс ч дурсамжууд нь дотуур байртай холбогдоод байх янзтай. Байрныхны гол ажил нь хичээл хийх гэхээсээ илүү ноцолдож, тоглох. Хөвгүүд нь барилдана. “Улсын заан Ө.Тулгаа агсанаас эхлээд олон бөх бидэн дундаас төрсөн дөө” гэж дурсана. Бас өвлийн хүйтэнд адууны хөлдүү хомоолоор гахай тоглоно. Энэ тоглоомыг “Одоогийнхоор бол бэйсбол юм шүү дээ. Гахай тоглоход Ш.Бат-Очир, Н.Ширэндэв нар сургуульдаа “од” явлаа. Тэр хоёрыг авах гэж багууд үнэ хаялцана. Манай ангийнхан ер нь их спортлог хамт олон байж.  Хөлбөмбөгийн оронд хөлдүү хомоол өшиглөн гүйлдэнэ. Одон бөмбөг тоглохын тулд сумын клубийн галлагааны модыг өдөржин хөрөөдөж, хагална. Өвлийн улиралд бол алхана гэж байхгүй. Бүгд цаначин болчихно. Хөвгүүд зогсоогоороо, араас нь охид нь бариад л олон чиргүүл болоод гулгачихна. Тийм учраас Малчныхан цанын спортод амжилттай явдаг” гэж дурссан. 

1в ангийнхан

Дотуур байрны сурагчдад хааяа гэрээс нь ууттай боорцог, ааруул, чанасан мах ирнэ. Ийм илгээмжийг тэд “зооёо” гэж нэрлэдэг байж. Гэрээс нь “зооёо” ирсэн хүүхэд тэр өдөртөө л байрны хаан шиг байж, бусдадаа тааллаараа хишиг хүртээнэ. Уг нь бага ангийнхан шал шүүрдэж угаах, том ангийнхны гутал тослож, хувцсыг нь угаах үүрэгтэй. “Зооёо” ирсэн өдөр бол энэ бүх ажлаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Дотуур байрны тогоочийг Иш гэдэг аж. Хүүхдүүд малгайгаа сольж өмсөөд хоол нэмүүлэх гэж байгаад Иш гуайд баригдана. Олонхи нь айлаас бууз хулгайлдаг байснаа нуулгүй ярив. Арай олон бууз хулгайлдаг байсан болохоор Бааяа гэдэг хөвгүүнийг “Бууз Бааяа” гээд хочилчихсон одоо ч хэвээрээ. Тэдний ангид бас “Оргодол Тогтох” гэдэг хочтой хүү байжээ. Сав л хийвэл гэр рүүгээ оргочихно. Багш нь олж ирэх үүрэг хүлээнэ. Оргодол Тогтохоос гадна тэдний ангийнхан оргохдоо гаргуун. Д.Буян, Т.Бат-Очир хоёр мөс хайлж байх үед гэр рүүгээ оргож. Голын хөндий шар усны үерт автаад морьтой хүн ч гарч чадахгүй байсан цаг. Мань хоёр гутлаа шидэж, голын нөгөө талд гаргачихаад араас нь ус руу харайгаад орчихож. Сэлсээр байгаад гарсан тухайгаа “Одоо бодоход юун сэлэх, шидэгдээд гарсан шиг байгаа юм” гээд инээлдэнэ. Үхэхээс наагуур гэртээ очихдоо “Багш чөлөө өгөөд” гэж худлаа хэлээд ангийнхаа багшийг “Үер устай үеэр хүүхдэд чөлөө өглөө” гэж донгодуулаад авсан гэдэг. Дараа нь худлаа хэлсэн нь баригдаж ааваасаа алганы амт амсч байжээ. 

1г ангийнхан

Нэр хочны тухай яриулаад байвал бүгд хочтой болж таарав. Ц.Оюун ангийнхаа хөвгүүнээс хайрын захиаг “Шифр” үнэртэй устай хамт авсан тухайгаа “Хүнд битгий хэлээрэй” гээд найздаа ярьчихсан нь тарж “Шифр Оюун” болсон гэдэг. 

Хайрын захиа буюу ангиас төрсөн хосууд

Тэдний ангийнхан бичиг үсэг сурсан даруйдаа хайрын захиа шидэлцсэн нь өнөөх л 13, 14 настайдаа сургуульд орсон нөхдүүдийн явдал. Ш.Бат-Очир урлагийн үзлэгээр 

“Борхын голын ус нь хө

Боргио хаялан урсах шиг

Борхон зүрхний цохилтоор

Болзоот чамайгаа мөрөөднө” гэж дуулаад Бадамгарав багшаараа “Хайр дурлалын дуу дууллаа” гэж загнуулж байсан гэдэг. Тэдний ангийнхнаас хайрын захиаг гайгүй сайн биччихдэг нь Д.Буян. Үеийнхэн нь “Чиний бичсэн захиа өвөрмөц, бас зөвшөөрсөн хариу авдаг” гэж онгирооно. “Бусад нь “Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор шүү...” гээд захиагаа эхэлдэг бол минийх “Аав, ээж тань чамайг охиноо гэж хайрлана. Ах эгч чинь чамайг дүүгээ гэж бодно. Анд найз нар чинь чамайг нөхрөө гэж хүндэлнэ. Амрагаа гэж боддог нь би ганцаараа шүү...” гэх маягаар эхэлдэг болохоор өвөрмөц байсан байгаа биз” гэж хошигнох юм. Иймэрхүү захиа бичээд мань хүн гурав, таван төгрөгийн цалин авчихдаг байжээ. Багш нар нь өөрсдөөс нь ердөө тав, зургаа эгч учраас хөвгүүд нь дурлачих гээд байдаг байж. Ямар сайндаа ангийн дарга Г.Чулууны хувийн хэрэгт багш нь “Сурлагадаа сайн. Даанч хүн ширтээд байдаг муу талтай” гэж бичиж үлдээсэн гэдэг. Ангийн дарга энэ талаар “Тэр үед багш хөөрхөн харагдаад харц салгаж чаддаггүй байлаа” гэж ярина. 

Ч.Батцэнгэл багшай 1-р анги

Тэдний ангийнхнаас Н.Батдэлгэр Д.Чулуухай, Ц.Бат-Эрдэнэ Б.Долгор, Н.Ширэндэв Ц.Загир нарын хосууд төрж, одоо өнөр гэр бүл болцгоожээ.   

Дурсгалын дэвтэрт үлдсэн мөртүүд

Тэр үеийн хүүхдүүд дурсгалын дэвтэр аялуулдаг байсныг уншигчид маань санаж байгаа буй за. Одоо ч 96 хуудастай бор, ногоон дэвтрээ гэрэл зургийн цомог мэт нандигнадаг хүн олон. Манай зочин болсон нэг ангийнхан ч ийм дэвтэр аялуулдаг байснаа дурссан. “Тэр үед найзуудын минь бичиж үлдээсэн гэгээлэг, инээдтэй гэмээр мөрөөдлүүдийг одоо уншаад суухад сайхан байдаг юм” гэнэ. Дурсамжийн дэвтэрт үлдсэн мөртүүдээс сорчлоход “Сур, сур бас дахин сур”, “Ганц мод гал болдоггүй юм”, “Үнэнч дурлал үхэхээс буцахгүй” гэж эхлээд алдарт эх, гавьяат тамирчин, МАХН-ын дарга болохыг ерөөснөөр үргэлжлэх жишээтэй. Тухайлбал, Н.Цэндхүүгийн дурсамжийн дэвтэрт Ц.Пагам-Орлом найз нь “Энэ дэвтрийнхээ өнцөг буланд нэрийг минь багтаасанд баярлаж, элсэн суралцах есдүгээр ангидаа амжилт гаргахыг ерөөв. Найз минь Улсын драмын театрын тайзан дээр үргэлж өнгийн цэцэг шиг найгаж, нахилзаж байхыг хүсэн ерөөв. 

5а ангийнхан. 1968 он

Н.Цэндхүү найздаа сургаал болгон хэлэхэд “Бүтэлгүй амраг бүх амьдралын дайсан”, “Сурагч хүнд эхнэр, нөхөр аль нь ч хэрэггүй, сурлагын дайсан мөн”, “Эрэгтэй хүүхдийг үс гэзгэндээ хүргэж болохгүй ж... болчихно”, “Дурлал гэдэг бол мөнгө биш, дурлана гэдэг бол өнгө биш”-ийг санаж яваарай” гэж бичиж үлдээжээ. Энэ мэт эргүүлээд байхад дуртай мэргэжлээ сонгоорой, сайн яваарай гэсэн утга бүхий шүлгүүд үргэлжлэх янзтай. 

Илгээлтийн эзэд аварга малчин хүртэл

1971 оны өвөл МАХН-ын бүгд хурлаар Мал аж ахуйг ойрын таван жилд хурдацтай хөгжүүлэх зорилт тавьж дунд сургуулиудаас 70 мянган сурагчийг мал дээр гаргах шийдвэр гаргажээ. Энэ талаар сурталчилгаа орон даяар мандаж долоо, наймдугаар ангиасаа илгээлтээр мал дээр гарвал эчнээгээр аравдугаар ангиа төгсөх, улмаар их, дээд сургуульд конкурсгүйгээр элсүүлэх яриа гарсан гэдэг. Тухайн үед манай зочид долдугаар ангид байж. Ингээд бүгд илгээлтээр гарахаар болж МХЗЭ-ийн илгээлтийн эзний тэмдэг, үнэмлэх, 300 төгрөгийн хамт аваад мордоцгоожээ. Тухайн үед “7а” ангийнхныг төлөөлж Л.Цамба үг хэлэхдээ “Бид БНМАУ-ын аварга малчин болно” гэсэн бол Д.Буян “7б” ангиа төлөөлж үг хэлэхдээ “Хөдөлмөрийн баатар болцгооно” гэж амлаж байсан гэдэг. 

Өдгөө тэдний төгсөлтөөс мянгат малчин 17, Монгол Улсын аварга малчин 14, салбарын аварга ес, Засгийн газрын жуух бичиг найм, сум байгууллагын хөдөлмөрийн аварга 13 бий. Мөн МХЗЭ-ийн шагналтан 15, МҮЭ-ийн таван жилийн гавшгайч 16, онц тээвэрчин, осолгүй манлай жолооч 11 байдаг юм байна. 

Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, салбарынхаа тэргүүлэгчдээр тодорсон олноос жишээ болговол Улсын заан Ө.Тулгаа, Улаанбаатар хотын цанын аварга А.Цэвээнжав, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах шинжээч Ц.Шарав, СЭЗДС-ийн багш Б.Буян, “Рааш булаг” ХХК-ийн захирал, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан С.Сэржмаа, “Шилдэг эмэгтэй” өргөмжлөлт П.Жанчив, Дархан хотын “Залуучууд” театрын орлогч захирал Ш.Бат-Очир, Увс аймгийн “Цас тогтох” компанийн захирал Ц.Мөнхнасан нарыг ангийнхан нь жишээ болгосон.

6-р ангийн төгсөлт. 1969 он

Ангиараа сумынхаа 30 жилийн ойгоор цугласнаас хойш нэгнийдээ зочлох, нутагтаа аялах зуураа хэд, хэдэн удаа уулзаад авчээ. Харин албан ёсоор бүгд цугласан нь 50 жилийн дараах энэ уулзалт. Гурван хоног “Баянбуурал” амралтад амраад буцахдаа нэг ангийн нөхөд ирэх жил сумынхаа ойгоор баяртай уулзахын ерөөл тавиад салцгаасан билээ. 

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Онцлох нийтлэлүүд