ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.03 05:06

“Спирт үү, спорт уу” аяны нээлт болно

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2012 оноос эхлэн “Спирт үү, Спорт уу” аяны давалгааг орон даяар эхлүүлсэн. Тэгвэл энэ оны нээлтээ энэ амралтын өдөр буюу 6-р сарын 7-ны өдөр 9:00 цагт Чингисийн талбайд хийх гэж байна. Спирт үү, спорт уу аян энэ жил “Архитай биш тархитай” уриатайгаар үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд залуучуудыг спортод элэгтэй болох эерэг сурталчилгааг түгээж, “И биш О”, “Баарлуу биш заалруу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна” гэх мэт уриалгуудыг гаргаж давалгаалуулсан. Спирт үү, спорт уу аяны нээлт нийслэлийн автомашингүй өдөр болж байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” болохоос гадна МЗХ-ны дэргэдэх залуу дугуйчин клуб 500 дугуйчны парад зохион байгуулах юм. Энэ өдрийн үйл ажилллагаанд 25-30 мянган иргэдийг хамруулах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Монгол Улсад суугаа элчин сайдын яам, олон улсын марафон гүйлтийн нэртэй тамирчид, нийслэлийн иргэд хамрагдах ажээ. 

Онцлох нийтлэлүүд