ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.04.17 11:04

Стандартгүй учраас төсвөөс завшиж, нэмэлт зардал шургуулж байна

Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Тэрбээр:

-Шинэчлэх ухаан технологи хөгжиж, дэлхий нийтээрээ даяарчлагдаж байгаа өнөө үед төсвийн төлөвлөлтийг оновчтой болгох, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, дотоод хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд улсын нэгдсэн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, зураг төслийг илүү бодитой болгохын тулд төсвийн зарлагын норм, батлагдсан стандарт, зураг төсөл, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан тооцож, төсвөө төлөвлөдөг, зарцуулдаг, хяналт тавьдаг болмоор байна.

Одоо мөрдөж байгаа Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төсвийн зардал нь хөрөнгийн болон урсгал зардлаас бүрдэнэ. Төрийн болон орон нутгийн өмч бий болгох, худалдан авах, хуулийн этгээд үүсгэн байгуулах зардал зэрэг бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл нь тухайн шатны төсвийн зарлага байна. Татварын зарлагыг нэр төрөл, салбар бүрээр нь төлөвлөж, төсвийн гүйцэтгэлд тусган дэлгэрэнгүй тайлагнана” гэсэн эрхзүйн зохицуулалтай байгаа юм.

Төсвийн зарлагын норм, норматив, стандартад зураг төслийг баримтлан, төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх заалт байхгүйгээс алдаа гарч байгааг бид мэдэж байгаа. Мөн төсвийн зарцуулалтад ч гэсэн зөрчил их гарч байгааг аудитын шалгалтын дүн харуулж байна. Иймд төрийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, татвар төлөгчдөөс улсын төсөвт төлөврүүлсэн үр ашгийг дээшлүүлэх үүднээс Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн заалтыг өөрчлөх саналыг оруулж байна гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Төсвийн норм, норматив гэж байх зүйл. Хуучин Төлөвлөгөөний комисс гэж байхад би норм, нормативын газрын даргаар би таван жил ажилласан. Захиргаадалтын үе гээд хоцорсон байж магадгүй ч шинжлэх ухааны үндэс суурь байгаа байх. Төсвийн төлөвлөлтийг сайжруулъя гэж байгаа нь зүйтэй. Харин Засгийн газраас өгсөн саналыг дагуулсан өөрчлөлт хуульд нийцэхгүй болж байгаа юм биш биз. Стандартыг заавал мөрдөх ёстой. Тиймээс аль тохирохыг үндэслэнэ гэдэг буруу ойлголт юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ч.Улаан гишүүний саналыг дэмжиж байна. Ажлын хэсэг дээр яриад явъя. Норм, норматив стандарт үнэхээр доголдож байгаа. Эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт аймаг бүрт ялгаатай байгаа. Дээр нь барилгууд. Зарим дүүрэгт баригдаж байгаа сургуулийн барилга 14 тэрбум, заримын нь 2-3 тэрбум төгрөг. Тиймээс Н.Учрал гишүүний санаачилсан хууль зөв юм. Хэтэрхий хайрцаглах вий гэсэн үүднээс Засгийн газар санал өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ төслийг дэмжиж байна. Стандартын дагуу зураг, төсөв хийгдэх ёстой. Стандарт дээр нарийвчлах зүйл бий. Японы тусламжаар баригдсан сургуулиудын стандарт болон манайхныг харахад асар зөрүүтэй. Будаг нь үнэргүй, шал нь хүртэл нарийн стандарттай. Манайд тийм зүйл байхгүй. Энэ нь нэг талаараа завших, нэмэлт зардал шургуулахын тулд стандартгүй байдаг юм болов уу гэж бодсон. Нарийн стандартай байсан бол үнийн зөрүү гарахгүй.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараагаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Онцлох нийтлэлүүд