ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.07.08 12:07

СТА, жүжигчин Д.Дэлгэрсайхан: Үзэгчдийг инээлгэхэд ухаан хэрэгтэй


Ижийтэйгээ үзсэн наадам л хамгийн сайхан наадам байдаг. Таны ээжтэйгээ үзсэн наадмуудаас хамгийн нандин дурсамжтай наадам нь хэзээнийх байв?

Манай ээж Говь-Алтай аймгийн харьяат хүн. Намайг сургуульд ордог жил Партизаны сангийн аж ахуйд ирээд би 1999 он хүртэл ээжийнхээ хажууд байсан. Хүн болгоны л ээж сайхан даа. Ээж маань надад шинэ саарал костьюм авч өгөөд, би тэрийгээ өмсчихөөд Яармагийн дэнж дээр хамт үзсэн наадам л хамгийн сайхан нь даа. Тэр үед Яармагийн дэнж дээр морь уралддаг байсан.

Сүүлийн жилүүдэд хэрхэн наадаж байна вэ?

Наадмаар шагайн асарт очиж шагай харвадаг. Шагайн харваа дуусахаар гэртээ ирж зурагтаар бөх, морио үзчихээд, найз нөхөдтэйгөө салхинд гардаг даа. Би шагайн харваагаар 4, 5 жил хичээллэж байна. Ажлын шаардлагаас болоод уралдаан тэмцээнд нээх оролцож амждаггүй. Гэхдээ шагайн харваагаар хичээллэж эхэлсэн цагаасаа эхлээд жил алгасалгүй улсын наадамд оролцож байгаа. Шагайн харваа бол монгол ёс заншил төдийгүй ахас ихсээ хүндлэх өв уламжлалын том соёлыг түгээж байдаг.


Бага байхдаа хэр авьяастай хүүхэд байв?

Би Партизаны сангийн аж ахуйд 10 жилээ төгссөн. Сургуулийнхаа уран уншигч болж байлаа. Шүлэг уншдаг л хүүхэд байсан даа.

Танд урлагаас өөр ямар нэгэн авьяас бий юү?

Манай ээж бариач хүн. Надад энэ эрдмээ өвлүүлж өгсөн. Би нээх олон хүн бариад байдаггүй л дээ. Гэхдээ таньдаг болон төрөл садангийн маань хүмүүсийн тархи хөдлөх, мөр мултрахад нь барьж өгдөг.

Та гэр бүлээ танилцуулаач?

Манай эхнэрийг Ө.Түмэнсарнай гэдэг. Телевизийн найруулагч мэргэжилтэй. Манайх хоёр хүүхэдтэй.

Та амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?

Хүнд худлаа хэлэхгүй байхыг эрхэмлэдэг. Хүнтэй уран бүтээл, ажил төрөл яриад тэрнээсээ ухарчихгүй байх юм сан гэж хичээдэг дээ.

Image may contain: 2 people

Таныг анх уран бүтээлч болоход багш тань юуг эрхэмлэн захиж байв?

Би КУДС-д 1999 онд 25 настай байхдаа ороод 2003 онд төгсөж байлаа. Манай багш Ардын жүжигчин Д.Мэндбаяр, П.Цэрэндагва нар маань “Тухайн дүрдээ жүжиглэх биш амьдрах хэрэгтэй шүү” гэж зааж өгсөн. Одоо дүр бүтээхдээ “Хэрвээ би ийм хүн байсан бол яаж амьдрах вэ” гэж л бодож тоглодог.

Тайз болон дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээхийн ялгаа нь юундаа байдаг вэ?

Тайзны уран бүтээл гэдэг өнөөдөр жаахан дулимагхан хийчихвэл маргааш тэрийгээ сайжруулаад, үзэгчдэдээ улам хүртээмжтэй болгоод хийчихэж болдог. Үзэгчид яг урдаас хараад сууж байдаг учраас алдлаа гэхэд сандраад байж болохгүй. Алдаа гаргасан ч алдаагүй юм шиг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй байдаг. Харин дэлгэцийн уран бүтээл гэдэг тэр үедээ тоглоод монтажлагдаад гарчихвал буцааж засаж, сайжруулж болдоггүй. Зарим нэг тоглосон кинонуудаа харахад “Ээ энэ дээр нь ингэчихдэг байж” гэсэн харууслууд байдаг шүү.

Холбоотой Зураг

Сүүлийн үед кино, жүжгийн зохиол сайн бичдэг хүн ховордсон гэх болжээ?

Кино зохиолуудыг сүүлийн үеийн залуучууд маш сайн бичиж байна. Гурав, дөрвүүлээ нийлж суугаад зохиолоо ярилцаж, гурав дөрвөн хүний санаагаар бүтэж байгаа учраас кино зохиолууд сайн болж байгаа. Харин тайзны уран бүтээлийн зохиол бичдэг хүн ховор болсон. Ялангуяа хошин зохиол бичдэг хүн байхгүй. Би ганц, хоёр зохиол бичдэг. Хэрвээ боломж олдвол зохиолоороо кино хийнэ дээ.

Таны бодлоор сайн уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх вэ?

Бүтээж буй дүрдээ амьдарч, үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл хийсэн хүнийг л сайн уран бүтээлч гэх байх. Тайз, дэлгэцийн уран бүтээлд зайлшгүй багаар ажиллах ёстой байдаг. Уран бүтээлчид нэгэн цул болж байж сайн уран бүтээл төрнө.

Сайн уран бүтээлч байхын тулд сайн хүн байх ёстой гэдэг шүү дээ. Та өөрийгөө хэр сайн хүн гэж боддог вэ?

Би өөрийгөө муу хүн гэж боддоггүй ээ.

“Маск” продакшн таны амьдралд томоохон байр суурийг эзэлдэг байх?

Би “Маск” продакшыг анх байгуулагдахад л орж байлаа. Өдийг хүртэл "Маск" продакшнтайгаа хамт уран бүтээл хийгээд явж байгаа. Бид нэг нэгнийгээ сайн ойлгодог бас бүгд л уран бүтээлдээ санаа зовдог. Заримдаа шинэ тоглолтын сургуулилт хийж байх үед номер маань сайн болохгүй байвал бүгдээрээ дуугаа хураачихдаг. “Маск” продакшн маань шинэ орсон уран бүтээлчдээ жүжигчин болгохоос гадна хувь хүн болгож төлөвшүүлдэг дээ.

Хошин урлагийг хүмүүсийнх нь боловсрол муу нийгэмд л хөгждөг урлаг гэх хандлага бий болжээ?

Хошин урлаг үеийн үед байсан. Цэцэглэн хөгжиж байхад ч, бууран доройтож байхад ч дэлхийн соёлт хүмүүс дунд хошин урлаг байнга оршиж байсан түүхтэй. Бид нийгэмд болохгүй байгаа зүйлсийг шүүмжилдэг. Шүүмжлэхдээ бид талбайд жагсаж байгаад шүүмжилдэггүй. Харин хошин хэлбэрээр хүмүүсийг инээлгэж шүүмжилдэг.


“Маск” продакшны тоглолтууд нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг шүүмжлэхээс гадна нийгмийг сайн сайханд уриалдаг шүү дээ?

"Маск" продакшны тоглолт болгон нэрнээсээ эхлээд бусдыг уриалан дууддаг. “Монгол хүн та инээмсэглэ”, “Монгол төгрөг мандтугай”, “Хот аймаар гоё” гэх мэт тоглолт, үзүүлбэлийн бүх л нэр маань нийгэмд хандсан, нийгмийг давалгаалуулсан учраас нийгэмд нөлөөлдөг л гэж боддог доо.

Тайзан дээр тоглосныхоо дараа хүмүүст хүргэх гэж зорьсон далд санааг тань үзэгчид хөнгөнөөр хүлээгээд авчихсан байх вий гэж санаа зовдог байх?

Хошин урлагт тоглож буй уран бүтээлч болгон аливаа уран бүтээлийнхээ цаад утгыг нь хүмүүст илүү ойлгуулах юм сан гэж хичээдэг. Залуучууд арай хөнгөн хүлээж авдаг юм уу даа. Тэд голцуу инээдтэй зүйлсийг нь л ярьдаг.

Танай хамтлагийн хамт олон дүрээ хэрхэн хуваарилдаг бэ?

Бүгдээрээ тойрч суугаад л дүрээ хуваарилдаг. Дүр авахдаа хоорондоо өрсөлдөөд байдаггүй. Харин бүгд өөрийн тохирсон дүрээ л авдаг.

Та хувь хүнийхээ хувьд хэр хөгжилтэй хүн бэ?

Би нэг их хөгжилтэй хүн биш ээ.

Залуу уран бүтээлчид юун дээр ихэвчлэн алддаг вэ?

Залуучууд уран бүтээл хийх эрмүүн их хүсэлтэй ажилладаг. Хамгийн гол нь зориг л жаахан дутаад байдаг даа. Тайзан дээр тоглохдоо хамт тоглож буй жүжигчдээсээ бэргэх хандлагатай байдаг юм.

Та тайзан дээр гарахдаа хэр их сандардаг вэ?

Шинэ тоглолтын нээлт болгонд бүх хүн сандардаг. Би тоглож буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ бүх зүйлийг зориулдаг. Сэтгэл хөдлөл, уур бухимдал гээд бүгдийг нь чин сэтгэлээсээ гаргадаг. Хааяадаа уран бүтээлээс болж зарим нэг хүмүүстэй ам муруйх, санал зөрөлдөх үеүүд зөндөө байдаг.

“Маск” продакшн яагаад эрэгтэй хүмүүсийг эмэгтэй дүрд тоглуулаад байдаг юм бэ?

Ямар нэгэн шүүмжлэлтэй харагдуулах үг хэллэг, үйл хөдлөлүүдийг үзүүлэхэд эмэгтэй жүжигчин эмэгтэй хүний дүрд тогловол жаахан эвгүй харагдана. Харин эрэгтэй жүжигчин эмэгтэй хүн болоод янз янзын үг хэллэг, үйл хөдлөл гаргахад үзэгчдэд арай зөөлөн хүрдэг. Үүгээр дамжуулж нийгэмд болохгүй байгаа үзэгдлүүдийг шүүмжлэх хандлагуудыг гаргадаг даа.


Үзэгчид ямархуу уран бүтээлийг илүү тааламжтайгаар хүлээж авдаг вэ?

Үзэгчдийг инээлгэхэд ухаан хэрэгтэй. Монгол хүний сэтгэхүйд ойрхон уран бүтээл хийж гэмээнэ л үзэгчид хүлээж авна. Улс орон оршин тогтнохын үндэс нь ёс заншил, хэл, түүх соёл байдаг. манай хамтлаг тоглолт болгондоо заавал монгол ахуй шингээсэн нэг номер багтаадаг юм. Мэндлэх, хүндлэхээс эхлээд дээл хувцсаа өмсөх, хуримлах ёс заншил гэх мэт зүйлсийг тэрхүү номертоо тусгаж оруулдаг. Гэхдээ орчин үед Монгол маань хот гэдэг ахин нэг том соёлтой болсон.

Жүжигчин хүний хамгийн сайхан агшин гэвэл?

Жүжигчин хүний хамгийн сайхан зүйл нь найруулагчаас дүрийн санал авах байдаг даа.

Ярилцсанд баярлалаа. Цэц тань мэргэн байх болтугай. Сайхан наадаарай.

Хотол олноороо дэлгэр сайхан наадаарай. Бүх хүн аз жаргалтай, санасан бүхэндээ хүрч эрүүл энх, саруул сайхан байгаасай гэж хүсье.

У.ЧИНЗОРИГ

Онцлох нийтлэлүүд