ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.07.15 04:07

“Сувдан сондор” хээр талыг зорилоо

 “Сувдан сондор-10” соёл, эрдэм шинжилгээний аялалын баг өнөөдөр “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” агуулгатайгаар аян замдаа гарлаа. Аялал энэ сарын 25-н хүртэл арван хоногийн турш үргэлжилнэ.

Монгол орны өргөн уудам нутгаар тархан оршсон эрт эдүгээгийн түүх соёл, байгаль экологийн орчины одоогийн байдал, түүний хувьсал хийгээд бүс нутгийг хөгжүүлэх, ялангуяа аялал жуулчлалын брэнд бий болгох эрдэм шинжилгээний сан хөмрөгийг арвижуулахад туслах зорилготой "Монгол Сувдан сондор" соёл эрдэм шинжилгээний хөтөлбөрийг өнгөрсөн 2013 онд Сүхбаатар аймгийн Дарьгангын бүс нутаг, Дорноговь аймагт тус тус амжилттай хэрэгжүүлсэн юм.

“Сувдан сондор-10” соёл, эрдэм шинжилгээний аялалын баг “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” агуулгатайгаар аян замдаа гарлаа.

Шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид болон хэвлэл мэдээлэл, уран бүтээлчид оролцсон аялалын багийнхан Сүхбаатар, Дорнод аймгийн нилээд хэдэн сумдын нутгаар аялах бөгөөд хээр тал дахь түүх археологи, байгаль экологи, утга соёлыг судлахын хамт Хатагин, Үзэмчин судлалд анхаарал хандуулах аж.

Уг хөтөлбөрийг санаачлагч Монголын Соёл Яруу Найргийн Академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёогийн ахалсан сувдан сондорын багт ШУА-н Археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Д.Цэвээндорж, СГЗ доктор профессор Г.Гонгоржав, доктор профессор О.Сүхбаатар, Экологийн төвийн захирал доктор профессор С.Чулуунхуяг, нэрт эрдэмтэн доктор профессор У.Лигаа, биологийн ухааны доктор профессор  Х.Мөнхбаяр, түүхч доктор Г.Мягмарсамбуу, доктор М.Баярсайхан, урлаг судлалын доктор С.Бадрал, угсаатны зүйн судлаач У.Эрдэнэтуяа, судлаач зураач Ё.Бадарч, Европийн урлагийн академийн шагналт зураач Н.Санчир, яруу найрагч сэтгүүлч О.Цэнд-Аюуш, шашин соёл судлаач докторант О.Мөнхнаран, түүхийн магистр О.Батжин, Монголын үндэсний музейн угсаатны зүйч Ч.Туулцэцэг болон Сүхбаатар аймгийн соёлын өвийн мэргэжилтэн Г.Баярцогт, музейн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ, мөн ӨМӨЗО-ны эрдэмтэдийн баг оролцож байгаа ажээ.

Хээр тал нутгаар 5000 шахам км зам туулах уг аялалыг “Нүүдэлчин групп” ивээн тэтгэж буй бөгөөд "Нью Жуулчин Турс" ХХК, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, ШУА Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей зэрэг байгууллагууд хамтран оролцож буй нь судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг илтгэж байна. Тус аялалын мэдээллийн түншлэгчээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, "Өнөөдөр" сонин, USB, BBS зэрэг телевизүүд болон мэдээллийн news.mn сайт ажиллаж байна.

Онцлох нийтлэлүүд