Эдийн засаг
2021.05.05 09:05

Супер циклээс яавал илүүг хүртэх вэ?

Дэлхийн зах дээр гол нэрийн барааны үнэ өсдөг таатай үеийг супер цикл хэмээдэг. Сүүлийн гурван супер циклийн эхнийх нь өнгөрсөн зууны тавиад онд дэлхийн хоёрдугаар дайны дараахан Европын орнуудын эдийн засаг өндийхөд тохиосон бол хоёр дахь нь дал, наяад оны дундуур, гурав дахь нь 2008 оны хямралаас 2013 он хүртэл тохиож байв. Эндээс супер циклийн хоорондох хугацаа 20-25 жил гэсэн багцаа харагддаг. Шинжээчид “Энэ тооцоогоор бол дараагийн супер цикл 2030 он хүртэл тохиохгүй” гэж онцолсоор өнөөг хүрсэн.Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан нэг удаа “Би амьддаа супер циклийг үзэхгүй байх” гэж гутрангуй ярьж суусан нь цаанаа ийм шалтгаантай. Азаар гэх нь ч хаашаа юм, гэхдээ бидний хувьд дахиад арван жил хүлээх байсан супер цикл хаалга тогшчихлоо. Хаалга тогшчихлоо ч биш юм аа, дэргэд ирчихлээ. Шалтгаан нь тахлын дараах дэлхийн эдийн засгийн өндийлт. Ковидын дараах эдийн засгийн энэ сэргэлт ойрын хэдэн жилдээ үргэлжилнэ, төмрийн хүдэр, нүүрс, зэсийн ханш өсөлтөө алдахгүй, зэсийн зах зээл гэхэд л ирэх хорин жилд гялалзана гэсэн таамаг голлож байна.

Эрдсийн зах зээл яаж сэргэж байгааг сүүлийн үеийн мэдээлэл сөхөж харъя.БНХАУ-ын Төмрийн хүдэр болон Гангийн Холбооны (CISA) мэдээлснээр өмнөд хөршийн голлох ган үйлдвэрлэгчид өнөө жилийн эхний улиралд жилийн өмнөх үеэс 159.94 хувиар буюу 100.4 тэрбум юанийн өндөр ашигтай ажиллачихаж.CISA-ын гишүүн байгууллагуудын борлуулалтын орлого жилийн өмнөх үеэс 52.28 хувиар өсч 1.54 их наяд юаньд хүрсэн гэх мэдээллийг “Голомт капитал”-ын шинжээчид долоо хоног бүр гаргадаг таваарын зах зээлийн тоймдоо онцолсон харагдана. Ган үйлдвэрлэгчид өндөр ашигтай ажилласны гол шалтгаан нь “Covid-19” цар тахлын нөхцөл харьцангуй сайжирсных. Төмрийн хүдэр, кокс, коксжих нүүрсний ханш хэдийнэ өндөр түвшинд хүрсэн ч цаашид өсөх төлөвтөй гэсэн өгүүлбэр ч “Голомт капитал”-ын шинжээчдийн тайланд дурайж байна. Зэсийн зах зээл бас өнгөлөг байна. БНХАУ-ын хамгийн том зэс олборлогч Jiangxi Copper Co компанийн нэгдүгээр улирлынх нь цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс бараг тав дахин өсч, 2014 оноос хойш олоогүй өндөр ашигтай ажилласан байх жишээний. Зэсийн ханш дахин өндөр өсөлт үзүүлж өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт тонн нь 10 мянган ам.долларт ойртсоныг уншигчид сонсож дуулсан байх. Бүр тодруулж хэлбэл, New York-ын Comex биржид зэсийн ханш паунд нь 4.5 ам.доллар буюу тонн нь 9940 ам.долларт хүрсэн юм. Ханш өссөн шалтгааныг шинжээчид тахлын дараах эдийн засгийг дэмжих өндөр дүнтэй хөтөлбөрүүд,дэд бүтцийг дэмжих хөтөлбөр, агаарын бохирдлыг бууруулах зорилготой ногоон хөгжлийн зорилтуудын хэрэгжилт хэмээн онцолж байна. JP Morgan, Societe Generale, BBVA, Capital Economics, GoldmanSachs, ANZ, Citi зэрэг олон томоохон байгууллагууд “Зэсийн үнэ цаашид ч өснө” гэж ам уралдуулаад эхэлчихлээ.

Монголчууд өмнөх хоёр супер циклийн нэгэнд нь Эрдэнэт, нөгөөд нь Оюу толгойг хөдөлгөж чадсан, харин энэ циклийг яг яаж ашиглах бол, бид супер циклд бэлэн үү гэсэн асуултын өмнө улсаараа ирээд байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх асан М.Дагва саяхан “Супер мөчлөг эргэн ирэх нь зарим нэг мартагдсан улсын хувьд дэлхий дахины анхааралд буцаад өртөх алтан боломж” гэж хэлсэн харагдсан. Тийм л дээ. Монгол Улс өмнөх шигээ дэлхийн анхааралд орох өндөр боломжтой орнуудын эхэнд жагсаж байгаа.Энэ удаагийн супер циклийг өмнөх шиг олон жил биш богино хугацаанд ч үргэлжилж магадгүй гэсэн таамаг дуулдаж байгаа.Товчхондоо алтан боломжоо цаг алдахгүй ашиглах цаг ирчихэж. Наад зах нь л супер циклийн үеийг ашиглаж төсвийн алдагдлаа бууруулж, гадаад өрөө нимгэлээд авах хэрэгтэй, уул уурхайгаас олж байгаа орлогоо өмнөх шигээ тарааж үрэх биш баялгийн санд хуримтлуулж, бусад салбаруудаа өндийлгөхөд зориулж байж бид эдийн засгаа тэлж чадна. Дэлхий даяараа ногоон хөгжил ярьдаг болсон энэ цагт нүүрсээ ахиу үнээр зарах цөөхөн жилийг бүрэн дүүрэн ашиглахын тулд төмөр замтай болох, зэсийн ханш олон улсын зах зээл дээр өнгөтэй байх жилүүдийг ашиглаж Оюу толгойн гүний уурхайгаа ажиллуулж, цаашлуулаад яривал Цагаан суварга гэх мэт шинэ төслүүдээ хөдөлгөөд авах хэрэгтэй.

Гэхдээ зэсийн ханш өсөх хэрээр нэмэгддэг татварын орчинтой ийм үед зэсийн шинэ төслүүд шил шилдээ дарна гэдэг үлгэр гэж уул уурхайн салбарынхан хэлж байна.Үнэ өсөх үеийг хожил болгоё гэвэл зэсийн үнэ өсөх тусам нэмэгддэг татварын хувиа багасгах шаардлага бий.Бүр тодруулж хэлбэл “Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд ирэх ашгийг нэмэгдүүлэх зорилгоор АМНАТ-ын суурь хувь дээр үнийн өсөлтөөс хамааруулаад нэмэлтээр 15 хувь буюу нийт 20 хувь байхаар татвар өсгөсөн шийдвэрээ эргэж харах цаг ирчихлээ гэх гээд байна л даа. Энэ татвар үүргээ гүйцэтгэсэн учраас цуцлах шаардлагатай гэсэн байр суурийг мэргэжилтнүүд сануулаад эхэлчихсэн.Шуудхан хэлэхэд, зэс дээр үйлчилдэг татварын орчин зэс үйлдвэрлэгчдэд дарамт учруулж, зэсийн хайгуулын хөрөнгө оруулалтыг таг зогсоочихоод байгаа юм.

Ашигт малтмалын үнэ цойлдог супер циклийн үед том төслүүд хөдлөх боломж нээгддэг учир энэ мэт ухаалаг гарц гаргалгаа олж шийдэл болгоод явбал алт, нүүрс, зэсийн салбарт том төслүүд хэрэгжих өндөр боломж бий.За тэгээд Ашигт малтмалын хуулийн шинэчлэл өөрчлөлтийн ажлыг хурдлуулах, Оюу толгойн хэлэлцээрийг үр дүнтэй урагшлуулах, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх, хайгуулын салбарт мөнгө татах бодитой шийдлүүдийг дэмжих гээд супер циклээс ахиу ашиг хүртэх өчнөөн боломж бидний өмнө байна.

Тахлын дараах эдийн засгийн сэргэлт тойрсон өөр нэг өнцөг бий. Дэлхий нийтээрээ цар тахлыг амжилттай давчихлаа, Израиль, Америкаас эхлээд гэгээ татаад эхэлчихсэн гэх өөдрөг таамгийн нөгөө талд хүн төрөлхтөн мутацилагдсан вирустэй нүүр тулсан учраас тахлын хэцүү цаг арилж нар мандтал хаа ч юм гэх болгоомжлонгуй байр сууриуд ч хүчтэй байна.Хүүхдүүд халдварын тээгч, гол дамжуулагч хэвээр байгаа, хүүхдийн вакцинжуулалт хийгдэж эхлээгүй гэсэн шалтгаан ч бий. Тахал дарагдах хаа байсан юм гэх гутранги таамгийн бас нэг том шалтгаан энэ л дээ.Хэрвээ байдал гутранги тал руугаа эргэвэл бидний урдаа барих хамгийн том хөзөр бол алтны салбар.Дэлхий нийтээрээ 2021 ондоо багтаад тахлаас салж чадахгүй бол төмрийн хүдэр, зэсийн үнэ өсч, цаасан мөнгөний үнэ цэнэ унах эрсдэл байгаа.

Цаасан мөнгөний үнэ унахад алтны ханш цойлдог зүй тогтолтой.Ингээд харахаар алтны салбарт хэрэгжих нь тодорхой болчихсон хэдэн төслөө аль болох хурдан хөдөлгөх шаардлагатай улсаараа нүүр тулж байна.Наад захын жишээ гэхэд л алтны төслүүд хөдлөхөд тусгай зөвшөөрөл том асуудал болсон хэвээр яваа.Алтны үйлдвэрлэлд амин чухал хэрэгцээтэй цианидын баталгаа өгдөг Химийн үндэсний зөвлөл гэхэд л яаж ажиллах журам нь тодорхой бус, хэзээ хуралдах нь ч ойлгомжтой биш гээд яривал өчнөөн асуудал дуулддаг.Салбар бүрийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар, ЦЕГ болон ТЕГ-ын дарга гээд том бүрэлдэхүүнтэй энэ зөвлөлийн ажиллах журмыг тов тодорхой болгох, хэрэгжихэд бэлэн болчихсон алтны төслүүдэд онцгой анхаарч хурдан шуурхай ажиллах гээд өөрсдөөс шалтгаалсан шийдэл, гарцаа цаг алдалгүй олж харах эрэлт хаалга тогшиж байна.

Онцлох нийтлэлүүд