ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.11.02 01:11

Сурагч байхдаа хоёр ч кино хийсэн арвын А-гийнхан

Нийслэлийн 23 дугаар бүрэн дунд сургуулийг 2005 онд төгссөн 10-ын А ангийнхантай уулзлаа. "Аравдугаар ангиа саяхан төгссөн мэт санагдаж байна. Нэг л мэдэхэд есөн жил өнгөрсөн байна шүү" гэж ярих залуус 1995 оны намар сурагчийн ширээнд тохой залган сууцгаажээ. Тухайн үед 23 дугаар сургууль гадаад хэлний гүнзгийрүүлсэн гэх тодотголтой байв. Орос, англи, солонгос, япон хэлийг гүнзгий түвшинд заадаг. Тиймээс элсэн орж байгаа хүүхдүүдээс тодорхой хэмжээний шалгалт авдаг байжээ. Нэгдүгээр ангид элсэн орсон алдрай жаалуудад А үсэг заасан бага ангийн багш нь Д.Баасансүрэн. Цагаан толгойгоо үзэж дуусаад үсэглэлийн баяр хийж байсан сурагч насны дурсамж одоо ч тэдний сэтгэлд тодхон гэрэлтэж байгаа.

Эдний ангийнхан дөрөвдүгээр ангиасаа орос хэлний хичээл үзэж эхэлжээ. Орос хэлний багш нь Буриадаас ирсэн настай хүн. Сурагчид багшийнхаа үгэнд орно гэж жигтэйхэн. Насаараа багшилсан хүн учраас хичээлээ ч сайн заана. Сурагчид ч хичээлдээ дуртай. Харин зургадугаар ангид орох жил орос хэлний багш нь солигджээ. Хүүхдүүдийн аль хэдийнэ дасчихаад байсан Буриад багш нутаг буцаж оронд нь дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн болов уу гэмээр хорь гаруйхан насны орос залуу хичээл орсон байна. Залуухан багшийн туршлага дутсан уу яасан хүүхдүүдийнхээ эвийг нэг л олохгүй байж гэнэ. Дээрээс нь буурьтай суурьтай буриад багштай нь харьцуулахад дэв дав хийсэн багш байж л дээ. Тиймээс хүүхдүүд л болсон хойно хичээл дээр нь үймүүлнэ. Багшийгаа монгол хэл мэдэхгүйг далимдуулаад эх хэлээрээ шоолно. Тэгсэн нэг өдөр хичээл дээр багшийгаа шоолоод инээлдэж байтал залуухан орос багшийн тэсвэр алдагдаж сандлаа бариад босоод иржээ. Бүр сурагчид руугаа сандал шидэх гээд, өнөө хэд нь зугтаагаад бөөн юм болсон байна. Удалгүй өнөөх багш ажлаа­саа гараад дахин шинэ багштай болж байсан түүх эдний ангид бий. Харин бага ангиасаа орос хэл үзэж байсны хүчинд оросоор тун дажгүй ярьчихна. Зарим нь орос хэлээр ус цас бол англи хэлд шамдсан нөх­дүүд ямартай ч хүний ярьсныг ойлгоод, өөрийгөө илэр­хийлээд байх хэмжээний мэд­лэг­тэй төгсөцгөөжээ. Бага ангиа төгсөөд тавдугаар ангид ороход нь Ш.Оюунсүрэн багш ангийг нь дааж авч гэнэ. Ш.Оюунсүрэн багш газарзүйн хичээл ордог. Маш зөөлөн хэрнээ сурагчдыг үгнээсээ гаргахгүй. Сурагчаа загнаад байхгүй, тэгсэн хэрнээ бүх хүүхэд багшаасаа эмээнэ. Буруу зүйл хийлээ гэхэд "Хөөе чи яагаад ингэж байгаа юм бэ" гэж зэмлэхээсээ урьтаад юу болсон учрыг нь асууна. Хэн буруу зүйл хийсэн, дахиж буруу зүйл хийж болохгүй гэдгийг сайтар ухамсарлуулдаг байжээ. Ш.Оюунсүрэн багш өдгөө 23 дугаар сургуулийнхаа хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэсэн. Ангийнх нь зарим нөхөд цаг заваараа багш дээрээ очиж мэнд мэдээд, сайн яваагаа дуулгадаг гэнэ лээ.

Сурагч ахуй цагийн дур­самж хүний амьдралын нандин зүйлийн нэг болдог. Алдаа гаргаж багшдаа загнуулах, онц сураад аав ээжээрээ маг­туу­лахын аль аль нь эргээд бодоход гэгээлгээр сэтгэлд үлдсэн байдаг. Эдний ангийнхан ч бас дурсах зүйл ихтэй. 23 дугаар сургууль найм, аравдугаар ангийн сурагч­дынхаа дунд "Мини Оскар" наадам зохиодог байв. Тэр нь сурагчдын дундах кино урлагийн наадам. Хүүхдүүд киноныхоо зохиолыг бичээд, найруулаад, жүжиглээд, зургаа аваад, монтажилна гээд бүх зүйлээ өөрсдөө хийнэ. Тэмцээний үеэр яг л Оскарын шагналт­нуудыг тодруулж буй мэт бүх номинациар нэр дэвшигчээ тодруулдаг ажээ. Тэд сургуулийнхаа хамгийн том тэмцээний нэг "Мини Оскар"-т наймдугаар ангидаа анх оролцжээ. Эдний ангийн тэргүүний сурагчдын нэг Б.Золбоо тухайн үед "Одод" студийн спортын нэвтрүүлгийн хөтлөгч байсан гэнэ. Телевизтэй, студитэй ойрхон түүнд богино хэмжээний кино хийх санаанд нь багтаад байжээ. Ингээд "Гурван найз" киноныхоо зохиолыг өөрөө бичээд, өөрөө найруулаад, өөрөө зургаа авчээ. Монтажаа ч мөн өөрөө хийсэн байна. Ямар сэдвээр кино хийх вэ гэж нэлээн бодсоны эцэст боевик кино хийе гэж ярилцаад зохиолоо бичжээ. Хар багаасаа найзалсан арван жилийн найзууд хожим бие биенийгээ танихгүй хоорондоо буудалцаж байгаа өрнөлтэй. Эцэст нь нэгнийхээ аминд хүрсний дараа найзыгаа таньж харамсаж байгаа­гаар кино дуусна. Ийм киноны зохиол бичээд зураг авалтдаа гарчээ. Жаахан хүүхдүүд учраас машин тэрэг хэрэг болно. Гудманд яваа хамгийн гоё машинтай хүн дээр гүйж очоод "Ах аа, бид нар кино хийж байгаа юм. Машинд чинь зураг аваадахъя" гэж гуйна. Дэлгүүрийн зураг авалтыг ч бас хүн гуйгаад л хийчихнэ. "Эгчээ, кино хийж байна.Дэлгүүрт зодолдох хэрэгтэй боллоо" гээд л. Аппарат, камер болсон жаахан хүүхдүүд ингээд гуйгаад ирэхээр татгалзах хүн байдаггүй, бүгд л уриалгахан зөвшөөрдөг байжээ. Ингээд киногоо хийгээд тэмцээндээ оров. Сургуулийнхаа хэмжээнд хамгийн анхны тулаант кино хийсэн гэж сайшаагдаад, ангиараа хоёрдугаар байр эзэлж, Б.Золбоо "Шилдэг кино зураглаач" шагналын эзэн болсон байна. Харин аравдугаар ангидаа оролцсон "Мини Оскар" тэдний санаанаас огт гардаггүй гэсэн. Өмнөх тэмцээний туршлагадаа тулгуурлахын зэрэгцээ бас ч гэж том болцгоосон учраас "чанартай бүтээл" хийхээр зорьжээ. Сэдэв нь хүртэл хэн бүхний сонгоод байдаггүйг чухалчилсан байна. Айхтар зодолддог залууг мафийнхан эгнээндээ нэгтгэх гээд. Залуу зөвшөөрөхгүй болохоор найз охиныг нь барьцаалж байгаа үйл явдалтай кино байж. Энэ удаагийн зураг авалт "өндөр түвшинд" болжээ. Ерөнхий, туслах хоёр зураглаачтай. Ангийнхаа Лодойг тухайн үед гарч байсан "Гурван марал од" Солонгосын олон ангит кинон дээр гардаг Сандугаар төсөөлчихсөн. Цамцных нь энгэрийг яраад, ардаа хамгаалагчтай явдаг мафийн толгойлогч болгоод л. Харин сайн зодолддог залуугаа тус киноны Ким Инха шиг байхыг найруулагч шаардана. Ингээд таньж мэдэх хүнээсээ бенз машиныг нь гуйж аваад Б.Энхбилэг жолооч болж байсан гэсэн. Харин ангийнх нь бусад хөвгүүд мафийн гишүүд болчихсон. Аав, нарынхаа костюмыг гуйж өмсөөд Тагнуулын ерөнхий газрын өмнөх талбайд гол зураг авалтаа хийж байжээ. Харин шөнийн зодоонтой хэсгээ "Тэнгис" кино театрын өмнөх талбайд авч байсан гэнэ. Хөвгүүд хоёр хуваагдан зодолдож байхад цагдаа нар "Юун зодоон цохион бэ" гэсээр хүрч ирж байжээ. Хөвгүүдийг ийн кинонд тоглож байхад охидууд арын ажлыг хариуцна. Жүжигчдээ өлсгөхгүйн тулд гэр гэртээ хоол цай хийж ирнэ. Бас зураг авалтад хэрэгтэй эд зүйлийг олох гэж чармайна. Киноны төгсгөлд буудалцаантай хэсэг гарах учраас тэр үед хэрэглэх жинхэнэ мэт харагдах тоглоомон буу хайж олох гээд ажил их. Тухайн үед киноны ажлаар гэртээ харих оройтон аав ээждээ загнуулж байсан бол өнөөдөр дурсан ярихад хамгийн хөгжилтэй, хэзээ ч мартамгүй дурсамж болон үлджээ.

Арвын А-гийнхан ерөнхий­дөө сурлага, хүмүүжлээр жигд­хэн сайн хүүхдүүдтэй байсан гэнэ. Сургуулийн дэг журам бусад сургуультай харьцуулахад нэлээн чанга байжээ. Охид үс гэзгээ хамаагүй задгай тавьж болохгүй. Нүүр амаа будна гэж санахын ч хэрэггүй. Гэдэс, нуруугаа гаргасан богино цамц өмсвөл сургуулиас хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулах дээрээ тулна. Хөвгүүд ч мөн адил. Үсээ элдэв янзаар будахгүй. Өргөн өмд, хэлхгэр цамц өмсөхгүй. Хатуу чанга хэрнээ хүүхдийн хүмүүжилд маш эерэгээр нөлөөлсөн дэгийн үр дүнд эдний ангийнхан маш зөв төлөвшилтэй болж чадсан гэж бахархдаг юм байна. Сурлагаараа нэгэн жигд ч гэлээ тэр дундаас цойлон гарсан хүүхдүүд бас бий. Эдний ангийн гавал нь Н.Үүрцайх, О.Мөнхбаатар. Н.Үүрцайх Монголын хүүхдийн ордоны эрдэм алтан медальтайгаас гадна шатрын спортоор хотын аварга болж байжээ. О.Мөнхбаатар орос хэлний олимпиадад дүүргийн аварга болж байсан гэнэ. Спортоор ч бас мундагууд бий. Усан спортоор идэрчүүдийн улсын аварга болж байсан Г.Ариунаа арвын А-гийнх. Мөн сахилгагүй нөхөд ч бий. Б.Энхбилэг ангийнхаа хамгийн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байж. Байс гээд л хэрэг тарьчихаад аав ээжийгээ сургуулийн захиргаатай уулзуулна. Нэг удаа үймүүллээ гээд ангиасаа хөөгдчихөж. Дараагийн цагийн хичээлээ хүлээн подвольд байх хувцасны өлгүүрийн тэнд чимээгүйхэн зогсож байтал "Хувцасны өлгүүрийг хаяж гээгдүүлбэл торгуультай" гэх бичигний өрөөсөн булан наалтнаасаа салж байжээ. Нэг булан нь эргээд муухай харагдаад байхаар нь янзалчих санаатай тавцан дээр байсан шүдэнзээр тэрүүхэн хэсгийг шатаах гэтэл гал авалцчихаж. Тэрүүхэн тэндээ шатахгүй өлгүүрийн жижигхэн цонхоор орж хүүхдийн нэхий дээлэнд авалцжээ. Сандарсан хүү жижигхэн цонхоор шуртхийн ороод арай гэж нэг унтраасан байна. Гэхдээ нэг нэхий дээл, нэг куртикний хохиролтой. Галаа унтрааж дуусангуутаа хурдхан тэндээс холдохын түүс болж гуанзаар эргэлдэж гарчээ. Тэгсэн хичээлийн эрхлэгч хажуугаар нь зөрөхдөө хувцсанд нь шингэсэн хиншүүний үнэрээр бариад авч. Энэ мэт санамсаргүй хэрнээ дэггүйтэж байсан тохиолдол олон. Б.Энхбилэг бас зурах авьяастай. Шивээс хийгээд сурчихсан болохоор хүн бүрт л өнөөхөө хийгээд өгчих юмсан гэж бодно. Ангийнхан нь ч бас шивүүлэх дуртай. Би, би гэж шивүүлсээр байгаад аравдугаар ангиа төгсөхдөө талаас илүү нь шивээстэй болоод төгсжээ. Багадаа ингэж дүрсгүйтэж байсан хүү өнөөдөр "Монгол" телевизэд ажиллаж буй. Гадаадад найман жил сурч ирсэн тэрээр "Таны мөрөөдөл" нэвтрүүлгийн хөтлөгч, продюссер ийм ажилтай. Бас "Бодь электроникс"-ийн дэд захирал, Монголын либериал залуучуудын холбооны ТУЗ-ийн дарга Б.Золбоо эдний ангийнх. Түүнийг 2012 оны НИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байсныг хүмүүс санаж байгаа байх. Эдийн засаг, бизнесийн "Bloomberg" телевизийн хөтлөгч З.Энхболорыг танихгүй хүн байхгүй болов уу. Энэ мэтчилэн сурагч байхдаа эрдэмд номд шамдаж, зөв хүн болох төлөвшлийг сурч, хүүхэд насны цагаахан дэггүйтлээр тоглож өссөн 10-ын А-гийнхан өдгөө салбар бүрт ажиллаж байгаа. Гэхдээ зүгээр нэг ажилласан болоод өнгөрөх биш нийгмээ манлайлан орчин цагийн үлгэр жишээ залуусын тэргүүнд явна.

С.АЛТАН

Онцлох нийтлэлүүд