ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2017.01.03 09:01

Сэргээгдэх эрчим хүчээ ч хөгжүүлмээр, шинэ станцаа ч барьчихмаар л байна шүү

Өнөөдөр утааны эсрэг, төр засгийнханд ямар нэгэн байдлаар утаа аймшигтай болсон гэдгийг бага ч болов мэдүүлэх гэж анх удаа жагсаал зохион байгуулагдах гэж байна. Ямар нэгэн улстөржилтгүй, хэн нэгэн улстөрчгүй жагсаал байгаасай гэж хүсч байна. За жагсаал ч яахав. Болоод л өнгөрнө.

Хамгийн гол нь энэ их утааг хэрхэн байхгүй болгох тухай шийдэл дээр хэн хүнгүй ухаанаа уралдуулаасай гэсэн бас нэгэн хүсэл байна. Одоогоор харагдаж байгаа хамгийн боломжтой хувилбар нь цахилгаан болон газаар халаах л байх шиг. Мэдээж ойрын гурван жилд багтаад гэр хорооллыг тэр чигээр нь орон сууц болгож чадахгүй. Бас хүчээр нүүлгээд гэр хороололгүй болчихгүй. Тиймээс нэн даруй шинэ цахилгаан станцаа л яаж ийж мачийж байгаад барих хэрэгтэй. Тэгж чадвал гэр хорооллын цахилгааны асуудлыг бүрэн шийдэж дөнгөх байх.

Яг үнэндээ одоо гэр хорооллын цахилгааны шөнийн үнийг тэглэлээ ч дэд бүтэц нь дийлдэхгүй, хэдэн трансформатр нь дэлбэрнэ, дамжуулах утас нь шатаад дуусна гэх юм билээ. Үнэн байж болох. Оройхон зэргэлдээ хэдэн айл цахилгаан тулгаа асаачихаар л хүчдэл нь буураад, гэрэл нь сүүмийгээд ирдэг.

Ингээд бодохоор тэр олон айл шөнөөр цахилгаан халаагуур асаачихаар юу болох нь тодорхой. Ядаж л нар, салхиар эрчим хүч үйлдвэрлэхийг төрөөс ахиухан дэмжээд өгүүштэй байна шүү. Цаагуур чинь дэлхий дахинд технологи нь хөгжөөд автозамыг хүртэл ашигладаг болоод байна. Жишээ нь, Франц гэхэд л ойрын жилүүдэд автозамыг нарнаас эрчим хүч цуглуулдаг хавтангаар бүрээд цахилгаан үйлдвэрлэнэ гэнэ. Тэгээд хэдэн сая айлыг эрчим хүчээр ханганаа л гэчихсэн байна даа.

Монгол нар, салхины арвин нөөцтэй. Сэргээгдэх эрчим хүчээ ч хөгжүүлмээр, шинэ станцаа ч нэн яаралтай барьчихмаар л байна шүү, төр засгийн удирдлагууд аа.

Онцлох нийтлэлүүд