ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.09.12 12:09

Сэтгүүлч, өмгөөлөгч, эмч, их сургуулийн багш нар БНСУ-д таван жил хүртэлх олон удаагийн визээр зорчдог болно

АДААДАД БАКАЛАВР, МАГИСТР ХАМГААЛСАН ИРГЭН, ОЛНЫ ТАНИЛУРЛАГСОЁЛЫН ЗҮТГЭЛТЭН, ТАМИРЧИН, 500 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ХӨРӨНГӨТЭЙ ХҮМҮҮСТ ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГОНО–


БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам. 2018.09.11

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

БНСУ-ын ЭСЯ-наас олон удаагийн визний нөхцөлөө шинэчилж байгаа талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. Одоогийн хэрэгжиж байгаа журмаа өргөтгөж, олон салбарыг хамруулсан тухай Элчин сайд ноён Жон Жэ Нам онцлов. Судалгаанаас харахад Солонгос улс руу 37 мянган монгол иргэн олон удаагийн визээр зорчдог байна. Харин манай улс руу ийм визээр ирдэг ердөө 1000 орчим солонгос иргэн байдаг гэнэ. Олон удаагийн виз мэдүүлэх журамд долоон үндсэн нөхцөл үйлчилж байгаа. Тэгвэл шинэ журамдаа нэмээд зургаан нөхцөлийг суулгаж өргөтгөжээ.

БНСУ РУУ ЗОРЧИХ ОЛОН УДААГИЙН ВИЗИЙГ ЯМАР ХҮМҮҮС МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Аравдугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа энэхүү олон удаагийн визийг БНСУ-д өмнө зорчиж байсан иргэн, төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан, (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан), БНСУруу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан(хэлтсийн даргаас дээш албан тушаалтан), БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн урилгаар зорчиж байгаа иргэд мэдүүлэх боломжтой. Мөн БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхэд олон удаагийн виз авч болно. Мөн олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь “Gold”, “Vip” байх, байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцөлийг хангасан иргэдэд олон удаагийн визийг олгодог. Энэ виз нь БНСУ-д байнга зорчдог иргэнд ч үйлчлэх юм. Тодруулбал, тус улс руу сүүлийн хоёр жилийн дотор дөрөв ба түүнээс олон удаа очсон хүмүүс байх ёстой аж. Дээрх шалгуур нь олон удаагийн виз авахад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгвэл визний шинэчилсэн журамд ямар ямар өөрчлөлт оруулж байгааг БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Кангмү танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсад 7000 гаруй эмч, 6000 мянга орчим их, дээд сургуулийн багш, 2000 гаруй өмгөөлөгч ажилладаг гэсэн судалгаа байна. Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн байгууллагадаа нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцөлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгодог болно.

Мөн нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл шилдэг 100 аж ахуйн нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд, БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн виз авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгссөн дүн бий. Энэхүү визийг зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд ч олгоно. Бас олны танил урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин, 500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн виз олгохоор журамд өөрчлөлт оруулж байна. Олон удаагийн визийг нэг, гурав, тав гэсэн шатлалтайгаар олгодог байсан. Харин шинэчлэгдсэн журмаар тухайн нөхцөлийг хангаж байгаа хүнд шууд гурав юмуу таван жилээр олгоно” гэлээ.

ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ: СОЛОНГОСТ ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛААД ИРСЭН ХҮМҮҮСТ ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХИЙН ТУЛД E АНГИЛЛЫН ВИЗНИЙ ТӨРЛӨӨ НЭМЭХЭЭР СУДАЛЖ БАЙГАА

БНСУ-аас Монгол Улсад суугаад Элчин сайд ноён Жон Жэ Нам "Монгол, Солонгос улс анд нөхдөөс илүү ах дүүсийн онцгой харилцаатай билээ. Бусад аль ч улс орнуудаас илүү ойр харилцаа холбоогоо хурдан хугацаанд хөгжүүлж ирсэн байдаг. Өнгөрсөн жилийн байдлаар Солонгосыг зорьсон монгол иргэдийн тоо 110 мянга, Монголд ирсэн солонгос иргэдийн тоо 70 мянга орчим байлаа. Хоёр улсын харилцан зорчих эрхийн тоо жил бүр 10 мянгаар нэмэгдэж байна. Хоёр улсын харилцаа эрчимжих хэрээр иргэд солилцоо ч өргөжиж байгаа. Гэтэл манай ЭСЯ-нд виз мэдүүлэх явцад бүрдүүлж өгч буй материалын олонх нь хуурамч байна. Төрийн байгууллагын албан бичиг төдийгүй түрээсийн гэрээ, ажлын газрын тодорхойлолт, банкны баталгаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын зорчих визийг хүртэл хуурамчаар дуурайлган хийж ирэх тохиолдол гарч байна. Албан ёсны бичиг баримтыг хуурамчаар үйлдэх нь нийгмийн итгэлцлийг үгүй хийж буй үйлдэл бөгөөд холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэгт тооцогдоно. Энэ бол яаж ийж байгаад виз авч байвал болно гэсэн хэн нэгний хувийн асуудал биш юм. Нийгэмд мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байгаа гэр бүл, хөрш, садан, найз нөхөд гээд тэд бүгдийн итгэлийг хөсөрдүүлж буй үйлдэл. Түүнчлэн хоёр улсын харилцаанд хөгжин дэвшихэд саад болж байна. Тиймээс манай ЭСЯ Монгол Улсын Засгийн газартай хамтарч эдгээр хуурамч бичиг баримтыг бүрдүүлэгчдийг Монголын хууль сахиулах байгууллагад мэдэгдэж байгаа. Визтэй холбоотой хуурамч бичиг баримт энэ нийгэмд орших боломжгүйгээр ил тод нийгмийг бий болгох хэрэгтэй байна. Бид бүхэн Монголын ард иргэдэд визтэй холбоотой амар хялбар үйлчилгээ үзүүлэхийн тулд олон талаар хичээж ажиллаж байгааг дуулгая. Нэгдүгээрт, ЭСЯ, Монгол Улсын Засгийн газар, визний материалыг хүлээн авч буй төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд хамтран олон нийтэд зориулсан ил тод зөвлөгөө мэдээллийн үйлчилгээгээ бэхжүүлэх болно. Монголчуудын хамгийн ихээр сонирхож мэдэхийг хүсдэг визтэй холбоотой дүрэм журам мэдээллээр бүрэн хангаж, зөвшөөрөлгүй хувиараа мэдээлэл өгдөг брокерын компаниудад хандахгүй байх талаас нь анхаарч ажиллах болно. Солонгос улсад зорчих олон удаагийн виз олголтын хүрээг өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа. Мөн визний материалыг шалгах хугацааг богиносгохын тулд үндсэн тогтолцоогоо шинэчлэхээр ажиллаж байна. Солонгост богино хугацаагаар аялах, зорчихоор төлөвлөж буй урьд нь дүрэм журмын дагуу зорчоод ирсэн хүмүүст хурдан шуурхай үйлчлэхээр E ангиллын визний төрлөө нэмэхээр судалж байгаа юм. Хоёр улсын харилцааг нэг алхам урагшлуулахын тулд хоёр улс хамтдаа хариуцлагатай, итгэлтэйгээр хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Итгэлцэл үгүй бол шинэ бодлого шинэчлэл эсрэгээрээ ямар ч хэрэгцээ шаардлагагүй. Улам нөхцөл байдлыг дордуулж мэднэ” гэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр энэ сарын 15-нд эхлэх “Солонгосын долоо хоног-2018” арга хэмжээний талаар танилцуулав. Өнгөрсөн жилүүдэд уг арга хэмжээ Монголд суугаа солонгос иргэдэд чиглэн зохион байгуулагдаж, зааланд болж байсан бол энэ удаад ил талбайд болох ажээ. Залуу үеийнхний дунд, чөлөөт уур амьсгалд, парти маягаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Солонгосын соёлын долоо хоногийн хугацаанд Сөүлийн гудамжны фестиваль, киноны өдөрлөг, Элчин сайдын нэрэмжит Таэквондогийн тэмцээн, Го даамны олон улсын тэмцээн болно гэсэн. Сонирхуулахад, Сөүлийн гудамжинд болох “Seoul street party”-д A-Sound, дуучин С.Гантогоо, Ука, “John Ko” зэрэг хамтлаг дуучдын тоглолт хийнэ. Энэ үеэр Солонгосын үндэсний хоол, тоглоом наадгайг танилцуулсан асрууд ажиллах юм байна. Арга хэмжээ нь 2000 төгрөгийн тасалбартай бөгөөд орлогыг нь нийгмийн эмзэг давхаргынханд чиглэсэн үйл ажиллагаа явуулдлаг ТББ-д хандивлах аж. Тасалбараараа иргэд сугалаанд оролцож, супер шагналын эзэн болоод БНСУ руу аялах хоёр талын нислэгийн тийз авах юм байна.


Онцлох нийтлэлүүд