Булангууд
2020.11.18 08:11

Сүүлийн арван жилийн том нээлт

Энэ зууны хоёр дахь арван жил удахгүй дуусах гэж байна.Тэгвэл энэхүү арван жилд хүн төрөлхтөн шинжлэх ухааны ямар том ололт олсныг хамтран сонирхъё.



1. ХИЙМЭЛ МАХБИЙ БОЛОВ

Нидерландын Маастрихтын их сургуулийн профессор Марк Постын удирдсан эрдэмтдийн гарган авсан 140 грамм хиймэл махаар тогооч Ричард Макгоун бургер хэрхэн хийхийг дэлхий нийт 2013 оны наймдугаар сарын 5-нд шууд үзэв. Лабораторид ургуулах замаар гарган авсан энэхүү үхрийн хиймэл махыг хийхэд хоёр жилийн хугацаа, 325 мянган ам.доллар зарцуулжээ. Хиймэл махаар хийсэн бургерийг амсаж үзсэн хүнс судлаач Ханни Рутцер энэ мах хэтэрхий өөхгүй бас шүүслэг биш байна гэж шүүмжилсэн юм.2013 оноос хойш хиймэл мах гарган авах ажил амжилттай хөгжиж байгаа бөгөөд “New Age Meats” болон “Memphis Meats” стартап компаниуд энэ чиглэлд тэргүүлж байна.


2. ХИЙМЭЛ ОЮУН УХААН АМЬДРАЛД НЭВТРЭВ

“Google DeepMind” компанийн бүтээсэн Хиймэл оюун ухаан болох “AlphaGo”программ 2015 онд хятадын стратегийн тоглоом гэгддэг “Гo” тоглож энэ тоглоомын мэргэжлийн мэргэшсэн тоглогчийг хожив. Эрдэмтэд иймэрхүү хиймэл оюун ухааныг 2020 оноос нааш гарахгүй гэж тооцож байсан билээ. Энэхүү хиймэл оюун ухаан жилийн дараа 4:1 харьцаатайгаар “Го” тоглоомын дээд лигийн тамирчин Ли-г хожиж амжилтаа бүрэн баталгаажуулж чадсан юм. Хиймэл оюун ухааны хөгжил ингээд зогссонгүй.2017 оны есдүгээр сард “Audi” хүний оролцоогүй өөрийгөө жолоодох гурав дахь үеийн автомашин дэлхийд анх удаа хийснээ зарлав. Харин 2018 онд “Waymo” компани анхны жолоочгүй таксины үйлчилгээг АНУ-д нэвтрүүлэв. Өнөөдөр хиймэл оюун ухаан бидний амьдралын салбар болгонд амжилттай хөгжиж байна.


3. ХОЛЫН СОЛИРТ ХҮРЭВ

Европын Сансрын Агентлагийн "Розетта" аппарат дэлхийгээс хөөрснөөс хойш 10 жилийн дараа буюу 2014 онд “67P” сүүлт одон дээр бууж химийн бүтцийн судалгаа явуулав.Энэ судалгаагаар уг сүүлт одны химийн бүтэц тодорхой болсон төдийгүй дэлхийн далайн уснаас гурав дахин их нягтшилтай “хүнд ус” энэхүү сүүлт одонд мөс хэлбэртэй оршиж байсан нь дэлхийн ус сансрын гаралтай гэсэн онол худлаа болохыг нотолсон юм. Энэ явдлаас хойш нарны аймгийн үүслийг тодруулах зорилгоор эрдэмтэд дэлхийгээс алсад байгаа хэд хэдэн солироос дээж авч судалгаа хийжээ.


4. ХУВИЙН САНСРЫН ПУУЖИН

Сансар судлалын түүхэнд анх удаа хувийн “SpaceX” компанийн бүтээсэн сансрын пуужин 2012 оны тавдугаар сард дэлхийн тойрог замд нисэж буй Олон улсын сансрын станцтай амжилттай холбогдов. 2015 онд “SpaceX” компанийн бүтээсэн сансрын ”Falcon 9 FT” пуужин сансрын станцад ачаа хүргэж өгөөд дэлхийд буцаж ирэв. Энэ пуужин 2017 онд сансарт дахин ачаа хүргэж өгсөн байна. Ингэснээр сансар судлалын пуужингийн зардал эрс багасах боломжтой болов.

5. ХҮНИЙ НИЙЛЭГ ДНК БОЛОН ЭПИГЕНОМЫН КАРТЫГ ГАРГАН АВАВ

Бүх амьд биетийн ДНК хоёр янзын A-T (аденин-тимин) болонG-C (гуанин-цитозин) гэсэн хос амин хүчлээс бүрддэг. Тэгвэл 2017 онд эрдэмтэд E. coli гэх бактериас байгальд байдаггүй X-Y гэсэн шинэ хос амин хүчил шинээр гарган авсан юм. Шинээр бий болгосон энэхүү ДНК-ийн цоо шинэ бүтэц хорт хавдар гэх мэт өвчнүүдийг хүний ДНК-ийн түвшинд эмчлэх боломжийг эрдэмтдэд олгож байгаа гэнэ. Эрдэмтдийн бас нэг том амжилт бол коллаборац гэх тусгай зорилтот бүлэг байгуулж, 111 эд эрхтэний генийн бүтцийг тодорхойлсны үндсэн дээр хүний эпигеномын маш тодорхой картыг 2015 онд гарган авсан явдал юм. Эпигеном гэдэг нь үгчилбэл генэн дээрх гэсэн үг билээ. Учир нь генийн ДНК-г уураг болон химийн бодисоос бүтсэн ороомог ороож байдаг. Энэ ороомгийг эпигеномгэнэ. Эпигеном нь хүний ДНК дахь генийг идэвхжүүлэх эсвэл сулруулах, зогсоох замаар тамхи татах, архи уух, хортой нөхцөлд ажиллах гэх мэт гадны нөлөөлөлд биеийг хамгаалах зохицуулалт болдог маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэж зохицуулж чадахгүй болонгуут хүний биеийн эс хорт хавдрын эс болон хувирдаг. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд хүний эпигеномын картыг гарган авснаар хорт хавдрыг эмчлэхэд бас нэг том алхам хийсэн гэсэн үг юм.


6. “ХАР НҮХ”-НИЙ ФОТО

Эрдэмтэд хэдэн арван жилийн цөхрөлтгүй оролдлогын эцэст 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд дэлхийгээс 54 сая гэрлийн жилий нзайд,“Мессье-87” галактикийн төвд байрлах, манай нарнаас 6,5 сая дахин илүү жин бүхий сансрын “хар нүх”-ний фото өнгөт зургийг авч чадсан байна.


7. КВАНТЫН КОМПЬЮТЕР БҮТЭЭВ

“Google” компанийн инженерүүд 2019 онд квантын компьютер бүтээв. Квантын компьютер бүтээснээр одоо бидний хэрэглэж байгаа хамгийн хурдтай супер компьютерийн 10 000 жилд хийх тооцооллыг гурван минутад хийх боломжтой болсон гэсэн үг. Энэхүү компьютерийг эрдэмтэд шинэ эм гарган авах болон хиймэл оюун ухаан бүтээх ажилд хэрэглэж эхлээд байна.

8. ЭЙНШТЕЙНИЙ ХЭЛЖ БАЙСАН ДОЛГИОНЫГ ОЛОВ

1915 онд Эйнштейн “Таталцлын долгион байх ёстой. Гэхдээ дэлхийгээс энэ долгионыг илрүүлэх боломжгүй.Хэт сул байх болно” гэж байсан билээ. Гэвч эрдэмтэд сансрын таталцлын долгионыг амжилттай илрүүлсэн төдийгүй гэрлийн хурдаар тархдаг болохыг тогтоож 2017 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Эрдэмтэд сансрын таталцлын долгионыг илрүүлсэн нь Их дэлбэрэлтийн үеийн нөхцөлийг зөв тодорхойлох,энэхүү дэлбэрэлтийн дараахь орчлон ертөнцийн тэлэлтийн загварыг оновчтой гаргах болон сансрын физикийн онолыг төгөлдөржүүлэх илүү боломжтой болсон байна.

9. ХӨРШ НАРНЫ АЙМГУУДЫГ СУДЛАХ ДУРАН

Европын Сансрын Агентлаг 2019 оны арванхоёрдугаар сард "Хеопс" (Cheops) нэртэй сансрын дуранг манай нарны аймагтай хөрш орших нарны аймгуудыг судлах зориулалтаар хөөргөв.Энэхүү дуран авай нь манай хөрш нарны аймгуудад нээгдсэн гаригуудыг нарийвчлан судлах юм.Учир нь бидний “Тэнгэрийн заадас” гэдэг манай галлактикт 100 тэрбум орчим гариг байдаг бөгөөд эдгээрээс 5-20 тэрбум нь дэлхийтэй төстэй гариг байгаа аж.


10. ШИНЭ ВАКЦИН, ШИНЭ ЭМЧИЛГЭЭ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар жилд 124-283 сая хүн маляр шумуулд хазуулж өвчлөн 367-755 мянга нь үхдэг байна.Урьд нь ашиглаж байсан вакцин 31-56 хувийн үр дүнтэй байсан бол эрдэмтдийн шинээр гаргаж авсан вакцин 90 хувь үхлээс ангижруулж чаддаг болсон байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар Төв болон Баруун Африкт Эбола вирусээр халдварлагдсан хүмүүсийн үхэл 25-90 хувьтай байдаг байсан гэнэ. Харин эрдэмтэд энэ вирусийн эсрэг шинэ эмчилгээ гарган авч туршсанаар Конго улсад эбола вирусийн үхлийг 90 хувь багасгаж чаджээ.

Г.АМАРСАНАА

Онцлох нийтлэлүүд