ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2021.05.02 08:05

Сөүл хотын айл өрхүүдийн 33 хувийг ганц биечүүд бүрдүүлж байна


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын айл өрхүүдийн хамгийн том хэсэг буюу 33 хувийг ганц бие иргэд бүрдүүлж байгааг өчигдөр гаргасан албаны статистик тоо баримт харуулжээ.

Арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд Сөүл хотын 4,041 айл өрхийг санамсаргүй аргаар түүвэрлэн судлахад 33.3 хувь нь ганц, 25.8 хувь нь хоёр, 20.6 хувь нь гурав, 19.2 хувь нь дөрвөн ам бүлтэй айлууд байжээ.

Ганц ам бүлтэй айлуудын 41 хувийг залуу үеийнхэн, 22.6 хувийг ахмад насныхан, 16.2 хувийг дундаж насныхан бүрдүүлсэн байна.

Ганцаар амьдрахад тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийг нэрлэхийг хүсэхэд өвчин зовлон (32.5 хувь), ганцаардал (23.3 хувь), санхүүгийн аюулгүй байдал (20.3 хувь) гэж тус тус хариулжээ.

2018 онд Сөүл хотын айл өрхийн жилийн дундаж орлого 49.2 сая вон байсан бол сүүлийн судалгаагаар 50,82 сая вон (45.900) болж нэмэгдсэн байна.

Тус хотын айл өрхүүдийн дундаж өрийн хэмжээ 44.08 сая вон байгааг тогтоожээ. Зөвхөн өртэй айл өрхүүүдийг ялгаж дундажлахад энэ хэмжээ 99.78 сая вонд хүрсэн байна.

Өр үүсгэх гол хүчин зүйлүүд нь байр түрээслэх (43.2 хувь), байр худалдаж авах (38.7 хувь), гэртээ хөрөнгө оруулалт хийх (5 хувь) байжээ.

Айл өрхүүдийн 42.4 хувь нь өөрийн эзэмшлийн байранд, 37 хувь нь лизингийн байранд, 19 хувь нь түрээсийн байранд амьдарч байна.

Сөүл хотын захиргаа удахгүй тус хотын оршин суугчдын амжиргааны түвшин, нөхцөл байдлыг тогтоох зорилгоор уг судалгааг зохион байгуулжээ.

Өмнөд Солонгос даяар ганц биечүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь оройтож гэрлэх, хүн ам хөгшрөхөд нөлөөлж байна.

Өнгөрсөн оны байдлаар 51.8 сая хүн амтай тус улсад 9.06 сая ганц ам бүлтэй өрх айл бүртгэгдсэн нь 2019 оныхоос 6.77 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тэд улсынхаа нийт айл өрхүүдийн 39.2 хувийг буюу хамгийн том хэсгийг бүрдүүлж байна.

Сөүл хотын шинэ захирагч О Се Хүүн өнгөрсөн сард ганц ам бүлтэй айл өрхүүдэд чиглэсэн нийгмийн бодлого боловсруулах ажлын хэсгийг шинээр байгуулжээ.

Онцлох нийтлэлүүд