ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.06.08 01:06

С.Ариунбямба: Сэдэв нь таалагдсан учраас "Луйвар" кинонд тоглосон


Жүжигчин С.Ариун­бямбатай ярилцлаа.

-Та өөрийнхөө тухай танилцуулаач. Хэзээ сургуулиа төгссөн бэ?

-Би СУИС-ийн 2000 оны төгсөгч. Жүжигчин, найруу­лагч гэсэн давхар мэргэжлээр дүүргэсэн юм. Төгсөөд театрт олон жил ажилласан. Тэр хугацаандаа дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжгүүдэд гол, туслах дүрүүдэд тогложээ. Хорь шахам дэлгэцийн бү­тээлд оролцсон байна. Най­руулагчийн хувьд гэвэл тайзны хэд хэдэн бүтээл бий. 

-Жүжигчин болъё гэж багаасаа хүсч байсан уу?

-Урлагийн гэр бүлд өссөн болохоор аль багаасаа л жүжигчин болохыг хүсдэг байлаа. Аав маань гавьяат жүжигчин  Сүхээ гэж хүн байсан юм. Ээж бас урлагийн хүн. Олон жил театрт ажилласан хүн. Жаахан байхаасаа л  аав, ээжийгээ дагаж бригадаар их явна. Театрт очно. Аав, ээжийгээ  ажиллаж байхад наагуур цаагуур нь явж нүүр будаг хийж байгааг нь хараад суудаг хүү байлаа. Нэг л мэдэхэд театр, жүжигчний мэргэжилд  дурласан даа. 

-Анх ямар кинонд дүр бүтээж байсан бэ?

-Анх 2002 онд “Гашуун аялгуу” гэдэг кинонд тоглож байлаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санхүүжүүлсэн юм. Бат гэдэг залуугийн дүрийг бүтээсэн. 

-Та дандаа л эсрэг дүр бүтээдэг. Найруулагчид таныг эсрэг дүрд тоглуулахаар  сонгодгоо юу гэж тайлбарладаг вэ?

-Хүмүүс харин ингэж асуугаад байдаг юм. Уг нь би тайзан дээр маш олон эерэг дүр бүтээсэн. Эсрэг дүрд цөөхөн тоглосон байдаг. Эерэг дүрд тоглох тоо нь гүйцнэ гэж байдаг юм болов уу, сүүлийн үед дандаа л эсрэг дүрд тоглож байна. Найруулагч нар эсрэг дүрд тоглож чадна гэж итгээд сонго­дог байлгүй л гэж боддог. Миний хувьд мэдээж зохиолоо эхэлж уншаад таалагдсан дүр дээрээ ажилладаг. 

-Та “Mongolian academy awards-2013”-аас “Ану хатан”-ы Данжила баатрын дүрээр шилдэг туслах дүрийн шагнал авсан. Данжилагийн дүрд шалгарсан түүхээ яриач?

-Данжилад тоглох гээд олон  жүжигчин  пробонд орсон юм билээ. Миний хувьд тоглоё гэж бодоогүй байсан л даа. “Ану хатан”-г найруулсан манай ангийн Алтантуяа “Пробонд ороодох” гэж дуудахаар нь проб өгчих­сөн юм. Яг аль дүр дээр нь сонголт хийж байгааг нь ч мэдээгүй. Тэгсэн нэг өдөр дуудаад “Данжилад тоглохоор боллоо шүү” гэсэн. Данжила жанжин чинь эерэг дүр. Намайг сөрөг дүрээр хүлээж аваад сурчихсан хүмүүс “За энэ нөхөр хэзээ урвах бол” гээд  хараад байсан гэсэн. Ноднингийн авардсаас “Ану хатан” киноны хувьд зохиолч, продюсер, туслах эрэгтэй дүр гэсэн гурван  шагнал авсан юм. Жүжигчдээс туслах дүрийн шагнал авсан. 

-Зорьж, хүсч  тоглосон кино бий юу?

-Энэ л кинонд тоглочих юмсан гээд байдаггүй. Оногдсон дүрээ маш сайн гаргахыг л хичээж ажилладаг. Судалгаа хийж, хөлс хүчээ гаргаж ажилласан учир тоглосон дүр болгондоо хайртай. Ер нь хүмүүс муу дүр болсон, сайн дүр болсон байна гэж их ярьдаг. Миний хувьд бүх бие сэтгэлээ гаргаж ажилласан учраас муу, сайн дүр гэж байхгүй. 

-Таны хамгийн сүүлд тоглосон “Луйвар” киног шүүмжлэх хүн цөөнгүй байна лээ?

-Гадуур сайн, муу янз бүрээр ярьж байгаа байх. Нээлтээ хийгээд хэдхэн хоно­сон болохоор гадуур юу гэж ярьж байгааг сайн мэдэхгүй байна. “Луйвар”-ын  хувьд сэдэв нь их таалагдсан. Өнөө­дөр манайд ийм төрлийн сэдэв­тэй кино ер нь байхгүй шүү. “Луйвар” кинонд Амараа гэдэг залуугийн дүр дээр ажиллалаа. 

-Кино найруулъя гэсэн төлөвлөгөө бий юу?

-Бодолгүй яахав. Найруу­лагч мэргэжилтэй хүний хувьд  нэг кино төсөл эхэлчихсэн явж байна. Энэ киногоо хүмүүсийн хардаг өнцгөөс арай өөр байдлаас харж хийх бодолтой байгаа. Нийгмийн хөшигний ард байгаа  эмгэнэлтэй зүйлийг ил гаргана. Хүмүүс бүгд мэдэж байгаа хэрнээ амаа жимийж өнгөрдөг тэр зүйлийг дэлгэцнээ хөндөж тавина. Кино зохиол маань  эхэлчихсэн байгаа. 

-Кинондоо өөрөө тоглох уу?

-Мэдэхгүй байна. Үнэхээр таалагдсан дүрдээ  тоглож магадгүй л юм.  

-Ариунбямба амьдрал дээрээ ямар хүн бэ?

-Уур уцааргүй, тайван хүлээц­тэй, тэвчээртэй хүн болов уу гэж өөрийгөө дүгнэ­дэг. Хүүхэд насандаа бусад хөвгүүдийн адил сахилгагүй жаал байлаа. Бага, дунд сургуулийн багш нартаа  их баярладаг. Их сургуулийн багш нар маань ч намайг мундаг сайхан төлөвшүүлсэн. Ганцхан амьдрах насандаа хүнлэг,  эх орноо хайрласан чин сэтгэл, зөв хандлагатай амьдрахсан гэж хүсдэг. 

-“Лардьма” киноны  архи­чин нөхрийн дүр хүмүүст их хүрсэн санагддаг. Дамчаа гуайг Исмэл тайжийн дүрд тоглосны дараа хүүхдүүд чулуугаар нүүлгэж байсан шиг юм болсон уу?

-Лардьма  нийгмийн хөшиг­ний ард байгаа сэд­вийг гаргасан мундаг кино. Жүжигчид нь их сайн жүжиг­лэсэн. Миний бүтээсэн дүр бол хүчирхийлэл үйлдэж бай­гаа архичин нөхөр Өнөболд. Арай ч чулуу нүүлгээгүй ээ, гэхдээ яривал өчнөөн жишээ бий. Энгийн жишээ хэлэхэд манай охинтой ангийнх нь хүүхэд маргалдаж л дээ. Тэгсэн манай охин “Би чамайг аавдаа хэлнэ” гэж. Тэгсэн нөгөө хүүхэд нь “Танай муу аав хувхай архичин юм билээ” гэсэн байсан. Охин маань яаж дуугүй байхав. “Манай аав архи уудагггүй. Чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл ангийнх нь хүүхэд “Лардьма дээр нэг хөгийн л амьтан байсан ш дээ” гэсэн юм билээ. Хүүхдүүд тэгж ярьсан гэхээр Өнөболдын дүр хүмүүст хүрсэн юм болов уу гэж ойлгож байгаа. 

-Хүмүүс таныг гудамжаар ява­хаар ямар өнцгөөр хараад байх шиг санагддаг вэ?

-Дийлэнх нь л “Энэ их муухай зантай, муу хүн байх.  Харваас л уудаг нөхөр байна” гэсэн харцаар хараад байдаг. 

-Эсрэг дүрээс татгалзъя гэсэн бодол төрөх үе гардаг уу?

-Дүрд ялгаанууд хэрэгтэй. Эсрэг дүр дотор олон дүр бий. Ярьдаг эсрэг дүр байна. Ярьдаггүй ч эсрэг дүр байна. Тэгэхээр нэг хэв маягт бариг­даж өөрийгөө лоозон, лого болгож ард түмний сэтгэл зүйд хадаж болохгүй. Маш олон сонин дүр дээр ажиллаж болно. Яг тэр гэхийн тэмдэггүй, барьж авч болохгүй тийм л дүрүүдэд ажиллая гэж боддог. Эерэг дүр ч маш олон янз. Энэ хорвоо дээр өөр өөр зан араншинтай өчнөөн мянган хүний дүр оршин тогтнож байна. Тиймээс надад ямар нэг дүрээс татгалзах шаардлага байхгүй. Ажиллах дүрдээ ажиллаад л явна.

-Жүжигчид дүр дээр ажил­лах­даа өчнөөн судалгаа хийдэг гэдэг.  Таны хувьд дүр дээр ажиллахынхаа өмнө өөрийгөө яаж бэлддэг вэ?

-Өөрөөсөө өөр хүн бий болгох гэж байгаа учир судалгаанд цаг зарахаас аргагүй л дээ. Зохиол дээр биччихсэн нөхрийн  удамшил, хүмүүжил, амьдралын замнал зэргийг бүгдийг тооцно. Ямар зүс царайтай, яагаад ийм болсон гээд бүгд л задраад явна. Үүнийг л жүжигчин хүн ямар ч хийгүй гаргах ёстой учраас их нарийн ажиллагаа шаарддаг. Миний хувьд дүр дээрээ ажиллахдаа  эхлээд гадна талаас нь их боддог. Дараа нь дүрийнхээ мөн чана­рыг дотоод руугаа  оруулж сэтгэлгээг нь гаргана. Зохиол дээр тухайн дүрийн тухай бусад дүрүүд нь  юу гэж ойлгож байна вэ гэдэг их чухал асуудал.  Дүрийн эцсийн зорилго юу байна гэдгийг бодно. Эхлэл, төгсгөлийн цэг хаана байгааг  сайн бодох учиртай. Би дүрээ аваад л эскиз зураг гаргадаг. Тэрэндээ дөхүүлж хувирдаг. 

-Та зургийн авьяастай юм аа. Их адилхан зуржээ?

-Хобби, мэдрэмжээрээ л зурдаг. Аав маань ч бас дүрийн эскизүүдээ гаргачихдаг байсан юм. Тайзан дээр гарах үйл хөдлөл бүртэй нь маш тодорхой зурдаг хүн байлаа. Хүүхэд байхдаа аавынхаа хажууд суугаад зургийг нь их харна аа. Аав зурсан эскизүү­дээ дүрийнхээ фототой харь­цуу­лаад хадгалдаг байсан. Надад ч бас тэгж харьцуулсан дэвтэр бий. 

-Та бараг өөрөө нүүрээ хувиргачихдаг юм биш үү?

-Би Монголын мундаг нүүр хувиргагч Найданжавын шавь. Оюутан байхдаа нүүр будгийн хичээлээ нэлээд түлхүү заалгаж байсан. Хэр баргийн нүүр будгийг өөрөө хийчихнэ шүү. Кино багт нүүр хувиргагч байдаг. Тэр хүнийг хүндэлнэ. Би ингэж будвал зүгээр гэж бодож байна, та юу гэж бодож байна гэх мэтээр зөвлөлдөж санал солилцож ажилладаг.  

-Таны хувьд тайз дэлгэцийн ялгаа юу вэ?

-Тайз бол амьд. Хөгжим дуугараад л хөшиг нээгдэхэд үйл явдал тасралтгүй өрнөж  хөшиг хаагдахад л дуусна. Тодорхой нэг хугацаанд л болж өрнөдөг зүйл. Кино бол тийм биш. Хаанаас нь ч, аль үеэс нь ч зураг авч магадгүй. Тэгэхээр тооцоолох юм маш их гардаг. Кино эхлэх өдөр үхдэг зургаа авахуулах үе ч гарна. Дүр маш их зовлон туулж байж үхэх ёстой. Гэтэл юу ч болоогүй байхад үхнэ гэдэг хэцүү. Тэр бүхнийг мэдэрч гаргана. Дүрээ л маш сайн судлах ёстой. 

-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Хоёр киноны санал авчихаад байна. Гэрээгээ хийж амжаагүй байгаа. Судалгааны ажлаа хийгээд явж байна. Жүжигчин хүн ер нь амардаггүй. Нэг юм уншчихаар зовно, шанална, гудамжинд гарч сонин дүр төрх хайна, хүмүүсийн харилцааг анзаарна гээд цагийг зүгээр өнгөрөөхгүй шүү. 

-Яг ямар дүрд тоглох юм бол?

-Нэг нь эсрэг дүр, нөгөө нь эерэг дүр. 

-Манай  кино урлагийн хөгжил  хэр түвшинд яваа гэж та боддог вэ?

- Монголын театр, кино урлаг нэг үеэ бодвол сайхан хөгжиж байна. Хүмүүс ч маш гоё  хүлээж авдаг болж.  Ер нь урлаг хөгжихөд хүмүүсийн уран сайхны боловсрол үнэлж баршгүй үүрэгтэй байдаг. Зарим хүн үүнийг буруугаар ойлгож “муусайн урлагийнхан” гэж ярьдагт уран бүтээлчийнхээ хувьд эмзэглэдэг. Хүний оюуны талхыг бэлдэж өгдөг хүмүүсийг уран бүтээлч гэдэг. Хүн гэдэг амьтан оюунаа цэнэглэж хооллох ёстой. Тэр хоол нь уран бүтээл. Өөр нэг анхаарахаас аргагүй өнцөг бий. Өнөөдөр гадны маш олон кино, уран бүтээлийг хэн хаана ч үзэж болж байна.  Дэлхий дээр маш олон шашин, үндэстэн, соёл иргэншил бий. Даяаршлын нийгэмд энэ олон янзын соёл нэгдэж байгаагийн наад захын жишээ нь кино урлаг.  Энэ давалгаан дунд Монголын гэсэн өв, соёл, оршихуйгаа авч үлдэж, монгол гэдгээрээ ялгарахын тулд, тэр орчныг бий болгохын төлөө кино урлагийнхан зүтгэж яваа. Миний хувьд  Монголын кино урлагийг хөгжиж байгаа, үүргээ биелүүлж яваа гэж үнэлдэг. 

 -Монголд яг одоо ийм төрлийн л кино дутагдаж байна даа гэсэн бодол төрдөг үү?

-Уран бүтээлчид сонин сэдэвтэй сайн кинонууд хийж байна. Техник, технологи нь ч нэг үеэ бодвол өндөр шатанд гарсан. Олон ч төрлийн кино хийж байна. Үндэсний өөрийн хэв маяг, жанрыг бий болгомоор юм уу гэсэн бодол төрдөг. Монголчууд гэж яг ямар хүмүүс юм гэдгийг гаргаж ирмээр санагддаг. Тийм орон зай үгүйлэгдээд байх шиг.  Өнөөдрийн хувьд АНУ, Хятад гээд бүх орны киноны сэдвийг хулгайлаад хийчихлээ. Өөрсдийн өнгө төрх гэдэг юмаа алдах гээд байна уу гэж эмзэглэдэг. Уран бүтээлчид санасандаа хүртэл бүтээл хийе гэхээр мөнгөгүй гацдаг зовлон бий. Бусад улс орнууд уран бүтээл, театртаа маш их хэмжээний мөнгө гаргаж өгдөг. Учир нь айхавтар орнууд  кино урлаг ач холбогдолтойг мэдэрдэг. Тэр ч утгаараа кино урлагаа мундаг хөгжүүлж чадсан. Үндэсний хэмжээний том кино хийвэл дэлхийн тавцанд маш хурдан гарах боломж бидэнд бий. 

-Манай жүжигчид ур чадварын хувьд хэр вэ?

-Дэлхийн хэмжээнд дутахгүй шүү. Алтан үеийн мундаг жүжигчид байсан, тэд­ний дараагийн үе, одоогийн үе гээд байна. Манай Амараа Холливудад гарч кинонд тоглож байгаа. Анхням гэхэд Азид гарсан. Монголын жүжиг­чид  мундаг байгаагийн л илэрхийлэл. 

-Амжилттай явж байгаа урлагийн хүний ар гэрийг авч явж байгаа эзэгтэй нар их мундаг байдаг. Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Мэдээж тэгэлгүй яахав. Эхнэрийг маань Г.Амарсанаа гэдэг. Их сайн бүсгүй бий. Номин-Эрдэнэ, Амин-Эрдэнэ гээд хоёр охинтой. Бага нь нэгдүгээр анги, том нь долдугаар анги. 

-Гэрийнхэндээ хэр цаг зав гаргаж байна?

-Боломж гарвал л  зав гаргахыг боддог. Би  их гэрсэг хүн. Бага байхад аав, ээж хоёр ажлаасаа ирэхэд  гэр дүүрээд явчихдаг байсан. Бид хичээлээсээ ирээд л цүнхээ шидэж аавынхаа өвөр дээр суугаад  эрхэлж гардаг байлаа. Аав маань хоймортоо дээлээ нөмрөөд зурагтаа үзээд сууж байдагсан. Ийм  сайхан гэр бүлийн нөмөр нөөлгөнд өссөн болохоор тийм орчныг гэртээ бүрдүүлэхсэн гэж хүсдэг. Тиймээс цаг гарвал л гэртээ ирээд  суучихдаг. Хүүхдүүд маань эрхлээд салахгүй шүү дээ. 

С.АРИУНЖАРГАЛ


Онцлох нийтлэлүүд