ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.04.17 02:04

С.Баяр, Ч.Сайханбилэг шиг зориглох Ерөнхий сайд нар ойрын үед төрөхгүй


1990-ээд оноос хойш Оюу толгойн орд улстөрчдийн хувьд хэрүүлийн алим, талцах талбар нь байсаар ирсэн. Тал талаас нь шүүмжилж, хөрөнгө оруулагчдыг үргээж байснаас биш ажил хэрэг болгохоор сэтгэл, зориг шулуудсан хүн үгүй байлаа. Тэгтэл 2009 оны намар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурснаар уул уурхай, эдийн засаг төдийгүй улс эх орны ирээдүй, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх маш том ажлыг эхлүүлсэн юм. Үүгээрээ түүхэн болоод гавьяатай үйл хэргийг С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн. Эрдэнэтээс дөрөв дахин их ашигт малтмалын нөөцтэй Оюу толгойн ордыг ашиглаж эхэлсэн нь Монголын төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон үйл явдал болсон. Тийм ч болохоор С.Баяр “Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан минь том гавьяа” хэмээн ярьсан нь яалт ч үгүй үнэн. Оюу толгойгоос өөр ийм хэмжээний өөр ямар том төсөл хөдөлснийг хэлэх хүн байна уу.

Оюу толгой хөдлөхөөс өмнө 2008 онд манай улсад нийт 709 тэрбум төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан бол 2009 онд 801 тэрбум, 2010 онд нэг их наяд 25 тэрбум төгрөг гадаадын шууд хөрөнгө оруулалтын шугамаар улсын эдийн засагт шингэж байжээ. 2011 онд Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт эрчимжсэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын хувьд дээд амжилт болж тэмдэглэгдсэн гэж болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн их наядад хүрсэн 2011 оноос монголчууд “Хүний хөгжил” сангаас сар болгон 21 мянган төгрөг авч, оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч тодорхой хэмжээний мөнгийг сар бүр олгож, аймаг, сум бүрт төсвөөс олгох хөрөнгийн зардлыг нэмэгдүүлж, манай эдийн засаг тухайн онд 17.3 хувиар өссөн нь мөн л хамгийн дээд үзүүлэлт болсон. Эдийн засаг 17.3 хувиар өслөө гэдэг сайхан мэдээг бүгд сонсоод баярлаж “Хүний хөгжил” сангийн мөнгөнд дугаарлаж, сар болгон Оюу толгойн үр шимээс хүртэж байснаа та бүхэн санаж байна уу. Хоёр жил гаруй хугацаанд улсаас ингэж мөнгө авч байснаа мартаагүй биз дээ. Энэ бүхэн бол Оюу толгойг хөдөлгөсний л ач тус байсан. Одоо ч Оюу толгой хөдөлж байгаагийн хүчинд Монголын ард түмэн хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод л байна.

2012 оны сүүлээс ажиглагдаж эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал Монгол Улсад нөлөөлж 2013 онд байдал хэцүүдэж эхэлсэн. Эдийн засгийн бүхий л салбар уналтад орж, Монголын эдийн засаг дэлхийн уул уурхайн зах зээлийг дагаад хямарсан. Оюу толгойн ордын 20 хувь болох ил уурхайг ажиллуулж эхэлснээр эдийн засгаа бид 17.3 хувьд хүргэж байсан. Энэ хямралаас болж Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гацаж, 80 хувийг бүрдүүлж байсан далд уурхайг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага тулгараад байсан юм. Ингээд 2015 оны сүүлээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг Дубайд үзэглэж эдийн засгийн гацааг арилгасан бас нэгэн гавьяатан.

Хэрвээ 2015 онд Дубайн гэрээг байгуулаагүй байсан бол Монгол Улс дэлхийн эдийн засгийн хямралд өртөх байтугай, дампуурахад сүүлчийн ганц шидэмс нь тасрахад бэлэн байсан. 2008-2009 онд үргэлжилсэн дэлхийн эдийн засгийн хямрал, 2013 оноос одоо хүртэл үргэлжилж байгаа олон улсын хямралд Монгол Улс Оюу толгойнхоо хүчээр л хөл алдахгүй, элгээрээ мөлхчилгүй явсаар ирсэн. Нийгэм, эдийн засгийн хямралт хэдэн жилийн хар бараан шөнийг та бид Оюу толгойн нөмрөөр л давж үүр хаяарууллаа. Одоо эдийн засагт өсөлт ажиглагдаж, гэгээ тусч эхэллээ. Монголчуудын хувьд хямрал цагийн жамаар, аяндаа арилж байна гэхээсээ илүүтэй Оюу толгойн далд уурхай хөдөлж эдийн засагт өсөлт гарч байна гэж тайлбарлах нь зүйтэй. Гэтэл улс эх орноо, ард түмнээ хүнд үеүдэд чирч гаргаж гавьяа байгуулсан Ерөнхий сайд нараа гэмт хэрэг хийсэн хэмээгээд шоронд хорьж байна.

Өнгөрсөн оны байдлаар Оюу толгойн Монгол Улсад зарцуулсан мөнгөн хөрөнгө долоон тэрбум ам.доллар, гүний уурхайн төсөл дээр монгол компаниудтай байгуулсан гэрээний дүн 1.4 тэрбум ам.доллар давж 2017 онд л гэхэд 180 сая ам.долларыг татварт төлж, 5.7 сая ам.долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд оруулаад байгаа аж. Нийтдээ 2010-2017 оны хооронд дотоодын худалдан авалтдаа 2.2 тэрбум ам.доллар зарцуулчихаад байгаа юм байна.

Оюу толгойг хөдөлгөх ёсгүй, хэвтэж л байх ёстой байсан гэж эх орончид хэлдэг. Хэвтэж болно л доо. Хэрвээ хэвтэж л байсан бол Монгол Улс эдийн засгийн хямрал, донсолгоонуудыг яаж туулж гарч ирэх байсан бэ.

Оюу толгойг хөдөлгөсөн, ард түмнээ хоолтой байлгасан Ерөнхий сайд нарыг шоронд хийсэн бол араас нь “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг чичлээд эхэллээ. Байдал нь бүр дэн дун болоод ирж байх шиг байна. Яагаад ч юм Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой гээд бүгдийг гацаах гэсэн гинжин хэлхээ яваад байх шиг байна. Эрдэнэтэд хулгай нүүрлэчихээд байгааг та бид харж байна. 49, 51 хувь гэж хуваагдчихаад хоёр талаас нь хулгайлцгаасан байгаа бол Оюу толгойг улстөржилтөөр гацаачихаад байна. Эрдэнэтэд хийсэн хулгайн хэргээ дарахын тулд Оюу толгой дээр ингэж зориудаар шуугиан дэгдээж байгаа юм.

Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкныхан удаа дараа бидэнд “Танай улс Оюу толгойнхоо хүчинд амьдраад байна шүү” гэдгийг сануулаад байгаа. Өөрсдийн хулгайгаа нуух гэж Оюу толгой дээр гаргаж байгаа улстөржилтөөс үүдэж дэлхийд нэр хүндтэй Рио Тино компанийн хувьцааны үнэ ханш буурч байна. Бага багаар сэргэж байсан гадны хөрөнгө оруулагчдын нааштай байсан хандлага үүнээс болж татрахыг үгүйсгэх аргагүй. Монголчууд аа, цаашид хэдүүлээ яаж амьдрах болж байна аа. Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой, төмөр зам, цахилгаан станд гээд бүтээн байгуулалт, уул уурхайг хөдөлгөсөн болгоныг шоронд хийгээд байхаар юу болох вэ. Ажил хийсэн болгоныг барьж хориод байвал энэ улсад чинь юм хийх эр зоригтон үгүй болох нь. Эсвэл ОХУ, БНХАУ-ын тусламжаар амиа зогоох хувилбарыг сонгож хоосон хармаандаа гараа хөлөргөж гудамж метрлэх болж байна уу. Шонгийн модны ухсан нүхээ бүтээн байгуулалт хэмээн ойлгож сүү дусааж, нийтийн бие засах газар байгууллаа гээд тууз хайчилсаар байх юм уу.

Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх юуг ч хөдөлгөж чадахгүй. Улстөрийн оноо авахын тулд яахав авлигатай тэмцэж байна гэж шуугиан дэгдээсээр хугацаагаа өнгөрөөх байх л даа. Яагаад вэ гэвэл тэр айж байгаа, юм хийхээс эмээж байгаа. Хэрэвзээ зоригтой хөдөлж, шийдвэр гаргаж ажиллавал дараагийн Засгийн газар гарч ирээд өөрийг нь өчиггүй баривчилж хийрхсэн ард түмэн нүүр рүү нь нулимна гэдгийг мэдэж байгаа.

Юм хийсэн хүмүүсийг ингэж баривчилж шоронд хийгээд байхаар эх орон, ард түмнийхээ төлөө зоримог шийдвэр гаргах Ерөнхий сайд гарч ирэх үү. Лав л ойрын арван жил С.Баяр, Ч.Сайханбилэг шиг Ерөнхий сайд дахин төрөхгүй шүү.

Ийм их улстөрждөг, хийрхсэн ард түмнийг хоолтой байлгахын тулд ажил хийгээд хариуд нь шоронд орохыг хэн хүсэх юм бэ.

Монголын хамгийн анхных гэж хэлж болохоор том хөрөнгө оруулалт, барууны гуравдагч хөршийн дэмжлэгээр хөдөлсөн Оюу толгой гацах шинжтэй болчихлоо, эх орончид оо. Монгол Улс яаж хөгжих юм? Оюу толгойн гэрээг байгуулахад байлцсан Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг ч хорьчихлоо. Өрнөж байгаа үйл явдлыг гайхан харж суугаа Оюу толгойн хөрөнгө оруулагчид “Бидэнтэй гэрээ хийсэн болгоныг шоронд хийгээд байх юм уу. Бүх гэрээ хэлцлээ Арбитр дээр тохиролцож байя” гэж байна.

Хийрхсэн ард түмнийг хоолтой байлгах гэхдээ л хийсэн ажлууд шүү дээ, уг нь. Хулгайгаа нуух гэсэн, атаа жөтөө, хувийн өс хонзонгоо тайлах гэсэн хэсэг бүлэг этгээдүүдийн захиалгаар л энэ хүмүүсийг ар араас нь шоронд хийж байна. Хийж, бүтээсэн хүнээс алдаа олох шиг амархан юм үгүй. Юм хийж байгаа хүн л хамгийн их шүүмжлүүлдэг хойно. Бурхныг ч хүртэл шүүмжилдэг ард түмний төлөө ямар ч Ерөнхий сайд чөмгөө дундартал, үсээ цайтал зүтгэлээ ч хожим нь ингэж зэмлэл хүлээх байтугай төмөр торны цаана суудгийг бүгд харж байна. Алдаа олъё гэвэл юунаас ч алдаа олдоно. Өө эрвэл өндөгнөөс өө гардаг гэдэг дээ. Ард түмнээ хоолтой байлгах гэж толгойгоо гашилгаж, томоохон төслүүдийг хөдөлгөсөн Ерөнхий сайд нарыг бөөнөөр нь барьж аваад хориод байгаа нь үнэхээр ч Монгол Улсын гадаад нэр хүндэд халтай л даа.

Нөгөөтэйгүүр хойшид Монгол Улсад юм хийх Ерөнхий сайд нарын зоригийг энэ бүхнээрээ мохоож байна. Зүтгүүргүй, хүчгүй галт тэргийн цуваа хаана хүрнэ гэж вэ. Зүтгүүргүй бол тэр галт тэргүүд зам дээрээ зэвэрнэ. Хүчит хөдөлгүүр, зүтгүүрээ тасалж хаяад байвал байрнаасаа хөдлөхгүй шүү.

Онцлох нийтлэлүүд