ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.01.24 09:01

С.Баясгалан: Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байгаагаас нь В.Путинд ямар ч залгамжлагч байхгүй нь харагдчихлаа


МУИС-ийн багш, Олон улсын харилцаа судлаач С.Баясгалантай ярилцлаа.


-ОХУ-д өрнөөд буй үйл явдлын үр дүнд юу өөрчлөгдөх вэ. Бүрэн утгаараа ардчилсан улс болж чадах уу?

-Хүмүүсийн ойлгож байгаа шиг ардчиллын замаар явах шинэчлэлт биш. Нэгдүгээрт, гадаад, дотоодын орчны нөхцөлөөсөө шалтгаалаад Үндсэн хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасны дагуу В.Путин дахиж ерөнхийлөгчид сонгогдох боломжгүй ч В.Путин ерөнхий сайд болно. Тиймдээ ч ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх бодлого барьж байна гэдгийг зарим судлаач хэлж байгаа. Учир нь Ерөнхийлөгч асар уудам нутаг дэвсгэрийг засаглах, аюулгүй байдлыг анхаарах хэмжээний асуудлыг хариуцаж байхад, дотоод үйл явцыг ерөнхий сайд нь илүү хариуцдаг болох хандлага харагдаж байгаа юм. Гэхдээ В.Путин ерөнхий сайд болох учраас л ийн шийдэж байна гэдэгтэй би санал нэгдэхгүй байгаа. Түүний хувьд ганцхан Засгийн газрын гэлтгүй парламентын эрх мэдлийг нэмэх тийшээ хандаж байна.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэвээрээ байх уу?

-Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг бага зэрэг сулруулна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд эрх мэдэл нь хэвээрээ байна. Ерөнхийлөгч зэвсэгт хүчний командлагч хэвээрээ байна гэсэн үг. Ерөнхийлөгч хууль тогтоох байгуулагын тэргүүнийг холбооны зөвлөлтэй зөвшилцөн өөрөө томилно. Шүүх, прокурорууд засаг захиргааны хэмжээнд томилогддог байсныг одоо нэгдсэн удирдлагад оруулж төвөөс томилдог болно.

Энэ тухайгаа ч өөрөө тайлбарлачихсан шүү дээ. Асар уудам нутаг дэвсгэртэй, олон үндэстэн ястнаас бүрддэг, янз бүрийн шашин, соёлтой хүмүүсийг хүчтэй ерөнхийлөгчийн засаглалаар барихгүй бол болохгүй гэдэг.

-В.Путин Үндсэн хуульд оруулахаар ямар саналуудыг дэвшүүлсэн юм бэ?

-Гадаад аюулгүй байдлын тал дээр ихээхэн нухацтай авч хэлэлцсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн сүүлийн 25-аас доошгүй жил тасралтгүй Орост амьдарсан, гадаад улсын иргэншилгүй, эсвэл гадаадад байнгын оршин сууж байгаагүй, тийм баримт бичиггүй байх ёстой. Засаг дарга, думын гишүүд, холбооны зөвлөлийн гишүүд, ерөнхий сайд, түүний орлогч нар, холбооны сайд болон шүүгчид гадны иргэншилтэй, гадаадад амьдардаг, эсвэл гадаад улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй байж болохгүй. Орон нутгийн захиргаа, өөрөө удирдах эрхийг өргөн бэхжүүлэх, орон нутгийн болон төвийн захиргааны хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй. Мөн мужийн Засаг дарга нарын үүрэг, хариуцлагыг нэмж, бие даан шийдвэр гаргах боломжийг дээрдүүлэх, төрийн зөвлөлийн үүрэг ач холбогдлыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзжээ.

-Дээр парламентад эрх мэдэл өгч байгаа гэлээ. Парламентын засаглалааа бэхжүүлэхэд ямар өөрчлөлт оруулав?

- Одоогийн Үндсэн хуулиар ерөнхийлөгч Засгийн газрыг бүрдүүлэхдээ парламентын зөвшөөрлийг л авдаг. Дараа нь ерөнхийлөгч өөрөө Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилдог. Харин энэ удаад парламент Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилдог болох нь. Тодруулбал, ерөнхий сайдын зөвлөмжөөр дэд сайд болон холбооны сайд нарыг томилно, үүнийг ерөнхийлөгч батлах үүрэгтэй. Гэхдээ ерөнхийлөгч ерөнхий сайд, түүний орлогч, холбооны сайд нарыг чөлөөлөх эрхтэй байна.

-В.Путин гэнэт яагаад ингэж шийдэх болов?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаагаас нь В.Путинд ямар ч залгамжлагч байхгүй гэдэг нь л харагдчихлаа. Тэр удаан явахгүй. Тиймдээ ч энэ асуудал тун ярвигтай болчихож байгаа юм. Учир нь В.Путины дараа гарч ирэх хүн Оросыг энэ хэвээр нь байлгаж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. В.Путин хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч. ОХУ ч өөрөө зүгээр нэг улс биш шүү дээ. Олигархи, мафийн бүлэглэл гээд маш хүчтэй лобби бүлгүүдтэй. Түүнийг барьж байгаа хүн нь В.Путин өөрөө. Тэд ч түүнийг хүлээн зөвшөөрчихсөн. Энэ утгаараа В.Путины дараагийн хүнийг хүлээн зөвшөөрөх эсэх нь асуудалтай. Одоохондоо тодорсон нэг ч хүн алга. Тиймээс засаглалын хэмжээнд чөлөөт сонгуулиар нэг хүн гарч ирлээ гэхэд төрийг нь бужигнуулахгүй байх тэр системийг бий болгох асуудлыг одоо ярьж эхэлж байна. Сонгогдсон хүн нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийх хэмжээнд оччихгүй байх тогтолцоог бүрдүүлэх гээд л үзээд байна.

-Дмитрий Медведевийг ерөнхий сайдаас нь буулгаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө дэд даргаар тавилаа. Энэ нь ямар учиртай юм бэ. Дэн Сяопин, Назарбаев шиг насан туршдаа улсынхаа эзэн нь байх бүтцийг бий болгож байгаа гэх хардлага ч байх юм?

-Ойр дотны хамгийн найдвартай хүн нь учраас л тэнд томилогдлоо. ҮАБЗ-д хамгийн итгэлтэй ойр дотны хүмүүсээ тавихгүй бол болохгүй. Түүнээс Дмитрий Медведев мундагтаа биш, тэр В.Путины хаана нь ч хүрэхгүй. Түүнийг залгамжлагч гэж үзэх үндэс ч байхгүй. Тэр хэмжээнд хүрэхээр чадалтай хүн биш. Оросууд нь ч түүнийг тоодоггүй.

В.Путин ерөнхийлөгч байх үедээ системийг шинэчилнэ. Харин В.Путиныг ерөнхий сайд болоход бүх зүйлийг зүгшрүүлчихсэн байх үүрэг саяын томилогдсон Михаил Мишустинд оногдох шатрын нүүдэл хийж байхыг үгүйсгэхгүй. Михаил Мишустин мэдээллийн технологи, эдийн засгийн чиглэлийн хүн шүү дээ.

-Үндсэн хуульд оруулах В.Путины саналууд дэмжигдэх нь дамжиггүй юу?

-100 хувь дэмжигдэнэ. Оросыг ардчилсан системтэй гэж байгаа боловч яг нарийндаа авторитар дэглэмтэй. Саяын В.Путины Засгийн газраа тараах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэн ч мэдээгүй л байсан. Дмитрий Медведев ч өөрөө мэдээгүй. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг мэдэгдэл хийсний дараа шууд өөртэй нь уулзаж өргөдлөө өгсөн. Үндсэн хуулийн асуудалд саналаа нэг удаа хэлсэн, тэгээд л гүйцээ. Одоо баг нь Үндсэн хуулиа бэлэн болсон гэж үзсэн тэр цагт шууд л батална. Тэгж их цаг алдах, сунжрах зүйл байхгүй.

-ОХУ-д өрнөж буй энэ үйл явдал, өөрчлөлтүүд манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ямар ч өөрчлөлт гарахгүй. Харин В.Путины хийж буй энэ алхам маш холч хараатай байна. БНХАУ ганцхан даргатай. Мэдээж хүн л юм болсон хойно эрүүл мэндийн хувьд асуудал үүснэ. Тэр тохиолдолд БНХАУ яах вэ. Үүний дараахыг бодсон зүйл байдаг болов уу. ОХУ-ыг ардчилсан гэхээ больё гэхэд харьцангуй уян хатан засаглал руу орчихоод байгаа юм. Одоогийн байгаа тогтвортой байдлаа хангах гэж энэ мэт байдлаар хичээж байна. Манайд ОХУ тогтвортой байх нь хамгийн чухал.


Онцлох нийтлэлүүд