ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.05.19 05:05

С.Бямбацогт: 2010 оноос хойш хар тамхи хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байгаа юм.

Хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өгч байна. Асуулгатай холбогдуулан гишүүд асуулга тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Мансууруулах бодис дэлхий нийтийн анхааралд байдаг том асуудал. Манай улс хар тамхийг зөөвөрлөгч, тээвэрлэгч орны тоонд багтдаг байсан. Одоо хэрэглэгч орны тоонд орсон гэж байгаа нь харамсалтай мэдээ байна. Мансууруулах бодис, хар тамхины хэрэглээ өсвөр үе, залуу насны хүүхдүүдэд тархаж байгаа нь бидний сэтгэлийг зовоосон асуудал болжээ. Тэгэхээр манай улс 2007 онд дэлхий нийтийн гаргасан хууль тогтоомж, гэрээнд өөрийн улсын адил нэгдэн орно гэж гарын үсэг зурсан байдаг.

Гадны улс орнуудад урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх ажлыг сайн хийдэг юм билээ. Энэ талаар гадны улс орнуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ, хил дээр ганц нохойноос өөр тоног төхөөрөмж байна уу. Допинг, хар тамхийг илрүүлэх улсын лаборатори манайд байдаггүй. Үүнийг бий болгох судалгаа, зорилт байгаа юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Манай улсад нэг хүндрэлтэй зүйл байдаг нь хар тамхи худалдаж, борлуулсан этгээдэд оногдуулах ял шийтгэл бага байна. Тиймээс танай улсад ялтан шилжүүлэх боломж муу байна гэж ярьдаг. Тэгэхээр сая батлагдсан Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийн хэмжээ нэмэгдсэн учир энэ тал дээр тодорхой арга хэмжээ авах бололцоотой болно. Сүүлийн 2010 оноос хойш хар тамхи хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэсэн судалгаа гарч байгаа. Үүнд 18-25 насны залуус илүү хэрэглэгч болж байна гэсэн тоо биднийг түгшээж байгаа.

Хар тамхины хор нөлөөг өсвөр насныханд таниулах, сурталчлах, ухамсарлуулах үйл ажиллагааг хийж, зорилтоо тодорхойлж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэрэмжлүүлэх, болгоомжлуулах гэхээсээ илүү шохоорхох, сонирхох чиглэл рүү нь сенсаацлах явдал гарч байна. Болгоомжлуулах байтал тэр сургуулийн хүүхдүүд ангиараа хэрэглэжээ гэсэн мэдээ явахаар бид бас хоцорчихсон юм биш байгаа гэж сонирхох хандлага үүсч байна.

Цагдаагийн байгууллагад энэ талаар судалгаа хийгдсэн байдаг. Бодит байдал дээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 1100 хүний бүртгэл байдаг. Нэг хүний ард таван хүн байдаг гэвэл 5-6 мянган хүн гэж бид тооцоолж байгаа. Гэтэл жар, далан мянган хүн хэрэглэдэг, дунд сургуулийн анги болгон хэрэглэж байна гээд шуугиад байхаар хүүхдүүд “бид хоцорчихсон юм биш байгаа” гэж бодох эрсдэлд оруулж байна.

Тоног төхөөрөмж, лабораторийн хувьд хүндрэлтэй байгаа. Хил дээр рентген төхөөрөмж тавихаас гадна оруулж ирэхдээ бараандаа нуух, биедээ тээх асуудлууд байгаа. Биедээ тээсэн тохиолдолд рентген туяагаар илэрдэг. Ачаа бараандаа нуусан бол нэлээн нарийн тоног төхөөрөмж хэрэглэхээс аргагүй болдог. Гэтэл аль аль нь манайд хангалттай биш.

Гадны байгууллагуудтай хамтарч ажиллах асуудал дээр бид Интерпол, Хятад улсын Нийгмийн аюулаас хамгаалах яам, Солонгос зэрэг улсуудтай хамтрах чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал Солонгосын Ерөнхий прокурорын Мансууруулах бодистой тэмцэх албаныхан өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн. Нийтдээ 337 сая воны санхүүжилттэй төслийг ойрын үед эхлүүлэхээр болсон байгаа. Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яаманд лабораторийн талын, гэмт хэргийг илрүүлэх тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр олгооч гэсэн санал тавьсан байгаа. Засгийн газар, УИХ-ын зүгээс бидэнд тодорхой дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Яг хар тамхи гэдгийг НҮБ-аар тодорхойлсон байдаг. Сэтгэцэд нөлөөлөх бодис янз бүр байдаг. Сэтгэцэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэх мэт. Түүнээс хамаараад ял шийтгэл янз бүр байдаг. Гэтэл таны энэ хуулийн бодлогын орж байгаа зүйл дээр хар тамхитай холбоотой заалт, санкц алга. Та үүнтэй санал нийлэх үү. Худалдан борлуулсан бол 2-8 жил цаад тал нь 12 жил гэж байна. Хуучин 2002 оны хуулин дээр хэд байсан юм бэ. Одоо хэд болгочихоод байгаа юм бэ. Үүн дээр маш тодорхой хариулж өгөөч Хууль зүйн сайд аа. Ер нь хар тамхи ургамлын гаралтай, химийн гаралтай гэж хоёр янз байдаг. Мансууруулдаг ургамал гэж юуг хэлээд байгааг би бас ойлгохгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Манай О.Баасанхүү гишүүн маань мушгихдаа, мурихдаа, гөрдөхдөө сайн л даа. Бас л мушгиж, гөрддөгөөрөө л хандаж байна. Хар тамхи гэж бичээгүй болохоор энэ хууль чинь хар тамхи хэрэглэхийг өршөөчихсөн, ялын бодлогыг хөнгөлчихсөн гэж хэлэх гээд байх шиг байна. Битгий тэгж мушгиж бай л даа та. НҮБ-ын мансуурах тухай конвенцед Монгол Улс 1990 онд элссэн. Сэтгэцэд нөлөөлөх тухай конвенцед 1999 онд нэгдсэн. Хууль бус хэрэглээтэй тэмцэх конвенцид 2001 онд нэгдсэн. Олон улсын нэр томъёо нь хар тамхи биш мансууруулах бодис гэж байдаг. 2002 онд баталсан хуулинд ч энэ нэр томъёо байгаа. Энэ хуулинд үйлдэл, шинж тэмдгээр нь маш нарийн зүйлчлээд өгсөн байгаа. Дээрээс нь үйлдэлд нь тохирох ялыг дотор нь зааглаад өгсөн байгаа.

О.ӨНӨР

Онцлох нийтлэлүүд