Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2015.12.23 12:12

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийжээ

-Б.БУЛГАНЫ БИЕИЙН БАЙДАЛ МУУ БАЙГАА ГЭДГИЙГ ӨМГӨӨЛӨГЧ ХЭЛЭВ-

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Б.Булганыг цагдан хориод сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагаас албан ёсоор өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. ЦЕГ-аас ”Б.Булганыг баривчилсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж тухайн үед мэдэгдсэн. Б.Булган яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүн О.Содбилэг “Миний аав Ш.Отгонбилэгийг С.Зориг агсны хэрэгт буруутган хэлмэгдүүлэх гэж байна” гэж твиттер хуудастаа жиргэсний дараа УЕПГ-ын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Энэ хэргийн талаар хэвлэлд мэдээлэл гарах нь ямар ашигтай вэ. Харин ч хэргийн явцад сөргөөр нөлөөлнө. С.Зоригийн хэргийг улстөржүүлж байна гэдэг ч улс төрийнхөн энэ тухай асууж байгаа нь өөрсдөө үүнийг улстөржүүлээд байгаа хэрэг. Хэргийг шалгаж дууссаны дараа ганц ч зүйл орхигдуулахгүйгээр мэдээлэх болно” хэмээсэн юм. Дээрх тодорхой бус хоёр хариултыг эс тооцвол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний 17 жилийн дараахь мөрдөн байцаалтын явц, маш нууц гэж хаягласан энэ хэрэг үнэхээр илэрч байна уу.

Чухам юу болоод байна вэ гэсэн асуултад олон нийт анхаарлаа хандуулсаар байна. Хуулийн байгууллагынхны мэдээлэлтэй мэдээлэлгүй С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудаас хэвлэлийнхэн боломжоороо шүүрдэн мэдээлж байгаа.

МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛ 65 ХУВЬТАЙ ЯВААГ ОНЦОЛСОН БАЙНА

Бидэнд олдсон мэдээллээр тус ажлын хэсгийнхэн Б.Булганыг ямар шалтгаанаар баривчилсан, Орхон-Уул аймгаас баривчилсан гэх хоёр иргэн энэ хэрэгт ямар оролцоотой зэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саяхан танилцуулжээ. Хуулийн байгууллагынхны танилцуулгыг сонсоод зөвлөлийн зарим нь “Энэ хэргийг нягтлан шалгаж, ул суурьтай хандсаны эцэст тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой” гэсэн байр сууринаас хандсан гэнэ.

Эх сурвалжийн ярьж буйгаар бол энэ хэргийг илрүүлэх мөрдөн байцаалтын ажил 65 хувьтай явааг онцолж, нотлох баримт судалгааны ажлыг цуглуулж байгаа бөгөөд гадаадаас шинжээчид оролцуулж буй гэх мэдээлэл өгсөн байна. Мөн энэ үеэр хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүсийн өмгөөллийн асуудал болон хэргийг бүрэн илрүүлтэл маш нууцын зэрэглэлийг өндөр түвшинд байх ёстойг ажлын хэсгийнхэнд анхааруулсан гэх мэдээлэл байна.

ӨМГӨӨЛӨГЧИД ЮУНААС БОЛЖ ТАТГАЛЗАВ

Харин энэ хэргийн эргэн тойронд үйл явдал багагүй өрнөж байгаа бололтой. Б.Булганыг баривчлагдсаны дараа ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч авсан боловч ажлын хэсгийнхэн нууцын зэрэглэлтэй хэмээн гарын үсэг зуруулж өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр ажлын хэсгийнхний зүгээс үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломж бололцоогоор өмгөөлөгч нарыг хангаж өгөхгүй байсан аж. Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож буй Б.Булгантай өмгөөлөгч нь уулзахад багагүй бэрхшээл тулгарсан байна. Иймд өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчтэйгээ уулзах, өмгөөлөл авах эрхтэй гэдэг асуудлыг холбогдох газруудад тавьсан боловч амжилт олоогүй юм байна. Маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул энэ тухай олон нийтэд хандаж үг хэлэх боломж өмгөөлөгч нарт байхгүй учраас тэд Б.Булганыг өмгөөлөхөөсөө татгалзжээ.

Орхон-Уул аймгаас баривчлагдсан хоёр залуу харин өмгөөлөгч авсан байна. Гэхдээ өмгөөлөгчдийг нь ч бас уулзах боломжоор хангахгүй байгаа мэдээлэл бидэнд ирсэн юм. Б.Булганы ар гэрийнхний авсан өмгөөлөгч нар “Энэ хэрэгт ажиллах боломж бололцоо алга” хэмээн татгалзсан хариу өгсний дараа дахин өмгөөлөл үзүүлэх хүн олдоход бэрх болсон гэнэ. Иймд Хууль зүйн яамны дэргэд байдаг улсын өмгөөлөгч нарыг авах асуудал ч яригдсан байна. Улсын гэх тодотголтой өмгөөлөгчид нь төлбөрийн чадваргүй болон өмгөөлөх хүн олдохгүй байгаа сэжигтэнд өмгөөллийн үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр хүргэдэг юм байна. Харин Б.Булганы гадаадад амьдарч байсан охин нь ээжийгээ баривчлагдсаныг дуулаад Монголд ирсэн байна. Тэрбээр өмгөөлөгч авч, ээждээ анхаарал тавьж байгаа гэнэ.

ХЭҮК-ЫНХОН Б.БУЛГАНЫ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАГДАЖ БУЙ ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

С.Зориг агсны амь насыг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөлөл үзүүлж буй зарим өмгөөлөгч нараас тодруулга авсан юм. Нууцын зэрэглэлтэйгээр хэрэг шалгагдаж буй тул тэдний нэрийг нууцалж мөн мөрдөн байцаалтын нууцад хамаарах зүйлсийг асуугаагүй гэдгээ энд тодруулах нь зөв байх. Нөгөө талаар хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Шүүхээр шийтгэгдэж, ял аваагүй бол сэжигтнүүдийг гэмт хэрэгтэнд тооцдоггүй бөгөөд иргэн бүр өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй гэдгийг энд дурдах нь зөв байх.

Учир нь Хүний эрхийн үндэсний комисс хэд хоногийн өмнө хүний эрх зөрчигдөж буй талаарх судалгааны тайлангаа тавьсан байна. Үүнд хуулийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж олдохгүй байна. Тэдний эрх зөрчигдөж байна гэсэн зүйл яригджээ. Зарим нэг хүн энэ талаар гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Харамсалтай нь тус комиссынхон хуулийнхны шалгагдаж буй хэрэг шүүхээр шийдэгдээгүй л бол хөндлөнгөөс оролцох эрхгүй байдгаа уламжилсан гэнэ. Ингээд өмгөөлөгч нараас авсан тодруулгаа нэгтгэн хүргэе.

Өмгөөлөгч: МАШ НУУЦЫН ЗЭРГИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА ГЭЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРААД БИДНЭЭС БАТАЛГАА АВСАН

-Та үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу?

-Нэг л удаа уулзсан. Тэр болгон уулзуулахгүй байна. Бид чинь маш нууцын зэргийг хангаж ажиллана гээд гарын үсэг зураад баталгаа өгсөн болохоор хамаагүй дэлгэрэнгүй зүйл ярьж болохгүй байна.

-Мөрдөн байцаалтын нууцтай холбоогүй энгийн зүйл асууж байгаа болохоор гайгүй байлгүй дээ?

-Тэгсэн ч гэсэн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаа­лаад хэрэгт хамааралгүй гээд хэлэх ч боломж алга, хэцүү байна.

-Өмгөөлөл явуулах бүрэн боломж олгохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үнэхээр ажил хийх боломж бололцоо гаргаж өгч чадахгүй байна. Ажлын хэсгийнхнээс зөвшөөрөл аваагүй бол Төв аймгийн цагдан хорих төвийнхөн үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжоор хангахгүй, хэцүү юм. Гэтэл бусдыг ямар байна. Ямар баримт үндэслэн саатуулсан зэргийг лавлаж ч чадахгүй явна. Мэдүүлэг авах үед нь очсон болоод байж байна. Хэлэхэд хэцүү ч үнэн нь тэр. Ийм байдлаар үйлчилгээ явуулж байхаар өмгөөлөхөөсөө татгалздаг ч юм бил үү гэж бодож байна.

-Б.Булганы биеийн байдал ямархуу байгаа вэ. Ар гэрийнхнийг нь уулзуулж байна уу?

-Түүний бие муу байгаа. Ядарсан, цонхийсон, даралт нь өндөр байна. Хоригдоод суурь өвчин нь сэдэрч эхэлж байна. Эмчлүүлэх, биеийн байдалд нь анхаарал тавих битгий хэл очоод уулзах боломж алга.

-Нөгөө шалгагдаж буй хүмүүст өмгөөлөл үзүүлэх байдал иймэрхүү янзтай байгаа юу?

-Бас л ийм л янзтай байгаа гэлээ.

Дээрх мэдээллүүдээс харвал С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хүрээнд үйл явдал ийн өрнөж байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйлс ч явж байгааг дээрх тодруулга харуулж байна. Талийгаачийн эхнэрийг барьж, саатуулснаас хойш олон хүн С.Зориг агсныг алсан хэрэгт нэр холбогдож эхэлсэн. Эхлээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аав Ш.Отгонбилэг агсны нэр дуулдлаа. Түүнийг өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн тухай яриа гарав. Харин үүнд түүний хүү О.Содбилэг тайлбар өгөхдөө “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна. Хэдэн сарын өмнө нөлөө бүхий нэг хүн намайг дуудаж, аавыг чинь С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн. Хоёулаа учир битүүлгээр амиа алдсан энэ хоёр хүний хэргийг хооронд нь холбох гэсэн улс төрийн зорилготой зохиол явж байна” хэмээн өөрийн бодлоо илэрхийлсэн юм. Чухам 17 жил ахиц гараагүй С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 2016 оны сонгуулийн өмнө ийнхүү гарч ирлээ. Улстөржилт эсвэл үнэхээр хэрэг илэрч байгааг хэлэхэд эрт юм. Учир нь шүүхээр гэм буруутайг нь хэлэлцээгүй энэ үед асуудал хаашаа ч эргэж болох. С.Зоригийг Ш.Отгонбилэг хөнөөсөн хэмээн бичигдэж эхлээд удаагүй байтал түүнийг Э.Бат-Үүл хөнөөсөн, хэргийн эзэн олдлоо гэх мэдээлэл түгэв. Хэрэг гардаг өдөр Э.Бат-Үүл малгайгаа орхисон нь хэргийн гол баримт гэж үзсэн талаарх мэдээлэл “Ноцтой мэдээ” сонинд цацагдсан. Үүнийг шалгуулахаар Хотын дарга Э.Бат-Үүл хуулийн байгууллагад хандсанаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Онцлох нийтлэлүүд