ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.07 09:09

С.Нарангэрэл: Үндсэн хуулийн Цэц нөхөн сонгуулийн утгагүй шийдвэрээ өөрсдөө хүчингүй болгох ёстой

Хуульч, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол хаврын чуулганаар батлагдсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц УИХ-ын уг тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргалаа. Хэдийгээр Цэц шийдвэрээ гаргасан ч иргэдийн зүгээс “Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган иргэнийг хохироож болохгүй. Нөхөн сонгуулиа явуул” гэж байгаа. Нөгөө хэсэг нь “Цэцийн шийдвэр гарсан” гээд байх юм. Үндсэн хуулийн Цэцэд эрх баригчид нөлөөлсөн гэсэн хардлага бий. Энэ процессийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь үндэслэл муутай, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгад нийцээгүй. Дараа иймэрхүү асуудал үүсэхэд жишиг болж гарна гэсэн үг. Нэг жишээ авъя. УИХ-ын гишүүд бүгдээрээ нэгэн хүлээн авалтад оржээ. Өнөөдөр Монгол Улсад хүнсний аюулгүй байдал үндсэндээ алдагдсан. Тиймээс тэр хоолонд нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой зүйл байгаад бараг бүгдээрээ хордож, ихэнх гишүүд цаашид хөдөлмөрийн чадваргүй болоод УИХ-ын ирц бүрдэхээ болилоо. Улс орныг хэвийн удирдах, Монгол Улсын эрх ашигт хамаатай шийдвэр гаргах ямар ч боломжгүй болж байгаа юм. Энэ нөхцөлд төрийн албан хаагчдыг сонгуульд оруулахын тулд нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлыг нь өгүүлнэ гээд бүтэн жил улс орон ямар ч удирдлагагүй болбол яах вэ. Үндсэн хуулийн зөвхөн ганц тойрог дээр биш, улс орны хэмжээнд ингэж бодож, ухаарах шаардлагатай байсан.

Мөн Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль хоёрын аль нь илүү хүчин чадалтай вэ гэдгийг бид бодолцох ёстой. Сонгуулийн тухай хуульд байгаа төрийн албан хаагч нэгдүгээр сарын нэгнээс өмнө ажлаа өгнө. Зургаан сар өнгөрсний дараа сонгуульд орно гэдэг нь ээлжит сонгуулийн үеийн зохицуулалт. Манай сургуульд сурч байгаа сайн оюутнуудаас муу шийдвэр гаргасан гэж багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн хүний хувьд үзэж байгаа. Тиймээс Үндсэн хуулийн Цэц өөрсдөө нөхөн сонгуулийн утга учиргүй энэ шийдвэрээ хүчингүй болгох ёстой гэдгийг зориуд хатуу цохон тэмдэглэмээр байна.

-Намрын чуулган эхлээд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж таарна. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэвэл яах юм. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх үү?

-Их хурал намрын чуулганаараа хэлэлцэнэ. УИХ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл Цэц Их суудлын хуралдаанаа хийнэ.

Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа шинжлэх ухаан, амьдрал, улс орны хэвийн байдлыг бүх талаас нь бодож шийдвэр гаргах ёстой. Түүнээс сонгуульд оролцож магадгүй гэсэн ганц нэг хүнээс айгаад тийм шийдвэр гаргаж болохгүй.

-Зарим хүмүүс намрын чуулган эхэлсний дараа Сонгуулийн тухай хуулийн хугацаа заасан заалтуудыг нэмэлт, өөрчлөлтөөр авсан тохиолдолд заавал ирэх оны зургадугаар сарыг хүлээх шаардлагагүй. Наана нь нөхөн сонгуулиа явуулах боломжтой гэх юм?

-Сонгуулийн тухай хуульд заавал өөрчлөлт оруулж байж шийднэ гэж ойлгож болохгүй. Яагаад гэхээр нөхөн сонгууль гэдэг нь тусгай тохиолдол. Тусгай тохиолдолд төлөөлөлгүй болсон тойрог дээр л сонгогчдын төлөөллийг цаг алгуурлалгүйгээр бий болгох асуудал. Түүнээс тэнд төрийн албан хаагч нэр дэвшчихвэл заавал ажлаас нь чөлөөлнө гэсэн заалтыг гол болгох шаардлагагүй. Хамгийн чухал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол төрийн хэвийн үйл ажиллагааг л алдагдуулахгүй байлгах, ард түмнийхээ эрх ашгийн асуудалд Үндсэн хуулийн Цэц анхаарал тавих ёстой байсан.

-Үндсэн хуулийн Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргачихаар яах юм. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг. Хариуцлага байх ёстой биз дээ?

-Үндсэн хуулийн Цэц ингэж дампууралд орох нь аргагүй. 1990 оны сүүлч, 2000 оны эхээр УИХ өөрөө ийм болгосон. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг бол хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байна гээд биччихсэн байгаа. Хууль зүйн өндөр мэргэшил гэж юу юм. Улс орны хэмжээнд хууль зүйн дээд албан тушаалд ажилласан туршлагатай, УИХ-ын гишүүн юм уу, улс төрийн томоохон албан тушаалыг нэр төртэй хааж байсан тийм хүмүүс л дээ. Гэтэл өнөөдөр ихэнх дээд сургууль хуулийн ангитай болчихсон. Ямар ч хамаагүй сургуулийн хуулийн анги төгссөн хүнийг хуулийн дээд боловсролтой, аль нэг намын гишүүн байх юм бол улс төрийн өндөр боловсролтой гэж урвуулан Үндсэн хуулийг дэндүү муухайгаар тайлбарлаж байна.

Ний нуугүй хэлэхэд 2001, 2005 онд хоёр удаа Их хурлын гишүүдийн саналаар намайг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс унагасан. Түүнээс хойш гаргаж байгаа хүмүүсийг нь хар. Юу болоод байна вэ гэдэг нь илүү тодорхой харагдаж байгаа биз.

-Цэцийн гишүүдийн хариуцлагыг яаж нэмэгдүүлэх ёстой юм бэ. Эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрийнхөө хүнийг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд өөрийнхөө хүнийг Үндсэн хуулийн Цэцэд оруулдаг жишиг бий болчихсон. Ингээд ирэхээрээ өнөө бүлэглэл чинь өөрсдөө хуулийн хамгаалалтад орчихоод байгаа юм биш үү?

-Бидний эх орон Монгол Улс дэлхийн бусад улс үндэстэй харьцуулахад үндэсний асар их өвөрмөц онцлогтой. Тухайлбал, хөдөлмөрлөх чадвартай насанд хүрсэн хүн хэд билээ. Тэднээс дадлага туршлагатай нь хэд билээ. Ингээд бодохоор цаашид олон намын тогтолцоо ялангуяа намын гишүүнчлэлийг харж албан тушаалд тавьдаг байдал болохгүй юм байна гэдэг нь харагдлаа. Хүнийг ёс суртахуун, мэдлэг, чадвар, туршлагаар нь ажилд тавих хэрэгтэй. Монгол Улсад Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа суулгахгүй бол болохгүй юм байна гэдэг нь харагдаж байна.

-Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг өөрчлөх ёстой вэ?

-Төрийн тогтолцоонд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт хийх цаг нь болсон. Монгол Улс 30 шахам жил олон толгойтой могой шиг явж ирлээ. Бүх зүйл нь дампуурал, мөхөл, сүйрэл рүүгээ явсан. Тиймээс Монгол Улсыг эзэнтэй болгох хэрэгтэй. УИХ гэдэг бол хамтын хариуцлага. Хамтын хариуцлага гэдэг нь хариуцлагагүй гэсэн үг. Хариуцлага гэдэг бол хувь хүний өндөр хариуцлага байх ёстой. Ингэж гэмээнэ Монгол Улс хөгжил, дэвшлийн замдаа орно.

-Сүүлийн үед манайхан баталсан хууль хэрэгжихгүй байна гэж ярих болсон. Зарим тохиолдолд хуулийн мухардалд орлоо гэж хуульч гишүүд нь ярих юм. Хувь хүн гудамжаар явж байгаад мухар гудамж руу орсон бол буцаж гараад зөв замаа олох сон. Гэтэл хууль мухардалд орно гэхээр нэг л санаанд буухгүй юм л даа?

-УИХ буюу парламент хууль зохиодог байгууллага биш. Хуулийг батлах уу, үгүй юу гэдэг асуудлыг л шийдвэрлэдэг. Хуулийн амин сүнс нь ёс суртахуун, шударга ёс, жудаг, нинжин нигүүлсэнгүй сэтгэл, нэр төр, тэсвэр тэвчээр, шуналгүй байх, атгаг сэтгэлгүй байх, үнэн, итгэл.

Хуулиар энэ бүгдийг л хамгаалж байх ёстой. Гэтэл хууль тогтоогчид гадагшаа явж ганц нэг гайгүй хуулийн заалт харчихаад тэрийгээ батлуулах гэж улайрсаар байгаад улс орныхоо эрх зүйн тогтолцоо, өмнө нь байсан уламжлалт зүйлсээ самраад дуусгасан.

Тиймээс УИХ-ын гишүүдэд хандаж ний нуугүй хэлье. Та нарын хууль тогтоогч гэдэг үг бол хууль батална. Батлах ёстой хуулийнх нь уг үндэс нь улс орны өвөрмөц онцлог, ард түмний амьдралын зайлшгүй шаардлага, улс оронд болж бүтэхгүй байгаа зангилаа асуудлуудыг зохицуулж шийдвэрлэх эрх ашгаас л ургаж гарна. Өнөөдөр манай УИХ-ын гишүүд батлуулсан, өөрчлүүлсэн хуулийнхаа тоогоор ажил хийсэн болдог, яам, агентлагууд хүртэл хуульд өөрчлөлт оруулах гээд улайрдаг боллоо. Монгол Улсад байгууллага болгон бараг хуультай болсон цаг. Манай улсад 600 гаруй хууль хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл үнэ цэнэгүй хуулийн үйлдвэрлэл өнгөрсөн 30 жилд хийгдсэн. Энэ хугацаанд хөгжил дэвшил авч ирсэнгүй. Хуулийг хар үгээр хэлбэл үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ үгэнд ордог. Эх, эцэг нь эх, эцэг шиг байдаг. Ах нь дүү нартаа үлгэр дуурайл үзүүлдэг. Дүү нар нь ахыгаа дагадаг. Айл бэрээ хүндэлдэг, бэр нь хадмуудаа хүндэлдэг, эх, эцэг, багш ах захаа хүндэлдэг ийм болгосон хууль л улс орныг хөгжил дэвшилд авч ирдэг. Хууль гэдэг угтаа энэ. Үүнийгээ ойлгохоо байснаас биш дампуурсан. Сүүлдээ хуулийн мухардал гэдэг юм яриад сууж байна. УИХ чинь “Болъё. Хуулийн мухардалд орчихлоо” гэдэг болсон шүү дээ.

-Хуулийн мухардал гэж байдаг юм уу?

-Тийм юм ерөөсөө байхгүй.

Э.ЭНХБОЛД

Онцлох нийтлэлүүд