ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2017.06.09 02:06

С.Пүрэвсүх: Дэлхийн дэвжээнд гарч, монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн Г.Ганбаяр шавиараа бахархаж байна

Манай улсын хөлбөмбөгийн өсвөр үеийн шилдэг дөрвөн тамирчин Ференц Пушкашийн нэрэмжит академид өнгөрсөн жил суралцахаар Унгар улсыг зорьсон билээ. Эдгээр тамирчдийн нэг болох Ганболдын Ганбаяр “Пушкаш”-ийн академийн багийн өмсгөлтэй “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорьж байна. Энэхүү тэмцээнд “Байерн Мюнхен”, “Реал Мадрид” хэмээх дэлхийн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насны багууд оролцдгийг хөлбөмбөг сонирхогчид, фанаатууд андахгүй биз ээ. Тэгвэл Г.Ганбаяр өнгөрсөн баасан гаригт “Пушкашийн академи”-ийн багийн хамтаар “Сузуки цом”-ын эхний тоглолтоо дэлхийд алдартай “Байерн мюнхен”-тэй хийсэн. Дэлхийд тэргүүлэгч шилдэг клубийн багтай “Пушкашийн академи”-ийн тамирчид энэ тэнцүүхэн тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үеийн дунд хүртэл хэн хэн нь гоолгүй тэнцсэн юм. Улмаар тоглолтын сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр орж ирсэн нь Монгол хөлбөмбөгчин дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал болсон. Г.Ганбаярыг талбайд гараад долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулснаар 1:0-ээр дэлхийн шилдэг баг “Байерн Мюнхен”-ийг буулган авчээ. Ийнхүү хүн төрөлхтний аугаа спорт хөлбөмбөгийн дэлхийн дэвжээнд монгол хүү гарч, олон улсад эх орныхоо нэрийг цуурайтууллаа. Ингээд түүний багш олон улсын хэмжээний мастер С. Пүрэвсүхтэй энэхүү түүхэн үйл явдлын талаар болон гарын шавь Г.Ганболдын тухай ярилцлаа.

-Таны шавь Г.Ганболд дэлхийн дэвжээнд гарлаа. Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ амжилт гэж харж байна. Энэ талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Энэ хүүхдийн багшийн хувьд үнэхээр их баяртай байна. Өнгөрсөн жил манай улсын шилдэг тамирчин Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нарыг Ференц Пушкашийн нэрэмжит академид суралцахаар Унгар улсыг зорих үед миний бие хариуцан шалгалт авч байлаа. Тухайн үед эдгээр дөрвөн шавьдаа “Та нар анх удаагаа Европын шилдэг академид очих гэж байна. Тэр газар бүтэн жил суралцаад, тоглоно гэдэг асар их хариуцлага шүү. Та нарыг амжилттай сайн суралцаад ирвэл, монголын хөлбөмбөгийн дараагийн үе дэлхийд гарах боломжтой болно гэдгийг сайн санах хэрэгтэй” хэмээн захиж билээ. Харин Г.Ганбаяр маань багшийнхаа итгэлийг алдалгүй, Пушкашийн үндэсний шигшээ багт нь тоглож, дэлхийн дэвжээнд гарч чадлаа. Энэ бол манай улсын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээх, том амжилт юм. Дэлхийн дэвжээнд гарч, монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн Г.Ганбаяр шавиараа бахархаж байна.

-Г.Ганбаярын гараанд гарч тоглосон тоглолтыг сэтгэл догдлон үзсэн байлгүй?

- Ер нь дэлхийн хэмжээний багуудтай Монгол тамирчин өрсөлдөнө гэдэг бидэнд ямар их боломж байгааг харууллаа. Тоглолтыг нь үзэлгүй яах уу. Гарч талбай дээр гарч ирэх тэр мөчид нулимс дуслуулсан шүү. Пушкашийн шигээ багийн үндсэн гараанд гарч тоглоогүй ч хоёрдугаар ээлжинд тоглохдоо үнэхээр ширүүн, хурдтай, тоглолтуудыг гаргаж байсан. Дэлхийд тэргүүлэгч “Байерн Мюнхен”-ий багийн эсрэг манай хүн үнэхээр сайн тоглосон.

-Г.Ганбаярын баг дараагийн тоглолтоо ямар улсын багтай тоглох юм бол?

- “Реал мадрид” клубын багтай тоглоод байна. Энэхүү тоглолт хэрхэн болж өрнөснийг одоогоор мэдэхгүй юм. Бас дэлхийн шилдэг тоглогчтой, ширүүн баг шүү дээ.

-Г.Ганбаярыг анх хэдэн настайгаас нь өөр дээрээ хүлээн авч байсан бэ?

-Манай Ганбаа маань Сэлэнэгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат. Нэг настайдаа аав, ээжтэйгээ хотод ирсэн юм гэнэ лээ. Улмаар Ганбааг найман настай байхад аав ээж хоёр нь манай клубд дагуулан ирж, тоглуулдаг байлаа. Тэр үеэс эхэлж, энэ хүүхдийн ур чадвар тоглож буй арга барилыг нь хараад ирээдүйд сайн тамирчин болох шинжтэй хэмээн харж билээ. Ингэж л шавьтайгаа учирсан даа.

-Г.Ганбаярын тоглолтын онцлог нь юу юм бол?

-Энэ хүүхэд маань зүүн жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Манай “Хоромхон” клубд их олон жил тоглож байгаа. Аливаа зүйл туушдаа хандаж, бууж өгөхийг мэддэггүй, мэдрэмжтэй тоглодгоороо их онцлогтой. Мөн биеийн хөгжил сайтай, тоглолтыг уншдаг, ухаалаг тоглолт гаргадаг, ер нь багын л их мэдрэмжтэй, хурдтай, бусдаасаа онцлог, шаргуу хүүхэд байсан даа. Г.Ганбаяр маань өдгөө 17 настай, үеийнхээ хүүхдүүдээс ур чадварын хувьд хол илүү тасарчихсан, манай улсын ирээдүйн шилдэг тамирчин юм.

-Г.Ганбаярын өндөр нь хэд вэ. Өмнө нь гаргаж байсан амжилтынхан талаар яриач?

-Нэг метр 80 см-байгаа болов уу. Ер нь их нуруулаг хүүхэд, цаашид ч өсөх байх. Өмнө нь 15 настайдаа Монголын хөлбөмбөгийн лигийн түүхэнд таван гооль хийж, 16 настайдаа лигийн хүрэл медаль хүртэж байсан бахархмаар амжилттай тоглогчоо. Цаашид монголын хөлбөмбөг дэлхийд гарч тоглох боломжтой юм байна гэсэн итгэлийг Ганбаа маань өглөө. Энэ л хамгийн чухал амжилт.


Онцлох нийтлэлүүд