ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.12.26 08:12

С.Сэрчмаа: “Шинэ жил ирлээ”-г 14 дэх жилдээ дуулж байна

Дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.


-Та нэг хэсэг уран бүтээлээ завсарласан уу. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Би уран бүтээлээ завсарлаагүй л дээ. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ хийгээд л явж байсан. Жилийн өмнө хоёр дахь охиноо төрүүлсэн. Амьдралын минь сайхан үеүдийн нэг байлаа. Уран бүтээлийнхээ хажуугаар том охиноо сургуульд нь хүргэж өгнө, авна. Бага охиноо асарна гээд эх хүний үүргээ гүйцэтгээд л явж байна. Хамгийн сүүлд “Хөхөөний үүр” киноны дуу “Үр минь”, “Хайр эргэсэн хавар” киноны дуу, “Амьдарлын нар” киноны дууг дууллаа. Мөн Freez­one хамтлагийн Төрөөтэй хамтарч Харангын Чука ахын ая, Х.Лхагвасүрэн ахын шүлэг “Цасан хаялга” дууг шинэчилж дуулсан. Ер нь хоёр цомог хийх хэмжээний 20 гаруй дуу бэлэн болгочихсон байна. Эхнээсээ дуунууд маань клиптэй болж байгаа. Би багаасаа л урлагт хөл тавьсан болохоор бүх юмаа өөрөө зохицуулаад сурчихсан. Бараг тоглолтынхоо арын бүх ажлыг нь өөрөө хийчихдэг байсан. Клип хийлээ гэхэд санааг нь өөрөө гаргачихдаг ч юмуу. Ер нь манай урлагийн бүсгүйчүүд, бүх зүйлээ өөрсдөө хийчихдэг, сэтгэлийн хаттай эмэгтэйчүүд байдаг гэж боддог.

-Тоглолт хийх төлөвлөгөө байна уу?

-Тоглолт хийх төлөвлөгөө байгаа. Ирэх онд бодож төлөвлөсөн зүйл олон байна.

-Шинэ жил болохоор хамгийн түрүүнд юу санаанд тань буудаг вэ?

-Шинэ жилийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тэмдэглэн өнгөрүүлдэг. Хамгийн сайхан баяруудын нэг. Миний хувьд шинэ жил болохоор чимэглэсэн гацуур мод, өвлийн өвөөгөөс бэлэг авч буй хүүхдүүд нүдэнд харагддаг.

-Таны “Шинэ жил ирлээ” дууг хүн бүхэн мэддэг шүү дээ. Монголын шинэ жилийн “Топ 10” дууны нэгээр шалгарч байсан. Энэ дуу хэрхэн бүтэж байв?

-Анх 2005 онд ая зохиогч Н.Санжаа, үгийг П.Хэрлэн бичиж надад энэ дууг дуулах санал тавьж байсан юм. Энэ дуугаа дуулаад 14 жил өнгөрчээ. Шинэ жилээ тэмдэглэж байгаа албан байгууллага хамт олон энэ дуугаар минь шинэ жилээ нээж, хаадаг.

-Шинэ жилээр хэр ачаалалтай ажилладаг вэ?

-Тэгэлгүй яахав. Арванхоёрдугаар сарын 31 дуустал өдөр болгон л шинэ жилтэй байна даа.

-Урлагийн хойч үеийнхэнд мэдсэн сурснаа өвлүүлэх зорилгоор сургалтын төв, эсвэл хөгжмийн сургууль байгуулахыг хүсдэг тухай ярьж байсан. Биелэлээ олчихсон уу?

-Сургуулиа нээж амжаагүй л явна. Нэг л өдөр биелэлээ олно гэж боддог. Бусад уран бүтээлчид маань өөр өөрсдийн хөгжмийн төвөө нээгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сайхан санагддаг.

-Урлагийн эмэгтэй хүн гэр бүл болон урлагийн амьдралаа хэрхэн хослуулж авч явч байна?

-Мэдээж ажил, хувийн амьдарлаа хослуулж л амьдрах болдог. Баярын үеэр уран бүтээлчид ачаалал ихтэй ажилладаг. Гэхдээ мэргэжил маань цагт баригддаггүй болохоор гэр бүлдээ цаг гаргах боломжтой байдаг шүү.

-Дуучин мэргэжлээсээ гадна таныг хийл тоглодог гэдгийг хүмүүс андахгүй. Охиддоо хийл хөгжмөө заах уу?

-Хийл хөгжмийг анх сурахад 8/1 гэсэн хэмжээтэй хийлээр тоглодог юм. Тэр хийл маань одоо хүртэл надад бий. Сүүлдээ 4/1, 4/4 гэсэн хэмжээтэй хийлүүдээр тоглодог. Эдгээр хийлүүд бүгд надад байгаа. Охиддоо хийл хөгжим заахад ямар нэг асуудалгүй гэж боддог.

-Та өөрөө хийлээ хэр их тоглож байна даа?

-Тоглолгүй яахав. Мэргэжлийн сургуульд нь сурсан болохоор хийл хөгжмөө дуулсан дуу бүртээ шингээхийг хүсдэг.

-Өөрөө зохиосон дуу байдаг санагдаж байна?

-Зарим нэг дууныхаа үг, аяыг өөрөө зохиох үе байдаг л даа. “Үүрд минийх гэж амлаач” дууныхаа үг, аяыг би өөрөө зохиосон.

-Өөрийнхөө дуулдаг жанраас өөр хэв маягаар дуулъя гэж боддог уу?

-Би өөрийгөө шинээр нээх, сорих дуртай. Уран бүтээлч хүний хувьд шинэлэг өнгө төрхийг ямагт эрж хайж байх хэрэгтэй болов уу гэж боддог.

-Та нэг хэсэг нэвтрүүлгийн хөтлөгч хийсэн. Телевизийн хөтлөгчөөр ажиллах ямар санагдав?

-Хөтлөгчийн ажил давгүй сайхан санагдсан. Гэхдээ хэд хэдэн удаа арга хэмжээ хөтлөн олон цаг тайзан дээр зогсох нь их хэцүү юм билээ.

-Эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ. Танаас үлгэр жишээ авдаг олон эмэгтэй бий?

-Эмэгтэй хүн аливаад уян хатан хандаж, хайраар дүүрэн дотроосоо гэрэлтэж байгаасай гэж хүсдэг. Ер нь бол эмэгтэй хүн дотоод гоо сайхнаараа гэрэлтэж, эрүүл байхад гаднах гоо сайхан цогцлон бүрддэг гэж боддог.

-Анх дуулж эхэлж байсан үеэ одоо дурсахад сайхан санагддаг уу?

-Монголд ганцхан байдаг урлагийн сургууль “Хөгжим бүжгийн коллеж”-ийн хийлийн ангид зургаан настайдаа элсэн орж байлаа. Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байлаа. Одоо ч чөлөө заваараа зураг зурах дуртай. Энэ үеэс миний урлагийн амьдралд хөл тавих гараа эхэлсэн.

Хамгийн анх олонд танигдсан дуу маань “Би явлаа”, “Торойсоор үлддэг миний ээж” дуунууд. Ер нь би бүх дуундаа хайртай. Тэр дундаас эхийн сэдэвтэй дуунууддаа хамгийн хайртай. Д.Нармандах ахын маань ээждээ зориулан зохиосон “Цайлган сэтгэлт миний ээж”, Ү.Хүрэлбаатар ахын үг, Б.Чинбатын аяар бүтсэн “Ижий ганцхан”, Г.Пүрэвдорж ахын ая “Эрх хонгор сэтгэл”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” киноны дуу болох “Ангир ээж” гэх мэт эхийн сэдэвтэй олон сайхан дуу бий.

Би тавдугаар ангидаа ая, дуу зохиогч багачуудын уралдаанд хөгжмийн аялгуу, дуу зохиож нэгдүгээр байр эзэлж байсан юм. Энэ уралдаанаас урам их авсан. Түүнээс хойш дуулах сонирхол нэмэгдсэн гэж хэлж болно. Харин дуучин болоод өөрийн багш, хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн хамтлаг “Black and White jazz” хамтлагтай “River sound” амьд хөгжмийн клубт дуулдаг байлаа. Урлагт хайртай, үнэнчээр зүтгэсээр ирсэн минь өнөөдрийн энэ зэрэгт хүргэсэн гэж боддог.

-Та аль нутгийнх вэ?

-Би хангай нутгийн хүн шүү дээ. Аав маань Архангай аймгийн Батцэнгэл суманд, ээж Булганы Дашинчилэн суманд төрж, өссөн. Байгалийн үзэсгэлэн цогцолсон хангай нутагтаа очих дуртай.


Онцлох нийтлэлүүд