ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Туслах ангилал
2019.10.11 11:10

С.Юндэн: Угаартсан хүүхдүүдийг витаминжуулах шаардлагатай

Эрүүл мэндийн яамны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга, ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор, профессор С.Юндэнтэй угаарын хийн хордлогын шинж тэмдэг, эмчилгээ, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Сүүлийн үед шахмаЛ түлш хэрэглэж байгаад угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал олон гарч байна. Тэгвэл угаартаж байгаа нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Угаарын хийн хордлогын шинж тэмдэг гэвэл хамгийн эхэнд толгой эргэнэ. Т олгой маш хүчтэй өвдөнө. Огьж бөөлжих шинж тэмдэг гарна. Мөн хөл, гар гуйвна. Нүд харанхуйлна. Хоол унданд дургүй болно. Нойр хүрнэ. Нүүр, амаар халуу дүүгнэ.

Угаарын хийн хамгийн аюултай шинж тэмдэг бол өнгө, үнэргүй тул хүнд мэдэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, мансууруулах бодис хэрэглэхээр баяр баясгалангийн байдалтай шинж тэмдэг эхэлж илэрдэгтэй адил ерөөсөө мэдэхгүй байж байгаад хорддог. Дээрх хэдэн төрлийн шинж тэмдэг илрээд эхлэх юм бол эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Сүүлийн үед айлуудад угаарын хийг хэмжигч багаж тавьж байгаа нь сайн зүйл.

-Угаарын хий бага хэмжээгээр ялгарснаар хүнийг шууд ухаан алдах зэрэг ноцтой үр дагаварт хүргэхгүй ч олон хоногоор хордуулаад яваад байх талтай юм билээ. Зарим айл шахмал түлш хэрэглэснээс хойш толгой өвдөөд байх болсон гэж ярьж байсан?

-Хөнгөн хэлбэрийн хордлого бол тэгнэ шүү дээ. Үүнд хордлогын тун хэмжээ гэж байдаг. Энгийнээр тайлбарлавал, хүчилтөрөгч зөөх ёстой бодисын оронд карбооксигемоглобин гэж бодис угаарын хийн хордлогын улмаас бий болсноор хүнийг цус болон эсийн амьсгалын дутагдалд оруулах үйл явцыг л угаарын хийн хордлого гэж хэлж байгаа юм.

Хордлогын хувь хэмжээг тодорхойлдог багаж байдаг. Үүгээр хөнгөн, хүнд, үхэлд хүргэх аюултай эсэх нь гараад ирнэ.

-Угаартсанаа мэдсэн тохиолдолд нэн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Хүн өөрөө өөртөө үйлчлэх чадвартай байх юм бол хамгийн эхэнд эрүүл агаарт гарна. Хоёрдугаарт, шингэн зүйл их хэмжээгээр ууна. Хар цай, хярам байж болно. Энэ нь цус шингэлж байгаа юм. Түүнээс гадна нашатырный спирт үнэртэж болно.

Энэ нь амьсгалын төвийг цочоох, хүчтэй ажиллуулах үүрэгтэй. Ер нь ухаан алдах юм бол хувцас хунарыг нь тайлна, чөлөөлнө. Биеийг нь бүлээцүүлнэ. Шингэн зүйл ахиухан уулгахыг хичээнэ. Хүчилтөрөгчөөр амьсгалуулахыг хичээх хэрэгтэй. Хүнд бол түргэн яаралтай дуудаж эмнэлэгт хүргэнэ. Хөнгөвтөр шинж тэмдэг илэрсэн байвал өрх, дүүргийн харьяа эмнэлгүүддээ хандах шаардлагатай.

Хүүхэд бол Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, насанд хүрсэн хүн Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэгдэж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ЭХЭМҮТ, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв 24 цагаар жижүүрлэж, эрсдэлийн горимд шилжин ажиллаж байна.

-Угаарын хийн хордлогын үед эмэн эмчилгээний ямар арга хэрэгслүүд байна вэ?

-Хордсон, эрсдэлд өртсөн, эмчлүүлээд эмнэлгээс гарсан тохиолдлуудад хоёр төрлийн эмчилгээний эмийн бодисыг сонгон хэрэглэж болно. Эдгээр нь эмийн сангуудад байгаа. Эхнийх нь шууд үйлчилдэг шингэн хүчилтөрөгч гэж бий. Энэ нэлээн өндөр үр дүнтэй болох нь тогтоогдсон. Угаарын хий, утааны бохирдлын хордлогыг богино хугацаанд 50 хувь хүртэл бууруулах боломжтой. Шууд хэрэглэж болно.

-Ямар тунгаар уух уу?

-Дуслаар уудаг. 20 дуслаар өдөрт 2-3 удаа. Эсвэл жижиг амны халбагаар 1-2 удаа ууна. Ер нь хордлогын хүнд хөнгөний байдлаас болно. Түүнээс гадна цитофлавин гээд эм байгаа. Уухаар болон тариагаар байдаг. Гэхдээ тариагаар бол эмнэлгийн байгууллагад хандаж хэрэглэнэ шүү дээ. Уухыг нь бол эмийн сангаас аваад хэрэглэж болно. Иргэдтэй холбоотой зөвлөмжийн хувьд ийм л зүйл байна.

Эмч нартай холбоотой тусламж үйлчилгээг ярих шаардлагагүй. Өөрсдийн үүрэг хариуцлагынхаа хүрээнд өвчтөний хордлогын түвшин, шинж чанарт тааруулж зохих эмчилгээнүүдээ хийгээд явна. Гэхдээ нэг зүйл нэмж хэлье, өрхийн эмнэлгийн эмч болгонд угаарын хийн хордлогын түвшинг хэмждэг багаж бий. Ер нь эмч болгонд байгаа. Үүнийг манай дуудлагад явж байгаа эмч мэргэжилтнүүд биедээ байнга авч явж ашиглаж байгаа байх гэж бодож байна.

-Дархлаа муутай бол угаарт амархан өртөх эрсдэл бий юу?

-Тийм зүйл байхгүй. Гэхдэг угаарын хийг хүлээж авах чадвар хүн бүрт харилцан адилгүй. Жишээ нь, хүнд болон архаг өвчтэй, өндөр настай, жирэмсэн эхчүүд нярай хүүхэд зэрэгт хордлогын босго тун нь бага шүү дээ. 2С ppm-ээс эхэлж байгаа.

-Угаартсанаар биед ямар хор хөнөөл үүсэх вэ?

-Угаар бол цусны хор. Тийм учраас цусанд хүчилтөрөгчийг хүний биед шингээх чадваргүй нэгдэл үүсчихээд эсийн амьсгал хямраад, хүн хүчилтөрөгчийн дутмагшилд ороод нас барах аюултай гэсэн үг. Иймээс өндөр хортой нэгдлийн тоонд ордог.

Богино хугацаанд хүнд хэлбэрийн хордлого үүсгэх аюултай. Хоёрдугаарт, эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насанд халгаатай. Хийн байдалтай бодис учир хөнгөн хэлбэрийн хордлогын үед хожим нь хор нөлөө үзүүлдэггүй.

Угаартсанаар цусны хүчилтөрөгчийн дутмагшлаас гадна хөө тортог, ихэнх хийн бодисууд орсноор амьсгалын замыг ямар нэг хэмжээгээр цочроодог тал байдаг. Үүнтэй холбоотой бронхит, хатгаа, уушгины хаван гэх мэтчилэн эрсдэлүүдтэй. Хамгийн аюултай нь тархины хүндрэл юм. Энэ нь тархины хаван үүсээд ком болно гэсэн үг. Нөгөөх нь зүрх судасны хүндрэл гэж бий.

Хордлогын улмаас комд ороод ирэхээр зүрх судасны үйл ажиллагаа доголдоод хурц дутагдлын улмаас өвчтөнд амь насны эрсдэл үүсэх аюултай.

-Тэгэхээр угаарын хийн хордлогод орж эмчлүүлээд гарсан хүмүүсийн хувьд юунд анхаарна гэсэн үг вэ?

-Нэгдүгээрт, эмнэлгийн хяналтад дөрвөөс доошгүй cap байх ёстой. Ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид шууд хандаж үзүүлж байх хэрэгтэй. Хөнгөн хордлогын хувьд ямар нэг ул мөр үлдээдэггүйг дээр хэлсэн. Харин хүнд хэлбэрийн хордлого үүссэн тохиолдолд тархины алслагдмал янз бүрийн өөрчлөлт үлдээх магадлал байдаг учир эмчийн хяналтад байх зайлшгүй шаардлагатай.

-Угаартсан гэр бүлийн эцэг, эхчүүд “Би яах вэ, гол нь хүүхдүүд минь зүгээр байгаасай” хэмээн санаа зовниж байна. Хүүхдүүдтэй холбоотой эрүүл мэндийн асуудал дээр онцгойлон анхаарах ёстой юу байна вэ?

-Бага насны хүүхдүүдийн хувьд тархины хүчилтөрөгчийн дутагдалд орох, цочрох цочрол бол өндөр. Эмзэг гэсэн үг. Ийм учраас янз бүрийн шинж тэмдэг илэрвэл аль болох эрт нарийн мэргэжлийн эмчид хандах ёстой. Эх хүүхдийн эрүүл мэндийн Төв ажиллаж байна. Хоёрдугаарт, миний дээр хэлдэг бэлдмэлүүдээс (шингэн хүчилтөрөгч, цитофлавин) гадна хүүхдийг витаминжуулах шаардлагатай.

Д-ийн төрлийн витаминууд байна. Ялангуяа, фолийн хүчил, витамин С, витамин В12 зэрэг нь эсийн амьсгалыг сэргээдэг гол “материал" гэсэн үг. Витамины хэрэгцээг эрс сайжруулж, мөн багажаар байнга хэмжүүлж хүчилтөрөгчийнх нь хангамжийг хянуулж байх шаардлагатай. Гудамжинд явж байхад амны хаалт хийгээд утаанаас хамгаалж болно.

-Зарим хүн гэртээ угаартах эрсдэл байгаагаас гадна угаарын хий яндангаар гараад нийслэлчүүдийг бүгдийг нь хордуулж байгаа гэх юм. Энэ хэр бодитой эрсдэл вэ?

-Хүмүүсийн дунд ийм яриа яваад байна. Угаарын хий молекул жингээрээ агаараас хенгөн байдаг. Тийм учраас яндангаар гараад хажуу айл, ойр орчмын хүмүүсийг хордуулах магадлал асар бага. Дээшээ хөөрөөд явчихна гэсэн үг.

-Нүүрсхүчлийн хийн дутуу ислээс болж угаартсан уу, эсвэл өөр хийн төлөвтэй бодис хордуулаад байна уу гэх эргэлзээ байна. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Эрүүл мэндийн салбар чадах чинээгээрээ хүний амь насны эрсдэл гаргалгүй ажиллаж байна. Үүний хажуугаар янз бүрийн мэдээлэл их гарах болсон. Нүүрсхүчлийн дутуу ислийн хийнээс үүссэн хордлого мөн юм уу гэдэг асуудал яригдаж байгаа.

Янз бүрийн өөр хордлого яваад байгаа юм биш үү. Шоргоолжны хүчил энэ тэр гэсэн зүйл байгаад байгаа юм биш үү гэсэн яриа байна. Нүүрс хүчлийн дутуу ислийн хийн хордлого гэдэг оношийг хүчил шүлтийн тэнцвэрийг үздэг аппарат, цусан дахь хийн найрлага үздэг аппаратаар оношилж байгаа. Тийм учраас энэ бол баталгаатай онош гэж хэлж болно.

Хоёрдугаарт, түлшний найрлагад байгаа янз бүрийн бодисын найрлагыг бид хэлж мэдэхгүй. Үүнийг зохих байгууллагууд нь шинжилгээнд хамруулж, хэвийн гэсэн дүн гарсан байна лээ. Түүнээс гадна эмнэлэгт хүмүүс нас бараад байгаа юм шиг мэдээлэх юм. Тийм зүйл байхгүй. Нас барсан тохиолдлууд дандаа гэртээ болсон байгаа.

Онцлох нийтлэлүүд