ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.29 09:06

“Таван толгой”-г хөдөлгөвөл Д.Сумъяабазарт баатар цол олгосон ч яадаг юм

УИХ-ын гишүүн, уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Засгийн газрын төлөвлөж байгаагаар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм байна. Мөн Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг хурдан эхлүүлэх нь зөв гэж үзжээ. Үүнийгээ даруйхан хэрэгжүүлэх гэж УИХ-ыг хэлэлцэн батлаад өгнө үү хэмээн төслөө өргөн бариад байгаа нь энэ юм.

Үйл явдлын дарааллыг ажиглавал “Таван толгой” хөдлөх нь тодорхой болж байх шиг байна. Учир Д.Сумъяабазар сайд хэдэн сарын өмнөх ярилцлагадаа “Таван толгойг хөдөлгөхийн тулд Ерөнхийлөгчтэй тохирох хэрэгтэй” гэж дурдаж байв. Тэр тохироо хийгджээ. Мөн бас бус тохироонуудыг ч амжилттай хийсэн бололтой. Яагаад өмнөх Засгийн газрууд “Таван толгой”-н орд газраа хөдөлгөж, эдийн засгаа чадамжтай болгох боломжоо ашиглаж чаддаггүй байв гэхээр тэнд эрх ашиг нь хөндөгдөх бүлэглэлүүдтэйгээ тохиролцохыг хүсдэггүй байж. Зөвхөн нэг талын буюу өөрсдийнхөө эрх ашгийг барьсан төсөл, хөтөлбөр боловсруулаад ороод ирэхээр нөгөө бүлэглэлүүд хөндөслөөд хэвтчих нь тодорхой. Ийм л эрх ашгийн зөрчил олон жил энэ том ордыг хөдөлгөсөнгүй. Харин Д.Сумъяабазар сайд их ухаалаг ажиллажээ. “Таван толгой”-г хөдөлгөх гэхээр эрх ашиг нь хөндөгддөг бүгдтэй нь харилцан тохиролцож чаджээ гэж дүгнэж болохоор байна. Хэн хэндээ ашигтай хувилбарыг тэрбээр чадварлаг тооцож гаргасан бололтой. Түүнээс биш хоёр туйлын оргилд гарчихаад танайх, манайх гээд талцаад байвал ажил урагшлахгүй бахь байдгаараа нэг нь нөгөөгөө муулаад л сууж байсан байх биз. Энэ Засгийн газрын хийсэн тохироонуудыг багцаалж үзэхэд нэг бүлэглэлд нь хувьцаа өгч, нөгөөгөөр нь төмөр зам бариулж, гурав дахиар нь авто зам тавиулахаар болоо байлгүй. Эцсийн үр дүндээ “Таван толгой” эрчимтэй ажиллаад ирэхээр эдийн засгийн эргэлт сайжирна, ажлын байр нэмэгдэнэ, монголчууд мөнгөтэй болно. Ийм л зүйлийг бид олон жил хүлээсэн. Орчин үед дэлхийн том гүрнүүд ч ийм тохироо, эвлэрлийн гэрээ хийж байж л хамтдаа урагшилж байна. Бие биенээ хэвлэлээр муулж, хэзээ ч эвлэрэхгүй мэт аашилж байсан Америк, Хойд Солонгосын удирдагчдын уулзалтыг бид хэдхэн хоногийн өмнө харлаа. Зүгээр ч гүй, “Монголд уулзчихүй юм байх даа, энэ хоёр” гэсэн ихэмсэг бодолтой ажигласан. Тэд бие биенийхээ эрх ашгийг хохироохгүй байж чадсан учраас л уулзалт амжилттай болжээ. Монголчууд бид яг үүн шиг ажиллаж эхэлж байгаагийн нэг сонгодог жишээ “Таван толгой”-г хөдөлгөх дээрх төсөл юм.

Хэрвээ ажил энэ эрчээрээ үргэлжилж, “Таван толгой”-н нүүрсний ордыг цогцоор нь хөдөлгөж чадвал Д.Сумъяабазар болон энэ төсөлд онцгой зүтгэл гаргасан түүний багийнхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг баатар цолоор шагнасан ч яадаг юм. Том төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөж, ард түмнээ ядуугийн зовлонгоос салгах гэж байгаа энэ багийг үндэсний баатрын хэмжээнд авч үзэхэд буруудах юмгүй. Өнгөрсөн жилүүдэд бид өмд бандаашны хэрүүл харсаар залхлаа. Түүнээс өмнө нь эдийн засаг сайжрах тухай үлгэр л сонсдог байлаа. Монголчууд дэлхийд байхгүй чанартай нүүрстэй, тэр нүүрсээ зарах тухай хоосон амлалтууд хөвөрнө. Үлгэр энэ Засгийн өнгөн дээр бодит ажил болох магадлал тун өндөр байгаа болохоор хүн бүр чихээ сортойлгон чагнаж байна. Томхон компаниуд “Таван толгой”-той хэрхэн хамтарч ажиллах тухай тооцоолж байхад жирийн иргэд “ядаж л өнөө хэдэн хувьцааны үнэ өсөх байлгүй” хэмээн горьдлого тавьж суугаа.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эрдэмтэд цахилгааныг өөр эх үүсвэрээс гаргаж авах түмэн туршилт хийж, эхнээсээ зарим нь амьдралд нэвтэрч эхэлжээ. Гэхдээ ойрын 20 жилдээ нүүрсний эрэлт хэвээрээ байна. Ам бүл нь өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа энэ дэлхийн хүмүүс өвөл нь даарахгүй гэж, зун нь халууцахгүй гэж цахилгааны хэрэглээгээ нэмсээр байна. Үнэ ч боломжийн өсч байгаа. Яг ийм цонх үед бид нүүрсээ зарж, мөнгө босгох хэрэгтэй. Хэрэлдсээр суутал аль хэдийнэ 10 жил өнгөрсөн. Дахин ийм маягаар 10 жил болоход бидний нүүрсийг хэн ч тоож авахаа болих биз.

Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татна гэж төлөвлөжээ. Төрийн мэдэл хэт өндөр буюу 70 хувьтай байгаа үед гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх нь эргэлзээтэй юм. Монголын төр засаг тогтворгүй, гадныханд элэггүйгээрээ нэрд гарсан учраас хөрөнгө оруулагчид болгоомжлох нь зүйн хэрэг. Тиймээс 30 хувийн хувьцаа маань хэр үнэд хүрэх бол. Эрэлттэй байж чадах уу гэдэг дээр Д.Сумъяабазар сайд тооцоогоо сайн хийсэн гэж найдъя, анхаарах биз ээ. Казахстанд төрийн өмчийн компаниудаа хувьчлахдаа зөвхөн 16 хувиа л төр авдаг, мөн хөрөнгө оруулагчдыг 16 хувиас хэтрүүлдэггүй байна. Төрийн давамгайлал бага болохоор хөрөнгө оруулагчдад эрсдэл бага. Ингэж тэд арван жилийн дотор 210 сая гаруй тэрбум ам.долларын хөрөнгө босгож, хүчирхэг эдийн засагтай болсон ард түмэн.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюу толгой, Дубайн гэрээг баталсных нь төлөө үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөхөд буруудах юмгүй. Харамсалтай нь, тэднийг шоронд барьж хийлээ. Үнэн мөнийг нь мэдэхгүй хэрнээ хүмүүс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг зүхэж байна. Бие нь муудаад эмнэлэгт хүргэхэд хүртэл “шоронгоос гаргах хэрэггүй байсан юм” хэмээн орилолдож байна. Гэхдээ ингэж хашхирч байгаа нь цөөн бүлэг хүний зорилготой үйлдэл юм. Хэрэв Оюу толгой хөдлөөгүй, Дубайн гэрээгээр Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг босгож чадаагүй бол манай эдийн засаг бүр л хөөрхийлөлтэй байдалд орох байлаа. Нөгөө талаараа Оюу толгойн төсөл бол Монгол дахь барууны хамгийн том хөрөнгө оруулалт юм. Геополитикийн хувьд хоёр том хөрштэй Монголын Улс гуравдахьч орны хөрөнгө оруулалтыг татаж чадах нь эдийн засагт ашигтай төдийгүй тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа давхар бататгаж байгаа хэрэг.

Монголд ажил хийсэн хүнээ элдвээр хэлж, барьж хорьдог таагүй хэвшил тогтчих шиг боллоо. Ажил хийсэн хүн алдаа гаргадаг л биз. Ажил хийгээгүй бол алдаа гарахгүй ч эдийн засгийн хувьд асар хохиролтой. Ялангуяа том төслүүдийн хувьд хэдэн сая тэрбум долларын мөнгө яригдана. Ийм мөнгийг Монголын эдийн засагт татаж оруулж чадсан Ерөнхий сайдуудаа өнөөдөр шоронд хорьж байна. Үүнтэй давхцаад тэдний араас шоронд явчих вий гэж айлгүйгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар, Д.Сумъяабазар сайд бас нэгэн том төслийг хөдөлгөхөөр зоригложээ. УИХ даруйхан асуудлыг хэлэлцэн шийдэж өгнө биз. Улс орноо өөд нь татах, эдийн засгаа хүчирхэгжүүлэх, энгийн олноо толгой өндөр амьдруулах үүргээ эд маань мартаагүй л яваа юм байна гэсэн итгэл төрж эхэллээ.

Онцлох нийтлэлүүд