ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.05.23 02:05

Тавдугаар сарын 25-нд Засгийн газрын гишүүд давхар дээлээ тайлсан байх ёстой


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тавдугаар сарын 25-наас нэлээд хэдэн заалтыг мөрдөж эхэлнэ. Үндсэн хуулийн зургадугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөнө” гэсэн байна. Харин Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн нэгдүгээрт “Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заажээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй ажиллаж байна. Хэрэв үүнийгээ Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхгүй бол Засгийн газар огцрохоос өөр аргагүйд хүрнэ. Одоогийн эрх баригч МАН-ынхан 2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийг давхар дээлээ тайл хэмээн эсэргүүцэн жагсаж, зураг хөрөг шатааж сүйд болж байсан цаг мартагдаагүй. Төд удалгүй жагсаал тэргүүлж явсан Ж.Мөнхбат гишүүн өөрөө давхар дээлтэй сайд болчихсон тууж явсан даа. 2016 онд МАН сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж, “давхар дээл” нөмөрсөн эрх мэдэлтнүүд төрийн үйл ажиллагааг хувийн эрх ашгийн төлөө хуульгүй мэт удирдаж байн” хэмээн шүүмжилж ирээд оруулсан байдаг. Дараа нь өөрсдөө түүхэндээ байгаагүй зуун хувийн давхар дээлтэй Засгийн газрын танхим бүрдүүлсэн. Давхар дээлний асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэд хэдэн удаа хуулийн төсөл оруулаад буцаж байсан. Ингээд сая нэг юм УИХ-ын гишүүн, сайд хоёрыг Засгийн газрын бүх гишүүн хавсран гүйцэтгэдэг байдал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цэгцлэгдэж, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь давхар дээлтэй байхаар заасан. Дагаж мөрдөх хугацааг ч тодорхой болгосон. Энэ бол тавдугаар сарын 25.“Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдчихсэн байгаа. Хэрэв Засгийн газар Үндсэн хуулиа дагахгүй энэ бүрэлдэхүүнээрээ тавдугаар сарын 25-ны өдөртэй золговол тэр цагаас хойш гарсан Засгийн газрын бүх шийдвэр хүчин төгөлдөр бус болно. Үндсэн хуулийн бус Засгийн газрын шийдвэр учраас. Энэ бүхнийг эрх баригчид анзаарсангүй юу. Анзаарсан ч аргалчихна гэж бодсон уу. Нэгэнт Үндсэн хуулиа баталсан хойноо сандралдан янз бүрийн тайлбар хэлээд хэрэггүй. Бид Үндсэн хуулиндаа л итгэнэ. Одоо эрх баригчид Засгийн газрын хуулиндаа өөрчлөлт оруулаад түүнийгээ сонгуулийн дараачаас буюу долдугаар сарын нэгнээс мөрдөөд эхэлж болно гэсэн хачирхалтай тайлбар хэлээд сууж байна. Үндсэн хуулиас давсан хууль гэж байхгүй. Ямар ч хууль Үндсэн хуулиндаа нийцсэн байх ёстой.

Өнөөдрийг хүртэл Үндсэн хууль судлаачид болон, хэдэн хуульч л үгээ хэлж байгаа болохоос сөрөг хүчин, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, бие даагч, Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөдөг цорын ганц албан тушаалтан болох Монгол Улсын Ерөнхийлөгч дураараа дургиж байгаа эрх баригчдын үйлдлийг яагаад зүгээр хараад сууна вэ. Үндсэн хуулийг сахин хамгаалах ёстой Цэц ч анхаарах биз ээ.

Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт нь эрх баригчдын төлөөлөл болж яриад байгаа гишүүдийн хэлж байгаа шиг агуулгатай ороод ирвэл эрхбиш Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих байлгүй дээ.

Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр хэвлэлийн хурал зарлаж, хамгийн анх энэ талаар дуугарсан. Мөн Үндсэн хуулиндаа нийцүүлж давхар дээлнээсээ салах боломжтой хуулийн төсөл боловсруулан Ерөнхий сайдын ажлын албанд хүргүүлэх болсноо мэдэгдсэн. Ч.Өнөрбаяр “Засгийн газрын хуулийг өргөн барьж батлахдаа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр хийхэд асуудал байхгүй гэж яриад байх юм. Үндсэн хуульд бусад хууль нийцэх ёстой. С.Бямбацогт Хууль зүйн сайд хийж байсан хүн. Үүнийг мэдэх ёстой. Таны яриад байгаа наад Засгийн газрын тухай хууль чинь Үндсэн хуультай зөрчилдөж болохгүй. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25 гээд цагаан дээр хараар бичсэнийг та нар яагаад гуйвуулах гээд байгаа юм. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Энэ бол бусад хуулиар байгуулагддаг, яам, агентлаг биш. УИХ яаж байгуулагддагийг Үндсэн хууль дээр биччихсэн байгаа биз дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулчихаад баяр хөөр болоод бал сараа тэмдэглэсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үг, үсэг, цэг, таслал бүрийг та УИХ-ын даргын хувьд хариуцах үүрэгтэй. УИХ-ын даргын албан тушаал ямбалдаг албан тушаал биш. Ачааны хүндийг үүрч хариуцлага үүрдэг албан тушаал. Яагаад өөрөө гарч ирж ярихгүй байгаа юм. Засгийн газар огцрох эрх зүйн үндэслэл бий. Үндсэн хуулийн хайчинд Засгийн газар орчих вий гэж яагаад тооцоогүй юм. Засгийн газрын бүтцээ цомхон болгох боломж бий. Засгийн газрын бүрэлдэхүүнээ давхар дээлгүй болгох боломж бий. Үндсэн хуулийн дээгүүр төр засаг нь алхвал цаашдаа буруу жишиг тогтоно. Цаашид эрхтэн дархтан хэн нэгэн гарч ирээд Ардчилсан Үндсэн хуулийг зөрчдөг буруу жишиг тогтоно” хэмээн анхааруулсан.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ”Үндсэн хууль бол хуулийн тогтолцооны хувьд төдийгүй засаглах хүч нөлөөний хувьд хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг. Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас гэж тогтоосон. Үр дагавраа тооцож байж хуулиа баталсан байлгүй дээ. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, төрийн зохион байгуулалт, албан тушаалтны томилгоо хийгдвэл түүнийг иргэд эсэргүүцэх, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Нөгөө талаас Цэц Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй байгууллага. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, харилцааг зөвтгөж, зөвшөөрөх эрх Цэцэд байхгүй” гэсэн юм. Хуульч Т.Мэндсайхан “Үндсэн хуулийн байгууллага учраас Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийн хязгаарлалт шууд хэрэгжинэ. Ерөнхий сайд үүнд бэлэн байх ёстой. Үндсэн хууль дээд эрэмбийн хууль учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох тавдугаар сарын 25-ны өдрөөс түүнд харшилсан бүх хууль тогтоомж, тэдгээрийн зүйл заалтууд хүчингүй болно. Харшлаагүй зүйл заалт хэвээр үлдэнэ. Х.Нямбаатар гишүүн 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуультай ижилтгээд органик хуулиар хэрэгжих хугацааг хойшлуулах тухай ярихдаа 1992 ба 2019 онд тэмээ, ямаа шиг ялгаатай хууль зүйн техник ашигласныг ойлгоогүй байна. 1992 оны Үндсэн хууль нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэтгэх агуулгатай байсан бол 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоонд тохиргоо, засвар хийх шинжтэй учраас тэдгээрийн шилжилтийн буюу дагаж мөрдөх журам нь адилхан байх шаардлагагүй, адилтгах ч боломжгүй” гэв. Харин эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн хайчинд орсноо мэдсэн үү энэ талаар огт дуугарахгүй байгаа. Энэ асуудлаар С.Бямбацогт гишүүн Засгийн газрын хуулиа долдугаар сарын нэгнээс мөрдөхөөр өөрчилнө” гэсэн. Х.Нямбаатар гишүүн тавдугаар сарын 25-нд үйлчилж эхлэх нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газар захирагдахгүй гэх утга бүхий тайлбар хийх шиг боллоо. Тэрээр “ҮХНӨ-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар арав гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн. Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын хуулиар ийм харилцааг зохицуулдаг” гэжээ. Эрх баригчдаас дээрх хоёроос өөр хүн одоогоор олигтой дуугараагүй л байна. Гаргалгаа гарц хайгаад л байгаа дуулдсан. Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн эхний эгнээнд Засгийн газрын тухай хууль жагсчээ. Үндсэн хууль зөрчин дээрх хуулийг баталвал эрх баригчдыг Цэцэд өгөх иргэд, хуульчид урт дараалал үүсгэх нь дамжиггүй.

Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, баталж чадлаа гэж шоу хийж, малийтал инээсэн зургаа хаа сайгүй тавихын оронд энэ заалтаа анхаарах ёстой байж.

Хуульч Б.Чимид “Үндсэн хууль бол алганд багтах эх орон” гэж хэлсэн байдаг. Гэтэл түүний хэлсэн үгийг эш татаж ирээд л даналзаад байсан эрх баригчид хурууныхаа үзүүрээр бидний дээдлэн сахих Үндсэн хуулийг зөрчихийг санаархаж байна. Тэгвэл “УИХ Үндсэн хуулийг өдөр бүр сахиулах үүрэгтэй” гэж Б.Чимид хуульч хэлж байж. УИХ-ын дарга Г.Занданшатар та үүргээ биелүүлнэ үү. Сахиулж, хамгаалах ёстой Үндсэн хууль чинь санасныхаа зоргоор өөрчилж болдог нэг Засгийн газрын тоглоом биш шүү.

Онцлох нийтлэлүүд