ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2018.08.06 05:08

Тайванаас Монгол руу ирэх электрон барааны хэмжээ хоёр дахин нэмэгджээ

Энэ оны эхний таван сарын байдлаар Тайваниас Монгол руу 4 сая 988 332 ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Ингэснээр өнгөрсөн оны нийт экспортын үнийн дүнгээс 3 сая 853, 745 ам.доллараар их буюу 2.25 дахин их байна хэмээн Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Монголчууд Тайваниас ихэнхдээ электрон бараа, техник тоног төхөөрөмж импортолж байна гэсэн дүн мэдээ байна.

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ, “Тайвань, Монголын экспортын тоо хэмжээ өсөн нэмэгдсэн нь Монголын эдийн засаг сэргэж буйн илрэл юм. Нөгөө талаараа Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох” бодлогын үр дүн. Тайвань, Монголын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид харилцан бие биенээ нөхөх давуу талуудтай. Монгол орон бол байгалийн асар их нөөц баялагтай. Харин Тайвань нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад туршлага хуримтлуулсан. Монгол Улсын Засгийн газрын зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг чухалчилж буй нь сайшаалтай. Тайваний хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр туршлага хуримтлуулснаараа онцлогтой” гэв.

Мөн тэрээр хоёр тал 2002, 2003 онуудад харилцан төлөөлөгчийн газар байгуулж байсныг дурдаж, Тайваний Засгийн газраас Тайвань Монголын бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч 2003 онд Тайваний Экспорт, импортын банкаар дамжуулан манай улсын арилжааны таван банкинд 20 сая ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугам нээснийг тодотгов. Ингэснээр уг санхүүжилтийн зээлээр дамжуулан Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хөрөнгө босгох, санхүүжилтийн эх үүсвэр бий болгох боломж бүрджээ. Монголын компани, аж ахуйн нэгжүүд Тайваний экспортлогчдоос бүх төрлийн бараа бүтээгдэхүүн шууд худалдан авч байгаа нөхцөлд эсвэл Тайваний үйлдвэрлэл эрхлэгчдэд захиалга өгсөн хэдий ч гуравдагч улс орноос бараа бүтээгдэхүүнээ худалдан авсан тохиолдолд Тайваний Экспорт, импортын банкнаас олгож буй санхүүжилтийн зээлэнд хамрагдах хүсэлтээ манай таван банк гаргах боломжтой юм байна. Уг санхүүжилтийн зээлийн олгох дээд хязгаар нь худалдан авалтын нэхэмжлэлийн үнийн дүнгийн 100 хувь хүртэлх дүнгээр санхүүжигдэх боломжтой бөгөөд зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь тав хүртэлх жил юм байна.

Онцлох нийтлэлүүд