ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.06.19 01:06

"Тамирчны өдөр"- өөр зарим спорт заал иргэдэд үнэгүй үйлчилнэ гэв

Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас энэ сарын 22-ны өдөр бүх нийтийн спортын өдөрлөг болох талаар мэдэгдэл хийлээ. Тус өдөрлөг дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх олимпын эрхээ авсан таван тамирчинд баяр хүргэж цом гардуулах юм.

ЗГХА-БТСГ төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр:

Жил болгон зохион байгуулагддаг “Тамирчны өдөр”-ийг энэ жил “Олон улсын олимпын өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган хийнэ. Түрүү жилүүдийнхээс онцлох үйл ажиллагаа нь олимпын музей, спортын хорооны заал, талбай иргэдэд үнэ төлбөргүй байх юм. Сургуулиудын заалуудыг үнэ төлбөргүй ашиглуулах талаар мэдэгдэл хүргээд байгаа. Тодорхой мэдээллийг дүүргээсээ авах боломжтой.

“Токио олимп сан”-гийн менежер Б.Өнөрбаяр:

"Токио олимп сан" нь тамирчдыг дэмжих, олимпын аваргыг дахин төрүүлэх, судалгаа шинжилгээ, хувцас, бэлтгэл хангах гэх мэт зүйлсэд зарцуулагдана. Санг байгуулсан шалтгаан нь улсын төсвөөс оруулж ирдэг хөрөнгө тамирчдад хангалтай хүрдэггүй. Тиймээс спортод хайртай, түүнийг сонирхон судалдаг иргэд, албан байгууллагаас хандив өргөж тамирчдаа дэмжин ажиллахыг хүсье. 21 аймагт ч бас мөн адил явагдах тул иргэд та бүхэн минь идэвхтэй оролцоорой гэж уриалъя.

ЗГХА-БТСГ Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар:

Өдөрлөгийн үйл ажиллагаа нээлт, суртчилгааны үзүүлэн тоглолт гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Талбайд нийт 20 асар байх ба түүнд спорт клубууд байршихаас гадна, спортын хэрэглэлүүдийг худалдаална. Шигшээ багийн тамирчид ирэх тул гарын үсэг зуруулах, хамтдаа зураг даруулах боломжтой. Мөн бие бялдрын сорил авч зөвлөгөө өгнө. Иргэдтэй хамт үзүүлэх тоглолт хийн, дасгал хөдөлгөөн, спортын төрлөөс суртчилан таниулж түүгээр хичээллэх боломжтой байгаа. Спортын сэтгүүлчдэд мэдээ мэдээллээ цогцоор нь нэг дороос авах үүд хаалга нээгдээд байна.

Монголын үндэсний олимпын хорооны мэргэжилтэн З.Гомбодорж:

Энэ жил шинэ олимп үүсгэн байгуулагдсаны 125 жилийн ой болж байгаа. Иймээс дэлхий нийтээрээ олимп өргөн хүрээнд болох нь тодорхой. Өдөрлөгийн хувьд олимын төрөлд шинээр орж байгаа төрлүүдийн үзүүлэх тоглолтууд их байгаа. Илүү залуу, илүү шинэлэг байх болно. Спорт өдөрлөгтөө нийт иргэдээ өргөнөөр оролцохыг уриалж байна. Нэг өдөр биеийн чилээгээ гарган, баг тамирчдадаа урам зориг өгөөрэй гэж хэлье.

У.УРАНБИЛЭГ

Онцлох нийтлэлүүд