ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.05.07 07:05

Тамхичид гишгэх газаргүй

Тамхины хяналтын хууль гарсан биш ганц далайлгадаг юмтай боллоо. Өглөө автобусанд явж байсан чинь жолооч тамхи баагиулж яваа харагдав. “Сайн байна уу. Нийтийн тээврийн хэрэгсэлд  тамхи татаж болохгүй шүү дээ. Хуулиар хориглосон юм ” гэчихлээ. Жолооч тамхиа цонхоор шууд л чулуудчихав. “Анх удаа л надад ингэж хэлж байна. Хэрвээ хүмүүс хэлбэл тамхи татахгүй л дээ” гэж байна аа бас.  Цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд салхилуулж  явахад тамхи зуусан  хүн мэр сэр тааралдана. Хууль гарсан болохоор ч  тэр үү шаардлага тавихаар чих зөөлөнтэй хүлээж авдаг юм.

 АН-ын УИХ дахь  бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Би тамхи татдагийнхаа төлөө яагаад ял үүрэх ёстой юм” гэж хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр өөрийгөө өмгөөлсөн  байна лээ. Бусдыг хордуулж байгаагийнх нь  төлөө тамхичидийг дарамтлах нь зүйн хэрэг шүү дээ. Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл  хэдэн жилийн өмнө “Аавыгаа Америкт урих гэсэн чинь тамхи татдаг болохоор нь өрөвдөөд байна. Америкт тамхичин хүнд гишгэх газар байхгүй” гэж ярьж байсан юм. Монголд ч гэсэн тамхичин хүнд гишгэх газар байхгүй болгох хэрэгтэй. Тамхичид ч гэсэн тамхи татах газар байхгүй гэж гоншигноод байх  хэрэггүй шүү дээ. Тамхи татахгүй бол эрүүл мэндэд нь л сайн биз дээ.

Б.Янжмаа      

Онцлох нийтлэлүүд