ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.06.29 12:06

Танилцсаны 40 жил буюу 16 насандаа очсон нь

Архангай. Энэ нэрийг сон­сохоор цагцаахай бага насны минь гэгээн дүр тодорч, цаг хугацааны үнэнд гүйцэгдэж яваа үеийн хэдэн анд минь төсөөлөгдөнө. Бид “хархан” залуу насандаа энэ нутагт ирж дээ. Алс баруун хязгаараас Авданы охин, Самбуудорж гэж урианхай хүүтэй ирсэн. Байтаг богдын их уулсаас  Идэшийн Батсуурь, Зэргийн жижиг жижиг элсэн манхны өврөөс Дамдины хөвгүүн, Идэшийн охин хоёр хөтлөлцөөд л ирж байлаа. Тэртээх Увс нутаг хоёр охиноо илгээсэн. Түргэнээс алаг нүдэн Оюуныг, Тэсээс идэр жавхлан Минсэлийг би¬дэн­тэй нөхөрлө дөө гээд явуулсан байлаа. Их Монголын элсний баруун хаяанаас энэхүү дурсамжийг тэрлэж суугаа миний бие. Завханы Алдархаанаас Батсүхийн том охин хөх цэмбэн дээлтэйгээ, жавар хүйтэн хургасан Их-Уулаас Базар захирлын хүү, Улиастайгаас  чимээгүй  инээсэн  охин ирсэн нь  Нямсүрэнгийн Эрдэнэсувд гэх... Хөвсгөлөөс Завханы уугуул Жигжидсүрэнгийн нүд хөмсөг болсон охин ир¬лээ... Загийн голоос манай Алимаа хэзээний намба зааж зал­бирсаар, Шинэжинстээс цବ¬хил­сан зээр шиг цагаан охин ирсэн нь Доржийн Сарангэрэл бай­сан. Өвөрхангайн Хайрхан¬дулаанаас нэг мазаалайн зулзага шиг нөхөр ирсэн. 

Нэрий нь асуувал  Бурам гэж арааны шүлс гоожууллаа. Тэгснээ  би чинь бас  ганцаараа ч Өврийн сайхан хангайгаас ирээгүй шүү... Бат-Өлзийн ширэнгэнээс хоёр согоотой ирсэн гэсэн нь Энхтуяа Жигмэдмаа хоёр байлаа.  Говийн би  согоо үзсэн биш. Согоо гэдэг нь ийм л юм байдаг байх даа гэж бодлоо.  Булганыхан Могодоосоо хоёр охин илгээсэн нь  тэмээ ямаа шиг юм.  Уранцэцэг гэж ургаж байгаа ногоо шиг булцайсан  улаан хацарт,  Долгор гэж  иссэн айраг шиг  тэвхгэр цагаан охин.  Бид Архангайд ирж Архангайгаас бидний сүрэгт нийлсэн нь  нүдний шил зүүж жимбийсэн цагаан охин. Нуруу намхан сэтгэл өндөр.  Алдар асуувал Оюунцэцэг л гэнэ. Хөвсгөлөөс  гаралтай  гэх...Алиман улаан хацартай  Амарбаатарыг Жаргалантаас, автын жолооч Дашнамжил гуай ганц охиноо,  алдарт Цагаан давааны араас гүйж ирсэн нь Нямжав байлаа... За тэгээд  та нарт нэг “эгчмэдхэн” хэрэгтэй гэх шиг  нуруу туруу, бие хаа дүүрэн Шагдаржавын охиныг бас энэ нутгаас  бидэнтэй танилцуулсан. Дошин дээрээ  атаман гэдэг шиг Арын сайхан хангайхан  манай ангид хамгийн олон нь...Бас ч эргээд дурсахад манай ангийнхны уулзах бүртээ дурсан ярьдаг Дарьхүү маань Ховдоос ирсэн юм. Дарьхүү бол манай ангид ирсэн нэг том “үзэгдэл” байлаа. Балчирхан бидэндээ олон зүйлийг ухааруулсан.  Сайхан дуулна.  Үйтэн хуаран дээлийг анх л бидэнд  өмсөж үзүүлсэн. Цагаан гутлыг хараар будаж болдгийг хүртэл зааж өгсөн ...”Болно болно, болохгүй юм байхгүй” гэж агуу их  дуун хөрвүүлэгч  зохиолч Мишигийн Цэдэндоржийн шүлэглэсэнчлэн Дарьхүү маань бидэнд   болохгүй юм байхгүй гэдгийг олон талаас нь зааж өгсөн ч олхиогүй бид хэд тэгтлээ суралгүй  Архангайдаа, багшийн сургуульдаа шигдсээр дөрвөн жил болсон.  Дарьхүү маань  сайхан сэтгэлтэй сайхан эжий болсон сураг дуулдсан. Тэр хичээл тасалж болдог, гадуур явж болдог, сургуулиа орхиж, амьдрал хөөгөөд  одож болдог гэдгийг ийнхүү заасан билээ... Дарьхүүгээ дурсахын учир нь  эргээд уулзахын түмэн хүслэнтэй явдаг шүү гэж ангийнхан чинь урьж байгаа урилга юм шүү... Өөр нэг үзэгдэл бол манай ангийн цөөнхийг  нэмж ирсэн Батдоржийн Баттогоо байлаа. Цэргээс ирсэн ах  орос хром жийнэ.  Яриа хэлээ нь цэгцтэй, өвөртөө намын батлахтай өнгөлөг “хар” нөхөр. Түүнийг манай хэдэн хөвгүүд  нэг их удалгүй  “унаашруулж”, өөрсдийнхөө зэргэмжид аваачсан. Төгсөхдөө адилхан л  хөвгүүн болсон байлаа. Ингэж бид түүнийг  гурван насаар залуужуулж гудиггүй марзан  нөхөр болгосон ачтай.  

Манай анги бусад ангиа бодвол тогтвор суурьшил сайтай байсан. Нэг охин замаасаа  хадуурч өөр зам сонгосныг эс тооцвол, нэг хөвгүүн  хот шилжиж зүг буруулсныг авч хэлэлцэхгүй бол, нэг залуу ирж бүл нэмснийг суурьшилгүй  гэхгүй бол өөр ийш тийш болсон зүйлгүй. Бүгдээрээ л ангидаа бужигнасаар өвөл хавартаа шалгалтын “хөөрхөн” дарамттай, намартаа баян  цуг­лаж, зундаа нутаг гүйж амарсан дөрвөн жилийг үдэж угтсан.  

Энэ дөрвөн жил бидэнд  алдаа оноо ажил амьдрал  бүхнийг зааж өгсөн.  Цэцэрлэг хотын орон сууцнуудын гаднах амбаар дээр амьдрал сайжирсан айлуудын илүүдэл болж “гадаалсан”  төмөр орыг  үүрч дүүрсэн,  Булган гуанз, хоёрдугаар гуанзанд  арван хоёр мөнгөний  нимгэн дэвтэр хувааж өрийн данс нээсэн өдөр хоногуудтай  түүхийн  шарласан хуудсанд үнэгчлэн байгаа.  

 Энэ дөрвөн жилийн явдал суудал орон сууцны  халаасны  өрөө, оюутны дотуур байр,  хөлсний шавар байшин  тохилог орон сууцны тансаг амьдрал гээд янз бүрээр үүц болон үлдсэн. Энэ дөрвөн жилийн түүх Ихтамирын ногоо бригад, алдарт цагаан байшин, мэргэн Богд-Уултайгаа, Цэцэрлэг сум Хануйн голын хөвөөнд шохойн бааюутай, тэнгэрийн дуу,  Алимаагийн залбираастай, Аюуш тогоочийн адууны махан цуйвантайгаа,  могойноос айдаг  багштайгаа, Ингэттолгойн САА, Сэлэнгэ мөрний хөвөөнд  дэрвэлзсэн хөх майхантайгаа,  дэгж дэрвэсээр үлдсэн. 

Энэ дөрвөн жилийн түүх  Хоолтын давааг  засаж,  анхны сонгууль өгч, сонгуулийн баярын бөхийн барилдаанд   хэдүүлээ аманд гарч,  Батсуурь маань хоёр давж өмдөө урсан түүхтэй  үлдсэн. 

Энэ дөрвөн жилийн түүх  Архангайн Цэцэрлэгээс,  Жаргалантын Хоолтын даваанаас хөвгүүдээ цэрэгт мордуулж, Сосорбурамыгаа мэлхий толгойгоос нэг удаа  цэргээс авч үлдсэн он жилийн түүх, хөвгүүн болсны түүх болон үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх  Энхээ Чука хоёрын гитарын гоцлолтойгоо, Алтаа Тоогоо хоёрын цангисан дуутайгаа,  үдэшлэг наадмын танхимд  үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх үсээ машиндуулсан “лам”  хөвгүүдийнхээ өмднийхөө шуумгийг жимбийтэл хассан дүртэйгээ, сийрсэн малгай, цэнхэр хилэн өмдөөр жигдэрсэн  охидынхоо зуны ажлын гоёлтойгоо үлдсэн.  

Энэ дөрвөн жилийн түүх  ангиасаа ханиа сонгосон азтай Соокогийн, сургуулиасаа  ханиа олсон Урнаа, Чука, Алтаа, Сувдаа, Мөнхөөгийн амьдралын алтан шар зам болж үлдсэн.  Бид ингэж  нэг ангийн халуун бүлээ  Маагаа,  Баатар, Дорж, Дашка, Ариука нараар  сэлбэсэн  түүхтэй... Бид ингэж гучуулаа болсон. 

Энэ дөрвөн жилийн түүхийн алтан хуудсыг ангийн багш Мангалжав маань ямар сайхан эмх цэгцтэй бичүүлснийг хэлж яаж барна.  Халзан  Мангаагийн хэдэн хүүхэд, халзан Мөнхөөгийн хэдэн анд  ийнхүү  Архангайд наргиж даргиж,  наадаж цэнгэж, дуулж хуурдаж,  инээж хөхөрч,  илч илчиндээ дэм дэмэндээ явцгаасан.  Бидэнд эрдэм ном заасан  олон сайхан  эрдэмт  багш нар маань одоо ч сэтгэлийн өмнө  дүр дүрээрээ, ааш аашаараа, зан зангаараа  тодрон байдаг. Бид тэднийгээ энэхэн зайд дурсах учиртай. 

Ангийн багш маань физик  гэдэг хичээлийг  ёстой нүдэнд харагдаж,  гарт баригдтал заана. Дээр нь бидэндээ фото зургийн сонгон хичээллүүлнэ. Батхүү бид хоёр сүрхий сайн зурагчин болох дөхлөө. Халтар хултар хар цагаан зураг мөн ч их угаасан даа... Одоо ч саран доторх шиг тэр зургууд  бүгдийн минь зургийн цомогт  түүх гэрчлэн дурайсаар л байгаа даа. Манай ангид нэг том  ширээ байх. Бодвол физикийн лабораторийн л ширээ гэж тийм юм байсан байлгүй. Багш маань ширээнийхээ ард арын өрөөнөөсөө гарч ирээд л зогсоно. Нэг удаа Батхүүг ширээн доогуур голын хөндийд нь оруулчихсан байсан  гарч чадалгүй багш ирээд зогсчихсон хөгөө тарьж л байлаа. Сүүлийн хоёр жил анги маань хойд  хүрэн  дүнзэн байшингийн   зүүн мухарт орсон. Хүйтэн лаврин байсан даа. Цонхоор нь цас шуурчихсан ч байх шиг. Тэр бүхнийг залуу халуун насаараа л туулж байсан.  Ангийн багшийн эхнэрийг Цагаан гэнэ. Хэдэн шар хүүхэдтэй.  Манай ангийн Тунгаатай ах дүүгийн хамаатай.  Цэцэрлэг сум нутаг нь. Нутагтаа биднийг дагуулан очиж зуны ажил хийж байлаа... Яриад байвал ам мурийхааргүй олон сайхан дурсамж байна даа.  

Бүх багш нараа нэг бүрчлэн дурсвал цаг хугацаа их орох учир бурханы хутгийг олсон хэдэн буурал багшаа цухасхан дурсъя.

Сэнгэжав багш. Бидний сэтгэлийн орон зайд хамгийн тодоор үлдсэн хүний нэг.  Монгол хэлний хичээл заана.  Шингэн шингэн дуугараад нүдээрээ зальжин нээж  бид хэдийгээ  ч  “явуулж” өгнө дөө.  Тэр Алимаа гэж нэг тэмээний сүүл... Энэ  хэн гэж нэг  махан боодог... хэлэхгүй шоолохгүй  хүн түүнд байгаагүй. Тэгсэн хирнээ хамгийн хүн чанартай сайхан  багш минь байсан даа. Архангайдаа атаман нэгэн. Цагдаагийн мөрдэс хүртэл хуу татсан гэмтэй. Жилэн  дээрээ багш нь болдоггүй юм гээд инээж суусан дүр нь тодхон.  Хөглөж  явсан паянгаа инээд алдан ярьдаг сан. Сэнгэжав багштайгаа хожим  олон  уулзсан. Нэг удаа давхиад иртэл Тамирын голын хөвөөнд хэдэн малтай хэзээний хөдөөний өвгөн болсон байлаа.  Би ч сурвалжлагын  хураагуураа нээж байгаад задгай сайхан хуучилсан. Багш надад хүүхэд явуулсан юм гээд  виски задалсан. Радиодоо харьж ирээд “Цахирын задгай цагаан” гэж нэг хөрөг найруулал бичсэн дээ...Сүүлд  сураглахад  сонссон л гэж дуулдсан. 

Бадам гэж атан тэмээ шиг том ёнхигор хөгшин байлаа. “Алаг гарт” Бадам гэж алдартай. Түүхийн хичээл заана.  Хэн нэг маань хичээл дундуур бие засах хүсэлт гаргаж, Бадам багш хичээлээ заагаад л чимээгүй. Хариугүй завсарлах дөхөж байтал багш нэг эргэж харснаа  чамайг би аль түрүүн л  бие зас гэсэн шүү дээ.  Тэгтэл багш самбар дээр хичээл заах хоорондоо  самбарын нэг буланд  хоёр тэг зурчихсан юмсанж.  Түүнийг мань мэт нь яаж ухаарах вэ...Ингэж хүртэл мадлуулж л байлаа. Сайхан багш. Архангайдаа залуудаа нэртэй л явсан хүний нэг дээ. 

Чулуун багш гэж нэг үс болсон хүн. Орос хэлний багш. Оросоор ярьдаг хүн л ийм их үстэй байдаг юм байх даа гэж гарынх нь шууг хараад санагддаг байж билээ. Алтай нутгийн хүн л дээ. Хичээл сайхан заана. Манай ангийн  Камесхан, Оюунцэцэг хоёр орос хэлэнд биднээсээ илүүрхэнэ. Тэгж байтал Баттогоо гээд  бидэндээ бол “цул” орос нөхөр орж ирээд л...Түүх болж дээ. Сургууль төгсөөд  Баттогоо маань аргагүй л  Орос хэлний багш болсон. Сүүлдээ  англи хэл заадаг болсон гэсэн. Хэлний авьяас  аа гэж... 

АШМО / Анхан шатны математикийн онол/-гийн багш  анх очиход захирал байсан  буриад эрийг Алексей багш гэнэ. Ёжтой гэж жигтэйхэн.  Шуудайны амыг  цэцэг зангидаад боочихсон юм шиг л гэх... Нүдээ зураас таттал инээгээд л сүрхий сүрхий... Одон бөмбөг сүрхий нударч тоглоно. Нэг иймэрхүү.  

Дэмбэрэл багш маань цаг баримтлахын амьд жишээ байлаа. Геометрийн хичээл заана. Гоё ч заана гэж жигтэйхэн.  Хичээл дундуур  хэн нэгэн  хорь гучин секунд уулзан цагаас нь хороовол хонх цохиход “За жаахан  үлдлээ. Дараагийн хичээлийн эхэнд  заая.” гээд л гардаг сан. Тэгээд дараагийн хичээлийн эхэнд   хорь гучин секундэд  үлдсэнээ хэлээд шинэ хичээлдээ ордог байж билээ. Бас  биднийг Ихтамир суманд намрын  ажилд авч явахдаа  хөвгүүдтэйгээ хамт охидын үүдний өрөөнд унтдаг. Өглөө эртлэн босоод хувцсаа өмсөж,  гараад гар нүүрээ угаагаад,  сахлын баадуутай машинаараа сахлаа авч дуусаад биднийг сэрээдэг байлаа. Бид ч багшийн сахлын машины дуу гараад дуусахаар аяндаа сэрээд босдог болсон байлаа...Ийм л цагийн толь явлаа даа. Дэмбээ багш маань...

Гарам-Очир багш. Солгой гараараа зурна ч гэж сийлнэ дээ. Зургийн багш маань байлаа. Сүүлдээ Цэдэндагва  багш залгасан.  Би бас солгой  зурах гэж оролдоно. Дөч шахам жилийн өмнөх ангийхныхаа дурсамжийн дэвтэр нээвэл миний зурах ч гэж дээ гэж инээд хүрэх шиг санагдсан шүү... Гэхдээ л нэг шүхэр доор алхаж яваа хос хоёрын зураг их зуржээ... Бас Алтайгаа, цэцэг энэ тэр сүрхий зурсан байх нь зурах сонирхолтой л байсных юм байлгүй. Ангийнхаа Баасанжавыг гүйцэж зурахгүй л дээ. Гармаа багш маань бид­нийг зураач болгоогүй ч, зураг ойлгодог, зургийн хи¬чээл хүүхдүүдэд заах дад­лага чадвартай болгоод л төгсгөсөн. 

Дамба-Очир багш.  Чөрчгөр  туранхай энэ нөхөр их хатуу... Сургуулийн коридорт бидэнд биеийн  тамирын хичээл заана.  Нэг удаа  манай хөвгүүд өлгүүрийн хүүхэн  Отгонд   ахмад хөвгүүнийхээ  хайрын захиаг атгуулах гэж хөглөж билээ. Арай овсгоотойгоор нь Сосорбурамыгаа урдаа бариад сүрэг турлиах шиг юм  өлгүүрийн цонхон дээр очиж билээ. “Май” гээд авахгүй болохоор нь  өлгүүртийн цонхоор захиагаа шидчихсэн. Тэгтэл  Дамба-Очир багш маань аль хэдийн гарч ирээд охидыг жагсаасан байна. Бид ч гүйж ирээд жагсаалд ортол Дамба-Очир багшийн хөлд өнөөх захиа маань араас нисэн ирж уналаа. Ингээд ахмад хөвгүүнийхээ хайрын захиаг багшид олзлуулсан  сонин түүх өнөөдөр гэгээн дурсамж болон үлджээ. 

Халтарын Билэгжаргал. Хөгжмийн зохиолч  төрийн шагналт энэ сайхан авьяастны залуу нас Архангайд бидний дунд  нэг хэсэг нь үлдсэн. Бид шинэ,  багш шинэ.  Очсон намраа  Батхүү бид хоёр Билгээ багшийг  хичээл заах гээд ороод ирэхэд  хамгийн арын ширээнд суучихсан байлаа. Та хоёр  урагшаа суу.  Яагаад хойгуур суугаад байгаа юм гэхэд нь “айгаад” гэдэг үгийг  амнаасаа санамсаргүй унагасан нь санаатай мэт болж, анхны хичээл дээрээсээ  журналын хүснэгт тоолон улирлын дүн гарах тэр цонхонд хоёр гэдэг тоог томоор тавиулан  эхний хичээл дээр “муу” гэдэг дүн тавиулж  л байлаа.  Багш шинэ, бид  шинэ...Тэр ёсоор болоогүй л дээ... Билгээ багш маань  хорин дөрвийн чихэр халааснаасаа салгахгүй... Хоёр гараа үрчээд л... хөгжилтэй. Сургуулийн үүдэнд байх муурын байшин шиг цагаан байшинд байна. Төгөлдөр хуурын дуу шөнө дөл болтол  хангинуулсан. Одоо бодоход онгод гээч нь л тэгэхэд ид оргилж байж дээ... Гэрт нь орвол  төгөлдөр хуурынхаа дээр  Самбын Гончигсумлаа гэдэг алдарт хөгжмийн зохиолчийн зургийг тахьчихсан.... За товчдоо  нэг иймэрхүү.

Ванчигсүрэн багш гэж байлаа.  Цэгцтэй, шинжлэх ухаанч тун ч сүрдэн айдаг багшийн нэг. Хичээл сайхан заана. Орос хэл, сэтгэл сурган заана. Пулькин гэдгийг анх бидэнд  нээж өгсөн. Орос хэлний дөртэй болох ухаанд хөтөлж,  үг цээжлэх энэ тэрийг жинхэнэ шахаанд оруулсан багш байлаа. 

Арын сайхан хангайд  Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай,  Завхан,  Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Архангай аймгаас хуран цугласан тэр  намар 40 жилээр алсарчээ....Цаг хугацааны хүлэг морин  дөчин жил довтолгожээ.  Алиахан хүүхэд насаараа  гар барин золгож, анги танхимдаа  инээд хөөр болон орсон тэр намар  сэтгэлийн гэгээн толинд  тэр л янзаараа.  Цовоо цолгин бага насыг минь  өлгийдөн авсан Арын сайхан хангай,   зул бадамласан Булган уул, багшийн сургуулийн  цагаан байшин, дотуур байр,  жижүүрийн дэлгүүр гээд хуруу даран тоолох олон зүйл бидний сэтгэлд одоо  улам ч тодорч байна. Нэг л мэдэхэд дөчин жил өнгөрч.  Үр хүүхэд ач зээгээ дагуулсан өвгөн шувууд болж...Арын сайхан хангайгаас өд сөдөө дэвэн дэвсээр нутаг нутгийн зүг ниссэн хорин таван шувуу өнөөдөр өнөржин сэтгэлийн цэнхэр нуурынхаа мандал юуг дүүргэжээ... Энэ нуур амгалан цэлийж алс энгээрээ давлан давлан байхын ерөөл өргөе. 

Бид энэ дөчин жилд  таван бэр арван найман хүргэнтэй болж, Монгол Улсын  голомтонд  хорин дөрвөн өрх нэмжээ.  Нэмсэн өрх бүхэн нь аз жар­галаар дүүрэн байж, үр ачаа тойруулсан өнөр өтгөн өрх айлууд болжээ. 

Бид энэ 40  жилд  хүн амынхаа  тоог  46 хүү 44 .охиноор  нэмж, өөрсдөө 29 хүргэн 28 бэртэй болон салбарлаж 44 ач 44 зээтэй болон өргөжжээ.  Ингээд бодохоор  бид  салаа зандан мод шиг салбарлаж,  сайхан модны жимс шиг үржжээ. Эхнэр нөхрөө тооцоод үзвэл  40 жилд бид 259 болсон тоон үзүүлэлт бэлхнээ гарч байх юм.

Бид энэ дөчин жилд ард түмний алдрай жаахан 20 гаруй мянган үрсэд эрдэм номын хөтөч А  заасан байна.  Эх орны дөрвөн зүг найман зовхист ангаахай жаахан шавь нар нь ажиллаж хөдөлмөрлөж, алдар гавьяагаа дуудуулж нэр төртэй аж төрж байна. Багш хүн шавиараа бахархахын сайхныг эдэлж яваа андууд минь та нар болжээ. 

Бид энэ дөчин жилд хийж бүтээснийхээ төлөө алдар гавьяаны эзэд болцгоосон. Ардын боловсролын тэргүүний багш цол тэмдгийн эзэн 19, тэргүүлэх зэрэгтэй багш 20, ахлах багш 22, Алтангадас одонтой 6, Хөдөлмөрийн хүндэт медальтай 7, доктор цолтой 2, Ардын хувьсгалын ойн медалиудтай 24, салбарын  болон бусад яамны хүндэт жуух бичигтэй 24 аймаг дүүргийн аварга цолтой 24 сум, сургуулийн аварга 24, боловсролын салбарын ойн медальтан 20, бусад салбарын тэргүүн 7 тус тус төржээ. Энэ бол бидний хүн явсны, хэн явсаны баталгаа нотолгоо буюу...

Бид  энэ дөчин жилд халуун дулаан   эгнээнээсээ ангийнхаа анд  сайн багш  Бадрайн Нямжаваа тэнгэрийн оронд үдсэн харуусал бас байна.  Даржаагийн  Энхтуяа,  Мэндийн Амарбаатар, Маналын Долгор, Идэшийн Туяа дөрөв  маань хайрт ханиа алдсан харамсал бас байна. Энэ бүхний төлөө бүгдээрээ гүн хүндэтгэл үзүүлж, андуудаа орлоод үлдсэн  хүүхдүүд  ач зээ нар нь байгаа шүү гэж хорвоогийн жамыг ухаарахыг  захиж байна.  

Бид энэ дөчин жилд  ийм л сайхан багш нар болж, ардын үр хүүхдийн эрдмийн аяны хөтөч болцгоожээ. Одоо  алдар гавьяаныхаа амралтанд түрүүчлээд гарцгааж байна.  Аз жаргалтай амьдрал  хүлээж байна. Алс ирээдүй гэрэлтэй байна. Төрүүлж өсгөсөн үр хүүхдийнхээ сайн сайхнаар амьдрах цаг хугацаа хүлээж байна. Хийж сурсан ажил  сургаж хүмүүжүүлсэн шавь нарынхаа  амжилтаар бахархах он жилүүд эхэлж байна. 

Өнөөдөр бид дөчин жилийн өмнөх шигээ бага залуу насандаа эргэн  аялахаар энэхүү дурсамжийг хөглөж байна.  Хэн нь хэн болсноо сонирхон хөгжиж,   хууч дэлгэн баясахаар хуран цуглаж байна. Алиахан багын зангаа гээгээгүй алтанхан үеэ цуглуулж баярлахаар цуглаж байна.  Хожим эргээд  дурсахад  хөтөч болох гэрчийн судар  баринтаглаж байна. Хурай  хурай хурай... 

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Хэлбичгийн ухааны доктор, ангийн дарга  Бэсүд овогт Лханаагийн  МӨНХТӨР

Онцлох нийтлэлүүд