ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.05.26 06:05

Татварыг нэмэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломжийг хэлэлцэв

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар оролцсон юм.  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг “Тамхины эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш олон мянган хүн талархал илэрхийлсэн” гэв. Тамхидалтыг багасгахын тулд тамхинд ногдуулж буй татварыг нэмэх шаардлагатай гэж тэр хэллээ. Мэргэжилтэнүүдийн өгүүлж буйгаар тамхины татварыг нэмсэнээр хэрэглээг бууруулах төдийгүй төсвийн орлогыг өсгөх сайн талтай гэлээ. Өнөөдөр нэг хайрцаг тамхи 2500 төгрөгийн үнэтэй. Хайрцаг тамхины үнийг 10 хувь нэмэхэд тамхины хэрэглээ өндөр хөгжилтэй оронд 4 хувь, бага дунд орлоготой оронд 8 хувь буурдаг байна. АНУ-ын Шинэ Мексик муж тамхины татвараа нэмэх тусам төсвийн орлого нь нэмсэн туршлагатай. ДЭМБ хайрцаг тамхинд ногдох татварын хэмжээ 70 хувь байх нь худалдан авах чадварт нөлөөлдөг хэмээн зөвлөдөг аж. Хэлэлцүүлэгийн үеэр тамхины татварыг нэмэгдүүлснээр гарах нааштай үр дүн, өнөөгийн байдал, цаашид авбал зохих арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

Онцлох нийтлэлүүд