ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2016.07.22 09:07

Та нарт ер нь таалагддаг юм гэж байна уу

Сайхан бүсгүй байвал явдалтай гэнэ, нотлоогүй ч шууд тэгж хэлдэг. Үнэн худлыг сонсохыг ч хүсдэггүй. Тийм байх ёстой гэж л боддог. Баян хүн байвал заавал хаа нэгтэйгээс хулгай хийсэн, арга ядахад танил ихтэй, тендер олж авсан байх гэж хардана. Бүгд муулна. Үзэн ядна. Ямар ч гоё сайхан зүйл байлаа гэсэн ямар нэг өө заавал олж харчихна. Мэдээж төгс зүйл ховор ч ямагт муу муухайг нь түрүүлж олж харж, эсвэл заавал муухай болгох гэж яагаад хичээдэг юм бэ. Өөлбөл өндөгнөөс ч өө олдоно гэж ахмад хүмүүс хэлдэг. Саяхан болсон сонгуулиар нэр дэвшигчдийг амтай болгон элдвээр нь хэллээ. Хүн л юм болохоор алдаа оноо байж л таарна. Шулуун дардан замаар өдөр бүр аз жаргалтай амьдарч, нэг ч алдаа гаргалгүй явж ирсэн хүнийг ертөнцөөс хайгаад олох уу. Урт үстэй бол сэгсийсэн юм гэнэ. Эсвэл ухаан нь заавал богино байж таараа гэнэ. Богино үстэй бол эр хүн шиг муухай юм гэнэ. Ер нь ямар байвал энэ хорвоо сайхан харагдах юм. Зарим хүнийг царай муутай гэнэ. Царайгаа ямар захиалж төрөх биш түүний буруу гэж юу байхав. Төрөлхийн гоё сайхан байсан ч заавал нэг засвар орсон байх ёстой гэнэ. Ер яаж ч болохгүй. Сайхан байж болохгүй, муухай байж болохгүй. Сайн явбал түүнийг зулгаагсад олон. Чи ингэж үйлчлэх ёстой гэнэ. Муу явбал арчаагүйг нь дуудаж хохино гэнэ. Хэн нэгнийг магтвал долоогч бялдуучлагч гэнэ. Эцсийн эцэст өөнтөглөгч та ер нь эдгээр ангиллын алинд нь багтах вэ. Та ер нь төгс бүтээл, төгс хүн мөн үү. Үргэлж бусдыг хардаг шигээ өөрийгөө нэг ажин шинжээрэй. Дуугүй явбал донгио, дуутай явбал онгироо, дундуур нь явбал бөөрөнхий гэнэ” гэж хэлсэн найрагчийн үг өөнтөглөгчдийг харахаар санаанд буух юм.

Онцлох нийтлэлүүд