ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.06.14 04:06

​Телевизэд дохионы орчуулга, үсгэн тайлбар зэргийг гаргах боломжтой​


Өнөөдөр Монгол японы төвд Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яам, Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтыг хийв. Уг сургалт семинараар дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг Монголд нэвтрүүлэх талаарх асуудлыг хөндсөн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлж, олон нийтийн байгууллагын цахим хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад тохируулах“ талаар туссан байдаг. Гэвч бодит байдал дээр уг хуулийг хэрэгжүүлэх стандарт, дүрэм журам хангалтгүй, авч байгаа арга хэмжээ нь хоцрогдмол байна.

Энэ хүрээнд тус төслөөс цуврал семинарыг зохион байгуулсан ба 2016 оны 10 дугаар сарын 13-нд анхны семинарыг зохиож байжээ. Уг цуврал семинарын үр дүнд харааны бэрхшээлтэй иргэд “телевизийн дүрс бичлэгийн талаарх дуут тайлбар байхгүй”, сонсголын бэрхшээлтэй иргэд “Телевизийн мэдээндээ дохионы хэлмэрчтэй ганцхан телевизтэй, хэлмэрчийн дүрс жижигхэн учир харахад хэцүү, үсгэн тайлбар байдаггүй” гэсэн асуудлуудыг гаргаж тавьсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдгээр асуудлуудад шийдэл болгож Япон улсаас зөвлөх Кавамур Хироши,Кейо их сургуулийн профессор Кавамори Масахито болон “ASTEM” ХХК-ны төлөөлөл нар хүрэлцэн ирж, Японд хэрэгжиж байгаа телевизийн нэвтрүүлэгт дохионы орчуулга болон үсгэн тайлбар оруулдаг “Set Top Box” төхөөрөмжийн танилцуулгыг хийжээ.

“Энэ төхөөрөмжийг хэрэглэснээр монголын телевизэд дохионы орчуулга, үсгэн тайлбар зэргийг гаргах боломжтой болно. Монголын засгийн газар мөн адил мэдээллийн хүртээмжтэй байдал дээр анхаарч байгаа нь харагдаж байна” гэж ЖАЙКО байгууллагын Монгол дахь төлөөлөгч Танака онцолж байв.

Тус семинараар дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг монголд нэвтрүүлэхийн тулд хэрхэн арга хэмжээ авах талаар, орчин цагийн уг технологийг бодитоор туршиж үзүүлэв. Уг төхөөрөмжийн танилцуулыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Юнивишн болон Монголын Үндэсний Телевиз зэрэг байгууллагуудад хийжээ.

Д.ХУЛАН


Онцлох нийтлэлүүд