ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.06.22 07:06

Терроризмтой холбоотой дуу, дүрс бичлэгийг Хятад улс интернэтээс устгажээ

Хүчирхийлэл болон терроризмыг сурталчилсан дуу, дүрс бичлэгийг интернэтээс устгах кампанит ажлыг Хятад улс өрнүүлж эхэллээ.

Хятадын баруун нутгийн Шинжаан-Уйгурын ӨЗО-ы нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ийм арга хэмжээ авч байна гэж тус улсын Интернэт мэдээллийн газар мэдэгдсэн юм.

Энэ кампанит ажлын хүрээнд терроризмыг сурталчилсан мэдээлэл гадаадаас Хятадад тархахаас холбогдох албаны хүмүүс урьдчилан сэргийлнэ. Хэрвээ онлайнаар терроризм, хүчирхийллийг сурталчилсан мэдээ, мэдээлэл тархвал дүрэм журам зөрчсөн цахим хуудсыг шийтгэх аж.

"Терроризмыг сурталчилсан дуу болон дүрс бичлэгүүд өнөө үед терррист ажиллагаа явуулахад хамгийн их нөлөөлж буй гол хүчин зүйл болоод байна" гэж уг мэдэгдэлд бичжээ.

Шинжааны нийслэл Өрөмч хотод өнгөрсөн тавдугаар сарын 22-нд сүүлийн таван жилд болоогүй хамгийн их цус асгаруулсан өдөр болсон билээ. Тодруулбал, тэнд террорист халдлагад гэмгүй 39 хүн амь үрэгдсэн юм.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Өрөмчийн төмөр замын буудалд болсон халдлагад гурван хүн амь үрэгдэж, 79 хүн гэмтэж бэртсэн. Бас өнгөрсөн гуравдугаар сард Хятадын баруун урд нутгийн Куньмин хотод галт тэрэгний буудалд зэвсэглэсэн этгээдүүд 29 хүнийг хөнөөж, 143 хүнийг шархдуулсан юм.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, эдгээр хэргийг үйлдэн баривчлагдсан сэжигтнүүдийн олонх террорист ажиллагаа явуулахдаа террорист халдлагыг харуулсан дуу болон дүрс бичлэгээс санаа авсан байжээ.

Сэжигтнүүдийн олонх нь тэсрэх төхөөрөг хэрхэн хийхийг онлайн хичээлээр сурсан байсан аж.


Онцлох нийтлэлүүд