ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.12.26 09:12

Тоншуул ба Готов


НЭГ. ЭЭЖИЙГ МААНЬ ШООЛСОНХҮН

...Далаад оны дунд үе санагдана. Ээж, эмээ хоёр нэг ноорхой сонин үзээд, гэр дүүрэн инээд болж байхтай таарав. Ээж маань ууж байсан цайндаа хахаж цацан байн байн инээж, нэгэн зургийг дахин дахин үзнэ. Тэнд нэг нэлээн махлаг эзэгтэй алдуурсан тугалын араас гүйж байгааг дүрсэлжээ. Гэтэл хажуугаар нь чөрийсөн чавганц сүнхийж гараад тугалыг сүүлдэн алдана. Хүүхэн нь,

-Ээж ээ, гүйгээрэй. Бариад аваарай...хэмээн орилж байна.

Хөөрч догдолсон ээж маань,

-Намайг зурчихаж, яг би байна... гээд бөөн хөөр. Эмээ ч хажуунаас нь “тийм байна. Үгүй ээ мөн сайхан зуржээ” хэмээн ташуур өгөх байдалтай. Ингээд зогссонгүй, айл саахалтынхандаа үзүүлж баясна.

Би гайхлаа. Хүн чинь өөрийнхөө сул талыг яриулах дургүй. Хэн нэгэн тэрийг нь хэлчихвэл уурладаг, үгүйдээ л хүн амьтнаас нуудаг баймаар. Гэтэл миний эмээ, ээж хоёр гэж нэг таарсан амьтад, өөрсдийг шоолчихсон байхад хөөрч давхиад, үр хүүхдэдээ харуулж бахдаад байхдаа яахав дээ гэсэн шүү юм бодож байв.

Гэвч зургийг харах тусмаа инээд хүрч, манайхан гэрээрээ инээд цалгив. Анх удаагаа л ээжийгээ шоололцон инээж үзсэн нь тэр. Тэрнээс биш, эх эцэг, эмээ өвөөгөө доогловол нүгэл байтугай л юм амсана шүү дээ.

Жирийн л нэг малчин саальчин явсан ээж маань Соёлын довтолгооны жилүүдэд, бичиг үсгийн шуурхай курст суусан төдий ч хэрдээ ном унших дуртай нэгэн байж. Шог зохиолч Иштавхайн “Хоноц”, Г.Дамбын “Тэмээний эвэр” зэрэг номыг л уншсан байсныг мэднэ. Сүүлдээ, юм уншихаар хөөрч, нүд бүрэлзээд гээд больсон, хөөрхий.

Мөнөөх шог зургаас хоёр юм ойлгов. Юуны өмнө, голыг нь олоод шоолчихвол ямар ч хүн уурладаггүй юм байна гэж бодов. Бас, өөрийгөө шоолоход уурлан бухимдахын оронд инээж, хамтдаа цаашлуулахад сэтгэл онгойж, баяр хөөр нэмдгийг тэгэхэд анх ойлгосон болтой. “Шоологчоос өөрийгөө хамгаалах хамгийн хамгийн арга бол түүнтэй хамтрах” гэмээр ч юм уу? Та хэн нэгийг муу хэлж тавлахаар очтол цаадахь чинь чамтай нийлээд өөрийгөө баалаад унавал утгаа алдана биз дээ. Муу санаагаар хэлэхэд, хүн өөрийгөө шоолоход санал нэгдэн инээж байвал цааш нь муулах, доромжлох аргагүй болчихдог юм шиг байгаа юм.

Ээж маань өөрийгөө таньж инээсэн шог зураг бүхий “Тоншуул” сэтгүүл тэгсгээд урагдан алга болсон ч бүтээлийн эзэн нь Цэндийн Доржготов гэж хүн байдгийг мэдэж үлдсэн юм. Биднийг баясгасан мөнөөх “Ээж ээ, гүйгээрэй” бол Доржготовын жирийн нэг бүтээл байсан бөгөөд цаашлах тусмаа инээхээс илүү гайхмаар, “Энэ чинь юу хэлэх байгаа билээ” гэж бодуулах зүйлс байдгийг мэдэв. Сүүлд нь тэр Доржготов нь зурахаас гадна бичдэг, лут зохиолч хүн болохыг дуулав.

Эндээсээ би, шог зурагт дуртай нэгэн болов. Тэр үед “Зөвлөлт холбоот улс” гэж гоё зурагтай сэтгүүл олон хэлээр, түүний дотор монголоор гардаг байлаа. Сэтгүүлийн арын хавтасны дотор талд ЗАШК буюу Залуу, алиа шогчдын клуб (оросоор КМЮ) гэж буланд сүрхий сүрхий шог зураг гарна. Ялангуяа Сергей Тюнин гэж нэг нөхрийнх алаад хаясан санагдах.

Түүний нэгэн бүтээлд зүв зүгээр урсаж байсан голын усыг ширээгээрээ боогоод тухалчихсан нэг дарга дүрслэгдсэн байв. Бас “Хүн хүний зан өөр, хүрэх газрын зам салаа” шоглолд хоёр рультэй, хоёр жолоочтэй нэг машины өмнөх хос ховил бүхий зам гэнэтхэн нийлшгүйгээр салаалж буйг харуулжээ. Энэ бүхэн надад, манай ариун дээд социалист төрийн элдэв хориг хаалт, биднээс ундран мөрөн болох учиртай нэгэн голыг хаагаад байгааг сануулах мэт. Бас, манай сүлд дуунд хүртэл “Зөвлөлт оронтой заяа холбож” гэж гардаг Зөвлөлт улстай зөрчилдөх олон эрх ашгаа бид нууж байгаа тухай шивнээ ярианы сэдвийг хөндөөд ч байх шиг. Ер нь л шог зураг намайг учрыг нь олох аргагүй юм шиг атлаа сэтгэл татсан эргэлзээ рүү хөтлөөд явчихсан юм.

Тэр үед хошин шогийг зөвшөөрөх боловч социалист нийгэм байгуулахад саад болж зүйлсийг л шоолж, шүүмжлэхийг сануулна. Системийнхээ дутагдал, улс төрийн тогтоцынх сул тал, дарга удирдагч нарын байдалтай андуурагдаж болох сэдвийг хатуу хориглоно. Гэтэл Зөвлөлтийг магтан сурталчлах үүрэгтэй сэтгүүлд орсон С.Тюниний бүтээл цаагуураа ямар нэгэнд хил хязгаарыг эвдээд байх шиг сэтгэгдэл төрүүлдэг сэн.

ХОЁР. ХЭВЛЭХИЙНХЭН

Их сургууль төгсгөөд “Үнэн” сонины ажилтан боллоо. Тэнд “барилгын инженер болох хүн тоосго үүрэхээс ажлаа эхлэх ёстой” гэдэг дүрэм үйлчлэх тул сэтгүүлч болох миний бие хэвлэх үйлдвэрийн “нийлэгч”-ээс ажлын гараагаа эхлүүлэв. Нийлэгч бол сонины хянагчийн туслах маягтай ажил. Ингээд, хайлсан тугалганы цэнхэр униар татсан хэвлэлийн комбинатын нэгэн жигүүрт хонтоорлов.

Сонин хэвлэлийн газрын нүүдлийн ажилтнууд, сониноо хэвлэдэг үйлдвэр дээр сууж байгаа нь тэр юм. Ойр хавьдаа ганц утастай нь “Үнэн” сониныхон тул ийш тийшээ ярих гэсэн улс их орж гарна. Манай хажууханд “Залуучуудын үнэн” сонины хянагч редакторууд, цаана нь “Тоншуул”-ынхон, алгасаад “Утга зохиол, урлаг”-ийн хянагч, редакторууд сууна. МОНЦАМЭ-гийн “Новости монголий” ба хятадаар гардаг юу ч билээ нэртэй сониныхон бас үзэгдэнэ. Хятадаар гардаг сонин ямар нэртэйг мэдэхгүй боловч хэвлэлийн редактор Баяндорж гэж хүн байсан даг. Бид түүнтэй танил биш ч гэсэн байн байн орж ирээд л манай утсаар “Би Баяндорж байна аа...” гээл баахан проблемоо хэн нэгэнтэй хуваалцаж гарах. Түүний хятад аялгатай ярианаас “Эхнэр нь Зояа ч бил үү орос нэртэй, гэр бүлийн нэг нь байн байн ханиад хүрдэг, тэр ханиад нь барагтай эмэнд эдгэрэхгүй” байгаа зэргийг мэдэж авдагсан.

Ер нь сонин, сонин хүмүүс тааралдана аа. “Залуучуудын үнэн”-ий өрөөнд нэг данхар толгойтой буурал эр хааяа ирж, эхнэрийнхээ сонин хянаж уншихад тусалдаг байсныг “Их том дарга байгаад буусан, айхавтар чадалтай, бараг л эсэргүү маягийн хүн” хэмээн шивэгнэлдэх. Тэр нь “Залуучуудын үнэн”-ий хянагч-редактор Дуламханд гуайн нөхөр, хожмоо ерөнхий сайд болсон Д.Бямбасүрэн гуай.

Бас “Утга зохиол, урлаг” сонины зурагчин С... гээд их дэгжин шаавай эр орж гарангаа, аймаар “эротик” хууч дэлгэнэ ээ. “Би хөдөө явахаараа дандаа азтай явдаг юм. Сая нэг сумаар ортол нэгдлийн даргынх нь авгай гэж сайхан амьтан...” гээл эхэлнэ шүү дээ. Шинэхэн түүхий ажилтан миний бие тэр ярианаас, ялангуяа хамт сонсож байгаа ахлах дарга болох хянагч Бадамхандаас хөөрхөн ичнэ ээ.

Харин “Утга зохиол, урлаг” сонины хянагч, редакторуудын ихэнх нь олонд алдартай зохиолч, судлаач нар харагдана. Тэд “өмнөх алдаа”-наасаа дүгнэлт хийх байтугай, харин ч тэрийгээ ярьж гайхуулах маягтай хуучилж, хэцүү нэртэй юм сэнгэнүүлчихсэн явах нь олонтаа. Өмнөх алдаа гэдэг нь ийм юм. Манай зохиолчид сонингоо гаргаж байхдаа жаахан хайнга хандаад “б” үсэг гээчихжээ. Тэр гайтай “б” нь жирийн үгэнд бус, Цэдэнбал гэхэд орсон байж таарч. Ингээд нам,төрийн тэргүүний нэр “Цэдэнал” болж, мөнөөх “Эрин зууны алдаа”-нуудын нэгэн гарсан түүхтэй. Зохиолчдын хорооноос баахан хүн халагдсан, шийтгүүлсний дотор Ц.Доржготов гуай орсон санагдана.

“Утга зохиол” сониныхон уран үгийн мастерууд учраас алдаа оноо, гай зовлонгоо хүртэл жигтэйхэн амттай хуучилна. Энэ тухай, утга зохиол судлаач Барын Цэдэв: манай Утга зохиол сониныхон “а”, “л” хоёроос л болж балардаг улс. Дээр үед Ж.Лодойн нэг өгүүллэг манайд гарваа. Тэгсэн чинь хянагч золиг нь “й” сугараад уначихсаныг анзаарсангүй. Өгүүллэгт шуудангийн машин сүүний ферм дээр хоносон тухай гардаг байж. Ингээд “Сүүний тасгийн айлуудаар тарж хоносон залуус өглөө нүдлээ нухлан цугларав” гэсэн өгүүлбэр дэх “айл”-ын хагас “й” хаягдаад утга нь балайраад явчихжээ. Ингээд бид “Сүүний тасгийн алуудаар тарж хоносон залуус” гэсэн өгүүлбэр зохиосон хэрэгт унаж, баахан амьтан ажил албанаас халагдсан даа гэж ярьсан юм.

Бас Умбаа (Уламбаяр)гээд мастер өвгөн өрөх цехэд байсан нь их намтартай нэгэн. Манай хэвлэлийн түүхэнд гарсан “Эрин зууны алдаа”-нуудын бас нэгийн эзэн ажгуу. Тэрээр, маршал Чойбалсангийн үед үсэг өрөх, сонин хэвлэх ажилд зүтгэж яваад “Сталин бол Монголын ард түмний хонь мөн” гэсэн өгүүлбэр гаргаад хаяжээ. Умбаа гуайн ярьснаар бол, тэр үед монотип аргаар буюу нэг нэг тугалган үсэг өрж сонины эх бэлддэг байжээ. Гэтэл, төмөр жаазанд үсэг эвлүүлж боосон сонины бар-нүүр хөдөлчихжээ. Эхлээд “хань” гэдэг үгийг “а” доошоо сугараад уначихаж. Дараа нь хаанаас ч юм мултарсан “о” үсэг унаж ирээд оронд нь тухлаад амжсан байна. ХХ зууны хамгийн аймшигтай хүн-араатанг “хонь” болголцсон Умбаа гуайг шууд ачиж аваачаад Ганц худагт хорьсон гэсэн. Түүнд аз таарч, буудуулчихаагүй үлдсэн учраас энэ түүхийг хуучлах хувьтай байжээ.Түүхнээ Сталины мөн чанарыг хамгийн их гуйвуулсан алдаа энэ л байсан болов уу?

Умбаа мастерийн тэр хавьд, арай өөр цехэд БНМАУ-ын Соёлын яамны орлогч сайд байгаад буусан гэх хүн доод зэргийн алба хашиж харагдах. Нэг харсан хүнтэйгээ дахиад таарахад заавал мэндэлдэг зантай тэр хүн юунаас ч болж буруутсаныг бүү мэд. Нам засаг тэр үед Соёлын яамныхаа Ахмет, Цэрэндорж нарын хоёр орлогч сайдыг гэнэт зэрэг халсны нэг гэснээс өөр юм мэдэхгүй.

ГУРАВ. ПОДВАЛЬД СУУДАГ ЖАРДААКНЫ ХҮН

Миний “тоосго үүрэх хугацаа” жилийн дараа дуусч, сонины редакцид шилжин ирэв. “Үнэн” сонины газраас хоёр өөр жижиг сонин гаргадаг байсны нэг нь “Тоншуул”, нөгөө нь “Шинэ хөдөө” бөлгөө.

Доод давхарт, мужааны өрөөний хажууд “Тоншуул” байрлах бөгөөд тэнд “миний ээжийг анх шоолсон” Цэндийн Доржготов гуайгаас гадна шог зохиолч Шагдайн Цэнд-Аюуш, шог зураач Ц.Байды сууна. “Үнэн” сонины газрын доод давхар бол тухайн үедээ хамгийн тэнгэрлэг давхар нь байжээ. Угаасаа ч социализм бол жардаак (чердак) нь доороо орж, подвоол (подваль) нь тэнгэрт гарсан байгууламж л даа. Тэрхүү тэнгэрлэг давхарт үе тэнгийнхнээс манай ангийн Б.Ерэнтэй, зураач С.Цогтбаяр нар шинэ тутам ирсэн байдалтай заларна.

Эхэндээ би, социалист нийгмийг байгуулахад саад болж байгаа хуучин нийгмийн үлдэгдэл гэдгийг зад шүүмжлэх үүрэгтэй “Тоншуул” сэтгүүлийнхнийг ёстой нэг “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй” хэнхэг гарууд байдаг байх гэж төсөөлөв.

Гэтэл, хүний байтугай өөрийнхөө дутагдлыг юманд боддоггүй хэнэггүй амьтад нэг өрөөнд цугларсан байж таарав. Тоншуулын гол сэдэв болох, хөрөнгө үрэгдүүлдэг нярав, төлөө үхүүлдэг малчны тухай мэдээллийг түм бумаараа байх “мэдээлэгч”, “идэвхтэн бичигч” нар бэлдэнэ. Харин Тоншуулынхан хэнийхийг нь хэвлэх, болихыг шийдэх эрхэмсэг үүрэгтэй. Өчигдөрхөн ангийн анд байсан Б.Ерэнтэй маань “Манай Завханы тэр нэг юмны матаасыг хасаарай.

Юмыг нь гаргачихаар амтшаад, араас нь цувуулаад лайтай юм. Дутагдал гэхээр л манай аймагт овоорчихсон аятай боллоо, яршиг” гэж том том дуугарч ч байх шиг.

Гэтэл зураач, зохиолч Ц.Доржготов гуай болохлоор социалист нийгэм байгуулахад садаа бологч нарыг шоолдог мэдээлэгч, идэвхтэн бичигч нараа шоолсон өгүүллэг туурвиж ч суух шиг сонин дүр зураг тэнд харагдана.Шоологчийг шоологч түүнийг бид жаахан алсаас “Готов гуай”, илүү дотносохоороо “Готов ах” гэж авгайлна.Готов ах/гуайн шог зургаас илүү зохиолд нь амтшаад байсан цаг. Амаараа бол нэг их эсэргүү юм бидэнтэй ярихгүй ээ, харин зохиолдоо бол шургуулж өгнө дөө.

Социалист нийгмийн үзэл суртал, зорилгод үнэн голоосоо итгэсэн эрэмдэг залуугийн тухай “Цагийн өнгө” гэж Ц.Доржготовын тууж наяад оны эхээр гарсан юм. Зохиолын гол баатар нь нам засгаас тавьж байгаа ёс суртахууны хэм хэмжээг өөрөө ягштал мөрдөж, бусдыг ч түүнд уриалж явдгаасаа болон нийгэмд ад үзэгдэн, гадуурхагдсан нэгэн. Айхавтар хоёр үзүүртэй бүтээл. Нэг талаасаа “эрэмдэг хүн хүртэл социализмаа байгуулах гэж ингэж зүтгэж байхад бусад бэртэгчингүүд ичээсэй гэсэн санаатай” соцреалист зохиол хэмээн үзэл сурталд тааруулан тайлбарлаж болохоор. Нөгөө талаас нь бидний байгуулж байгаа нийгмийн үнэт зүйл нь эрэмдэг хүн л дагаж мөрдөхөөр утгагүй тэнэг зүйл болохыг харуулсан маш хорон, “хөрөнгөтний үзэл суртал” шингээстэй.

Намайг хэрээрээ өсч дэвжин, сурагчаас оюутан, оюутнаас ажилтан болж байх зуур Доржготов гуай ч хувьсан хөгжиж байжээ. Жирийн нэг ахуйн шогч байснаас нийгмийн ёс суртахууныг уудлан харуулагч болж байв. Тэр хэрээр уншигчид нь зохиолчдоо хөтлүүлэн өсч, дагаж инээдэг зангаа гээж, эргэцүүлэгчид болон хувирч байлаа. Энэ процесс 1984 онд Цэдэнбал дарга солигдон, аядуу удирдагч Ж.Батмөнх гарч ирсэн, улмаар Зөвлөлтийг М.С.Горбачев “өөрчлөн байгуулж” эхэлсэнтэй давхцаж байсан нь бас л хувь заяаны тохиол байв.

Доржготов зохиолч биднийг шоглогч байхаа больж оронд нь хүнийг эрэг шургаар нь задлан харуулж, даажигнаж эхэлсэн санагддаг. Биднийг ухаж төнхөн, аль л нууц гэсэн болгоныг маань хайр найргүй илчилсэн зохиолууд инээдтэй гэхээсээ гашуун талдаа. “Мөнхийн ус” өгүүллэг байна. Мөнхөрнө гэдэг бол хүн бүрийн мөрөөдөл л дөө. Гэтэл мөнхөрснөө хүнд хэлж гайхуулахгүй гэсэн ганц болзолтой мөнхөрч байгаа нөхөр эцсийн дүндээ түүнээс татгалзана. Тухайн үедээ, мөнхийн усны сэдэвтэй зөндөө зохиол байсны ихэнх нь коммунизм байгуулаад хүн төрөлхтөн мөнх наслах тухай, эсвэл коммунизмын боломжоор эрдэм сурсан хүн мөнхийн ус нээж байгаа тухай л өгүүлэх. Гэтэл Доржготов гуай бидний хэзээ ч эргэцүүлж байгаагүй өнцгөөс мөнхрөлийг харуулж, шал өөр юм бодуулсан байдаг юм.

Ерээд оны босгон дээр бичсэн “Баба” өгүүллэг бол “Та нар айгаад байгаа учраас л айлгагч оршин тогтнож байгаа юм. Хэрвээ түүнээс айхаа больчихвол тэр юу ч биш болно” хэмээн нийгмийг өдөөсөн бүтээл санагддаг.

Сэтгэгч, зохиолчид өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ уншигчдаа хамт бойжуулаад явдаг юм шиг ээ. Доржготов гуай ч биднийг ерийн нэг элэглэн шоологчоос эргэцүүлэн шоолдог уншигч болгон өөрчилсөөр ирсэн байдаг учраас тэгж бодогддог. Баабар “1990 оны ардчилсан хувьсгалыг үндэстнээрээ дэмжсэн учраас ялсан. Энэ хувьсгал бол нийт монголчуудын сонголт” гэж саяхан бичсэн байдаг. Монголын уншигчдыг ийм сонголт хийж чадах болтол нь өсгөлцсөн, бүтээлээрээ нөлөөлсөн хүмүүсийн нэг нь Ц.Доржготов гуай санагддаг юм.

ДӨРӨВ. МУЖААНЫ ХАЖУУДАХ ТОНШУУЛЫНХАН

Сонины мужааны мод хад хураасан өрөөтэй хөршлөх “Тоншуул”-ынханд “Үнэн” сонины дарга нар таагүй хандах боловч тэднээс жийрхэж зайгаа барихыг хичээнэ. Ц.Байды гуай л гэхэд дургүй дарга нараа шог зураг дээр бараг л танигдахаар зураад хаячихна. Нөгөөдүүл нь мэдээд байвч “энэ бол би мөн” гэж хэлэхээс нэрлэхээд дэмий хорсоно. Нэг удаа С.Цогтбаярын зураг дээр “Зөвлөлийн удирдагч Андропов дарга”-тай төстэй хүн байна гээд хэл ам дэгдээсэн байдаг. Гэтэл хэл ам нь гүйцэгдэхгүй Байды гуай “Ийм муухай шог дүрсийг Зөвлөлтийн удирдагч Юрий Андропов болгон харж байгаа этгээдийг мэдмээр байна” гэж зөрүүлж, муриад мултарсан түүхтэй.

Ц.Байды гуай дарга нарынхаа тухай, онигоо их зохионо оо. Тэрийг яг л болсон явдлыг өөрөө хараад зогсож байсан аятай, үнэмшилтэй ярина. Манай нэг эрхлэгч айлын өргөмөл хүүхэд юмсанж. Түүний хэрхэн айлд өргөгдсөн гэх түүхийг хүүрнэсэн нь санаанд үлдэж. Говийн нэгэн суманд ээжтэй амьдардаг 17-18 настай нэг хархүү байжээ.

Онцлох нийтлэлүүд