ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.05.28 09:05

“ТОП”-уудаа тоодоггүй монголчууд


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2018 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг өнгөрсөн долоо хоногт зарлалаа.Өнөө жилийн хувьд 50-ыг нэмж шилдэг 150 аж ахуйн нэгжийг зарласан юм. Эдийн засгийг нуруундаа үүрч энэ улсыг өдий дайны авч яваа компаниуддаа МҮХАҮТ жилдээ нэг удаа монголчуудын өмнөөс “Баярлалаа” гэж өргөмжлөл гардуулдаг утга учиртай арга хэмжээ. Тийм ч учраас хэвлэл мэдээллийнхэн онцгойлон хандаж сурвалжилж, мэдээллийг нь түгээсээр өнөөг хүрсэн.

Өнөө жил бидний мэдэх үндэсний хэдэн компаниуд маань өмнө хойноо орон дараалж, шилдэг 100-д эрэмбэлэгдлээ. Дараагийн 50-д ч өчнөөн хүнийг ажилтай амьдралтай авч яваа компаниуд шил дараад байна. Топуудыг эрэмбэлэхдээ Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг хардаг. Ингээд харахаар ТОП-ууд маань Монголын хамгийн их хөрөнгөтэй, тэр хэрээрээ улсад татвар төлдөг, хамгийн олон хүн ажиллуулж, цалин өгдөг, нийгмийн даатгал төлдөг жинхэнэ баялаг бүтээгчид. Нэг ёсондоо дотоодын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрч, Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон үндэсний компаниуд юм.

“Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийг салбараар нь дүгнэвэл уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй гарчээ. Тэдний борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос таван их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ий 96 хувийг эзэлж байна. Түүнчлэн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцэж байна” гэсэн статистик байна.

Монголчуудын хамгийн их зүхдэг хэрнээ, шууд түүнээсээ хараат амьдардаг уул уурхай, олборлох үйлдвэрлэл нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бол банк, санхүүгийн салбар үүний удаад 14 хувьтай гарчээ. Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн чиглэлээр ажилладаг компани дөрөв, худалдаа үйлчилгээний компани ТОП-уудын гурван хувийг эзэлж. Үлдсэн цөөн хувийг хүнс, харилцаа холбоо, тээвэр ложистикийн компаниуд эзэлдэг ажээ.

Монголын улстөрчид, түүнээс улбаалан УИХ-ын гишүүн болон төрийн сэнтийд залрахыг хүсэгчид бүгд л уул уурхайг үзэн ядагчид байдаг. Ард түмний баялгийг идэж байгаа компанийг хаа, хөрөнгийг нь хураа. Хурааж аваад ард түмэнд баялгийг тэгш хуваарилах тухай амаа цангатал ярьдаг. Ажилгүй, цалингүй, гудамжинд лааз өшиглөж яваа хүмүүст ийм үг таалагдахыг мэддэг болохоор эцэж цуцалгүй ярина. Ярьсаар байтал ийм үлгэрт итгэгсэд түүнийг сонгоод гаргаад ирнэ. Дахин сонгууль болоход дахиад л “уул уурхайг хаа, зогсоо” гэж орилогсод. Ийм л цуврал үргэлжилж байна. Ажил хийж байгаа нэгнээ амаа эцтэл муулж, алдар нэртэй болдог технологи амилж, биежиж эхлээд удаж байгаа. Мэдээж, уул уурхайн компаниуд болон төрийн байгууллагууд хаана хаанаа засаж залруулах, сайжруулах зүйл байлгүй л яахав. Буруугаа зөв болгож, алдаагаа засаж байж л хамтдаа урагшилна уу гэхээс хааж боогоод хэн ч хожихгүй. Анзаараад байх нь ээ, татвар гэдгийг манайхан төдий л их ойшоож үздэггүй санагддаг. Эдгээр ТОП-уудын улсад төлсөн татвараар хичнээн эмч, багш, цалинжиж, эмнэлэг, сургууль ажилладаг гэдгийг хэн ч мэддэггүй мэт аашлах юм. Хүүхдүүд нь адлаад байгаа компаниудын улсын төсөвт өгдөг татварын ачаар сургууль, цэцэрлэгт явж, өөрсдөө өнөө топуудыг төлдөг татвараар ажилладаг эмнэлгээр үнэ төлбөр өгөхгүйгээр үйлчлүүлдэг хэрнээ яагаад ч юм тэжээгчдээ дургүй хачин сэтгэлгээ газар аваад байна. Монголын төр энэ компаниудын өгсөн татвараар хөдөлж, хилээ манах цагдаатай, хэргээ шүүлгэх шүүхтэй байгааг хэн ч ойшоохгүй нь хачирхалтай.

“2018 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо” гэсэн мэдээний дорх сэтгэгдлийг цахим орчноос сонирхоод хараарай. Сониуч нэг нь бүр нэгтгээд гаргачихсан байна лээ. Шилдэг 100-д шалгарсан уул уурхайн компаниудын дор “Монголыг өрөнд оруулж баялгийг маань ухаж байгаа энэ компаниуд гарвал таарна. Зогсоо, хаах хэрэгтэй, идээчин шулаачин” гэсэн сэтгэгдэл олон таарна. Банкуудыг болохоор "Ард түмнийг ясыг нь цайтал хүүлж байгаа юмнууд үхснээрээ Топ байдаг юм” гэж зүхнэ. Харилцаа холбооны компаниудыг "Сайн луйвардлаа гэж шагнаж байгаа юм байх даа", шатахууны компаниудыг "Бензин шаглачихаад юундаа шалгардаг юм" гэх жишээтэй.

Үндэсний сүлжээ дэлгүүрүүдийг "Ийм хөгийн дэлгүүрүүд шалгарахаар ямар олиг байдаг юм" гэнэ. “ТОП-100” аж ахуйн нэгжийн удирдлагуудын бөөнөөрөө хамт авахуулсан зурагны дор “Дан хууль зөрчдөг компаниуд байна. Та нар шалгараад бидэнд юу наалдахав дээ" гэж бичих нь энүүхэнд. Энэ бол харин ч зөөлөн хэлбэрээр дайрсан сэтгэгдлүүд. Үүнээс ч муугаар бичнэ. Хичнээн жил, хичнээн олон хүний хөлс хүчээ дуслуулан зүтгэсэн хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн үндэсний компаниуд маань өдий зэрэгт хүрсэн гэдгийг хэн ч төсөөлөхгүй. Тэнгэрээс бэлэн буугаад ирээгүй нь лав. ТОП-уудаа тоодоггүй, баялаг бүтээгчиддээ харшилдаг ард түмэн өөдлөхгүй. Тэднийгээ тордож, томруулж байж л бид том эдийн засагтай том орон болно. Өөртөө сэтгэл хангалуун, бусдын өмнө толгой өндөр, нүүр улайхгүй амьдарна гэсэн үг.

Үндэсний том компанийн захиралтай ярилцлага хийж байхад хэлсэн нэг үг санаанд үлджээ. Тэрбээр хэлэхдээ “Дэлгүүрт орлоо гэхэд дотоодын компанийнхаа бүтээгдэхүүнийг сонгохыг хичээдэг. Ядахдаа л Монголд үйлдвэрлэсэн нэг жүүс аваад гардаг даа” гэж байсан.Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг ямар чухал байдгийг мэдэрсэн хүний үг. Түүн шиг ядахдаа л дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж худалдаа хийх, бүр чаддаггүй юм гэхэд хийж бүтээж байгаа нэгэн рүүгээ нулимахгүй байж сурахсан.

Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засаг томорч тэлэхэд хэцүү. Улстөрд популистууд олширч, УИХ, Засгийн газар нь зах зээлийн эсрэг ажиллаад эхлэхээр гадаадын хөрөнгө оруулагчид оруулсан мөнгөө татаад манай улсаас гараад явчихдаг. Олон том компанийн яг ийм шалтгаанаар Монголыг орхисон түүхийг бид мэднэ. Овоохон мөнгө оруулсан нь хэрэгжүүлж байгаа төслөө түрдээ зогсоож царцаадаг. Байдал бүр эвгүйдвэл гарна гэсэн бодолтойгоор ажилчдаа цомхотгож, компанийнхаа ажиллагааг зогсоодог. Ийм хэцүү цагт үндэсний хэдэн компанид л зогсох эрх байдаггүй. Ажилчдаа ажилгүй болгож, үүд хаалгаа барилгүйгээр хэцүүг сөрж зүтгэдэг. Муусайн баячууд гэж адлуулсан хэрнээ л ажилчдаа халахгүйг бодож, төсөвт өгдөг татвараа таслахгүйг хичээж, жилээс жилд ашиг нь багассан ч урагшаа зүтгэсээр байдаг. Үндэсний хэдэн компаниа ингэж харж бахархаж байж л бид улсаараа хөгжинө.

Онцлох нийтлэлүүд