ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.13 03:06

Тулгаа заан

Монгол түмний их баяр наадам айсуй. Нар буусан энэ өдөр наадмын тухай дурсамжуудаас хүргэхээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулгын архиваас түүвэрлэн нийтэлж байна. Түүний хүчит заан Өлзийн Тулгаа агсны тухай хэдэн жилийн өмнө бичсэн нийтлэлийг хүргэе.

Монголчууд бөхдөө хайртай. Тэр дундаа, хүн бүр сэтгэл зүрхнийхээ гүнээс хайрлан хүндэтгэж, цаг үргэлж бодолдоо тээж явдаг цөөн хэдэн бөх бий. Тэдний нэг нь Увсын хэмээх тодотголтой Өлзийн Тулгаа заан байлаа.


“Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх” гэж дуудуулаад, тээврийн тэрэгтэйгээ Увсын цэнхэр хязгаараас төрийн наадамд ирж барилдахыг нь үзэгч олон тэсэн ядан хүлээдэг байж билээ. Тулгаа заан ирж зодоглосон наадам бөх сонирхогч олны сэтгэлд тийм нэг нандин дурсамж, дурдатгалыг үлдээсэн байдаг шүү. Харин Тулгаагүй наадам нэг л зүйлээр дутуу санагдаж, мөн ч олон хүн гонсойж хоцордог байсан даа.

Тэгтэл, бүргэд хамар, ширвээ хар сахалтай, ард түмний хайлан болсон тэр сайхан эр хаврын бүгэг саарал өдрүүдэд Хархираагийн их уулс, монгол бөхийнхөө ариун дэвжээг орхин одов. Хадаа аваргыг өнгөрөхөд хамаг Монгол даяараа харуусч, халуун нулимсаа арчиж байсан ард түмэн Увсын Тулгаагаа улсын наадмын дэвжээнд дахин харахгүй болов. 

Тэр, домгийн хархираа шувуу нисч байгаа мэт дүртэй гэгддэг их уулсынхаа өвөр бэлээс гэнэтхэн л холоо явчихлаа. Өөрийг нь, төрийн наадмын торгон дэвжээнд зодоглосон цагаас шүтэн биширч, сэтгэлдээ хадгалж, сураг чимээг нь хэн нэгнээсээ үргэлж асууж явсан ард түмнийхээ бор тархинд харууслын манан татуулж орхичихоод хаашаа ч юм алга болчихов. Хайран гэхэд дэндүү хайран. Уйлах ч багадах, итгэхэд бэрх ийм л мэдээ урины шувуудтай хамт бидэнд ирлээ. 

Эр болгон нь бөх болдог энэ Монголд тэр яасан их хайрлагдаж яваа вэ. Ёстой нэг бурхнаас заяасан бөх гэж ийм байдаг болов уу гэмээр. Ингэж их хайрлагдсаны, хүн бүхэнд өнөө л сайхан төрхөөрөө, ямар ч нэмэр хачиргүйгээр буудгийн нууц нь чухам юунд байсан юм бол оо. 

Хөдөө нутгийн салхи савир ханхлуулж, аян замын тоос шороогоо гөвж ч амжилгүй дэвжээнд гарахдаа хот газрын “цагаан” бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг байсан гэдэг. Аварга, арслангуудын аранга нь яалт ч үгүй Өлзийн Тулгаа байж дээ. Тиймдээ ч улсын наадмын даваа бүрт дандаа тунадаг байсан болов уу. Үргэлж тунаж барилдах нь ямархан зиндааны бөх гэдэг нь мэдрэгдээд ирнэ. 

Тулгаа зааны намтар, удам гарлыг нь сонирхвол, тэрээр 1956 оны намар Увс аймгийн Малчин сумын нутаг Хүрэмийн өтөг гэдэг газар эхээс мэндэлсэн байдаг аа. “Аав Өлзий нь бие хаа томтой, бяр тэнхээ ихтэй хүн байсан ч  барилдаагүй аж. Харин ээж Лхамсүрэнгийн ах дүүс нь бүгд ноцолддог, лут бяртай хүмүүс байсан гэнэ. Тиймээс бөхийн удамшил эхийн талаасаа гэхэд болох юм” хэмээн бөх судлаач Ш.Гоохүү “Монгол Улсын заанууд” номондоо тэмдэглэжээ. Тэрээр Улаанбаатар хотноо цэргийн албанд татагдан ирээд байхдаа өөрийн нутгийн бөх дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдав нарыг шинэ цэргийн каринтинд анх харсан гэдэг юм. 1970-аад оны эхээр юм уу даа. Увсын долоон харын хоёр нь болох Баянаа аварга, Хайдав арслан нар жинхэнэ торгон ирэн дээрээ байсан үе. Шинэхэн цэргийн нүдэнд ямархан “амьтад” харагдсан нь мэдээж. Бөх болох хүсэл нь ерөөсөө тэндээс л ургасан аж. 

Асман цэрэг болсноосоо хойш бяр тэнхээ өдөр өдрөөр сууж, хавь ойрынхоо цэргүүдтэй сав л хийвэл барилдах болжээ. Бөхчүүдийн хэлдгээр барилдахын дон тусч эхэлсэн байгаа юм. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана аа” гэдэг шиг асман цэргийн цээжинд төрийн наадмын дэвжээ багтаад байж. Зодоглочихоор л санагдаад байж.

Энэхүү бодлыг нь сайтар уншсан салааных нь дарга Мааяа гэдэг дэслэгч эр хүний нүнжигтэйхэн сэтгэл гарган байлдагч Тулгаагийн өмнөөс харуулд нь гарч өгснөөр бөхийн “дон” тусаад байсан нөхөр 1974 оны наадамд зодоглох эрхтэй болжээ. Нэг даваадахав гэнэ. Үе үеийн домог болсон шилдэг хүчтэнүүдийн хийморийн сүлдтэй Төв цэнгэлдэхийн тугийн мандлыг тойрч явахдаа тун их баярласан байх даа. Хоёрын даваанд Архангайн Чойндонгийн Адъяа заантай оноолт таарчээ. Дарийн Дамдин аваргыг “гарлаа, давлаа” гэж зарлуулж байх үед нь өвдөглүүлж байсан хүчит заанаас огтхон ч эмээж бэргэлгүй хоёр хөлд нь давхар хамчихсан юм билээ.

Ингээд гурвын даваанд Дамдин аваргад амлуулжээ. Аварга хамгийн түрүүнд ам сонсохдоо нэр ч хэлэлгүй, гарын даа нарт шууд “Адъяагаар хоёр давсан цэргийг над дээр биччих” гэсэн гэдэг ээ. Хүчит заан минь төрийн наадамд анх зодоглохдоо халхын алдарт аваргын аманд түүх энэ буюу.

1976 оны хавар цэргээс халагдан Малчин сумандаа очжээ. Адуучин болно хэмээн баттай шийдсэн байв. Гэвч зургаан зуугаад адуутай Баянмандал нэгдэл нь зуданд адуугаа хорогдуулснаар зуугаадхан адуутай үлдэж, Тулгаа хүүгийн адуучин болох мөрөөдөл тас цохигдож ээ. Мань хүн аймгийн төв орж уурын зууханд галчаар хүртэл ажиллаж байсан байгаа юм.

Адуучин болно гэснээс тэрээр адууны салхинд өссөн нэгэн. Аавынх нь унааны морь цөөнтэй учир даага, шүдлэнгээ сургаж унахгүй бол зундаа явган таваргах болдог. Тиймээс арваннэгэн настайгаасаа даага сургаж эхэлжээ. Дараа нь нэгдлийн даргынхаа хүсэлтийн дагуу даага, шүдлэн сүүлдээ хязаалан, соёолон морьд сургаж, эмнэг адуутай ноцолдож өссөн ажээ.

Нэгдлийн эмнэг адууг сургаж өгөөд Тулгаа хүү тавьт, зуутын дэвсгэртээр шагнуулж, намар хичээлдээ орохдоо хамгийн баян сурагч байсан тухайгаа тэрээр нэгэнтээ дурссан нь бий. Ийнхүү ид өсөж төлжих арван хэдэн настайгаасаа эхлэн эр хүний хүч бярыг сорьсон, хийморь лундааг сэргээсэн, эмнэг хангалтай ноцолдож, эдэлгээ уналганд сургаж байсан нь биеийн ерөнхий хөгжлийг жигд сайжруулж, булчин шөрмөсийг нь чангаруулж, хөдөлгөөний эвслийг нь нягтруулж, хөл, гар, цээжиндээ жигдхэн хүч тэнхээтэй болоход нь нөлөөлсөн гэж бөхийн мэргэжилтнүүд үздэг юм билээ.

Түүний улсын баяр наадамд хэрхэн барилдаж явсан он жилүүдийг нь эргэн харъя. 1974 онд асман цэрэг анх зодолосноосоо хойш ирж барилдаж чадахгүй байсаар 1979 он хүргэжээ. 

Тэр жилийн наадамд гурвын даваанд улсын начин Суядааны Ганзоригийг, дөрөвт арслан Бандийн Ганбаатарыг тунаж орхин тавын даваанд Зэвэгийн Дүвчинтэй мөн тунаж барилдаад унасан байдаг. Улсад анх зодоглож байгаа бөх (цэрэг зодоглосныг эс тооцвол) гурын даваанаас шууд тунана гэдэг нэг “юм” хэлээд байсан хэрэг л дээ. Ганбаатар арслан, Ганзориг начин нар тухайн үед улсын цолд хараахан хүрээгүй байжээ. Дүвчин заан тухайн үед начин цолтой байж. Түүний баруун хөлийг авч, өндөрт өргөн хөөж яваад түрүүлээд газардчихсан гэдэг. Ингээд Увсын Тулгаа начны даваанд тулж ирээд буцсан байгаа юм. Дараа жил нь буюу 1980 онд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж (одоогийн начин), Өндөрхангайн Ж.Ганболд (одоогийн заан) нартай дөрөв, тавын даваанд мөн л тунаж барилдан даваад начин босгоор алхав. Зургаагийн даваанд Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начинтай тунаж барилдан даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан байдаг. Мань хүн Мөнгөн арсланд хоёр ч удаа хууртсан юм билээ. 

Эхнийх нь тэрхүү зааны даваа аж. Мөнгөн барилдахынхаа өмнө “Мөнхбат аварга Мягмар(заан)-ыг давбал чи надад өгнө шүү. Харин Мягмар Мөөеөг давбал би чамд өгье” гэжээ. Их л сонин тохироо хийсэн байгаа юм.

Учир нь тухайн үед Мөнхбат аварга Мөөеө аварга Мягмар зааныг гаргаадаггүй байв. Түүнийг нь Мөнгөн сайн мэднэ. Тулгаагаа аргалсан нэг заль л байж л дээ. Ингээд Мөөеө ч учраагаа давж, тохирсон ёсоор Мөнгөн Тулгаагаа хаясан байна. 

Дараагийнх нь 1982 оны Улсын аваргын барилдаан гэнэ. Сүүлийн барилдаанд Мөнгөн, Тулгаа хоёр мөн учраа таарчээ. Хэн давсан нь түрүүлнэ. Мөнгөн барилдахынхаа өмнө Тулгаад “нутгийн дүү түрүүл дээ” гэж хэлж. Өнөөх нь ч итгэчихэж. Бараг яаж шороодуулахаа бодоод хав барьцнаас бариад авбал Мөнгөн ганц хүчтэй мушгичихаад яваад өгсөн гэдэг юм билээ. 1983 оны наадамд гурав даваад дөрөвт Дундговийн Улаанхүүд унасан байдаг. Тэр жил Ц.Улаанхүү начин болсон. 1984 онд Говь-Алтайн Содномын Эрхэмбаяр начин, Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж очин Дагвацэрэнгийн Хадбаатар аваргад унасан байна.

1985 онд гурав даваад Б.Бат-Эрдэнэ аваргад шорооджээ. Тэр  жил Б.Бат-Эрдэнэ аварга улсын цолонд анх хүрснийг манайхан мэднэ болов уу.

1987 онд тавд О.Балжиннямд, 1988 онд Г.Намсрайжавт тахимаа өгсөн байдаг. 1990 оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны ойгоор Гочоосүрэн зааны дүү Ч.Батбаатарыг, дараа жил нь Ховдын Шархүүгийн Лхагвасүрэнг тавын даваанд амлаж барилдан өвдөг шороодсоноор улсын цолонд хүргэжээ. 1995-2001 оны хооронд улсад зодоглохдоо тасралтгүй гурав давж Б.Ганбат, О.Одгэрэл нарын олон залуу хүчтэнийг цолонд хүрэхэд гүүр нь болсон байх юм.

Улсын наадмын оноо дансыг харахад ийм байна. Түүний самбо, жүдо бөхөөр гаргасан амжилтыг дурдвал барагдахгүй. Мөн Тува улсын наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн, баруун бүсийн аймгуудын үндэсний бөхийн аваргын болзлыг 11 удаа хангасан, баруун аймгийн болон сумдын наадамд нийтдээ 50 гаруй удаа түрүүлсэн зэргээс харахад босоо бөх явсан нь мэдрэгдэнэ ээ.

Тулгаа зааны дүү Сумьяа улсын цолтой, мөн ах шигээ уран барилдаантай бөх билээ.Тэрээр Бөхийн өргөөний нээлтэд зориулсан барилдаанд аварга О.Балжинням, арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд П.Сүхбат гээд цолтнуудыг бүгдийг нь цувуулж орхин шөвгийн гуравт шалгарч, олныг шуугиулж байсан.

Олны хайрыг татсан, хүчит бөх маань ариун үнэнийг эрхэмлэж явсан монгол бөхийн дэвжээндээ үе залгамжлах бөх хүүгээ үлдээгээд явлаа даа.

Тулгаагийн Сүрэнжав гэж аавтайгаа тун ижилхэн, тэгш сайхан биетэй, аймгийн цолтой бөх байдгийг олон түмэн мэднэ ээ. Хэдхэн жилийн дараа аав шигээ шуугиулаад гараад ирнэ биз ээ. Тува улсад барилдаж явахдаа 156 килограмм жинтэй чулууг өргөж, олны нүдийг орой дээр нь гаргасан хүчит заан маань Хархираагийн домогт уулс шигээ бөхөө дээдэлдэг олныхоо сэтгэлд мөнхрөн үлдлээ дээ. 

Н.ГАНТУЛГА

       

     


Онцлох нийтлэлүүд