ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.10.11 04:10

Туркийн цэргийн хүчин Сирид цэрэг дайны ажиллагаа явуулж байна


Өнгөрсөн лхагва гаригт Туркийн тал Сири улсад “Энхтайвны эх үүсвэр” нэртэй цэрэг дайны ажиллагааг эхлүүлжээ. Туркийн цэргийн хүчин Сирийн чөлөөт армитай хамтран явуулж буй тус ажиллагааны хүрээнд Сирийн нутаг дэвсгэрт байрлах алан хядагчдын 181 байгууламжийг устгасан байна. Энэхүү довтолгоонд гурван цэрэг, найман энгийн иргэн амиа алджээ. Мөн хэд хэдэн хүн шархадсан талаар мэдээлжээ.

Тодруулбал, Туркийн нисэх онгоцууд Сирийн хилийг давж, Курдын зэвсэгт бүлгийн байрлалууд руу цохилт өгчээ. Үүний дараа хуурай замын цэргийн ангиуд тус улсын хилийг нэвтэрсэн байна. Энэхүү үйлдлийнхээ талаар Туркийн эрх баригчид “Сири дэх энхтайван байдлыг хангахын тулд цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Сирийн хойд хилийн дагуу дүрвэгсдэд аюулгүй байдлын бүс байгуулж, гурван сая сири дүрвэгчийг байрлуулах зорилготой” гэж тайлбарлажээ.

Харин Сирийн SANA агентлагийн онцолсноор Туркийн тус үйлдлийг “эзлэн түрэмгийлэл” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн Франц, Герман, Британи, Бельги, Польш зэрэг олон орон Туркийн цэрэг дайны ажиллагааг зэмлэн буруушааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хаалттай хуралдуулахыг уриалжээ. Өнгөрсөн ням гаригт Д.Трамп Туркийн ерөнхийлөгчтэй утсаар холбогджээ. Үүнийхээ дараа тэрбээр Сирийн зүүн хойд хэсгээс цэргээ татах тухай гэнэтийн шийдвэр гаргасан. Түүний уг шийдвэр Турк улсад Курдуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулах замыг зассан гэж зарим ажиглагчид үзэж байна.

Харин Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Хоёр улсын засгийн газар 1998 онд Аданад байгуулсан гэрээний дагуу Анкара хөрш зэргэлдээ Сири дэх хил дамнасан “Энхтайвны эх үүсвэр” ажиллагаа явуулах эрхтэй” хэмээн онцолжээ. Тэрбээр “Сирийн агаарын орон зай АНУ-ын мэдэлд байдаггүй. Энэ бол олон улсын орон зай, энэ бол Сирийн агаарын орон зай. Анкара, Дамаскийн хооронд байгуулсан гэрээний дагуу манай цэргийнхэн Курдистаны Ажилчдын намын эсрэг арга хэмжээ авах эрхтэй” гэсэн байна. Турк улс Сирийн нутаг дэвсгэрт өмнө нь хоёр ч ажиллагаа явуулсан бөгөөд хил орчмын Аазаз, Жараблус хотуудын хооронд аюулгүйн бүс байгуулснаас гадна Африн хотыг эзэлж буй.

Дашрамд хэлэхэд, Турк Сирийн курдуудын байрлалд агаараас цохилт өгч эхлэхийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин улсынхаа аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй шуурхай хуралдсан тухай мэдээ хөвөрч байна. Энэ талаар түүний хэвлэлийн албаны төлөөлөгч Д.Песков “ Кремльд болсон уулзалтын үеэр аюулгүйн зөвлөлийн гишүүд Сири дэх өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, Сирийн үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаарх байр сууриа солилцсон” гэж мэдэгджээ.

Онцлох нийтлэлүүд