ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.14 09:01

Туруутан амьтдыг харангадахаас сэргийлжээ

Өмнөговь аймгийн зарим суманд сүүлийн хоёр жил зундаа хур бага, өвөлд өө цас ороогүйгээс туруутан амьтад усгүйдэн харангадах болжээ. Энэ өвөл гэхэд Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс сумын нутагт ийм шалтгаанаар 26 янгир хорогдсон байна. Амьтдыг аврахын тулд тус аймгийн Байгаль орчны газар эдгээр суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад био техникийн арга хэмжээ авах санал тавьсан байна. Ингэснээр "Дун юань" ХХК аргаль, янгир нутагладаг газрын ойролцоо, Номгон сумын Алтны ам болон Алтны голд 10 тонн мөс, "Чинхуа МАК" компани Гурвантэс сумын Тостын нурууны Аргалийн ам, Саарагчийн ам, Хармагтай, Хүргэр хайрхны өвөр бэлээр 40 тонн мөс, МАК Гурвантэс сумын Тостын нурууны ойролцоо 25 тонн мөс, "Өмнийн говийн элс" компани Гурвантэс сумын гурван газарт 10 тонн мөс тараан байрлуулжээ.

Мөс тавьснаас хойш дахин амьтан хорогдоогүй аж. Мөн тус аймгийн Байгаль орчны газар, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан туруутан амьтад нутагладаг газруудад хиймэл нуур байгуулан, ус зөөж байна. БОНХ-ийн сайдын 2014 оны хоёрдугаар сарын 14-ний А/43 тоот тушаалаар гүний худаг байгуулах хөрөнгө гарган өгсөн аж. Уг мөнгөөр Говийн бага дархан цаазат газарт сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, гүний хоёр худаг гаргуулж эхэлсэн гэнэ.

Онцлох нийтлэлүүд