ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.04.18 09:04

Тусгаар тогтнолын “нөхөр дайсан”


Б.Цэнддоо Г.Бадамдорж: Шар хүний хар түүх ном саяхан бичсэн нь НЭПКО хэвлэлийн газар, Хүмүүн хорвоо нийгэмлэгийн хамтран бүтээж буй Түүхэн эрхмүүдийн цадиг(ТЭЦ) цувралын үргэлжлэл юм. Удахгүй хэвлэлтээс гарах уг номын хэсгээс толилуулж байна.

Хэрвээ, айлын сайхан эхнэрт санаатай болчихоод элдэв санаа сэдэж, зүүдэлж явлаа гэж бодъё. Гэтэл өнөөх хүүхэн чинь өөрөө гүйж ирээд “Нөхрөөсөө салмаар байна, туслаач” гэвэл юу болох вэ?

ХХ зууны арваад онд Хаант Орост яг ийм юм тохиолдов. Манжаас салгаж авах гээд мөрөөсч байсан монголчууд нь “Биднийг Манжаас салгаад өгөөч” гээд өөрсдөө гүйгээд иржээ. (Харамсалтай нь: хүүхэн нь муу нөхрөөсөө салж чадсан ч үгүй, харин ч суумал, ирмэл хоёр хар хүнтэй болж дууссан бөлгөө)

Үнэндээ бол, 1858 онд Амаар мөрний сав газрыг ганц ч сумын гарзгүйгээр Манжаас салган авсандаа нэн урамшсан Хаант Орос Манжийн эзэнт гүрэн унах үед энэ бүс нутагт, Гадаад Монголыг манай эзэмшлийн газар болгож хувиргахад оршино хэмээн энэ бүс нутгийн бодлогоо тодорхойлчихоодi харзнаж суусан юм. Хүлээж суусан гэж болохгүй, зөндөө юм хийсэн. Энэ үзэл санаагаа сурталчлах, үзэл суртал буюу Пиар талын ажлыг загалмай зүүсэн буриад П.Бадмаевт хариуцуулж, 2 сая рубль төсөвлөж, сонин хүртэл гаргаж байсан. Тэр нь сонин нь монгол хэлээр гарсан анхны сонин болж таарч, энэ тэр. Н.Пржевальский, П.Козловын экспедиц, Төвдөд нэвтэрсэн лам-тагнуул Агваан Доржиев, Цэвгийн Гомбожав гээд бишгүй олон тагнан судлах анги, тандан мэдээлэх зорилготон бишгүй олныг явуулжээ.

Улмаар, 1907 онд Японтой нууц гэрээ хийж, Манжийг унасны дараа Гадаад Монголыг Оросын протекрат болгоно хэмээн тохирчихоод хүлээж суув.

Яг ийм санаархал, төлөвлөгөөн дундуур “нөхрөөсөө салахыг хүссэн сайхан хүүхэн” өөрөө дэгдэж ирээд хамаг юмыг будлиантуулж орхив. Энэ нь эргүүтсэн хонийг чоно идэж чаддаггүй шиг сонин паник үүсгэсэн бололтой. Чоно байгалийн зөнгөөрөө, зугтаасан айсан амьтныг барьж идэж сурсан тул өөдөөс нь зүгээр гүйгээд очиж байгаа эргүү хонь түүнийг эргэлзээнд оруулж орхидог.

ХХ зуун хүн төрөлхтөнд олон гай гамшиг авчирсан боловч, түүнээсээ дутахгүй сахилга, тоглоомын дүрэм бий болгоод байв. XIX зуунд Крымын дайнаар холбоотнууд Оросын өрнө зүг хийсэн түрэлтийг зогсоосноор зүгээр л бусдын газар нутгийг эзэлж аваад байдаг цаг өнгөрснийг мэдэж авчээ. Ялах, ялагдахаас илүүтэйгээр худлаа үнэн яриа хэлцээр, тохироо олон улсын хил хязгаарыг тогтоож байх болов.

Ингээд Богдоор удирдуулсан Монгол хэмээх “нөхрөөсөө салах санаатай хүүхэн”-ийг яахаа мэдэхгүй болов. Гэтэл өнөө монгол хүүхэн чинь манж нөхрөөсөө салах төдийгүй, оросын хөнжилд ч гүйгээд орчих санаагүй аж. Өөрөөр хэлбэл, хэрээ мэдэхгүй бас өрх толгойлсон эмэгтэй байх санаархалтай гэж байгаа.

Монголыг Хятадаас шууд салгаад хаячих гэхээр, айлын авгай салгасан хэрэгт унаад, олон улсын тавцан дээр ганцаардана. Салгахгүй гэхээр, монголчууд тэдэнд үүрд гомдож хэзээ ч эргэж харахгүй болох ба аягүйтвэл хятадуудтайгаа учраа олчихож болно. Төлөвлөсөн ёсоор Оросын протекрат болохын үес нэгэнт сэтгэл хөрсөн хүүхэн өвөрт орох болно. Хажуугаар нь Оросын дотоодод нийлүүлэхээр болчихсон Урианхайн хязгаарыг өөрийн хэсэг гэж даварсан төдийгүй, Японд ногдох учиртай Өвөр Монголыг бас өөртэйгөө нийлүүлнэ гээд яриад, тэднийгээ төлүүлэн Хайсан, Удай энэ тэрийг дагуулаад ирдэг нь ч юу билээ.

Оросуудын өмнө Монголыг гомдоохгүйгээр, бас тусгаар тогтнуулахгүйгээр, Өвөр Монголтой нь нийлүүлэхгүйгээр, бас одоохондоо Хятадаас салгахгүйгээр, улмаар өөртөө ашиглах асуудлыг зохицуулах зорилт тулгарлаа.

Ингээд “Хаант Оросын хоёр нүүрт тоглоом” гэгдэх их бодлого эхэлсэн бөлгөө. Тэд монголчуудад болохлоор тусгаар тогтноход нь туслах юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлээд Хятадуудад танай бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж ойлгуулав. Ойлгуулахын сацуу, хэрвээ бидний шаардлагыг биелүүлэхгүй бол монголчуудыг дэмжихгүй гэх газаргүй хэмээн сүрдүүлэх санаа олжээ.

Монголчууд тусгаар тогтнолоо зарласныхаа дараахан, 1912 онд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орост илгээв. Тэдний зорилго бол монголчуудын төсөөлснөөр “Хоёр дахь Долнуурын гэрээ” маягийн аятай сайхан тохиролцоог Петербургтай хийх явдал байлаа.

Алтан ургийн сүнс Занабазарын найм дахь дүр Богдын тэргүүлсэн гэнэн хонгор нүүдэлчид Хаант Оросоос зөвшөөрөхын аргагүй баахан зүйл гуйжээ. Юуны өмнө Петербург ба Өргөөд харилцан Элчин сайд суулгахыг хүсчээ. (Яаж дээ, чингэвэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, сүүлд нь өөртөө ч нэгтгэх аргагүй болгохно биз дээ)

Өвөр Монголыг Хятадаас чөлөөлөхөд туслахыг гуйсан байна. (Чингэвэл Орос-Японы нууц тохиролцоог зөрчихөд хүрэх ба Өвөр Монголыг чөлөөлдөг юм гэхэд тэднийг авахаараа япончууд л очино биз дээ)

Улмаар төлөөлөгчид, Хаант Оросын нийслэлд байгаа Англи, Франц зэрэг гуравдагч ертөнцтэй холбоо тогтоож, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн дэмжүүлэх гарц хайх гэж яваагаа ч нуусангүй (Одоо байчихаад, бүүр Хятадын байтугай, Оросын хяналтаас ч гарах нь байна шүү дээ.)

Япончуудтай нууц тохиролцоо хийчихсэн, хятадтай шинэ гэрээнд орох бэлтгэлээ хийж байгаа (удахгүй Урианхайн хязгаарыг Танну Тува болгоод Оросын протекратаар 1914 онд зарлана) үед ийм амбиц гаргасан нь “битгий давар”ii гэхээс өөрөөр хариулах аргагүй байлаа.

Оросууд эхлээд 1912 онд монголчуудтай хэлэлцээр байгуулав. Энэ нь монголчуудад горьдлого төрүүлсэн, хамгийн гол нь 1913 онд хийгдэх Орос-Хятадын тунхаглал, 1915 онд байгуулагдах гурван этгээдийн гэрээний бэлтгэл байв.

Энэ гэрээгээр, монголчууд шууд тусгаар тогтнохгүй атлаа

1912 оны Монгол оросын хэлэлцээний нэгдүгээр зүйлд, Их орос улсын хаан эзний засгийн газар...өөрийн (Монголын) газарт Хятадын цэрэг ба нүүдлийн иргэнийг оруулахгүй, өөрийн улсын цэрэг байгуулах эрхийг алдагдахгүй сахихад тусална

гэсэн заалт орсон ба газар нутгийн хил хязгаарыг тодорхойлоогүй, бас “Монгол” гэдэг ойлголтод монголчуудын нутагладаг бүх аймгууд багтаж болохiii ч гэмээр утга заасан байна.

Хэлэлцээрт гарын үсэг зурах үед Коростовец нь “Эзэн хааны засгийн газар нь Орос-Монголын засгийн газруудын хооронд өнөөдөр гарын үсэг зурагдсан хэлэлцээр, протоколд “Гадаад монгол” гэдэг үгийг “Монгол Улс” гэдэг үгээр солихыг зөвшөөрөхийн хамт Монголд олгосон автономит засгийн эрхийг Халхаас гадна мужууд дээр дэлгэрүүлэн хэрэглэхийг заах эрхээ өөртөө үлдээсэн болохыг илэрхийлнэ” гэсэн мэдэгдэл хийсэнiv нь монголчуудыг баясгахаас гадна Бээжинг дарамтлах зорилготой ажгуу.

Улмаар, Монгол нутагт гаалийн татваргүй ажиллах 1881 онд авсан эрхээ хадгалсан ба улмаар Хаант Орос нь Монголд газар өмчлөх, өөрийн хөрөнгөөр байгуулсан зам гүүрэндээ татвар тогтоох, уул уурхай байгуулж ашиглах эрхтэй болов. Гэрээний гуравдугаар зүйлд

Монгол Улс хэрэв Дундад улс ба жич бусад улсуудтай өөр гэрээ бичиг тогтоох бол ..Орос улстай урьд нь зөвлөлдсөн нь бус бол хэрхэвч халж эвдэж үл болохv үүрэг хүлээсэн байна.

Ингээд монгол газар уурхай нээж, газар өмчлөх гэсний учир Манж-хятадаас салсан монголчууд Орост уурхай нээх, газар өмчлүүлэх эрх олгосон төдийгүй, хятадтай аливаа тохироо хийхийн өмнө Оросоос асуух үүрэг хүлээв.

Хаант Орос энэ талаараа Бээжинд мэдэгдсэн ба монголчууд одоо зөвхөн Оросын саналаар л та нарт хандах болно гэж айлгалаа. Бээжингээр барахгүй бусад орнуудад ч дуулгажээ.

Монголын засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн бичвэрийг Франц, Англи, Японы Элчин сайдад гардуулаад, энэ хэлэлцээр нь Монголын засгийн газар Хятадын захиргааг байгуулахгүй, цэргийг байрлуулахгүй, хятад иргэдийг суурьшуулахгүй. Орост мэдэгдэхгүйгээр ямар ч гэрээ хэлэлцээрийг гадаад гүрэн тэр ч байтугай хятадтай ч байгуулахгүй. Уг хэлэлцээрийн хавсралт протоколд заасан тусгай эрх эдлэхийг (үнэн хэрэгтээ Монголын эдийн засаг, дэд бүтцийг орос хянах) Оросын харьяатуудад олгох үүрэг авсныг дурдсанvi байна.

Ингээд 1913 онд “Орос-Хятадын тунхаглал” гарлаа. Хөөрхий, мэдээлэл муутай, Орос-Хятад ба Орос-Японы элдэв тохироонуудын талаар ойлголтгүй монголчууд өөрсдөдөө болон хувь заяандаа итгэсэн хэвээр. Орос-Хятадын тунхаглал бол 1915 оны Гурван этгээдийн гэрээний үндсийн үндэс болсон бөгөөд улс төрийн хувьд Бээжингээс хараат, эдийн засаг, газар зүйн утгаараа Хаант Оросын мэдлийн “Дундын Монгол” байгуулах зарчмыг тунхагласан юм. Дэлхий дахин ч оросууд газар нутгаа урагш тэлэхгүй, Хятадын бүрэн бүтэн байдал ч алдагдахгүй утгаар хүлээн авчээ.

Энэ зуур Бээжинд Хаан төр солигдож Бүгд найрамдахчуудын хятад улс байгуулагдав. Ширээнээс буусан эзэн хааныг алаагүй, шоронд хориогүй бөгөөд, төрийн хэргээс хөндийрүүлсэн боловч хэргэм зэрэг бусад эх ямбыг өөртөө хэвээр үлдээж, жил бүр 4 сая доллар олгох болсон байна. Харин үүнээс хэдэн жилийн дараа төрийн эрхийг авсан Оросын большевикууд Эзэн хаан Николайг гэр бүлээр нь буудан хороосон билээ.

Эндээс өрнө, дорнын улс төр дэх аллагын талаарх зарчмын өөр байр суурь тодрон гардаг. Хятадууд улс төрийн аллагаас аль болох зайлсхийдэг бөгөөд 1945 онд Манж Го хэмээх тоглоомын улсын хаан болчихоод байсан Пу И-г Зөвлөлтүүд баривчлан хүргэж өгсөн юм. Гэвч хятадууд Пу-г Манжийн сүүлчийн хаан байсных нь төлөө, япончуудад урван Манж Го улс байгуулсных нь ч төлөө цаазаар аваагүй бөгөөд хэсэг хорьж байгаад сулласан байдаг.

Улмаар БНМАУ-д дүрвэн ирээд Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэх, тусгаар тогтнуулах үйлсийг санаачлан зүтгэж явсан Дэ ван хэмээх Дэмчигдонровыг ч цаазлан хороогоогүй бөгөөд гэрийн хорионд байлгаж байв. Харин түүнийг Улаанбаатарт урьж ирүүлснийхээ дараа хүү Дугаржавыг нь БНМАУ-д цаазлан хороож, гэр бүлийг нь нутаг заан цөлж байжээ.

Бас, 1971 онд БНМАУ-ын нутагт онгоцтойгоо сүйрсэн генерал Лин Бяог оргон гарахыг нь Мао Зэдун мэдэж байсан боловч “Хэрвээ түүнийг баривчлан хороовол ардын баатар болж үлдэнэ, харин эх орноосоо зугтвал урвагч болж хувирна” гээд зугтаан гарах боломж олгосон байдаг. Улс төрийн дайсны талаарх Өрнө дорнын хандлагын зөрөөг эндээс харж болно. За, энэ ч яахав.

1912 оны гуравдугаар сарын 10-нд Бүгд найрамдах Хятад улсын үндэсний хурлаас “БНХУ-ын Түр үндсэн хууль”-ийг батласан ба түүнд Гадаад Монголыг Өвөр Монголын нэгэн адил БНХУ-ын нутагт дэвсгэр багтаасан...мөн Гадаад монголоос Хятадын парламентын төлөөлөгчдийн танхимд хэд хэдэн депутат суулгах мандатын эрхтэй байхаар тогтоосон аж.

Монголчууд энэ саналыг найрсгаар няцаан,

...гэтэл монгол хятад хүмүүсийн зан суртахуун , шашин шүтлэг, хэл бичиг харилцан өөр, нэн ялангуяа бидний монголчууд хоёр зуу илүү жил Чин улсад талхидуулан оюун мэдэл ба суртал нь эдүгээ хүртэл нэвтрэн нээгдээгүй. Хэрэв хуучныг сахих хүдэх монгол хүмүүс маш утга гэгээн хятад иргэдтэй нэгэн гэрт суувал үнэхээр харилцан өө сэв өдөгдөж, ухасхийн гарахад хүрүүлэх болуузай гэнэ....иймд харилцан найртай сэтгэлт айл улс бололцож...

гээд газар нутаг бусад асуудлын талаар Оросын оролцуулан шийдэх хүсэлт тавьжvii байв. “Хүдэх монгол”, “утга гэгээн хятад”, “ ухасхийн гарахад хүрүүзэй” энээ тэрээ бол яахав, харин Оросыг оролцуул гэдэг нь бол 1912 оны Орос-Монголын гэрээнд гэнэн хонгороор итгэн хамаг найдлагаа тавьсных биз ээ.

Оросууд Гурван этгээдийн гэрээнд бэлтгэх зуур монголчуудыг “ухааруулах”, өвөр монголчуудыг тэднээс салган холдуулах ажлыг дэс дараатай хийж байв. Хоорондоо эвдрэх дуртай монголчуудыг хатган хагаралдуулах нь харин ч амархан байсан бололтой. Рамстедт, Котвич нарын архиваас үзэхэд, Халхчуудын ойлгож байгаагаас үзвэл тэрээр (Хайсан нь) гадны хүн бөгөөд зүй бусаар гарч ирсэн хүн, Хойд монголчууд нь Өмнөд монголчуудыг хагас хятад гэж басамжилдаг бэлэн сайхан хагарлын хөрс байжviii л байж.

Халхыг Өвөр Монголоос холдуулах буюу 1907 оны гэрээгээр япончуудын өмнө хүлээсэн үүргийг Хаант Оросын өмнөөс гүйцэлдүүлэх амаргүй ажилд консул Любагаас эхлээд Элчин Коростович гээд бүгдээр эрвийх дэрвийхээрээ хөдөлжээ.

…Өөрөөр хэлбэл Люба нь Өвөр монголчуудыг оролцуулахгүй, Халх-ын монголчуудын Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэж тайлбарласан гэж үзэж болно. Улмаар Гадаад Яамны сайдын нэр дээр явуулсан илтгэлдээ, Ван гүн гэсэн шаардлага нэмж бичигдсэн байна. Энэ хоёр материалаас үзэхэд Оросын талын бүрдүүлэх гэсэн Монголын Засгийн газар нь Халх-ын талын ван гүн-гээс бүрдэх ёстой байсан гэж ойлгож болно. Энэхүү бодлогоос үзэхэд Өвөр монгол гаралтай Хайсан болон лам Цэрэнчимидийг Монголын Засгийн газраас зайлуулах санаа явагдаж байна гэж үзэх боломжтойix

Монголын тусгаар тогтнолын хэргийг анхлан санаачилж, зоригжуулан зүтгэгчийн нэг Хайсан гүнг төрийн хэргээс зайлуулан Ховдын хязгаарт томилон явууллаа.

Хайсан гүн Ховдын хязгаараас хаа тэртээ Финланд руу илгээсэн захидалдаа

Мунхаг миний бие цэрэг дайчилж Ховдод мордсон учир болбоос: Люба, Ханд ван хоёр учир сүлбээлдэн ховлож үүрд Хүрээнд буцаахгүйгээр зохиож явуулсан бөлгөө...Санахад манай Монгол Улс тулгар төр байгуулснаар нэг жил илүү болтол нэг ч хэрэг бүтээсэнгүй. Энэ цөм Любагийн хорыг амсаж байхаас ийм болсон. Люба Өвөр Монголыг Халх Монгол лугаа нийлүүлэхгүй хэмээсний учир сайд Да ламын бие зүүнш мориловx

хэмээн харамсан өгүүлсэн байна.

Харин Өвөр Монголыг нэгтгэхийн төлөөний үзэлтэн Да лам Цэрэнчимэд гурван улсын гэрээ байгуулахад түвэг учруулахгүйн төлөө гэх шиг 1914 онд баруун хязгаарт эв эрүүлээрээ нас барав. Ер нь бол яг нас барахдаа бие нь муудсан байж таарна л даа.

1913 онд Орос-Хятадын тунхаглал гардаг жил Монголчууд Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгээ орост одуулжээ. Зорилго нь мөнөөх л үл тасалдах найдвар. Оросууд учир байдлыг элдэв янзаар ухааруулах гээд сүүлдээ цөхөрсөн бололтой, шууд ойлгуулах гээд үзжээ.

Хаант Оросын Гадаад хэргийн сайд Сазановоос консул Мюллерт бичихдээ, Японы ашиг сонирхол нэвтэрсэн Өвөр Монгол буюу Англи улсын онцгой сонирхож байгаа Түвдтэй хил нийлсэн Хөх нуур, Цайдам зэрэг газрыг Хятад улсаас салгах гэсэн монголчуудын оролдлогыг дэмжиж чадахгүй гэж Сайн ноён ханд бид тайлбарласан”-аа дуулгажээxi.

Гэтэл Сайн ноён хан бодлогоо тайлбарлан хамгаалсаар байсан тул Гадаад явдлын Яамны Алс дорнодын хэлтсийн дарга Казаков түүнийг ингээд байвал Монголд зэвсэг олгохыг татгалзах төдийгүй, гурван улсын гэрээ хүртэл ямар ч тусламж үзүүлэхгүй гэж айлгахдаа тулжээ.

Гэнэн хонгор гэхэд хаашаа, мятаршгүй тууштай гэхэд ч амаргүй, ямар ч байсан тусгаар тогтнолдоо туйлын үнэнч Сайн ноён хан сүүлдээ Японтой хэлэлцээр хийхийг зуучилж өгөхийг хүртэл гуйжээ. Орос-Японы нууц тохиролцоонд засвар хийх нь л дээ.

Т.Намнансүрэн бээр өнөөгийн гадаад Монголд оросуудын эдэлж байгаа онц эрхтэй төстэй, худалдааны тийм боломжийг Японд олгоё гэжээ. Монгол нь нэгдсэн нэг улс боловч дотроо Оросын болон Японы протекрат болсон хоёр хэсэгтэй байх хувилбар гаргаж ирсэн байна. Үл мятрах Сайн ноён Гурван улсын гэрээ байгуулан байгуултал энэ санаагаа хамгаалж консул Мюллерт Өвөр Монголыг Япон ба Орос улсын хамгаалалтын дор нэгтгэх төлөвлөгөөгөө байн байн тайлбарласаар байсан гэдэг. Энэ нь Намнансүрэнгийн нүдээр харахад боломжийн мэт боловч Хаант Орост ч, Японд ч, Хятадад ч хүлээн зөвшөөрөх аргагүй романтик санаа байлаа...

Онцлох нийтлэлүүд