ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.10.12 05:10

Тусгаар тогтнолын талбайд дөнгөтэй суулт хийлээ

Дарханы ахмадуудын орон сууцны санхүүжилтэд төрөөс батлан даах зөвшөөрөл авах зорилготойгоор дөнгөтэй суулт хийж байна. Бид энэхүү мэдээллийн дагуу 11 цагийн үед Тусгаар тогтголын талбайд очлоо. “Сөгнөгөр хайрхан” компанийн захирал Т.Энхболд нийт ахмадуудаа төлөөлөн ганцаараа дөнгөтөй суулт хийж байв.

Ямар учраас энд суух болсон шалтгаанаа тайлбарласан самбар, сурталчилгаагаар өөрийгөө хүрээлүүлжээ. Тэрээр амьдрах оромж барьж, түүнийхээ хажууд дөнгө, гинж зэргийг байрлуулсан харагдав. Биднийг очих үеэр арван минутын турш нүцгэлж зогсоод “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг батлан даах зөвшөөрөл авахыг хүсч, нийт ахмадуудаа төлөөлөн жагсаал хийж буйгаа мэдэгдсэн юм.


Учир юу гэвэл Сөгнөгөр хайрхан компани 2013 онд “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Тус компани урьдчилгаа төлбөр болгож нэг ахмадаас 3-4 сая төгрөг, нийт 85 хүнээс 360 гаруй сая төгрөг авч, уг санхүүжилтийг барилгын 30 хувийн гүйцэтгэлд зарцуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл ахмадын орон сууц баригдаж дууссангүй, санхүүжилтгүйн улмаас ажил нь гацсан байна.


Т.Энхболд: Би дөнгөтэй суултаа гуч хоногийн турш хийнэ


Энэ талаар дөнгөтэй суулт хийж буй “Сөгнөгөр хайрхан” компаний захирал Т.Энхболдоос тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ: “Өмнө нь аймаг дүүргийн удирдах албан тушаалтнуудад энэ асуудлаар хандаж байсан ч дорвитой авсан арга хэмжээ одоог хүртэл аваагүй тул дөнгөтэй суулт хийж байгаа нь энэ юм. Тодруулбал, бид орон сууц батлан даах зөвшөөрөл авахын тулд нийт зуун есөн албан тушаалтанд хандсан.Бид зөвхөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрт төрөөс батлан даах зөвшөөрөл л хүссэн болохоос мөнгө гуйгаагүй. Би дөнгөтэй суултаа гуч хоногийн турш хийнэ.

- Энд амьдрах оромж барьсан харагдаж байна. Одоо гадаа их хүйтэн байна шүү дээ?

-Нийт гуч хоногийн турш дөнгөтэй суулт хийх учир амьдрах оромж барьсан. Тодорхой хэмжээнд дулаалсан байгаа.

-Идэх хоол хүнс, дулаан хувцсаа бэлтгэсэн үү?

-Дулаан хувцсаа бэлдсэн. Өдөрт дөрвөн цаг гадна талбайд дөнгөтэй суух болно. Тэгээд л дөнгөндөө орж гараад суултаа хийгээд байна даа. Манай эхнэр бид хоёр энд цуг байх учир хоолоо хамтдаа өөрсдөө эндээ хийж иднэ.

-Хүмүүс холбогдож мөнгө хандив өгье, таны суултыг дэмжиж байна гэсэн хүн байна уу?

-Байгаа. Саяхан нэг залуу ирээд танд суултаа хийхэд тань дэмжлэг болж 35 мянган төгрөг хандивлая гэсэн. Би аваагүй ээ. Гэхдээ хоол хийж авч ирдэг хүмүүс байдаг л юм. Хүний сайхан сэтгэл юм болохоор мэдэхгүй авахгүй гэж хэлж болохгүй. Өмнө нь Дархан- Уул аймагтаа суулт хийж байхад 2200-аад хүн ирж, дэмжиж гарын үсэг зурсан.

-Та ахмад настны тухай дууг “Ахмадын орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудлаар суулт хийж байхдаа зохиосон гэсэн үү?

-Тиймээ. Энэ дууны нэр бол “Ахмад өндөр настнаа хайрлая” нэртэй дуу юм. Би үүний өмнө суулт хийж байхдаа ахмадуудаа бодохгүй, анхаарахгүй байгаа болохоор үгийг нь бичиж байсан юм. Одоо энэ дуу маань клиптэй болсон. Өнөө маргаашгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болно.

-Таны байгуулсан “Сөгнөгөр хайрхан” компани хэр туршлагатай хэдэн ажилтантай компани вэ?

- Би компаниа 2010 онд байгуулсан. Нэг ажилтантай. Барилга барьж байсан туршлага бол байхгүй.

- Та тэгвэл компаниа байгуулаад удаагүй байхдаа “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг санаачлаад ахмадуудаа орон сууцжуулах гэж байсан гэж ойлгож болох уу? Ингэхийн тулд ахмадуудаас хэдэн төгрөг авсан бэ?

Тиймээ. Нийт 85 хүнээс 360 гаруй сая төгрөг авсан.

-Орон сууцтай болохыг хүсч, итгээд танд мөнгөө өгсөн хүмүүс мөнгөө нэхэж байна уу?

-Одоогоор нэхээд байгаа юм алга. Бүгд л орон сууцандаа орно л гэж бодоод хүлээж байгаа.

-Хэрвээ таны “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг төрөөс батлан даахгүй бол яах вэ? Эргээд хүмүүсээс авсан 360 гаруй сая төгрөгөө яаж төлөх вэ?

-Энэ бол миний асуудал.

Б.ОЮУНЖАРГАЛ


Онцлох нийтлэлүүд