ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.01.13 02:01

Тусгай боловсролыг дэмжих төвөөс багш нарт чадавхижуулах сургалт зохион байгуулж байна

Тусгай боловсролыг дэмжих төвөөс багш нарт чадавхижуулах сургалт зохион байгуулж байна

БНСУ-ын Greenteachers ТББ нь Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод “Тусгай боловсролыг дэмжих төв”-ийг байгуулах төслийг Койкагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг өнгөрсөн оны намар зохион байгуулсан ба энэ сарын 8-16-ны хооронд ахисан түвшиний сургалтыг зохион байгуулж байна. Намрын сургалтанд хамрагдсан 47 багшийн санаачлагаар” Сургалтын дараах судалгааны баг “ байгуулагдсан бөгөөд багш нарын тасралтгүй хөгжлийг хангах, бие биеэсээ суралцах боломжийг олгох, сүүлийн үеийн онол, сургалтын арга зүйгээс суралцах зорилгоор Тусгай боловсролыг дэмжих төв facebook хаягт нэгдэн “Хамтдаа хөгжье” группийг нээн ажиллаж байна.

Судалгааны баг нь есдүгээр сард байгуулагдсан ба аравдугаар сард “Аутизмтэй хүүхдийн онцлог”, “Даунтай хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвээр онлайн хичээлийг фэйсбүүк группээр дамжуулан танилцуулсан.11 дүгээр сард сургалтанд хамрагдсан ЕБС-ийн багш нарыг тусгай сургуулийн онцлогтой танилцах аялал зохион байгуулж, оюуны бэрхшээлтэй хүүхдийн суралцдаг 25,55,63,70 дугаар сургуулиудаар зочлон сургалтын орчин, хүүхдийн онцлогтой танилцан туршлага судалсан гэнэ.


12 дугаар сард сургалтын чанарыг сайжруулах,сурагчдад өгч буй мэдлэгийг үр өгөөжтэй байлгах зорилгоор “Сургалтын хэрэглэгдэхүүний уралдаан” зарлан дүгнэсэн ба нийт 15 багш 45 сургалтын хэрэглэгдэхүүнээр тус уралдаанд оролцлоо. Энэ ажлыг уламжлал болгон жил бүр зохион байгуулах бөгөөд энэ нь багш нар бусдаасаа суралцах, сургалтын материалаа бэлтгэхэд илүү санаачлагатай, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Сургалтанд хамрагдсан багш нар маань алс холын Солонгос улсаас МУ-ын багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр ирсэн сургалтын багш нартаа уралдаанд оролцсон хэрэглэгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж сэтгэлийн бэлэг барьжээ.

Онцлох нийтлэлүүд