Улс төр
2014.12.29 02:12

Тусгай 26 санг татан буулгана

Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай 26 санг татан буулгахаар болжээ. Эдгээрээс дурдвал, Цэвэр агаарын сан, Монгол судлалын сан, Сургалтын төрийн сан, Хүний хөгжил сан, бүх нийтийн үүргийн сан, Эрүүл мэндийн дэмжих сан, Замын сан тэргүүтэй нийт 26 санг татан буулгахаар судалгааны ажилдаа орсон байна.

Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Шийдлийн Засгийн газар нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэлтэйгээр улс орныг бүхэлд нь хэмнэлтийн горимд шилжүүлэх бодлого барьж ажиллахаа зарласан. Тиймдээ ч 1500 гаруй төрийн албан хаагчийг цомхотгож, хүүхэд болон оюутны мөнгийг заагтай олгоно гэж буй юм. Үүний хүрээнд улсын мөнгийг хий дэмий зарлагаддаг олон жил ашигүй ажиллаж ирсэн агентлаг, төрийн сангуудыг татан буулгах нь тодорхой болжээ.

Тодруулбал иргэдийн хэл ам тасарч үзээгүй Цэвэр агаарын сан байна. Тус сан нь байгуулагдсан цагаасаа зуух тарааснаас өөр дорвитой ганц ч ажлыг хийж ирээгүй гэдэг. Харин улсаас авч зарлагадсан мөнгө нь хэмжээлшгүй их. Хамгийн наад зах нь хуучин удирдлагууд нь улсын 1.9 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж ял сонссон байдаг. Улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахаар "Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороо", "Цэвэр агаарын сан", "Цэвэр агаар төсөл" зэрэг хэд, хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол багассан нааштай үзүүлэлт огт мэдэгдэхгүй байгаа билээ. Тиймээс Цэвэр агаарын санг татан буулгаж Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороотой нэгтгэх нь зүйтэй гэдэг саналд хүрчээ.

Харин Сургалтын төрийн сангийн хувьд мөн л татан буулгах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. 70 мянган төгрөгийг бүх оюутнуудад ижил, тэгш системээр үргэлжлүүлэн өгөх шийдвэрийг хэвээр үлдээвэл тус сан үлдэж магадгүй гэнэ. Харин 70 мянгыг оюутнуудад өгөхгүй гэвэл тус санг татан буулгахаас өөр аргагүй юм байна. Учир нь тус санд 70 мянгыг тарааж түүнд хяналт тавихаас өөр хийдэг чухал ажил байдаггүй бололтой.

Хүний хөгжил сангийн хувьд 20 мянган төгрөг хүн бүрт тарааж дууссанаас хойш ямар ажил хийж байгаа нь тодорхой бус байгаа юм. Цаашлаад тус санг татан буулгаж эрхэлж буй ажлыг нь яам болон боловсролын газар эсвэл бусад хариуцах албадад өгөх нь бас л хэмнэлт хийх талтай гэж үзэж байгаа аж.

Энэ мэт өөр бусад нь хийж болохоор ажлуудыг тусад нь мөнгө төвлөрүүлж сан байгуулж хийлгэж байхын оронд эртхэнээс цэгцэлж улсын мөнгийг хэмнэх нь зүйтэй гэж Засгийн газар шийдвэрлэхээр болжээ.

Онцлох нийтлэлүүд