Нийгэм
2014.11.05 12:11

Туул голын ус хэт бохирдолтой байна

НМХГ-аас Улаанбаатар хотын иргэдийн ундны эх үүсвэр Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцөлийг одруулсан байна. Туул голын ус нь эхэн хэсэгтээ гадаргын усны цэврийн ангиллын нормоор бага бохирдолттой байгаа аж. Харин хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлүүлж буй Сонгинын гүүрнээс ус нь эрс бохирдож, тавдугаар зэргийн буюу их бохирдолттой ангилалд хамрагдаж байна. Энэ ангилалд хамрагдсан усыг унд, ахуй, үйлдвэрлэл гээд аль ч төрөлд ашиглах боломжгүй байдаг гэж НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц ярилаа.

Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлдэг. Уг сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь хамрагддаг гэж тэмдэглэсэн байна. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийг угааж, ундаалж урсаж буй энэ хэсэг хамгийн ихээр бохирджээ. Энэ нь голыг бохирдуулах эх үүсвэрийн тоо хэмжээ нийслэлд жилээс жилд нэмэгдэж буйтай холбоотой.

НМХГ-аас Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгдсэн бохир уснаас дээж авч лабораторид шинжлүүлэхэд химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 1.1-12.6 дахин их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 3.2-9.8 дахин их гарсан байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд умбуур бодисын хэмжээ 1.2-6.84 дахин их, аммиакийн хэмжээ 2-3.75 дахин их гарсан нь усны чанар, хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны ерөнхий шаардлагыг /МNS 4943:2011/ хангахгүй байгаа аж. Түүнчлэн бохир усны цэвэрлэгээний түвшин 61-90 хувьтай байгаа нь цэвэрлэх байгууламжуудын ачаалал их, техник, технологийн хоцрогдлоос шалтгаалж байгаа гэнэ.

Онцлох нийтлэлүүд