ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.07.22 10:07

Тэнгэрт диваажин, газарт Сужоу

Дорнын Венец

Хятадын Энхтайван хөгжлийн сангаас Хятадын Ардын Их сургуультай хамтран зохион байгуулсан “Орчин үеийн хэвлэл мэдээллийн чиг хандлага” сэдэвт сургалт аялалд оролцох боломж тохиов. Тус сан МАН-тай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийн багийг урьсан нь энэ ажээ. Энэ удаагийн сургалт аялалд Монголын хэвлэл мэдээллийн арав гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон. Зохион байгуулагчдын зүгээс тав хоногийн сургалтыг Бээжинд хийгээд эдийн засгийн загвар хот Шанхай, дорнын Венец хэмээн нэрлэгддэг Сужоу хотоор аялах маршрутыг сэтгүүлчдэд зориулан бэлтгэжээ.
Хятад улс зарим талаараа гадаад мэдээллийн сүлжээнээс хаалттай байгаа боловч интернэтийн өөрийн гэсэн дотоод сүлжээгээ бий болгож чадсан аж. Манай багийнхныг Синьхуа агентлаг, Хятаддаа алдартайд тооцогдох QQ.com, Baike.com сайтуудын үйл ажиллагаатай танилцуулсан юм. Дэлхийд алдартай Синьхуа агентлаг бүтэц, туршлагын хувьд дээгүүр жагсдаг ч орчин үеийн мэдээллийн хурдаас хоцрохгүйн тулд шинэ мэдээний албыг байгуулжээ. Тус албыг агентлагийн ирээдүйн гол хүч болно гэж үзэж буйгаа ч Синьхуагийнхан илэрхийлж байсан. QQ.com, Baike.com сайтуудын хувьд дэлхийг хэрээд буй Google, Facebook-ээс хандалтын тоо, ашиг орлогоороо илүү гарна уу гэхээс дутахгүй гэж танилцуулсан. Ер нь автобус, метрогоор зорчигчид гар утас, таблетаа ширтээстэй л суугаа нь харагдана. Тэгэхээр тэдний танилцуулга бодит үнэнд дөхөж очих байх. Орчин үед гар утас, интернэт сүлжээ хүн бүхний хэрэглээ болсон. Ухаалаг гар утас болон олон төрлийн төхөөрөмжөөр мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулдаг ч бодит мэдээлэл тэр бүр авч буй нь эргэлзээтэй. Мэдээлэл дамжуулах хэрэгсэлд интернэт хүч түрэн орж ирсэн ч уламжлалт мэдээллийн хэрэгсэл сонин, телевиз, радио чухал үүрэгтэй хэвээр байгаа талаар Хятадын их сургуулийн эрдэмтэн багш нар сургалтын үеэр голчлон хэлж байлаа. Хятадын Иргэний их сургуулийн мэдээллийн сургуулийн профессор Шенг Бао Вэйн хэлснээр сонин дөрвөн зууны тэртээгээс тэргүүлэх байр сууриа алдалгүй явж иржээ. Одоогоос 100 жилийн өмнө буюу радио үүсч бий болоход сонингийн эрин үе дуусна гэж үзэж байж. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонирхогчдын тоо буурсангүй. Жараад онд телевиз гээч цоо шинэ юм гараад ирж. За одоо сонин ч байхгүй болно гэцгээж. Гэтэл сонин уншигчийн тоо улам нэмэгдэж. Ерээд онд интернэт сүлжээ дэлхийг хэрж эхэлсэн. Тэгсэн ч сонин тэргүүлэх байраа тавьж өгсөнгүй. Гэхдээ цаг үетэйгээ уялдуулаад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн хурд, өгөлт, дамжуулалт, чанартаа онцгой анхаарч шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай байгааг ч дурдаж байсан. Тус улсад анхны вэб сайт 1994 онд шангаа татаж байсан бол өдгөө интернэт хэрэглэгчийн тоо 600 сая хол давжээ. Хятадын жиргээчид ч twitter-ийнхнээс дутахааргүйгээр жиргэдэг гэнэ. Нэгэн зурагтай жишээг сургалтын үеэр үзүүлсэн юм. Хятадын тэргүүн хатагтай Iphone утсаар ярьж буй зураг хэвлэлд гарч жиргээчдийн нүдэнд өртчихөж. Улмаар жиргээчдийн шүүмжлэл ч өрнөж. Үүний дараахан Хятадын дарга Си Жин Пиний гэргий эх орны үйлдвэрийн Nubia гар утсаараа “гангарах” болсон аж. Бээжинд бидний сонирхсон газрын нэг бол Хориотой хот буюу хааны ордны цогцолбор. Гадаад, дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй газруудын нэг. 1406-1420 онд баригдсан энэхүү цогцолбор нь том жижиг 980 барилгаас бүрддэг. Найман мянга гаруй өрөөтэй. Өрөө бүрт нэг хоноод явахад 24 жил зарцуулах юм гэсэн. Хориотой хот нь 500 жилийн турш хаадын төрийн үйл хэрэг явуулдаг гол төв байжээ.

Сургалт-аяллаа өндөрлөөд дурсгалын зургаа татуулав.


Бээжингээс Шанхай хүртэл ойролцоогоор 1500 км зайтай. Бидний хөлөглөсөн хурдны галт тэрэг таван цаг давхиад хүрэв. 300 км/цагийн хурдтай давхиж явааг вагон доторхи хурдны заалт байнга заах нь харагдана. Газрын түвшнээс дээш 5-6 метр өндөрт тавигдсан төмөр замаар цахилгаан ашиглан утаа тортоггүй, тоос шороогүй орчинд зорьсон газраа түвэггүйхэн хүрэх нь тун амар. Санаагаар болдогсон бол Улаанбаатарын “агаар”-т ийм зам тавиад метро явуулчихвал түгжрэл, бөглөрөлгүй болох байх даа гэсэн гэнэн бодол тээж явлаа. Зам дагуух хотуудад ердөө гурван минутын хугацаатай саатна. Зорчигчид энэ хугацаанд амжиж бууж, суух ёстой юм билээ. Шанхай хот хорь гаруй сая хүнтэй. Дээр нь арваад сая хүн орж гардаг гэсэн статистик байдаг аж. Аргагүй л эдийн засгийн чөлөөт том бүс гэдэг нь аяндаа мэдрэгдэнэ. Бидний танилцсан худалдааны томоохон төв Пудон дүүрэг ч үүний бас нэг илэрхийлэл. Эртний түүхэн дурсгалт байшин барилгаа яг байсан хэлбэрээр нь харуул хамгаалалттайгаар олон нийтэд үзүүлдэг байна. Мөн хуучны барилгын хэв маягийг өөрчлөлгүйгээр тохижуулсан орчин үеийн пабуудад гаднын жуулчид шар айраг тамшаалан сууцгаана. Олон давхар замтай учир автомашины түгжрэл харьцангуй бага. Гэхдээ манайд автомашин худалдаж аваад дугаараа зүүдэг бол энд эсрэгээр. Дугаартай болсныхоо дараа машинаа худалдаж авна. Автомашины дугаар харьцангуй үнэтэй. Бээжинд дунджаар 20 мянган юань бол Шанхайд 80 мянган юань буюу манайхаар 24 сая төгрөг. Хотын төвд тэнгэр баганадсан нэгэн барилга баригдаж дуусах шатандаа орж байлаа. Энэ аварга “амьтан”-ыг өндрөөрөө гүйцэх барилга дэлхийд одоогоор байхгүй юм гэсэн. Алдарт “Forbes” сэтгүүлийн Хятад дахь салбар Шанхайд төвлөрдөг. Биднийг тус салбартай танилцаж байх мөчид Улаанбаатарт “Forbes” сэтгүүл монгол хэлээр хэвлэгдлээ гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдав.

Сужоу хот

Бидний дараагийн буудал Шанхайгаас зуугаад км зайтай орших Сужоу хот. Дорнын Венец гэж нэрлэгддэг Сужоу бол эртний түүхийг авч үлдсэн Хятадын гурван томоохон хотын нэгд зүй ёсоор ордог байна. Бас сайн чанарын торго, дурдангаараа алдартай. Италийн Венец адил зарим барилгууд нь усаар хүрээлэгдсэн. 12 сая хүн амтай, аялал жуулчлал өндөр хөгжсөн хот. Эртний, орчин цагийн, барууны хэлбэрийн барилгын архитектураар барьсан гурван өөр бичил хотыг Жижи Фу, Янжу Фу, Душу Фу гэсэн гурван нуурын хөвөөг дагуулан байгуулсан нь тун өвөрмөц бөгөөд“Тэнгэрт диваажин, газарт Сужоу” гэдэг хэлц үгтэйгээ дүйнэ.
Их дээд сургуулиудын хотхонуудыг нэг дор төвлөрүүлсэн хот цэвэр цэмцгэрээс гадна нам гүм орчныг бүрдүүлжээ.Эртний хаадын цэцэрлэгт хүрээлэн болон эртний барилга байгууламжтай хотод гадаад, дотоодын жуулчид хөлхөлдсөн хүн ихтэй бол, барууны хэв маягтай хот нь гоё ганган машин тэрэг хөлөглөсөн залуус, өнгө өнгийн гэрэл гялбасан паб, уушийн газраар дүүрэн.

Дэлхийн хамгийн өндөр барилга


Эцэст нь энэхүү сургалт аяллыг зохион байгуулсан Хятадын энхтайван хөгжлийн сангийн талаар товч танилцуулъя. Энэ сан нь 2011 онд байгуулагдсан, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт зэрэг нийгмийн халамжийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж. 2011 онд Монголд хараа сэргээх хагалгаа хийх ажлыг амжилттай зохион байгуулсан бол 2012 онд МХАҮТ-тай мэргэжлийн сургалтын төв байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Манай багийг ахалж явсан Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Ганбаяр тус сангийн удирдлагуудтай уулзах үеэрээ “ажлаа амжуулж” Улаанбаатарын хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн машин шаардлагатай, хүүхдийн эмч дутагдалтай байгааг дуулгаад боломж байвал туслахыг хүссэн. Тус сангийнхан ч Монголд явуулах хүмүүнлэгийн ажлаа өргөжүүлэх сонирхолтойгоо илэрхийлж байсан. Хятадын Ардын их сургууль 1937 онд байгуулагдсан. Улсдаа тэргүүнд эгнээнд бичигддэг сургуулиудын нэг. Нийгмийн ухааны чиглэлээр голлон сургахаас гадна шинжлэх ухааны чиглэлүүдээр ч мэргэжил эзэмшүүлдэг. Одоо тус сургууль 20 мянга орчим оюутантай. Монголоос 25 оюутан тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг юм билээ.

Б.ЭНХБОЛД

Бээжин-Шанхай-Сужоу

Онцлох нийтлэлүүд