ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.03.21 11:03

Тэнгэрт хадсан үнэтэй “Caffe Bene”-ээс өндөр татвар авах ёстой

Солонгосын кофены сүлжээ “Caffe Bene”-ийн 20 салбар Улаанбаатарт ажиллаж байна. Ихэнх салбар нь халуун кофе, бельги вафль, итали желато фраппено, коктейль, нарийн боов, хачиртай талх, шоколадтай мока болон олон төрлийн кофегоор үйлчилдэг юм байна. Өдрийн цагаар интернэт хэрэглэх, тухтай сууж ярилцах, ном унших зэрэг сонирхолтой залуус ихэвчлэн “Caffe Benе”-гаар үйлчлүүлдэг аж. Гэхдээ “Caffe Bene”-ийн кофе манайд найман мянган төгрөгийн үнэтэй байхад зоогийн газарт нэг аяга монгол сүүтэй цай 300-500 төгрөгийн л үнэтэй байна. Тэгэхээр нэг талаараа манайхан хэтэрхий соёлтой, боловсон юм үзсэн, тансаг хүн болж харагдах гэж хийрхэж үйлчлүүлсээр “Caffe Bene” зэрэг гадныхны хоол, цайны газруудын үнийг тэнгэрт гаргаж байна гэж ойлгож болох нь. Угтаа бол 500 төгрөгийн сүүтэй цай 8000 төгрөгийн үнэтэй кофе тийм ч их ялгаагүй. Энэ салбарын зах зээлд ажиллаж буй нөхдүүд кофены ид шидийг олон янзаар магтаж мэдэх юм. “Caffe Bene” гэхэд л кофены гол түүхий эд болох борголыг тариан талбайгаас хэрэглэгчдэд шууд хүргэдэг гэх тайлбартай аж. Тэгвэл энэхүү боргол нь яг монгол хүний хэрэглэх зайлшгүй шаардлагатай ундаа мөн үү, үүнийг цэвэр фермээс нь нийлүүлж буй гэдгийг хэн батлах вэ, монголчууд заавал гадны соёлыг даган дуурайх албатай юу зэрэг олон асуулт урган гарна. Монголчууд эрт дээр үеэс гүрж ногоон цайг сайтар буцалгаж, үнээний сүүгээр сүлсэн жинхэнэ монгол цай хэрэглэсээр өдий хүрсэн. Монголын зэрлэг догшин байгальд ургадаг энэхүү цайны ургамал нь биеийн ядаргаа тайлах, тайвшруулах, ясны хугаралт, бэртэлт, арьсны болон ходоодны өвчин зэргийг анагаах олон шидтэй.

Манайхан гадны кофег сонирхон хэрэглэж болох ч Монголын уламжлалт сүүтэй цайнаас 20 дахин үнэтэй хэрнээ яг адилхан татвар төлдөг нь шударга бус юм. Өөрөөр хэлбэл, “Caffe Bene”-гийн татвар худалдаалагдаж буй кофены үнэтэйгээ дүйцэхүйц буюу монгол сүүтэй цай зардаг хоолны газрын татвараас даруй 20 дахин их байвал болж байна. Дээрх асуудалтай холбогдуулан өчигдөр “Caffe Bene”-ээс өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Үйлчлүүлэгч О.Батцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Caffe Bene” хэтэрхий үнэтэй санагддаг. Гэхдээ найзуудтайгаа ярьж суухад амар гээд хааяа орж ирдэг юм. Бусад хоолны газруудад тухтай суух боломжгүй байдаг болохоор хэцүү. Гэхдээ завгүй, ажил ихтэй үедээ монгол хоолны газраа ороод л 500 төгрөгөөр цай юм уу кофе аваад уучихдаг. Харин энд бол кофе доод тал нь 5000 төгрөг гэхээр 10 дахин үнэтэй байгаа биз. Манай монголчууд өөрсдөө “кофе шоп” ажиллуулаад, боломжийн үнэтэй, боломжийн орчинтой байвал бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд их зүгээр юм болов уу гэж боддог” гэв. Харин Сүхбаатар дүүргийн иргэн Б.Отгонбаяр ярихдаа “Caffe Bene”-ээр үйлчлүүлэх бараг шаардлагагүй шүү дээ. Нэг амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ гадуур явж байгаад баруун дөрвөн замд байрлах салбараар нь үйлчлүүлээд, хоёр хүүхэддээ нэг, нэг аяга хөөрүүлсэн сүү, хоёр хачиртай талх авсан юм. Гэтэл бидний нүдэн дээр үйлдвэрийн савтай сүүг задлаад, халаахгүйгээр аягалаад соруул хийгээд өгчихөж байгаа юм. Хүүхэд уух сүү шүү халаагаад өг гэж гуйж байгаад халаалгасан. Гэтэл төлбөр нь 20 гаруй мянган төгрөг болж байгаа юм. Ийм өндөр үнээр зардаг байж үнээний цэвэр сүү хөөрүүлж өгөх хэрэгтэй биз дээ” гэж ярилаа.

Манайхны хийх ажилгүй, хий дэмий цагийг өнгөрүүлдэг хэт завтай баярхуу занг нь ашиглан ингэж их ашиг олдог байх нь гэж ойлгож болохоор байна. Улаанбаатарт 20 салбартай ажиллаж байна гэдэг нь манайхны мөнгө гадагшаа их хэмжээгээр урсаж байгаа хэрэг. Гэвч бид татварын зөв бодлогоор, монголчуудынхаа мөнгийг эх орондоо үлдээж чадахгүй байна. Татварын болон бизнес, үйлчилгээний зөв бодлогогүй манайхны сул талыг ашиглан гадныхан тэр дундаа солонгосчууд хоол, цайны салбараар амжилттай тоглолт хийж байгаа нь энэ. Тухайлбал, өчигдөр V сургуулийн эсрэг талд байх “Caffe Bene”-ээр ороход үдийн алдад 10 гаруй үйлчлүүлэгчтэй байв. Нэг ширээнд оюутан бололтой хоёр эмэгтэй суугаад, хэрчим бялуу, аяга жимсний шүүс ууж харагдлаа. Энэ хоёрын тооцоо ойролцоогоор 17 мянган төгрөг болох аж. Тэдний цаана гурван залуу захиалгаа өгөлгүйгээр утсаа оролдоод 30 минут хэртэй суулаа. Мөн нэг ширээнд суусан залуу биднийг үйлчлүүлээд гартал ном уншиж, жижиг нөөтбүүкээрээ интернэт орох ажилтай сууж байв. Мөн гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө хамтдаа үйлчлүүлээд гарах хүмүүс орж, гарч зөрөлдсөөр байх юм. Монгол цайны газруудаас ялгагдах онцлог нь гэвэл захиалга өгөөгүй хэн нэгнийг, эсвэл кофегоо уугаад дууссан нэгнийг гарахыг шаардаж хөөж гаргадаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, эелдэг аргаар ингэж мөнгө олж байна цаадуул чинь. Гэтэл манайхан үйлчилгээний соёл дээрээ алддаг байх нь.

Мөн зав ихтэй залхуу монголчууд үүнд нь дурлаж, суусаар халаасан дахь хэдэн төгрөгөө энд тушаагаад гардаг бололтой юм.

Солонгос, Америк болон Европын орнуудад кофе уух соёл нэлээд хөгжсөн байдаг. Гэхдээ манайд үйлчилгээ явуулж буй ихэнх кофе шопууд өндөр хөгжилтэй дээрх улс орнуудын кофеноос өндөр үнэтэй байгаа юм. Тухайлбал, Европт нэг аяга кофе Монголд зарагддаг “Caffe Bene”-ийн кофены үнэтэй бараг адилхан байдаг. Иргэдийнх нь орлого өндөр ч кофены үнэ нь бараг гэртээ кофе чанахаас хямд байдаг тул гадныхан өглөөний цайгаа ихэвчлэн кофе шопд уучихдаг юм байна. Гэтэл амьжиргааны түвшин цалингийн хэмжээ нь дэлхийн улс орнуудын сүүл мушгиж буй манай монголчууд өөртөө дэндүү ахадсан үнэтэй кофе ууж өөрсдийгөө эдийн засгийн хямралд оруулж буй нь харамсалтай.

Өөрөөр хэлбэл, ажилгүй, залхуу хэрнээ бусдад баян харагдах гэсэн ядуу монголчуудын ядуу сэтгэлгээгээр далимдуулан, монголчуудын халаасыг сэгсэрч буй “Caffe Bene”-ээс өндөр татвар авдаг болох зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн хямралын энэ үед татварын бодлогоор зарим зүйлд өөрчлөлт оруулж, үйлчилгээний байгууллагуудыг үнэ ханш, олдог орлогоор нь ангилж харах хэрэгтэй. Хэт өндөр үнэтэй, гадныхны үйлчилгээний байгууллагуудыг өөгшүүлэн дэмжиж, өөрсдөө хохирч хоцордог улс манайхаас өөр бий юу.

Н.ГАНЧИМЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд