ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2014.06.28 12:06

Тэнэгэрсэн ард түмэн болох гэж зүтгэснийхээ горыг амсч эхэллээ

Ардчилсан хувьсгал ялсан 1990-ээд оноос хойш монголчууд бидний хамгийн их хаяж, үл тоосон зүйл бол соёл, боловсрол, шинжлэх ухаан. Нийгэм задарч өөрчлөгдөн хүмүүс мөнгөнд шүтэж, мөнгөтэй л бол бүх зүйл болдог, бүтдэг гэж бодсон. Яг ийм үзэл баримтлалаар бид 20 гаруй жилийг туулахад юу өөрчлөгдөв өө.

Зах зээлд суралцан, хүмүүс мөнгөний үнэ цэнийг мэддэг болжээ. Мөнгөтэй ч болж. Боловсрол, шинжлэх ухааны оронд мухар сүсгийг дээд цэгт нь тултал хөгжүүлж, хоймортоо залсан байна. Төр засгаасаа эхлээд хувь хүмүүс, бүр нийгмээ чирч гэгээрүүлж байдаг сэхээтнүүд хүртэл балар эртний мухар сүсгийг сэргээж, элдэв янзын ёс жаяг гарган шүтэж байна. Ингэж гэмээнэ монгол уламжлалаа сэргээж, эх оронч хүн болж харагдах юм гэнэ. Төрийн тэргүүнүүд нь овоо тахиж, төрийн үзмэрч хүртэл дэргэдээ суулгаж ямбалуулсан нь нийтээрээ мухар сүсэгт сүжиглэн дагах үндэс болж өгсөн гэлтэй.

Үүний үр дүн гэвэл Монгол Улс, Монголын ард түмэн харанхуй бүдүүлгийн туйлд хүрч чаджээ. Хүн төрөлхтөн эрдэм боловсролд шүтэж, түүнийхээ хүчээр амьдран буй дэлхий ертөнцөө хүртэл өөрчлөх асар гайхамшигтай нээлтүүд хийсээр байхад бид дэлхий сөнөнө гээд хотоосоо гарч зугтааж байгаа нь эмгэнэл биш үү. Ядаж, дэлхий сөнөлөө гэхэд хөдөө гараад амьд үлдэж чадах бил үү. Цэнхэр дэлхийгээсээ, бүр нарны гаригаас гарч байж амьд үлдэнэ гэдгээ л мэдэхгүй, хотоосоо гарч давхиад байсан. Уг нь Монголын болоод дэлхийн эрдэмтэд “дэлхий сөнөхгүй ээ” гэж хичнээн их тайлбарлалаа даа. Энд мэдлэг боловсролгүйн гай харагдаад байгаа юм.

Яг одоо өрнөж байгаа үйл явдал ч бидний боловсролын түвшинг илт харуулаад байх юм. Төмөр замын өргөн, нарийн царигийн тухай маргаж, бараг л хоорондоо барилцаж авах дээрээ туллаа. Хятад руу нарийн цариг тавих гэлээ гээд монголчууд бүгд уурлаж, босч байна. Унь барих нь унь барьж, муна барих нь мунаа тэврээд хятадуудыг болгож тавихаар урд хил рүү явах нь холгүй уурлацгааж сууна. Нарийн цариг тавингуут хятадууд баахан танкаа ачаад ороод ирэх юм байх. Ингэж хэлсэн хүний үгэнд шууд итгээд л уурлаад байгаа бололтой. Улс орны хөгжил, эдийн засгийн үр ашигтай байдал, судалгаа шинжилгээний дүн гэх мэтийг харьцуулж харна гэж байхгүй. “Эх орон минь хятадуудад эзлэгдэнэ” энэ тэр гээд хуйларцгаагаад байна. Мэдээж, эх орон, тусгаар тогтнол бол монгол хүн бүрийн эрхэмлэн дээдлэх, сэрэмжлэх сануулах зүйл мөнөөсөө мөн. Гэхдээ хөөсөн бөмбөлөг шиг хоосон дэврээд бид хожихгүй. Орчин цагт танкаар байлдаж дайн хийдэггүй гэдгийг жаахан юм уншсан хүн бол мэднэ дээ.

Цөмийн зэвсгийг бид Японы Хирошима, Нагасаки хотын сүйрэл, тэнд болсон аймшигт үйл явдлаар төсөөлдөг. Тийм болохоор Монголын талаас ураны шар нунтаг олборлоно гэхээр атомын бөмбөг дэлбэрсэн чинээ сүртэй хүлээн авч, эсэргүүцэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бүгд цөмийн эрчим хүч ашигладаг. Тэгсэн хэрнээ хамгийн аюулгүй, амар амгалан орны тоонд орж, хөгжлөөрөө манлайлж байгааг юу гэж ойлгох вэ. Цөмийн цахилгаан станцын гол түүхий эд болох ураны шар нунтаг хор хөнөөлгүй, аюулгүй гэж эрдэмтэд батлаад байхад өнөөх л зөрдгөөрөө зөрж, эх орон, хүн ардыг маань цацраг идэвхт бодисоор хордуулж алах нь хэмээн цамнаж байна. Бусад оронд ашиглаж хэрэглэж болоод байгаа зүйл Монголд болохоо байчихдаг нь өнөөх нь бидний боловсролын түвшин, шүтлэг бишрэлтэй маань холбоотой. Цөмийн технологи гэдгийг ер нь дуулсан болов уу. Дэлхийн цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гол түүхий эд болох ураны шар нунтаг үнэд орж байгаа. Манайх энэ үед шар нунтгаа гадагш гаргавал ядарсан эдийн засагт маань нэмэр л болох учиртай. Шар нунтаг олборлосон гээд байгаа Дорноговь аймагт тугал үхлээ гэдэг. Тэгвэл шар нунтагтай орчинд 24 цаг байх, рентген аппаратад нэг удаа зургаа авахуулах үеийн аль алинд нь хүний биед яг адилхан хэмжээний цацраг шингэдэг гэж байгаа.

Бидний ийм харанхуй бүдүүлэг байгаад манай улстөрчид ихээхэн нөлөөлдөг. Овоо тахих, бөө болох, гал тахих, цагаан сарын үеэрх төрийн нүсэр ёслол ч ард түмнийг ингээрэй гэж уруу татдаг. Төр нь төрөөрөө, сүсэг бишрэл шашин шүтлэг нь тусдаа байх зарчим Чингэс хааны үед ч мөрдөгдөж байсан гэдэг. Чингэс хаан Тангудыг эзлэх аян дайны үеэр бие нь муудахдаа “Ёр билэг бодож төрийн албыг цалгардуулж болохгүй” гэж захисан байдгийг түүхийн сурвалжуудаас уншиж болно. Энэ нь үхэл бол ертөнцийн жам ёс, үүний дараа алив бөө мөргөл, ёр билгийн зан үйлийг ихдүүлж, төрийн ажлыг алдуулав гэсэн захиас юм.

Монголчууд бид өдгөө дундад зууны үеийнх шиг харанхуй бүдүүлэг, шинжлэх ухааны гялбаа ч үгүй улс болж хувирчээ. 2005 оноос эхлэн Монголын Шинжлэх ухааны академи гадаадад ажиллаж байгаа эрдэмтдээ эх орондоо дуудсан байдаг. Гадаадын нэртэй сургуулиудыг дүүргэж, дэлхийд алдартай лабораторид ажиллаж байсан нэлээн олон залуус ирчихсэн, их л урамтай ажиллаж эхэлж байж билээ. Гэтэл хоёр гурван жилийн дараа өнөө залуус бүгд буцаад явчихсан, үлдсэн ганц нэг нь ажил ч үгүй лааз өшиглөөд явж байсан. Учир нь Монголд шинжлэх ухаан унтаа байдалд орж, түүнийг сэрээх, санаа тавих хэн ч байгаагүй юм. Ядаж л тэр залуусыг дэмжээгүй.

Одоо бид яах ёстой билээ. Ядахдаа л төрдөө шинжлэх ухаанч хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй юм. Ерөнхий бо­ловсролын сургуульд шашны ямар нэгэн зан үйл хийхийг хатуу хориглосон хууль гар­гамаар байна. Арван жилийн нэг сургуульд арваад бөө хүүхэд байдаг тухай бид сур­валжилж байлаа. Бөө сурагч нь хараагаад багшаараа дүн тавиулахаа больчихсон үед бид амьдарч байна.

Одоо олны танил хүн, эсвэл нэг улстөрч гарч ирээд “Монголчуудыг хятадууд хараачихсан. Энд амьдардаг бүх хүн үхнэ” гээд хэлчихэд бүгдээрээ эх орноо хаяад зугтаахад бэлэн болчихсон байна.

Онцлох нийтлэлүүд